images

Их Британи: Хэнри гэж хэн бэ? Түүнийг юуны учир өмөөрөв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-07


   Их Британийн The Economist сэтгүүлд "Хэнригийн төлөө хэн дуугарах вэ?" (Who will speak for Henry) нэртэй нийтлэл гарчээ. Энд гарч буй Хэнри бол хүний нэр биш, “Өндөр орлого олдог ч хараахан баян биш хүмүүс” (High Earning, Not Rich Yet) гэсэн үгийн эхний үсгүүдийг авч үүсгэсэн шинэ нэр томьёо юм. Уг нийтлэлд эдгээр хүмүүс татвараараа Их Британийн төсөв санхүүд ихээхэн хувь нэмэр оруулдаг хэдий ч улс төрчид тэднийг огт анхаардаггүй болохыг шүүмжилжээ. Улмаар "Хөөрхий Хэнри таны бодож байгаагаас ч хэцүү байдалд байна" хэмээн онцолсон байна. "Хэнри" гэсэн нэр томьёог анх 2003 онд Америкийн Fortune бизнесийн сэтгүүлийн эдийн засгийн тоймч Шон Тулли хэрэглээнд оруулсан юм. Эхэндээ жилийн орлого нь 250-500 мянган доллар хүрдэг хүмүүсийг хэлдэг байсан ч эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэргээс хамаарч уг тодорхойлолт нэлээд өөрчлөгджээ. Улмаар Их Британид жилийн 100 мянган паундын орлоготой шинэ үеийнхнийг хэлдэг нэр томьёо болсон байна. Хэдийгээр тэд цаасан дээр санхүүгийн эрх чөлөөтэй мэт харагддаг ч хүүхдийн мөнгө, татвараа төлөөд цаана нь бараг хоосон үлддэг. Гэтэл тэднээс бага орлоготой энгийн иргэд татвар, нийгмийн даатгалын төрөл бүрийн хөнгөлөлт эдэлдэг. Үүнээс болж Хэнри” нарыг “Цаасан дээр л баян хүмүүс” гэж нэрлэдэг болсон байна. Эдний хамгийн тод төлөөлөл бол Лондон хотод суугаа 1.8 сая орчим оффисын залуу ажилтнууд юм. Тэдний төлж буй татвар нь Их Британийн бүх татварын орлогын бараг тал хувийг бүрдүүлдэг аж. Тус сэтгүүл тэднийг хамгийн их гадуурхагдсан хүмүүс гэж нэрлээд Хөдөлмөрийн нам, түүнчлэн хамгийн том сөрөг хүчин болох Консерватив нам ч тэднийг хамгаалсан  бодлого боловсруулах сонирхолгүй байна гэдгийг онцолжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.