images

Э.Оюун гуай намайг эрдэмтэн болоорой гэсэн


Хууч хөөрөх, аман түүх сонсох, тэмдэглэх гэдэг аман зохиолын багшийн “өвчин” юм даа. Хүн бүрд эрхэм нандин дурсамж байдаг. Тэр бүхэнд нь бас өөр олон сайхан хүний тухай дурдатгал, дурсамж хамт ургаад ирдэг л дээ. Э.Оюун зохиолчийг дурсах нэг хурал дээр хуучин танил “Монгол Кино” үйлдвэрт найруулагчаар олон жил ажилласан Д.Чимиддорж маань хажуудаа суугаа бүсгүйг танилцууллаа. Эхлээд таньсангүй. Д.Чимиддорж анд маань “Гарьд магнай” киноныхоо тухай бахархан ярьж эхэллээ. Гол дүрийн нэг Удвал маань энэ шүү дээ гээд л... Хурлын дараа гурвуулаа баахан хууч хөөрөв. “Баян-Булагийн саалчин хүүхнүүд, Баяр золоор бялхаж байна аа...” гээд л Д.Чимиддорж маань өөрийнхөө зохиосон дууны шүлгийг уншиж, хэрхэн зохиох болсон, дуу хэрхэн бүтсэн тухай ч ярьж, бүр дуугаа аялж өгч байлаа. Энэ тухай одоо үл өгүүлэн харин түүний анх таньж олсон нэгэн “жүжигчний” тухай өгүүлье. Наадам болгоноор үзээд ханадаггүй “Гарьд магнай” киноны Удвалаас кинонд хэрхэн тоглох болсон талаар болон дамаа эрдэмтэн зохиолч Э.Оюун гуайн тухай ярьсан дурсамжаа бичиж өгөөч гэж миний бие хүссэн юм. Тэр ч хүсэлтийг минь уриалгахан хүлээн авч дурсамжаа бичиж ирүүлснийг нь та бүхэнтэй хуваалцъя.

МУБИС-ийн багш, утга зохиол судлаач доктор, профессор Р.Чүлтэмсүрэн

 

 

   “Ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Эрдэнэбатын Оюун гуайтай хамтдаа өнгөрүүлсэн цөөн хоногоо одоо эргэн дурсахад сайхан байдаг юм. Намайг Оточийн Уранчимэг гэдэг. Эм зүйч мэргэжилтэй. Өвөг дээдэс, эцэг эх маань Сүхбаатар аймгийн уугуул, дарьганга ястай улс. Би айлын отгон охин.

   Анагаах Ухааны Дээд Сургуулийн Эм зүйн факультетэд суралцаж байсан 1982 оны өвөл арванхоёрдугаар сард юмдаг. Хоёрдугаар курсийн оюутан надтай нэг өдөр Монгол Кино Үйлдвэрийн ажилтан “Гарьд магнай” киноны хоёрдугаар найруулагч Д.Чимиддорж гэдэг хүн уулзав. Тэр хүн Их дээд сургуулиудаар явж, олон оюутан дотроос шинээр хийх уран сайхны киноны дүрд тоглуулахаар дүрийн сонголт хийж байна. Тийм болохоор миний дүү Кино Үйлдвэр дээр маргааш хүрээд ир. Киноны зураг авалт, проб гэдэгт оруулж тэнцэх эсэхийг чинь нэртэй найруулагчид, жүжигчид шалгах болно. Миний саналыг хүлээж авбал заавал очоорой гэж шийдэмгий хэллээ. Тэгээд би бодож бодож, кинонд тоглох сайхан ч юм шиг санагдан айсаар очиж билээ. Хэд хэдэн үе шаттай пробын зураг авалтад ороод байж байтал нэг өдөр уг киноны дүрийн сонголтонд оюутан О.Уранчимэг тэнцлээ гэсэн албан бичиг Соёлын Яамнаас манай сургуулийн захиргаанд ирүүлсэн юм.

   Ингээд миний бие 1983 оны 6 дугаар сарын 1-нээс 1983 оны аравдугаар сарыг дуустал Д.Хишигт, Ш.Сүрэнжав нарын хамтын бүтээл “Гарьд магнай” хэмээх нэртэй монголын уран сайхны киноны Удвалын дүрд тоглосон. Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, найруулагч Жамъяангийн Бунтар, оператор Г.Маш, кино группийн зургийн дарга Д.Махбал агсан болон зураглаач, гэрэлтүүлэгч, нүүр хувиргагч зэрэг олон сайхан хөдөлмөрч хүмүүстэй кино урлагаар холбогдсон билээ. Ухаалаг тэнүүн сэтгэлтэй, сайхан аав Монгол Улсын Гавъяат жүжигчин Дамдинбазар гуай зэрэг олон сайхан уран бүтээлчид, кино зургийн баг, хамт олны дэмжлэг тусламжтайгаар Баянхонгор аймгийн Шаргалжуут, Архангай аймгийн Их Тамир, Төв аймгийн Баянчандмань, Улаанбаатар хотын олон газраар кино группийнхэнтэй натурт гарч оргилж буцалсан өвөрмөц ажилд нь хөтлөгдөн, уг кинонд чадан ядан Удвалын дүрийг бүтээсэн. 1983 оны арванхоёрдугаар сард манай киноны зураг авалт дуусаж, дэлгэцэнд гарах ойртож, тухайн үеийн Кино Үйлдвэр, Соёлын Яамны Уран сайхны зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэс, СнЗ-ийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрын зэрэг үе шаттай уран сайхны болон үзэл суртал, төрийн хяналтын давааг даван дэмжигдсэн тул нийтэд гарах зөвшөөрлөө авч, “Элдэв-Очир” кино театрт нээлтээ хийсэн юм. Ингээд л киноны ажил ч дууссан.  

   Би ч Анагаахын Дээд Сургуулийн Эм зүйн факультетийн оюутан төдийгүй олонд танигдсан хүн болж бахархах, ичих хослон хичээлдээ явж байлаа. Гуравдугаар курсийн оюутан байхад минь 1984 оны 11 дүгээр сард Соёлын Яаман дээр намайг гэнэт дуудав. Яваад очтол уг яамны кино хариуцсан ажилтан Нарантуяа гэдэг эмэгтэй намайг хүлээн авч уулзаад, Монгол Улсыг тунхагласаны 60 жил, Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын өдрүүдэд зориулсан “Москвагийн Киноны Өдөрлөг”-т оролцуулах болсон тухай баяртай мэдээ дуулгав. Гол нь эрдэмтэн, зохиолч Э.Оюун багшийн удирдлагын дор зохиолч Ш.Сүрэнжав, “Ардын элч” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн П.Цэвэлсүрэн, Дарьбазарын дүрд тоглосон алдарт жүжигчин Ж.Занабазар, “Хатанбаатар” киноны найруулагч Г.Жигжидсүрэн гээд нэр хүндтэй том уран бүтээлчидтэй хамт “Гарьд магнай” киноны Удвалын дүрийг бүтээсэн намайг Москва явах болно гэж хэлж билээ. Тэр үед анагаахын оюутан надад тийм нэр хүндтэй хүмүүстэй хамтдаа анх удаа хилийн дээс алхаж, Москва хотыг зорих азтай бөгөөд хариуцлагатай үүрэг тохиолдсонд үнэхээр бахархан баярлаж билээ. Бид тухайн үедээ онгоцны буудал дээр нүүр тулан уулзацгаасан. Нисэх цаг зарлагдаад бүгд онгоцонд суутал нислэг түр саатаад хэн нэгнийг хүлээж байтал онгоцны хаалгаар хар пальтоныхоо энгэрийг задгай тавьж намируулсан, цүнхээ барьсан, улаа бутарсан царайтай, яруу найрагч Ш.Сүрэнжав гуай орж ирээд Э.Оюун гуай бид хоёрын дэргэдүүр өнгөрөхдөө малгайгаа ёсорхог авч мэхийн:

“Замын голоор алхалдаг

Загнадаг Оюун багш минь Сайн байна уу?...“ гэж мэндлэхэд нь зорчигчид цөм хөгжилдөн инээж байж билээ. Э.Оюун гуай ч:

Энэ ингэдэг юм гээд инээж суусан юм. Би харин нислэг хүлээлгэдэг, энэ том зохиолч Э.Оюун гуайтай ингэж харьцдаг хаашаа хүн бэ гэж бодож байсан сан. Онгоц ниссээр Эрхүү хотод түр буув. Тэр үед биднийг ахалж явсан Э.Оюун гуай Эрхүүгийн онгоцны буудал дээр ЗХУ-аас Монголд айлчлахаар явж буй М.С.Горбачев дарга болон бусад төлөөлөгчидтэй нь уулзаж мэндлээд бид цааш зөрж ниссэн юм. Москвад очоод хотын төвийн “Россия зочид” буудлын 12 давхарт Э.Оюун гуайтай би нэг өрөөнд хамтдаа орлоо. Намхан жижигхэн биетэй, цав цагаан толгойтой, хөнгөн шингэн, “айхтар” хүнтэй нэг өрөөнд ороод биеэ их барьж суулаа. Э.Оюун гуай миний хөдлөх, эргэх тоолонд заавал нэг үг хэлдэг, надаас маш олон зүйл асууж лавладаг байлаа. Э.Оюун гуай өглөө эрт 5.30 цагт босоод гимнастик хийж, өрөөний дугуй ширээ тойрч гүйгээд гараад явчихна. Төдий удалгүй хоёр ширхэг мөхөөлдөс, хөлдөөсөн гүзээлгэнэ, шинэ өдрийн сонин бариад ороод ирнэ дээ. Миний санаа зовоод л. Э.Оюун гуай “Би Москвад ирэх болгондоо заавал мөхөөлдөс авч идэх дуртай гэнэ. Тэгээд өглөөний сонингоо уншаад намайг ном, сонин сайн унш гэж зөвлөнө. Чи дэлгэцийн кино урлагт дүрээ үлдээсэн хүн. Эхлээд монголынхоо гарын арван хуруунд багтах хэдхэн зохиолч нарынхаа роман, өгүүллэг, туужийн номуудыг сайн уншиж, монголын зохиолчдынхоо бүтээлтэй танилцах хэрэгтэй гэнэ. Өө, тэгээд зогсохгүй надад кино урлагийн мэргэжлийн сургууль төгссөн жүжигчин Н.Сувд, Д.Мэндбаяр гуай гээд олон шилдэг эмэгтэй жүжигчдийн тухай магтаж ярина. “Би тэднийгээ нүдэн дээрээ загнадаг байсан ч дотроо бүх жүжигчдэдээ хайртай” гэж ярьдаг сан. Бас “Манай Н.Сувд бол жинхэнэ мэргэжлийн Кино урлагийн сургууль төгссөн, гэр бүлээрээ урлагийн өндөр соёлтой хүмүүс. Танай кинонд Д.Мэндбаяр жүжигчин баяны эхнэрт тоглосон байсан. Маш чадварлаг, жинхэнэ тайзны жүжигчин шүү дээ. Чи түүнийг сайн дагаж үлгэр авч байсан биз дээ” гэнэ. Мөн намайг “Мэргэжлийн сургуулийн оюутан биш хэрнээ өргөн дэлгэцийн ийм сайхан кинонд залуу насаа мөнхөлсөн азтай охин байна шүү, чи! Цаана чинь мэргэжлийн сургууль төгссөн хэрнээ гол дүрийн бүтээлд огт оролцоогүй зөндөө жүжигчид ард чинь байгаа шүү. Харин театр жүжгийн урлаг бол заавал мэргэжлийн хүн л тэр тайзан дээр тоглоод алдсан ч алдаагаа дараа нь засч залруулж болдог. Кинонд бол харин үгүй. Киноны зохиолч, найруулагчдад тоогдож, дүр төрх нь тохирч байвал заавал мэргэжлийн жүжигчин биш өөр хүнийг ч сайн бэлдээд кинонд тоглуулах тохиолдол байдаг юм гэж хүүрнэнэ.

   Бид Э.Оюун гуайн удирдлага, айлчлалын хөтөлбөрийн дагуу энд тэнд олон газарт очиж уулзалт, ярилцлага хийж, монголчуудтайгаа уулзаж, киноныхоо нээлтийг хийж явлаа. Э.Оюун гуай уулзалт бүрийн өмнөх орой ширээний ард суугаад юу ярих тухайгаа эхлээд дэлгэрэнгүй бичнэ. Дараа нь өөрөө давтаж яриад намайг суулгаж байгаад чагна гэдэг байсан. Өөрөө орос хэлээр ус цас боловч албан ёсны уулзалт дээр орос хэлээр орчуулга хийх хүнд нь хэлэх үгээ аль хэдийн бэлдээд өмнө нь бичгээр өгч байгаа нь орчуулагчийн ажлыг ч хөнгөлсөн, хүндэтгэсэн, хэлэх санаагаа ч алдаагүй бүрэн дамжуулах том соёл юм байна гэж ойлгож билээ. Өглөө, өдөр, оройдоо нөгөөдүүлтэйгээ хамтдаа хоолонд ороход найруулагч Г.Жигжидсүрэн, зохиолч Ш.Сүрэнжав гуай хоёр намайг хараад “За, хэр их загнуулж байна даа” гээд инээдэг байв.

   Монгол Улсын дуурийн нэрт дуучин, жүжигчин П.Цэвэлсүрэн гуай бол Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд Сургуулийг дуучнаар төгссөн, их сайхан намбалаг агаад энд тэнд суух болгондоо ном, сэтгүүл уншсан, маш сайхан дөлгөөн яриатай, соёлтой эмэгтэй байв. “Ардын элч” кинонд хамтран дүр бүтээсэн Дарьбазарыгаа (жүжигчин Занабазар гуайг) маш сайн халамжилж авч явж байсан сан. Москвагийн “Дом Кино”, Телевиз, радиогийн төвд ярилцлага өгөөд дараа нь бүгдээрээ зоогийн газар нь хоолны ширээ тойроод сууж байтал Г.Жигжидсүрэн найруулагч “Урнаа! Чи хажуу тийшээ хар даа. Хэн бэ? гэв. Хартал Алла Пугачева сууж байсан. Би яахав сэтгэл хөдлөөд инээгээд их л харсан юм байлгүй дээ. Гэтэл Э.Оюун гуай намайг “Битгий хүн рүү удаан ширтэж хараад бай! Муухай” гэж билээ. Э.Оюун гуай намайг дагуулаад Москвагийн орон нутгийн галт тэргээр Владимир хот руу явж, Чингис хааны ач хүү Бат хааны Орос руу дайлаар мордож, Москва хотыг шатаасны дараа Владимир хотыг бүсэлж, Владимир-Суздалын нийслэлийг нь эзэлж, II Юрий вангийн гэр бүлийг буулган авч байсан түүхт Владимир Суздалын алтан оройтой сүм рүү дагуулан очиж музей үзээд, цайз доторх украйн хоолны битүү шөлөөр хооллоод буцаад явж билээ.

   Бидний хөтөлбөрт Москвагийн Их Театрт үзвэр үзэх байлаа. Цуг яваа томчууд маань өмнө нь Их Театрт олонтаа орж үзсэн тул бүгдээрээ хүнтэй уулзана, гадуур ажлаа амжуулна гэсэн тул уг театрт орж үзээгүй намайг л үзүүлэхээр боллоо. Тэгээд тухайн үед Москвад амьдарч, тэнд суралцдаг нэг оюутан хүүхэдтэй хамт “Евгени Онегин” дуурь үзүүлсэн юм. Их Театрт анх удаагаа орж үзэж байгаа надад бүх юм нь гайхалтай сайхан боловч би удаан хугацаагаар огт хөдөлгөөнгүй, чив чимээгүй сууж, нөгөө хүүхэдтэйгээ ч юу ч ярихгүй өнгөрүүлж билээ. Одоо бодоход тэр хүүхдийг хэн гэдэг нэртэй байсан. Хожим хаана ажиллаж амьдарч байсныг бүү мэд! Яагаад гэхлээр Э. Оюун гуай надад “За, чи тэр Их Театрт ороод чанга чанга яриад, инээгээд л ийш тийш хараад янз бүрийн хөдөлгөөн хийгээд байж болохгүй шүү! Хажуу талын болон урд талдаа суугаа соёлтой хүмүүсийг сайн ажиглаарай” гэж захисны дагуу би томоотой, дув дуугүй суугаад байсан хэрэг. Залуу ч байж дээ.

   Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Эрдэнэбатын Оюун (1918-2001) багшаар хичээл заалгаж, хамт ажиллаж хөдөлмөрлөөгүй хэдий ч тэрхүү богино хугацаанд надад цэн цэнгээр үнэлэгдэх хүний амьдралын зөв төлөвшил, тун тунгаар хэмжигдэх мэргэжил арга зүй, аливаа ажилд чин сэтгэлээсээ хандахад маань ихээхэн хүч нөлөө үзүүлсэн ачтай буянтай хүн гэж бодож явдаг юм.

Эм зүйн ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эм зүйч О.Уранчимэг