images

"Ижийдээ ирлээ"


М.Цэрэнтогтохын шүлэг, Ц. Ачитын ая “Ижийдээ ирлээ” дууг дуучин  Б.Чанцалдулам дуулжээ. Тэрбээр манай сайтад дуу төрсөн түүхээсээ хуваалцаж ийн ярилаа.

​      “Ижийдээ ирлээ” дууны  шүлэг, аяыг аль хэдийнэ 2015 онд дуусгаад бэлэн болгочихсон байлаа. Хэнд санал болгохоо мэдэхгүй, эзнээ олохгүй нэлээд удаан архивдаа хадгалаад явсан байгаа юм. Би ч тэр үед аялан тоглолтоор ойр ойрхон хөдөө явна. 2017 оны үед болов уу, тоглолтоосоо ирээд студид өөр нэг шинэ дуугаа бичүүлж байсан санагдана. Тэр үед яруу найрагч М.Цэрэнтогтох дууны өрөөнд ороод ирчихсэн сууж байлаа. Миний шинэ дууны хоолойг сонсож байсан юм билээ. Намайг студийн өрөөнөөс гараад ирэнгүүт “Ямар хөнгөхөн, уянгалаг хоолой вэ. Надад чамд тохирох дуу байгаа. Би гэртээ хариад архиваасаа нэг дуу явуулъя, сонсоод үзээрэй” гэж хэллээ. Би ч зөвшөөрөөд, гэртээ очоод сонстол үнэхээр сайхан хөнгөн аятай, дулаахан мэдрэмж төрүүлмээр дуу шиг санагдав. М.Цэрэнтогтох  найрагч Архангай аймгийн Анагаах ухааны сургуульд сурдаг байсан юм билээ. Гэрээсээ хол тул ээждээ очихыг ихэд хүсэж, нутгаадаа харьж яваагаа мөрөөсөхдөө энэ шүлгээ бичсэн тухайгаа надад ярьж байсан юм. Дуугаа дараагийн аялан тоглолтдоо гарахаасаа өмнө бушуухан хоолойгоо бичүүлээд авахыг бодоод яаравчлав. Клиптэй болгох гэсэн боловч цаг давчуу, амжилгүй дараагийн тоглолтдоо гараад явсан. Хөдөөгүүр тоглолтоор нэлээд удаан явж байгаад эргээд ирэхэд дуу минь бүх л ФМ радиогоор  яваад эхэлчихсэн байна. Тухайн үедээ нийтийн дуу явдаг долоо найман ФМ, радио "Арга билиг", "Хамаг Монгол", 96.9 гээд л хаа тааралдсан дуу минь сонсогдоод байна. Учрыг нь мэдэх хүмүүсээс гайхаад асуутал шүлгийг нь зохиосон М.Цэрэнтогтох маань дууныхаа хойноос их санаа тавьсан байж. Бүх ФМ радиод дуугаа өгөөд, миний дууны хоолойд зураг эвлүүлээд Фэйсбүүк дээр байршуулж, олон нийтэд хүргэх тал дээр ажилласан байгаа юм. Цацагдаж эхлээд удаа ч үгүй хит дууны жагсаалтын эхний 10-аас буухгүй л яваад байсан. Нэг хэсэг дууны дүрсжүүлэлтийн асуудлаа түр азнаж байтал 2019 онд хавар М.Цэрэнтогтохын бие даасан тоглолт болоод очиж дуулахаар болов. Тоглолт дээр дуулсан бичлэг нэг хэсэг сошиалд тавигдаад дахиад илүү  олон хүнд хүрээд сүүлд "Faceстудийн Жаргалтай хамтраад  дуугаа дүрсжүүлж авахаар Монголын төмөр замчдын холбоонд хандаж, орон нутгийн вагонд дүрс бичлэгээ авъя гэж санал тавьсан. Шинэ клип хийх гэж байгаа тухайгаа хэлж, санал тавьсанд бид шинэ дүрэмт хувцсанд шилжих гэж байгаа, түүнийгээ танай клипт оруулъя гээд уриалгахан зөвшөөрч байна. Төмөр замынхан ногоон дүрэмт хувцастай байж байгаад цэнхэр хувцсанд шилжих гэж байх үетэй таарсан байгаа юм. Тухайн үед хүмүүс клипэнд зориулж ямар гоё хувцас хийгээ вэ, жинхэнээсээ төмөр замынхан ийм хувцастай байвал гоё юм биш үү гэж байсан. Тэр нь төмөр замынхны дараагийн шинэ дүрэмт байсныг төдийлөн анзаараагүй. Сүүлд нүдэнд нь дасаад, “Ижийдээ ирлээ” дууны клип дээрх шиг дүрэмт хувцас өмсдөг болчхож гэж байсан удаа бий. Хүнд хүрэх дуу гэдэг цаанаа л өөр. Зарим дууг бид зорин зорин дуу, дүрсний зохиол гаргаж, ихээхэн ач холбогдол өгч анхаардаг бол энэ удаа тултал ажилласан байх шаардлага гарсангүй.