images

Дивангар


     Монголчууд их эртний, дээр үеийн юм гэхийг дивангарын гэдэг. Тэгвэл энэ нь одоогоос зуун мянган галавын өмнө байсан Буддагийн нэр юм. Пали хэлний үг бөгөөд англиар Dipankara гэж бичдэг. Хиндү шашинд нэг галав нь ойролцоогоор 4.32 тэрбум жил юм. Биднээс өмнө тоолшгүй олон Будда байсан бөгөөд манай үед буй нь Бурхан багш буюу Шагжамүни гэж үздэг байна. Дивангарыг монголоор Зулын зохиогч гэдэг, учир нь эхээс мэндлэхэд үй түмэн зулын гэрэл цацарч байсан учраас тийн нэрлэжээ. Төвдөөр Мармэй зод гэнэ. Дивангарыг Замбуулинд заларч байх тэр үед энэ Бурхан багш Сумати (англиар Sumedha) нэртэй бярман байж, их буян үйлддэг байв. Иймд Дивангар түүнийг олон галавын дараа Будда болно гэж ерөөл тавьсны үрээр зуун мянган галавын хойно буюу бидний хувьд бол одоогоос 2500 жилийн өмнө Бурхан багш хорвоод заларчээ. Монголын сүм хийдийн зарим нь Дивангар шүтээнтэй байсан. Тухайлбал, Засагт хан аймгийн Итгэмжит гүний хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт байсан Төгрөгийн хүрээ ийм шүтээнтэй байжээ.  

Зураг дээр: Эрдэнэзуу хийдэд буй Дивангар шүтээн