Б.Одгэрэл: Манай ном бол ертөнцийн чанх эсрэг харах цонх
Миний дуртай ном
2022-12-09
Өмнөд Энэтхэг дэх Гоман дацангийн хувраг, яруу найрагч Б.Одгэрэл манай “Миний дуртай ном” буланд зочноор оролцож ийн ярилаа.
Дуртай ном гэвэл миний хувьд “Бодь мөрийн зэрэг”-ийг л ярих байна. Ламрим буюу “Бодь мөрийн зэрэг” бол лам нарын ширээний ном юм. Гэгээрэх арга замын эрэмбэ дараалал л даа. Анги зиндаа тус бүрт уг ном бүхлээрээ гэхээсээ тухайн үзэж буй хэсэг нь ширээний ном болдог. Бурханы ном гэдэг дөрвөлжин бурмыг аль ч талаас нь хазсан бурам амтагдана гэдэг шиг бас аль ч хэсгээс нь үзсэн ижил тустай, сонирхолтой.
Бурхан багшийн айлдсан “Ганжуур” судар бол ер нь бүхэлдээ ламрим юм л даа. Гэхдээ хожмын хүмүүс бүгдийг ингэж ойлгоогүй. Ламаизм буюу гэлүгбийн ёсыг үндэслэгч Богд лам, түүний дамжлагын лам Богд Адиша нар хожмын шавь нарт хялбар ойлгомжтой болгон дараалал эрэмбэд оруулж, одоогийн бидний мэдэх “Бодь мөрийн зэрэг” номыг айлдаж өгсөн юм. Зөвхөн энэ ном бол ламрим, бусад нь тусдаа өөр зүйл айлдсан ном, ламрим биш гэж ойлгож тэгэхээр болохгүй байгаа биз? Хоосон чанар айлдсан судрын хураангуй “Ширнэн” ч, ойлгох хүндээ ламрим юм. Тэр бүү хэл түүний дотор байх монголчуудын мэдэх билгүүний зүрхэн тарни ”Дадьяата ум гадэ гадэ бара гадэ бара сам гадэ бодией суха“ ч ламрим юм. Майдар бурханы айлдсан “Илт онохуйн чимэг” ч ламрим бөгөөд бидний гол сурах бичиг болдог. Монголчуудын маань олонтаа сонссон “Бодьсадын явдалд орохуй” ч ламрим болно.
Миний тухайлан ярья гэж бодож байсан бас нэг ном бий нь ”Зовлонг амгаланд урвуулахуй” гэж Зопа ринбүүчи ламын ном юм. Би олон хүнд санал болгодог. Энд өдөр тутмын асуудлаас амьдралд тохиолдох өвчин зовлон хүртэлх бүхий л бэрхшээлийг амгалан жаргаланд урвуулах сэтгэлзүйн аргуудыг бичсэн байгаа. Надад одоо ч чухал номуудын нэг. Бурханы ном ер нь зөвхөн хэрэгтэй, тустай юмыг заадаг маш прагматик ухаан гэж санадаг юм. Хэмжээний хувьд бяцхан энэ ном “Бодь мөрийн зэрэг”-тэй тухайлан яаж холбогдох вэ гэвэл аврал одуулахын хэсэгтэй холбоотой юм. Ялангуяа номд аврал одуулахын хэсэгтэй холбогдоно. Номд аврал одуулна гэдэг нь номыг үзэж судлан, дадуулж байгааг хэлдэг. Яаж аврах юм бэ гэвэл, бидний зовлон бүгд юуны өмнө сэтгэлийн буруу үзэл, дадлуудаас үүдэлтэй бөгөөд номд энэ бүхнийг тодорхой тайлбарлаж, тэдгээрээс хагацах аргуудыг зааж өгдөг. Номд заасанчлан суралцаж, дадуулбал аврал одуулж байгаа нь тэр.
Хуучин цагт хүмүүс хэрхэн номд шимтдэг байсан тухай ганц нэг жишээ сонирхуулья. Хүрээнд лам нар “Магад болон татах утгын сайн номлолын зүрхэн” гэж номыг үзэх үедээ нойр нь хүрэхээ больдог байсан гэдэг. Номд шимтэн орсон нэгэн төвд лам номоо үзэж байх дундуураа гарч морь хараад буцахдаа, ном үзэх цагаас хорж байгаад харамсан, гүйхээрээ явдаг байсан гэнэ. Манай Гоман дацанг Энэтхэгт очиход хамба байсан буриад Агвааннямаа ламтан бүсээ тайлахгүй ном үздэг хүмүүсийн сүүлч гэж яригддаг байжээ. Сууж номоо үзэж байгаад хажуу тийш хэвтэж түр нойрсоод, буцаж босоод үздэг байсан гэдэг юм. Түүнээс өмнөх лам нар хажуу тийш хэвтэх ч үгүй, суугаагаар жаахан нойр аваад л үргэлжлүүлж үздэг байж. Тэгээд энэ ном чинь юу нь сэтгэл татаад байдаг юм бэ гэвэл хамгийн түрүүнд үзсэн хүмүүсийг, их хөлгөний номд бол бусдыг аз жаргалтай, амгалан болгох замаар өөрийн аз жаргалыг олох аргыг зааж, тийм ч болгодог юм аа. Дөнгөж үзэж эхэллээ ч, амьдрал нь өмнөхөөс өөр түвшинд гардаг. Дотор сэтгэлдээ шүү дээ. Яг номлосон ёс журмаар нь явбал.
Энэтхэгийн нэг баян лалын шашинт залуу хар тамхинд орж хэцүүдсэн үедээ Далай багштай уулзсан гэдэг. Тэгээд зөвлөгөө авч, энгийн хүний сахил сахиад, хар тамхинаасаа ч гарч, зовлонгоосоо салсан байдаг. Филипп Киркоров гэж болгар гаралтай Оросын дуучин хайр сэтгэлийн асуудлаас болж хямраад, амиа хорлох хэмжээнд очсон. Мөн Далай багш дээр ирж уулзаад буцахдаа инээгээд явсан. Одоо зүгээр. Лам нарын хувьд одоо заларч байгаа дээдэс байна. Тэд бүгд л бидэнтэй ижил эгэл хүн, тэр бүү хэл муу заяа болох адгуус тамд ч төрж явсан байдаг. Бурхан багш анх тамд байхдаа бодь сэтгэл төрүүлсэн гэдэг юм. “Бодь мөрийн зэрэг”-ийн аврал одуулахын тус эрдмийн хэсэгт “Баясгалан, их баясгаланг ч олно” гэж байгаа. Энэ нь ном үзэж буй хүний ухаарлаас төрөх баясгалан юм.
Улсын заан Д.Долгорсүрэн гуай “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Хүн чинь сэрэх бүрдээ инээгээд л байдаг юм билээ” гэж дурсаж байсан. Түр зуурын аз жаргал ч хүнийг ийм баясгалантай болгодог байна. Тэгвэл төрөл төрөл дамжаад салахгүй аз жаргал олсон хүн яах билээ? Ном үзэхийн дашрамд төрдөг, манайхан шид ч гэдэг олон эрдэм бий. Наад захаас нь дурьдвал, нисэх, биеэсээ гал, ус гаргах, хана нэвтлэх, газар товчлох, биеэ зуугаас олон мянга хувилгах, насаа уртасгах, хүний бодлыг мэдэх, хэдэн зуу, мянган километрийн алсад буйг үзэх, алсын дуу чимээг сонсох, биеийн дулаанаа халуун хүйтэн аль ч нөхцөлд хянах, олон төрлийн өмнөхийг илт мэдэх гэх мэт. Эдгээрийн ихэнхийг олох зорилго тавилгүй номын утга бясалгах явцад, дашрамд төрдөг эрдмүүд энэ бөгөөд нэлээд нь чаралба нар ч олж чаддаг нийтлэг чадварууд юм. Жишээ нь, нисэх бол бидний олохыг зорьдог эрдэм биш. Ийм эрдмүүдийг олсон лам нар яагаад дуулддаггүй юм гэвэл, нэг талаар эдгээрийг олсон лам нар цөөн бий боловч үзүүлэх албагүй байдаг. (Далай багшийн ярилцлага хэлбэртэй нэг номд “Насны эрхшээл олсон таван лам одоо байгаа” гэж айлдсан байдгийг саналаа. Тэдний нэгний төрсөн оноор хөөвөл одоо мянга гаруй настай хүн байх ёстой) Төгсгөлд нь хэлэхэд “Ном бол ертөнцийг харах цонх” гэж алдартай үг байдаг шүү дээ. Харин манай ном бол ертөнцийн чанх эсрэг харах цонх юм даа.
Гэрэл зургийг Мө.Батбаяр. "Тагтаа паблишинг".
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.