images

Ш. Сонинбаяр багшийг дурсахуй


   “Манай Гандангийн номтой эрдэмтэй гярган лам нар тун цөөрлөө. Боржигоны гэвш түүхийн ухааны доктор, профессор Ш.Сонинбаяр гавж таалал боллоо. Шинэ залуу гэвш лхарамба төрж байгаа ч хуучны мэдлэгтэн номч, номын ёсоор сэтгэгч нэгэн тулгуур багана болсон эрдэмт хүмүүн мөнх бусыг үзүүлэв. Олон зүйлийн талаар ярьж болох ч нэгэн зүйлийг энд дурдахыг хүслээ.

   Үүнийг бичигч би бээр МУИС-д доктор хамгаална. Алшаа Агваандандар/1758-1841/ лхарамбын намтар зохиол бүтээл, түүний сэтгэлгээний онцлогийг судалгаа шинжилгээний хүрээнд оруулна гэж алгын чинээ мэдлэгтэй атлаа тэнгэрийн чинээ юм ярьж явсан цаг. Нэг өдөр Со багш өрөөндөө дуудаад гараар бичсэн нэг жижиг номыг их л нямбайлан задалж “Энэ бол Дандар лхарамбын жүдрим байгаа юм. Чи Дандар лхармбын "Жигдүбарал" орчуулаад байгаа хүн, чамд хэрэг болно” гэв. Тэгээд “За хүү минь бурханы номыг судлахдаа эхлээд аливаа зохиол бүтээл, эш, авшиг зэргийг нарийвлан мэдэж, өөриймшүүлэн номын гарвал үүсэл, зохиогч, уламжлан дамжуулж ирсэн хүмүүсийн нэрсийг бичиж тэмдэглэдэг уламжлалтай шүү. Тэдгээрийг ном хэлбэрт оруулснийг "товег" /хүртсэны тэмдэглэл /, "санег" /сонсоны тэмдэглэл / , "жүдрим" /дамжлага эрэмбэ / гэдэг юм. Жүдрим гэдэг бол нэг талаасаа өнөөгийн ойлголтоор ном зүйн лавлагааг, намтар зүйг, каталогыг уламжлалт судалгаанд хэрхэн хэрэглэж байсныг харуулсан эд. Нэг л зүйлээр тэднээс давуу нь "дамжлага". Ерөнхий ухаан нь энэ. Түвдэд хамгийн алдартай нь V Далай ламын айлдсан “Жалбаан авын са-ег”, монголд Заяа Бандидын айлдсан “Шагжаан тойн Лувсанпэрэнлэйн тодорхойн толь”, нөгөөх нь “Найдан са-ег”. Энэ хэд л дээ. Дээхнэ Барин ламын хийдэд жүд дамжлагатай дээдэс цуглан эш, авшигаа солилцож жүдийн томоохон төвлөрөл болж байсан гэнэ лээ. Манай Зава лам хоёр сар тэнд саатаж байсан гэж намтарт нь байдаг гэдэг шүү” гээд тэргүүнээ гилжийлгэсхийн тонгойж ойртоод зөөлхөн дуугаар хурдан хурдан айлдлаа. Би чихэр горьдсон хүүхэд шиг надад энэ номоо өгдөг болов уу гэж хөдөлгөөн бүрийг нь дагуулж харж суув. “Баруун Чойрынхон Лондол явсрайн сүмбүмийн лүн хүртдэг уламжлалтай, муу заяанд унадаггүй гэдэг юм даа” гэж байна. Бүр их хорхой хөдөллөө. Эрүүний яс эвхэгдэхгүй болов. Улмаар Со ламтан “Энд гарч байгаа баруун чойрын Дамчой тойн болбоос миний гавж багшийн / Данзар-осор гуай/ багш нь байсан юм билээ” гэнэ. Их гоё бичигтэй ном юм аа. Багшийнх нь чагбрэй / гар бичмэл/ бол ч надад өгөх ч өнгөрлөө дөө. Утсаараа зургийг нь дарчихвал бас болохгүй ч юу байхав гээд утсаа өвөртөө тэмтрээд л байлаа. Тэгээд “Таны гавж багшийн ном байх даа?” гэж найдлага тасарсан хүний дорой дуугаар асуулаа. “Гавж багшийн ном байж тун магадгүй. Гэхдээ бичгийн хэв нь биш байна. Багшийн бичсэнээс хожим өөр хүн хуулж бичсэн байж болох юм” гэж билээ. Гэнэт Со ламтан “Энд нэг сонин юм байгаа. Дандар лхарамба хоосон чанарыг олсон тухай байгаа шүү, май үз хүү минь” гэж билээ. Би энэ номын талаар “Философи, шашин судлал” сэтгүүлд нэг, англи хэл дээр ОУ-ын хуралд нэг илтгэл оруулсан. Эрдмээ хүнд харамгүй хайрладаг, хүнийг дэмждэг, бүр дуудаж ирээд нандин номоо өгдөг ийм сайхан бодьсатвын сэтгэлтэй лам бурханы орондоо заларсанд самсаа шархирч дурсамж төдий зүйл бичсэн энэ нь миний өргөсөн сэтгэлийн өчүүхэн зул болог ээ.”

Гавж Лувсанжамц. 2022 оны 1-р сарын 8. Гандантэгчэнлин хийд.

Эх сурвалж: Гавж Лувсанжамцын фэйсбүүк хуудаснаас