Олон жил зөрчилдсөн Элтон Жон, Мадонна нар эвлэрэв
Анд нөхдийн мэдээ
2025-04-09
Америкийн поп дуучин Мадонна болон Их Британийн дуучин Элтон Жон нар 20 орчим жил таагүй харьцаатай явж ирсний эцэст учир зүйгээ олж эвлэрчээ. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Мадонна Инстаграм хуудсандаа "Би Элтон Жонтой эвлэрсэн. Элтон түрүүлж уучлал гуйсныг би хүлээн авч үл ойлголцол маань ийнхүү эцэс боллоо” гэсэн байна. 1990-ээд оныг хүртэл тэд маш сайн харилцаатай, хамтарч уран бүтээл хийдэг байв. Харин 2004 онд тэдний хооронд үл ойлголцол үүссэнээр үл барам бие биеэ элдвээр хэлэх болжээ. Тухайн үед Элтон Жон Их Британийн Q сэтгүүлээс олгодог “Q Awards” шагналыг сонгодог хөгжмийн зохиолчийн төрөлд хүртсэнийхээ дараа Мадоннаг шүүмжилж "Шилдэг амьд дууны номинацид тэр нэр дэвшсэн гэнэ үү? Байнга ам барьдаг хүн яаж тэгж чадав аа?” гэсэн юм. Харин Мадонна “Би тайзан дээр амьдаар дуулдаг” хэмээн няцаасан ч Элтон Жон түүнээс хойш удаа дараа Мадоннаг шүүмжилж байжээ. Улмаар 2012 оны "Алтан бөмбөрцөг" шагналд Элтон Жон, Мадонна хоёул шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн бөгөөд энэ үед Элтон Жон “Мадоннад намайг ялах ямар ч боломж байхгүй” гэжээ. Гэвч Мадонна "W.E." киноны дуугаар уг шагналыг хүртсэн бөгөөд шагналаа гардах үедээ Элтон Жонд хандаж "Амаа татаж яв” гэсэн утгатай үг чулуудсан юм. Харин 2023 онд Мадонна ДОХ-ын улмаас нас барсан 40 сая хүний дурсгалд зориулсан дуу гаргах үед Элтон Жон түүнийг магтаж, дараа нь тайзан дээр таарсан даруйдаа Мадоннагаас уучлал гуйсан байна. Энэ тухайд Мадонна "Уучлал бол хамгийн хүчирхэг зэвсэг. Бид эвлэрээд шууд тэврэлдсэн. Би цаашид хамтарч уран бүтээл хийхээр болсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.