images

Гурван анчны явдал


     Анчин, үзмэрч, туульч гурван хүн алс холын нэгэн их ууланд ан гөрөө хийж явсан боловч юу ч тааралдсангүй гэнэ. Гурван анчин ганзага хоосон яваадаа урам зориг мохож өдөр эртлэн буугаад хоол цайгаа идэж ууцгаан унтахаар хэвттэл туульч “Ийм эрт унтаад яахав. Би нэг тууль хэлье” гээд сонин сайхан тууль хайлжээ. Гэтэл үзмэрчийн нүдэнд ер бусын юмс үзэгдэв. Ой хөвчийн олон араатан, уул усны савдаг, дүрстэй дүрсгүй олон амьтан цугларан зарим нь анчны өвөр цээж, толгой дээр сууцгаан нөгөө туулийг ихэд сонирхон чагнаж байтал нэгэн доголон эмгэн яаран ирж, зогсох газаргүй болохоор олон амьтдын дундуур явж тууль хайлагч анчны өвөр цээжээр дамжин нахиу хамрынх нь үзүүр өөд авирч байгаад гэнэт халтиран унахыг үзмэрч хараад инээд алдчихжээ. Туульч уурлан “Эзгүй хээр газар тууль хайлж байхад чамд юу үзэгдэв. Юунд намайг шоолов” гээд тууль хайлахаа зогсоон унтахаар хэвтжээ. Үзмэрчийн нүдэнд тууль хайлахыг сонсож байсан нөгөө олон амьтан “Энэ доголон чавганцаас болоод бид сайхан тууль сонсож чадсангүй. Эртхэн ирэхгүй яасан юм бэ? Чиний сохор хар бухаар энэ гурван анчны ганзага мялаана” гэж хэлээд бүгд алга болох нь үзэгджээ. Үзмэрч саяын болсон явдлыг үзэж ихэд баяртай унтав. Маргааш өглөө нь гурвуул эртлэн босож ан гөрөөндөө гараад удалгүй нэгэн том буга дайралдсаныг агнаж бөөн баяр хөөр болжээ.

Ардын туульч Сүхийн Чойсүрэн “Аргил цагаан өвгөн” номоос.