Дэлхийн хамгийн өндөр настай хүн 125 насны төрсөн өдрөө тэмдэглэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-15
Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэгдээд буй Перу улсын иргэн Марселино Абад Толентино саяхан 125 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн тухай “The New York Post” сонин мэдээлэв. Албан ёсны иргэний үнэмлэхэд нь тэмдэглэснээр тэрбээр 1900 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрсөн аж. Одоогийн байдлаар Гиннесийн номонд дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн бичигдээд буй Бразил улсын иргэн, 112 настай Жоао Маринью Нетогоос М.Толентино 13 насаар ах юм. Перу улсын Чагла тосгонд төрж өссөн М.Толентино гэрлээгүй, насаараа ганц бие амьдарсан бөгөөд эдүгээ асрамжийн газар аж төрж байна. Багаасаа тариа тарьж, мал маллаж, худалдаа наймаа хийж ирсэн, сургуульд сураагүй ажээ. Түүний урт насалсны нууцыг хөдөө нутгийн амар тайван амьдрал, өөрөө тарьсан жимс, ногоо голлосон эрүүл, зөв хооллолт гэж үзэж байна. Тэрбээр голчлон ногоо иддэг бөгөөд асрамжийн газрын тогооч түүнд өглөө бүр дуртай жимсийг нь өгдөг ажээ. М.Толентиног 2019 онд буюу 119 настай байхад нь холбогдох төрийн байгууллага олж мэдэн нийгмийн халамж хүртээх болжээ. Тэр болтол тэрбээр гэрэл цахилгаангүй буйд нутагт ганцаар амьдардаг байсан аж. Түүнийг төрийн халамжид хамруулж өгсөн нутгийн иргэн "Толентино гуай дэлхийн хоёр дайн, нийтийг хамарсан тахал өвчнийг даван туулж, зуу гаруй жилийн турш гэрэл цахилгаангүй, интернэт, гар утас, түргэн хоол гэх мэт орчин үеийн соёлоос хол, уулын мухарт амьдарсан" хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ. Гиннесийн номын алба түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Бразилын иргэн Ж.Нето өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд 112 нас, 52 хоногтойдоо Гиннесийн дээд амжилтын үнэмлэх гардаж авсан юм. Харин М.Толентиногийн нас батлагдвал дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорно. Перугийн засгийн газар түүний мэдээллийг нэгтгэж, Гиннесийн номын албанд өргөдөл гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.