images

Бөхманд


Өвөр Монголын зураач, яруу найрагч Хөххадын Бөхманд нэрийнхээ тухай манай сайтад ярилаа. Тэрбээр яруу найргийн 14 ном гаргаснаас "Улаан задгай", "Мананцрын цаана" шүлгийн номуудаа Монголд хэвлүүлжээ. 2006 онд Өвөр Монголд монгол бичгээр гаргасан уг хоёр номыг яруу найрагч Д.Болдхуяг 2016 онд кирилл үсэгт буулгасан юм.

     Эмээ маань их шүтлэгтэй хүн. Намайг төрөхөд нэр залахаар нэгэн хувилгаан ламынд очихоор явсан гэдэг. Замдаа нэг хонож лам өвөөгийнд очиход Бөхманд нэр хайрлажээ. Энэ нь бөх хатуугийн бөх орсон, эрүүл саруул байгаасай гэсэн утгатай нэр. Би багадаа их өвчин ороодог хүүхэд байсан юм. Тэр лам бол эм залдаг, монголчууддаа их ээлтэй хүн байлаа. Би нутагтаа байхдаа хоёр, гурван ч удаа очиж байв. Би чинь малчин айлын хөдөөний хүүхэд. Хуучнаар Зуу-Уд аймаг буюу одоогийн Улаанхад хотын монгол таван хошууны нэг Онниудын Шинэсүм сумын Буянт гацаанд төрсөн. Гацаа гэдэг нь монголоор баг гэсэн үг. Аав, ээж маань малчин хүмүүс. Надад нэр хайрласан лам Дархан сүмийн лам байлаа. 2017 оны үед 97 наслаад жанч халсан. Царайнаас нь гэрэл цацарч буй мэт үзэгддэг, тийм гэрэлтсэн хүн байв. Бид ер лам гэж хэлдэггүй. Лам өвөөликин буюу лам өвөө гэж дууддаг юм. Их урт, арваад төвөд үгээс бүтсэн нэртэй хүн байсан. Миний болон надаас дээш үеийнхэн Хорлоо гэх мэт төвөд нэртэй. Сүүлийн үед төвөд нэрээ больж монгол нэр өгөх болсон. Өвөөг маань Лувсанчоймпил гэдэг байлаа. Монголд ч бас ийм нэртэй хүн байдаг шүү дээ. Харин аавыг минь Хөххад гэдэг. Нэрийнх нь учрыг сайн мэдэхгүй юм. Эгч нар нь бол төвөд, төвөд монгол хольсон нэртэй хүмүүс бий. Харин миний нэрийн тухайд Өвөр Монголдоо ганц юм билээ. Би интернэтээс надтай ижил нэртэй хүн байдаг болов уу гэж хайж үзсэн. Өвөр Монголд Манд, Бөхчулуун, Бөх гэдэг нэртэй хүмүүс бий. Гэхдээ бид ингэж хэлэхгүй, Бөхлики, Мандлики гэж дууддаг. Харин намайг Монголд ирэхээр хүмүүс "Та нар бөх, манд гэдэг үгийг ингэж нийлүүлж нэр өгдөг юм уу?" гэж гайхдаг шүү. Өвөр Монголд бол миний нэрийг гайхахгүй.

     Би анх 2006 онд Улаанбаатарт ирж байсан. Сая хоёр дахь удаагаа ирлээ. Одоо МУБИС-ийн Утга зохиолын ангийн магистрантурт сурч байгаа. Би Өвөр Монголын их сургуулийг зураач мэргэжлээр төгссөн юм. 2010 онд Японд очоод хоёр жил хэлний бэлтгэлд сууж, тэндээ ажиллаж амьдраад 13 жил болсон байна.