images

“Морьтой ч болоосой” кино зохиолоо бичсэн минь


Төрийн шагналт зохиолч Доржийн Гармаа хуучилсан нь

   “Би багадаа янз янзын юм бодож сэддэг, тэр үйлдлүүдээрээ хүмүүсийг гайхшралд оруулдаг хүү байлаа. Долдугаар ангид сурч байсан үе. Төв аймгийн Эрдэнэ сумын хойд энгэр дээр нөмрөг хадархуу маягтай ханан хад байдаг юм. Тэр хадны энгэр дээр очиж лаа барьж ном уншиж байгаад дотуур байрныхаа багшид баригдаж байлаа. Бүр дүн өвлөөр. Тэр бол аавын үгнээс болсон хэрэг. “Сайн эрдэмтэй хүн агуйд даяанчилж том лам болдог” гэсэн үгийг нь л тэгж ухаж л дээ. Тэрийг нь дуурайж байгаа ухаантай юм даг уу даа. Даяанчилж эрдэмтэй хүн болох гэж зүтгэсэн нь тэр. Бага нас маань шохойны үйлдвэрийн төв дээр өнгөрсөн л дөө. Аав үйлдвэрт ажиллаж байгаад шохойн үйлдвэрт тээвэр хийж, бааюу шатаах мод зөөдөг баахан тэмээг хариулахаар болсон юм. Нацагдоржийн нутаг Гүн галуутайд. Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт есөн жил тэмээ хариулсан юм. Тэр үед би хөдөөгийн хүүхдүүдтэй найзалж, хөдөөгийн амьдралыг таньж мэдэж, морь унаж чаддаггүй төвийн хүүхэд моринд гарамгай болж байлаа. Тэмээний хоёр бөхний хооронд босоо зогсчихоод тэшүүлж явдаг хүүхэд байсан даа. Тэр жилүүд хөдөөгийн амьдралыг таньж мэдрэхэд их тус болсон. “Морьтой ч болоосой” киног бичсэний үүтгэл үндэс суурийг би тэр он жилүүдэд олсон гэж боддог.

   Их сонин түүх бий. Би тавиад оны дундуур гэнэт шарлав аа. Ээж нэг өдөр нүд рүү харснаа “Хөөх хүү минь шарлачихаж. Алив дүүгээ хот руу аваачиж эмнэлэгт хэвтүүл” гэж эгчид хэлээд биднийг хот явууллаа. Бие хөнгөн гайгүй л байлаа. Манай өрөөнд дөрвөн хүн хэвтэж байсны нэг нь нэрт зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай. Бие хөнгөн, уйддаг байсан учраас санаанд орсноо цаасан дээр буулгана. Тэгээд “Манай нутгийн хүү” нэртэй киноны ноорог бичдэг юм. Ч.Ойдов гуайн “Их жанжин Сүхбаатар танаа” гэдэг кино гараагүй, “Туяа” сэтгүүлд кино зохиол нь хэвлэгдсэн байсан юм. Тэр зохиолыг уншчихсан чинь кино бичиж болмоор санагдаад болдоггүй. Тэр хүсэлдээ автаад бичиж эхэлсэн хэрэг. Хөдөө гадаа байсан янз бүрийн амьдралаа санаж байгаад бичлээ дээ. Өдөрт бичсэн хэдэн хуудас зохиолоо өрөөнийхөө хэдэд уншиж өгнө. Инээдмийн тал руугаа учраас нөгөөдүүл маань инээж байгаад сонсоно. Өглөө бүр л уншаарай гэнэ. Ялангуяа булангийн орон дээр хэвтэх Бавуу гэж хөгшин их сонирхоно. “Энэ чинь их зүгээр юм байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй ийм зохиол ерөөсөө байхгүй” гээд магтаж гарна. Намайг эмнэлгээс гарах үед “За хүү минь чи энэ зохиолоо Соёлын яам гэдэг газар заавал үзүүлээрэй. Одоо л яг хэрэгтэй зохиол шүү” гэж захидаг юм. Тэгэхээр нь эмнэлгээс гараад Кино үйлдвэр дээр яваад очлоо. Монгол дээл, эсгий гуталтай ямар л олигтой харагдав гэж. Кино үйлдвэрийн жижүүр “Ямар зорилгоор явна” гэж ширүүхэн асууж байна. “Кино зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлэх санаатай” гэтэл “Цаашаа бай, яг одоо ажилчид цуглаж байна” гээд ад үзэх маягтай. Зайдуухан очоод зогслоо. Гэтэл гаднаас нэг их том шар цүнх барьсан намхан пагдгар хүн ороод ирдэг юм. Над руу сүрхий харснаа “Энэ юун хүүхэд билээ” гэж байна. Өнөө жижүүр “Кино зохиол бичсэн ч гэл үү нэг юм яриад байсан. Ажил цуглаж байгаа болохоор цаашаа байж бай гэсэн юм” гэлээ. Өнөө хүн над руу ойртсоноо “Чи ямар хэргээр яваа гэнэ ээ” гэж лавлалаа. “Зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлээд зөвлөгөө авах санаатай” гэтэл дагуулаад хоёрдугаар давхарт гарч даргын өрөөнд ордог юм. Туранхайдуу, инээмсэглэсэн царайтай аятайхан хүн сууж байна. Кино үйлдвэрийн дарга, улсын баатар болсон Нянтайсүрэн гуай байсан юм билээ. Намайг дагуулж орсон нь Л.ванган гуай байжээ. Нөгөө хоёр миний тухай хэсэг ярьж байгаад “Маргааш өглөө Уран сайхны зөвлөлийн хурал дээр зохиолоо авч ирээд унш” гэдэг юм.

   Өглөө нь иртэл баахан улс цуглачихаж. Бараг бүгдээрээ шахуу алтан үеийнхэн. Зохиолоо эхнээс нь аваад л чанга дуугаар уншиж гарлаа. Улсууд хөхрөлдөөд байх юм. Тэгж тэгж нэг юм дууслаа. Гэтэл Л.Ванган гуай “Энэ бидний хайж байсан зохиол мөн байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй. Дээр нь инээдмийн зохиол. Үүнийг дэмжье” гэлээ. Бүгдээрээ дэмжчихлээ. Тэгээд миний зохиолыг дөнгөж сая сургууль төгсч ирсэн Доржпалам гэж найруулагчид өгч “Чи энэ зохиолыг санаандаа хүртэл засуул” гэсэн юм. Долоо хоног хэртэй Доржпаламтай хамт сууж зохиолоо засч бэлэн болгосон. Тэр үед би Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан юм. Зохиол маань сүүлдээ “Морьтой ч болоосой” гэсэн нэртэй болсны учир гэвэл ийм түүхтэй. Уран бүтээл гэдэг бол нэг ёсондоо амьдралын хуулбар юм. Би зохиолоо амьдралаас сэдэвлэж бичдэг. Нэг жишээ нь “Морьтой ч болоосой”. Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд очоод тэр намраа хөдөө явлаа. Сум руу хичээлдээ морьтойгоо явж байгаа бөөн хүүхэдтэй таарчихлаа. Гэтэл өнөөдүүл чинь манай машинтай уралддаг юм. Гийнгоолж, хөөрцөглөөд сүйд. Нөгөө хүүхдүүдийг машинаас түрүүлэхээр манай жолооч хаазаа нэмж урд нь гарч, манай жолоочийг түрүүлэхээр морьтой хүүхдүүд гүйцэх маягаар явсаар Галуут сум орж байсан юм. “Морьтой ч болоосой”-гийн анхны нооргийг тэр явдлаас сэдэвлэсэн. Хүүхдээр хийх нь онцгүй байсан учраас машинтай уралдаж болохоор, адуунд хорхойтой, хөнгөн нимгэн сэтгэлтэй хүн хэн байх вэ гэдгийг бодож байгаад Дондогийн дүрийг олсон. Дондог мэдээж эрэгтэй хүнтэй уралдахгүй гээд Янжмааг олсон. Ингэж “Морьтой ч болоосой”-г бичиж байлаа.”

Эх сурвалж: Өдрийн сонин. 2012.11.18