images

Харвардын их сургууль Дональд Трампын шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-15


   Израилийн эсрэг жагссан оюутнуудад арга хэмжээ авах, зарим хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасахыг Дональд Трампын Засгийн газар Харвардын их сургуулиас шаардсан билээ. Тэгвэл энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзаж байгаагаа сургуулийн удирдлага мэдэгдлээ. Цагаан ордны хөндлөнгийн оролцоо их сургуулийн үйл ажиллагаа болон эрдэм шинжилгээний эрх чөлөөнд халдаж байна хэмээн тэд үзэж байгаа бөгөөд Д.Трампын шаардлагын эсрэг тэмцэнэ гэдгээ сургуулийнхаа “Тhe Harvard Crimson” сониноор дамжуулан мэдэгдсэн байна. Харин Д.Трампын засаг захиргаа тус сургуулийн 2.2 тэрбум долларын буцалтгүй тусламж, 60 сая долларын гэрээг царцаахаа зарлаад байна. Энэ талаар “The New York Times” сонин “Харвард төр засгийн шаардлагыг шууд үгүйсгэсэн анхны их сургууль боллоо” хэмээн мэдээлжээ. Харвардын их сургууль ойролцоогоор 53 тэрбум долларын хөрөнгөтэй, санхүүгийн хувьд АНУ-ын хамгийн хүчирхэг их сургууль юм.

   Сургуулийн ректор Алан Гарбер өнөөдөр багш, оюутнууддаа хандан илгээсэн захидалдаа Д.Трампын засаг захиргааны шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ тодорхой илэрхийлжээ. “Төрийн эрхэнд хэн ч байсан хувийн их, дээд сургуульд юу заах, хэнийг элсүүлэх, хэнийг ажилд авах, ямар судалгаа хийхийг шаардах эрхгүй” гээд Засгийн газрын зарим шаардлага наанаа Израилийн эсрэг үзэл санааг няцаах зорилготой гэх боловч цаанаа сургуульд хяналтаа тогтоох гэсэн санаархал болохыг дурджээ. Цагаан ордон өнгөрсөн 11-ний өдөр АНУ-ын их сургуулиудад шаардлага хүргүүлж, Израилийн эсрэг үзэлтэй оюутнуудыг сургуулиас хасах, эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд олон талт шалгалт хийх, 2023 онд Харвардын Бизнесийн сургуулийн оюутны хотхонд болсон Израилийн эсрэг жагсаал, мөргөлдөөнд оролцсон оюутнуудыг хөөх үүрэг өгсөн юм. Принстоны их сургууль, Пенсильванийн их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиуд Харвардын жишээг дагаж, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.