12500 жилийн өмнө устсан амьтны ДНХ-ээс амьд төл гаргаж авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-04-08
АНУ-ын Даллас хотод төвтэй, биотехнологийн “Colossal Biosciences” компанийн эрдэмтэд 12500 жилийн өмнө амьдарч байсан чонын зүйлийн амьтны ДНХ-ээс клон, генийн инженерчлэлийн аргаар амьд төл гаргаж авлаа. Тэд 2024 оны аравдугаар сарын 1-нд анхны хоёр эр, энэ оны нэгдүгээр сарын 30-нд нэг охин бэлтрэгийг гаргаж авсан байна. Aenocyon dirus зүйлийн энэ амьтан Хойд Америкт байгаад устсан гэх бөгөөд саарал чоноос арай том биетэй, үсэрхэг, том толгой, хүчирхэг эрүүтэй гэнэ. “Colossal Biosciences” компани нь устаж үгүй болсон амьтдыг сэргээн бий болгох зорилгоор 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Компанийн захирал Бэн Ламм “Манай багийнхан 13 мянган жилийн өмнөх шүд, 72 мянган жилийн өмнөх араг яснаас ДНХ гарган авч эрүүл чийрэг бэлтрэг бүтээсэн” гэжээ. Тэд 99.9 хувь саарал чонын ДНХ-г ашиглан нохойг хээлтүүлж гаргаж авсан гурван бэлтрэгээ нууц газар гурван метр өндөр хашлагатай, 810 га талбайд тэжээж байна. Ингэхдээ дрон болон камераар хөдөлгөөнийг нь хянахаас гадна хамгаалагч ажиллуулж байгаа юм. Компани өмнө нь арслан заан, Тасманийн бар, додо хэмээх нисдэггүй шувууг мөн ийм аргаар сэргээхээр ажиллаж буйгаа зарлаж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.