images

Лам явж, ня-богийн сургууль төгссөн хүү алдартай хөгжмийн зохиолч болсон түүх


Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж хөгжмийн урлагт хөл тавьсан түүхээ ийн хүүрнэж байжээ.

   “Би Их хүрээнээ лам болж уншлага, Нэрийн номын өмнөх Жүдийн ном дуусгасан юм. 14 насандаа Нийслэл хүрээний бага сургуульд орж, улмаар санхүүгийн нягтлан бодохын зургаан сарын сургууль дүүргэсэн. Миний эгч Л.Цэвэгжав шанзчин, эгчийн нөхөр Чүлтэм дуу хуурт дуртай, авга ах Лувсан-Иш лимбэчин, дүү Дашдулам шанзчин байлаа. Манайхаар оройн цагаар зарим үед Гоож-Анаа гэгч морин хуурч ирж хуурддаг байв. Олон янзын дуу хуурдаж дуулахад нь миний сэтгэл хөдөлж, явсны хойно нь хоёр савх бариад хуурдах дүр үзүүлдэг байж билээ. Бас манайхаар Лувсан хуурч ирж үлгэр хэлж хуурддаг байлаа. Манай гэрийнхэн ихэд сонирхож, шөнөжин яриулахад нь би яаж ийм морин хуурч болох вэ, хуучирчин болох вэ гэж боддог боллоо. Сэлбийн гүүрний тэнд нэг хятад дэлгүүр байсан юм. Нэг өдөр тэр дэлгүүрт ортол нойлын хар утсаар утасласан хуучир байсныг зургаан төгрөгөөр худалдаж авав. Одоо бодоход Лувсан хуурчийн хуучир шиг том хуучир байсан санагдана. Сургуулийн байрандаа ирээд байнга түүнийг оролддог боллоо. Болмоор ч юм шиг, болмооргүй ч юм шиг санагдана. Ингээд би “Шивээ Хиагт”, "Гандий мод”, “Хүмүүн төрөлхтөн” гуравтай ноцолдож эхэлсэн дээ. Сүүлд энэ гурав дээр Гоож-Анаагийн “Сагсгар самбай”-г нэмж сурсан юм.

   Нягтлан бодохын сургууль төгсөөд Завхан аймагт хуваарилагдсан боловч би явсангүй. Хөдөө явахгүйгээ гэрийнхэндээ хэлэлгүйгээр нөгөө муу хуучраа бариад тэр үед “Бөмбөгөр ногоон” гэж байсан Төв театрт очиж шалгууллаа. Тэнд Түдэв багш, Дорждагва багш, Ишдулам багш нар байв. Тэд миний хөгжимдөхийг сонсоод “Ер нь сурмаар авьяастай юм. Энэ хүүхдийг дагуулж баахан гүйлгэх хэрэгтэй. Яаж мэдэх вэ, хожим нь юм болж магад” гэж ярилцахыг сонсов. Тэгээд надад “Сургууль сайн хийх хэрэгтэй. Өөрөө л оролдож сурна шүү дээ. Чамд өдөр бүр заагаад байх хүн байхгүй” гэлээ. Ингээд би хоёр сар гаруй хугацаанд цалин хөлсгүй суралцав. Нэг өдөр Д.Ишдулам багш надад гол мод нь тахир, тосон будгаар будсан дөрвөн утастай хуучир өглөө. Энэ хуучрыг олон сар хөрөөдөж олон ч дуу сурсан даа. Түдэв багш бол жигтэйхан сайхан хуучир барьдаг байлаа. Тэд нарын орж гарахын хооронд би хуурыг нь дуугаргаж үзэхэд гар хуруу өөрөө хөтлөөд явчих шиг санагддаг байсан юм. Ийм сайхан хөгжим хэзээ барих бол гэж бодогдоно.

   Ингээд би жил гаруй ажиллаад 15 төгрөгийн цалинтай болов. Дандаа задгай мөнгө өгнө. Хормойгоо тосож байгаад авна. Урамшиж байна гэж жигтэйхэн, улам сайн хөгжимдөх юмсан гэж бодож байлаа. Нэг өдөр Түдэв багш “За хүү минь айлын жасаанд явна даа. Багшийнхаа хуурдахыг сайн ажиглаж харж явдаг юм шүү. Ийм л журмаар сурна шүү дээ” гэв. Багш маань айлын найранд хуураа авч очно. Нэлээд халаад бусад хүмүүстэй наадаж, наргих хооронд би багшийн хуураар хуурддаг байлаа. Энэ сургалтын явцад их зүйл сурсан даа. Ингээд би 17 нас хүрлээ. Олуулаа нийлэн хөгжимдөж, миний хуурдахыг хүмүүс сонирхдог боллоо. Тэгсээр байгаад би 75 төгрөгийн цалин авч тайзан дээр гарах эрхтэй боллоо. Театрын тайзан дээр Түдэв багштай “Шидэн хуар”, “Дүйнхэр да лам”-ыг хамтран хөгжимддөг, Дорждагва багштай “Түмний эх”, “Эртний сайхан”, “Дөрвөн цаг” дууг дуулж хуурддаг болов. Ингэж би Түдэв багшийн хатуу чанга, махруун, хумсаа цоортол дардаг аргыг, Түвдэн багшийн дэгжин чавхдах, чавхдсан дээр гар хүрч байгаа нь үл мэдэгдэх аргыг, Алтангэрэл багшийн хилээр уншдаг, хил нь аялгууг дарж байгаа мэт амилуулах аргыг ажиглан суралцсан юм. Тэр үед би ноот мэддэггүй, сонсголоороо шууд зохиож хөгжимдөх аргыг л мэддэг байв.

   Ингэж яваад би 17 настай байхдаа, 18 хүрсэн гэж насаа нэмээд цэрэгт татагдаж, их бууны хороонд хуваарилагдав. Миний сэлэм газар тулаад зүүхэд бэрхтэй. Нөгөөтэйгүүр би оройн цагаар цэргүүдэд хуучир дарж дарга нарт сайшаагдаж байлаа. Энэ тухайгаа салаан дарга Батаад хэлж их бууны наводчикоос чөлөөлөгдөн оройн цагаар цэргүүдэд хөгжим сонсгож, өдрийн цагаар номын сан ажиллуулдаг болов. Гэтэл нэг өдөр цэргийн клубт дуучид, хөгжимчдийн уралдаан болоход би оролцож хорооноосоо нэгдүгээр байр эзлэв. Удалгүй Улс хувьсгалын 16 жилийн ой болж улсын тэмцээнд оролцлоо. Хөдөө нутгаас ч дуучид, хөгжимчид ирсэн байсан. Би хуучраар нэгдүгээр байр эзлэв. Эргээд хороондоо ажиллаж байтал Цэргийн театрт шилжүүлэх тухай жанжны тушаал гарч би Цэргийн театрт шилжлээ. Тэндээ гурван жил алба хаагаад эргээд Төв театртаа ирсэн юм. Би ноотны ухааныг Төв театрт ажиллаж байсан орос эмэгтэй Перлина Печникова багшаар заалгасан юм. Хөгжмийн өрөөнд нь хүртэл хонож давтлага, сургууль хийдэг байлаа. Хөгжмийн зохиолч М.Дугаржав, алдарт гавьяат дуучин Ж.Дорждагва нар тойрч зогсоод дуулж хөгжимдөж, Перлина багш ноотлодог байв. Ингэж би ая дуу тэмдэглэдэг ноот гэж тусгай арга ухаан байдгийг мэдсэн юм. Хожим ЗХУ-аас уригдаж ирсэн хөгжмийн мэргэжилтэн Борис Смирнов багш Төв театрт ирж багшлахад тэр багшаас ноотоор хөгжимдөх арга ухааныг заалгаж сурав. Удалгүй ЗХУ-ын Москва хот дахь П.И.Чайковскийн нэрэмжит консерваторид суралцах хувь тохиосон билээ”.

Ж.Энэбиш. “Хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж” ном. Улаанбаатар хот. 2019 он. 61-64 дүгээр тал.