images

Бийск хотноо бэлэг хүргэсэн минь


Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ховд аймгийн Манхан сумын иргэн Борондонгийн Лувсан гуайн дурсамж

   "Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Гитлерийн Герман ЗХУ-д халдан довтолсон мэдээг баруун монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон мэт хүлээн авч байлаа. Дэлхийн II дайны хүнд жилүүдэд буюу 1942 оны зун Ховд аймагт Германы фашизмын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаа 3өвлөлтийн цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн өрнөсөн юм. Би сумынхаа эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан учир энэ ажлыг гардан зохион байгуулагч нарын нэг байлаа. Тэр үед Манхан сум 4000 гаруй хүнтэй боловч бичиг үсэг мэддэг нь 10 орчим байсан учир намайг нас залуу гэлгүй эвлэлийн үүрийн даргаар томилон ажиллуулж байсан хэрэг. Фронтод сайн дураар бэлэг хандив цуглуулах хөдөлгөөний явдад манай Манхан сумын захчин ардууд 2700 шахам агт морь, 500 мянга орчим төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн юм.

   Энэ тусламжийн бараа олон зуун тэмээн хөсөг болж байлаа. Манай сумын I багийн малчин Э.Жамсран, А. Дамдин, Х.Бүүвэй нар 18-31 агт морь, II багийн малчин Х.Дэндэв, Б.Мишигдорж нар 14-15 агт морь, III багийн малчин Ш.Рэнцэн, Г.Ум нар 11-12 агт морь, IV багийн малчин Т.Содномдаржаа 33 агт морь, V багийн малчин Б.Араа, Ж.Магнай нар тус бүр 50 лан мөнгө, бүрэн гэр, 17-39 агт морь, VI багийн малчин М.Гэрэл, Ж.Пүрэв, Д.Содном нар 1934 агт морь, VII багийн малчин Ц.Намсрай, Т.Бат, Ө.Амиа нар 13-24 агт морь, VIII багийн малчин Ш.Намсрай 4 агт морь (унагатай гүүгээ авч хоцроод), IX багийн малчин Ц.Мажин, Б.Батгомбо, Б.Хишигт нар 1-23 агт морь тус тус бэлэглэж байлаа. Ардууд бас хонь, үхрийн мах борлуулан бэлтгэж Бийск хүргэх бэлэг ачихад зориулан хамгийн сайн тэмээдээ бэлэглэж байв. Эрчүүд зээр, зэрлэг гахай, марал буга агнахаар мордож, эмэгтэйчүүд хонины нэхийгээр малгай, дах, дэгтий, бээлий, гутал хүртэл оёж байлаа. Энэ бүгд сайн дурын хөлсгүй ажил байв. Манхан сумаас цугларсан бэлгийг хүргэх 108 хүнтэй том цувааг ахлах үүргийг 18 настай эвлэлийн үүрийн дарга надад оногдууллаа. Энэ даалгаврыг аймгийн яамны төлөөлөгч Батдэлгэр, сумын удирдлага Н.Дорж, Г.Чойжинжав, Б.Балжаа нараас надад өгөхөд би баярлан хүлээн авч байв. Багуудад зар тараан явж 1200 орчим тэмээ цуглуулан 20-30 хоногт бөхийг нь хөдлөхгүй болтол сойн уяад хом шат, бурантаг, буйл бүгдийг бэлтгүүлэн, нэг тэмээнд 200 кг ачаа тааруулав.

   Ингээд 1942 оны 9 сарын 17-нд алсын замд гарлаа. Жингийн цуваанд 107 хүн багтаж 170 хоног хэрэглэх мах, борц, гурил, цай, давс, тос, гутал хувцасаа нэг бүрчлэн базаав. Манай жингийн багт тухайн үеийн алдартай сайн жинчин ахмад настан Н.Тэгшжаргал, Б.Гончиг, О.Намжил идэр залуу Ц.Рагчаа, Д.Намгар, Х.Навган, Б.Цэнд, Т.Эрчулуун, Б.Шийнэн, Н. Даваа, Х.Намрал, Сархиа, ангууч Гэлэг, Ө.Сэнгээ, М,Лхаван, Д. Лхасран, Ш.Тая, Х.Лувсан, Х.Цэрэндорж, Ө.Лангуу нарын хүмүүсээс хамгийн бага нь 16-18 настай Луузан, Лхамсүрэн, Базар бид нар байлаа. Намайг Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх жингийн цувааны ахлагчаар томилсон гол учир нь албан хаагч байсанд байгаа юм. Би сумын эвлэлийн үүрийн даргын зэрэгцээ пионерын удирдагч, артелийн шалган байцаах комиссын дарга, фронтод туслах комиссын нарийн бичгийн дарга, мал ноослох аргыг заах эвлэлийн гишүүдийн ахлагч зэрэг их л олон ажилтай том амьтан давхиж явсан юм. Жинчдээс одоо амьд сэрүүн байгаа нь 84 настай Д.Лхасүрэн, 76 настай Ж.Луузан, тэгээд миний бие л байна.

   Жингийн ахлагчийн хувьд би хос тэмээн унаатай нэг тэмээндээ сумын хоршооны худалдагч өвгөн Данзангаас худалдаж авсан жижиг богц ганзагалаад Бийск хотын зүг гарч өглөө. Бүх тэмээндээ бүгдэд нь Улаан армид хүргэх бэлгийн зүйлсийг ачсан юм. Намар тэмээд тарга хүч сайн авсан учир удаан явж байлаа. Цуваа нарийн дэг журамтай явна, өдөрт 20-30 км зам туулан, өвс устай газар тааруулан бууж тэмээддээ хивлэг авахуулан хоноод өглөө үүрийн жингийн цагаан од гармагц босоцгоон цайгаа уугаад тэмээдээ босгож шээлгэн биеийг нь хөнгөлөөд ачаалан сүүлчийн тэмээндээ хонх зүүгээд хөдлөнө. Тэр таван цэнгийн дуутай төмөр хонх одоо ч надад хадгалагдаж байна. Тэр жил зуд болж эрт цас унан Цагаан нуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамарга, шуурга тавьж хүн малын толгой цасанд дарагдан цагаарч зам дээр хальтирч унасан тэмээний ачааг хэд дахин ачих зэргээр саад бэрхшээл их л тохиолдож заримдаа замаасаа буцмаар ч санагдавч, бид буцсангүй урагшилсаар л байв. Бие биенээ зоригжуулан заримдаа "Гитлерийн фашизм сөнөтүгэй" гэж хашгиралдан хүч тэнхээ орж, "Идэр жинчин", "Сийлэн бор", "Баян Монгол" зэрэг дууг дуулалдан явлаа. Бидний замын хамгийн хэцүү хэсэг нь ЗХУ-ын Уулын Алтай улсын нутаг Чуйн хөндийг туулж, Катун голыг гатлаж, Чекет Аманы даваа давах байв. Явсаар бид ЗХУ-ын нутагт ороход өвөл болж цас мөсөнд бүрхэгдсэн тул хальтиргаатай газар тэмээд гулсаж хальтираад хэцүү боллоо. Бид тэмээндээ "гутал" оёж тавхайг нь хонины нэхий, эсгий даавуугаар боож, брезент, арьсаар углааш хийж өмсгөж явав. Цуваа хөдөлж чадахгүй үед тэмээний тавхай дор дах, хүрмээс эхлүүлэн модны мөчир, банз тавьж хөдөлгөнө. Катун голын Усть-Селийн дүүжин гүүрийг гатлахад үнэхээр хүнд байлаа. Тэмээ гулсаад явж явахгүй. Бид өглөө хар үүрээр хөдөлж өдөржин яваад орой харанхуй болсон хойно түүдэг асааж буудаллана. Замын тосгон суурингийн хүмүүс бидэнд туслаж ачаа бараа ачиж буулгах, тэмээ хальтирч гулсахад дэмжиж гаргах, тэр их хүйтнийг тоохгүйгээр мөсөн дээр пальтогоо тайлан дэвсэж тэмээг нэг нэгээр нь хөтлөн гаргалцаж, жинчдэд хоол хүнс бэлтгэж өгөх, тэмээдэд модны мөчир тайрч тэжээл болгож өгөх, цасанд норсон хувцас дах дэгтийг хатааж өгөх зэргээр ямагт тусалж байлаа. Тэд биднийг гэртээ урин байцаа, вандуй аль байгаагаараа дайлна. Бид хариуд нь тарианы гурил, борц, ааруулаасаа жаахан өгнө. Тэд жингийн цувааг 5, 10 км даган явна. Тэсгэм өвлийн хүйтэн голын мөсөн дээр цоохор даавуун палаажтай орос эмэгтэйчүүд бидэнд тусалж байсныг бодоход үнэхээр гайхалтай. Орос хүмүүс бидэнд ингэж тусалсан юм шүү. Ийм олон явдал жинчдийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон юм.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Эх сурвалж: Ховд их сургуулийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн ЭШБ. "Түүхийн товчоон". Tomus IV. Fasciculusl-24 УБ., 2009, тал 265-271

Доктор Мөнгөнхүүгийн Ганболдын Фэйсбүүк хуудаснаас өөрийнх нь зөвшөөрлөөр авч нийтлэв.