images

Чика Ямамото: Данзангийн Нямсүрэнгийн шүлгийг сонсохоор энерги авч, сэтгэл тайвширдаг

Н.Ариунсайхан

Хэлтэй бол хөлтэй

2022-11-30


“Уудам Монгол” сургуулийн япон хэлний багш, Япон улсын иргэн Чика Ямамото манай “Хэлтэй бол хөлтэй” буланд уригдаж ярилцлага өглөө. Угсаатан судлаач мэргэжилтэй тэрбээр 2002 оноос хойш манайд суурьшин амьдарчээ. Монгол хэл сурсан тухайгаа тэрбээр ингэж ярив.

 Японд монгол багш нарын дунд

     Ахлах сургуульд байхдаа би дэлхийн түүх, иргэншил, хэл соёлд гүнзгий нэвтрэх хүсэлтэй хүүхэд байлаа. Анги маань ч олон хэлний хөтөлбөртэй байсан болохоор англи, герман, испани, итали хэлийг аль хэдийнэ гадарладаг болсон байв. Өөр шинэ хэл сурах хүсэл байнга л намайг өдөөнө. Түүндээ ч хөтлөгдсөөр оюутан болж, мэргэжил сонголт дээрээ нэлээд нухацтай бодсоны эцэст Токиогийн Гадаад судлалын их сургуульд элсэж орлоо. 20 гаруй хэл судлалын ангитай, тэр дундаа монгол судлалын анги ихээхэн сонирхол татаж байсан юм. Монгол судлалын ангид орос, хятад, турк, төвд, манж, санскрит, франц, перс, араб хэл, соёлоос суралцах боломжтойг олж мэдсэн хэрэг. Энэ бүх зүйл яг миний хүсэл сонирхолтой тохирч, нэг сумаар хоёр туулай буудах сайхан боломж мэт санагдав. Зөвхөн монгол хэлийг үзээд зогсохгүй нийгэм, түүх, археологи, олон улсын харилцааны салбарын мэргэжилтэн бэлтгэхэд суурь мэдлэг, ур чадварыг давхар олгодог байв.  Японд их сургуулийн бүсээс гарлаа л бол монгол хэлээр харилцах, дадлага хийх газар маш ховор. Их сургуулийн дөрвөн жилд монгол, орос, хятад, санскрит, араб, перс, турк, төвд хэл гээд суугаагүй хичээл байсангүй. Бас манж хэлний хичээлд сууж “онц” дүн авч байсан боловч одоо бараг мартжээ. Манж үсгийг нь хаа нэг тааралдвал таньдаг болсон байх. Хэлийг амьдралд хэрэглэхгүй удахаар амархан мартчихдаг нь л энэ болов уу. Монгол хэлийг сурч эхлэхэд чихэнд зөөлөн, сонсоход ойлгож болмоор санагдавч нэг ч үг тогтоож чаддаггүй, харь гарагийн ид шидтэй тарни шиг л байв.

Токиогийн их сургуульд үе үе монгол багш нар ирж хичээл заана. Нэгдүгээр курсээс эхлэн долоо хоногт 14 удаа хичээл ордог байсан тул олон сайхан багш нараас эрдэмд суралцаж байлаа. Монголоос гэвэл Бадамдорж багш, Чой.Лувсанжав агсан, мөн Өвөр Монголын сайхан багш нар маань байв. Чой.Лувсанжав багш маань англи, орос, хятад хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байв. Тэгсэн хэрнээ дан монголоор ярьж бичдэг байсансан.

     Японоос гэвэл Хасүми Харүо, Окада Какүюки, Нүкүшина Рэнзоо багш нар байлаа. МУИС-ийн багш Мөнхцэцэг судалгааны ажлаар ирж, бидэнд хичээл ордог байв. Хичээл эхлэхээс өмнө бүгд багштайгаа мэндэлнэ. Би ангидаа хамгийн урд суудаг, хамгийн түрүүнд мэндэлнэ. “Сайн байна уу?” гэж хэлэхээр ер болж өгдөггүй байв. “Ай” гэсэн дуудлагыг “А”-гаар зөрүүлчихнэ, тэр алдаагаа давтсаар сүүлдээ хэлэхээс шантарч, багштайгаа мэндлэхээс айдаг боллоо. Бас сурах бичгээс эх бичвэр уншуулах дасгал их хийлгэнэ. Номон дунд “улирал”, “эвлэл” гэх мэт үгс хараад ярвайгаад, нүүрээ үрчийлгэчихсэн суудаг байлаа. Япон хүний ярианы дуудлагын онцлог байдаг байх, “л”, “р” үсэг тааралдаж уншихаар хэл эвлэхгүй, хэцүү. Монгол судлалын ангид ороод хэл сураад зогсохгүй түүх соёл, үндэстэн ястныг давхар судалдаг. Миний гол сонирхож байсан зүйл ойрад, буриад болон баруун нутгийн аялгуу, Дархадын хотгорын дархад, тува аялгуу байлаа. Мөн Токиогийн гадаад судлалын их сургуульд өвөрмонголчууд суралцахаар их ирдэг байсан  учраас цахар, хорчин, харчин, торгууд гэх мэт янз бүрийн аялгууг биетээр сонсож харьцуулан судлах нь завшаан болдог байв. Манай сургуулийн өөр нэг давуу тал нь бүх багш нар Монгол улс, ӨМӨЗО-д суралцаж, удаан хугацаанд суурьшиж, туршлагажсан монгол хүмүүс байсан юм. МУИС-ийн гадаад оюутнуудын бэлтгэл ангид хэрэглэдэг сурах бичгийг ашиглахаас өгсүүлээд бололцоо олон. Хичээлийн бус цагаар ч багш нар монгол оюутнуудтай хамт хоол идэж, ярьж хөөрөх боломж их байсан тул энгийн ярианы хэлэнд амархан дассан.

Их сургуулийн төгсөлтийн баярын үеэр

Ямамото оо, “Мондол биш, Монгол шүү!”

     Нэгдүгээр курсэд байхад нэг хөгтэй явдал тохиолдож байсан юм. Монгол хэлний хичээл эхлээд хоёр гурван долоон хоног өнгөрч байв. Кирилл үсэгт дасаж эхлээгүй байхад нэг өдөр Бадамдорж багш хичээл орохоор болдог юм. Багш монгол зохиол цээжээр бичүүлэх дасгал хийлгэж байв. Монгол гэдэг үгийн “г” үсгийг латин “d”-гээр биччихсэн байж л дээ. Багш хажуугаар өнгөрөхдөө бичсэнийг маань хараад түсхийтэл инээчихлээ. Би ч гайхаад “Яасан юм бол оо, багш аа?” гэхэд  “Ямамото оо, Мондол биш, Монгол шүү” гэж хэлээд инээдээ барьж ядан цааш явж байсан юм. Би ч дотроо “Нээрээ монгол хэл сурч байж, Монгол гэдэг үгээ зөв бичиж чадахгүй” гээд гэмших, ичих хоёр зэрэгцэж байлаа. Дараа нь ч багш нутаг буцаж, би Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр МУИС-д мэргэжил дээшлүүлэхээр очсон юм. Очоод айхтар удалгүй хэлмэрч-орчуулагчийн ажилдаа зүгширсэн. Хааяа багштайгаа их сургууль хавиар таарахаар “Ямамото оо, Мондол биш Монгол шүү” гээд инээгээд өнгөрдөг байж билээ. Хамгийн алдаж болохгүй үгийг андуурч бичсэн энэ дурсамж надад тод үлджээ. Одоо бол Монгол гэдэг үгийг яаж ч байсан буруу бичихгүй л.  

Миний дайсан бол тийн ялгал

     Би шинэ хэл сурах болгондоо арга эвээ олохгүй бол аль болох төрөлх хэлтэй хүнээс нь дуудлагыг нь асууж, засуулахыг боддог юм. Тэгэх бүрийд хэллэг, дуудлага маань зөв биш байсан ч яаж зөв дууддаг болохыг нь мэдээд авахаар баярлаад л явчихна. Энэ хэл хэцүү юм, цээжилж чадахгүй юм чинь болилоо гээд шантарч үзээгүй. Япон хүн угаас гадаад хэлний зөв бичих дүрэм, орчуулгадаа сайн байдаг. Харин ярианы хэл, дуудлага дээр алдах гээд байдаг талтай. Намайг монгол хэлээр ярих гэж хичээх үед шоолох хүнтэй цөөнгүй таарна. Тэр үед нь “Соёлгүй, хүндэтгэх ёс мэддэггүй юм байна даа” гээд тоодоггүй, дотроо бодоод л инээгээд өнгөрдөг. Надад монгол хүн шиг ярих нь чухал биш, харин зөв харилцаж, өөрийн бодсон санаагаа дамжуулж, ойлгуулж чадах л хэрэгтэй. Миний дайсан бол ердөө тийн ялгал. Үгийг тийн ялгалаар ялгах, тийн ялгалын үүрэг, утгын ялгааг ойлгоход өдийг хүртэл суралцаж явна. Заримдаа би цахим хуудсандаа “л, р”, “л, д” “о, у”, “ө, ү” “и, э” гэх мэт үсгийг хооронд нь холиод биччихсэн байдаг. Сүүлд нь андуурч бичсэн үсгээс болж утга нь өөрчлөгдсөн байхыг нь анзаардаг. Тухайн үедээ толь бичгээс ч болов хараад бичдэг байж дээ гэж санаа зовно. Тийм алдаа гаргах болгонд шоолж бичих биш, шууд надад хандан сануулж өгөхөд би талархаж хүлээж авна. Би ямар ч хэлийг бүрэн дүүрэн ойлгож эзэмших боломжгүй гэж боддог.  Ялангуяа монгол хэлэнд үргэлж шинээр сурч, эх хэл дээр ном зохиол уншиж, төрөл бүрийн салбарын хүмүүстэй уулзаж, мэргэжлийн түвшинд үзэх шаардлагатай байдаг.

Хоббигоо хөгжүүлж, морьт харвааны спортоор хичээллэж буй нь

Хоёрдугаар курсийн цалинтай оюутан

     Монгол хэлээ ашиглан цалин хөлс авч эхэлсэн минь хоёрдугаар курсийн өвөл байлаа. Нэг жил, есөн сарын турш хэлээ сайжруулахаар ярианы орчуулгад хичээнгүйлэн суралцсаар байв. Хоёрдугаар курсийн зуны амралтаар хоёр сарын хугацаатай МУИС-ийн Гадаад харилцааны тэнхим болон япон хэлний багш нартай хөдөө очиж, нутгийн монголчуудтай харилцаж явсаар ярих, сонсох ур чадвар сайжирч туршлагажлаа. Дараа жил нь курс ахихад чадвар маань улам сайжирч, мэргэжлийн хэлмэрч болов. Бүтэн хоёр жил суралцсаны дараа орчуулгын ажлын захиалга авч, өөртөө итгэлтэй боллоо. Гадаад хэлийг бүрэн эзэмшсэн гэж тооцон “Би чадна” гэж итгэлтэйеэ хэлж байгаад синхрон орчуулга хийж, уран зохиол, шүлэг найргийг уур амьсгалыг нь эвдэхгүй шууд орчуулж чаддаг болсон эхлэл минь энэ байв. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа япон, англи хэлээр дадлага хийж байсан тэр үеэ бодвол хавьгүй их туршлага хуримтлуулжээ.

Унтахаас бусад цагт монгол хэл

     Хамгийн шаргуу сурсан минь их сургуулийн эхний хоёр жил. Хичээлээс гадуурх цагийн ажил, уулчны дугуйланд бэлтгэл дасгал, өөр бусад хичээл гээд зав бага байсан тул гэрийн даалгавраа хичээл орохоос 5-10 минутын өмнө амжуулаад хийчихдэг байлаа. Бага ангидаа ч, дунд сургуулийн сурагч, оюутан байхдаа ч тогтмол сууж гэрийн даалгавар хийх цагаар орчуулга хийдэг байв. Унтахаас бусад бараг бүх цагт монгол хэл, япон хэл судалж материал орчуулж, хэллэг сурч байсан. МУИС-д суралцаж байх үед оюутны байранд хуучин ном зардаг ах эгч нар ирж, бидний судалгаанд хэрэгтэй ном худалдана. Тухайн үед угсаатны зүй, Монголын зан заншил, ардын үлгэр, аман зохиол, мал аж ахуйн тухай ном  их сонирхдог. Орчуулгын ур чадвараа сайжруулахын тулд англи, япон хэлнээс монгол хэлэнд орчуулагдсан уран зохиолын алдартай номуудыг харьцуулж уншиж, судалдаг байлаа.

     Тэр үед номын санд юм канондох боломжгүй байсан тул хэрэгтэй номоо ихэнхийг нь худалдаж аваад, хамт сурч байсан найзуудтайгаа хамтарч Япон руу контейнерээр илгээдэг байв. Нийт 400 гаруй кг хүнд ном 20 гаруй хайрцаг болдог. Таньдаг зохиолчдоосоо ном бэлгэнд авах дуртай, авсан номоо бол заавал уншиж дуусгана. Хамгийн их цаг зарцуулж, өнөөг хүртэл нандигнан хадгалж, үе үе сөхөж уншдаг ном маань бол "Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой". МУИС-ийн мэргэжил дээшлүүлэгч оюутан байхдаа П.Хорлоо багштай нэг жил гаруй тууштай харилцаатай явахдаа энэ номыг үгчилж, орчуулж уншдаг байлаа. Монголын зан заншил, өв соёл, гүн ухаан гэх мэтчилэн мэдлэг, ойлголтыг энэ номоос л авсан. Монгол бичгээрх нь их зузаан, гоё ном байж билээ.

 “Тэнгэр шиг бай” шүлэгт хайртай

     Энэ зун “Тэнгэрийн нүүдэлчид” төслийн багийнхантай хамт Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймгаар мориор аялаад ирлээ. Төслийн гишүүн, аялагч Э.Чинзоригт аян замд өглөө оройгүй Д.Нямсүрэн гуайн “Дөрвөн цаг” шүлгийг сонсгоно. Нэг сонсоход 16 минут үргэлжилдэг шүлэг. Одоо сонссоор байгаад их дуртай болсон байна. Бүрэн цээжлээгүй ч өдөр тутамдаа сайхан энерги авч, сэтгэл тайвширдаг юм. Байгаагаасаа улам илүү амар тайван болж, амьдралын хором бүрээс сайн сайхан, аз жаргалыг мэдрэх хэрэгтэй юм гэдгийг ингэж ойлгосон.

     Бас би О.Дашбалбар гуайн “Тэнгэр шиг бай” шүлэгт их хайртай. Хүнтэй муудалцах, ямар нэгэн ажил бүтэлгүйтэх, хүмүүсийн харилцаанаас болж бухимдаж гутрах бол энэ шүлгийг уншихаар сэтгэл тайвширч, урам зориг сэргэдэг юм. Мөн Б.Лхагвасүрэн гуайн шүлэг болон үгийн хүчээр урам авдаг. Өөр ийм яруу найрагч гэвэл Ц.Хулан. Оюутан үеийн дотно анд  минь учраас шүлэг, дууны үг бүгдэд нь дуртай. Д.Нацагдоржийн “Миний нутаг” бол эхний хэдэн мөрийг нь уншмагц л сэтгэл хөтлөөд, нулимс асгарах шиг болдог. Хөдөө уулзсан хүмүүс, очсон газар, хээр тал бүгд санаанд буудаг юм. Монголын унаган байгалийг хамгаалж уламжилж ирсэн  агуу ихийг өөртөө багтаасан хосгүй сайхан шүлэг.

"Тэнгэрийн нүүдэлчид" төслийн багт багтаж явсан нь

Монгол хэл бол зөвхөн Монгол улсын хэл биш

     Монголчууд буруу ярьж зөв ойлголцдог ард түмэн гэдэг. Харин би бол арай тэр түвшинд нь хүрээгүй байна. Япон хэлний бичгийн хийгээд ярианы хэл хоорондоо их ялгаатай. Япон хэл бол нас хүйс, нийгмийн статус, зиндаа, нутаг нутгаар хэллэг нь өөр. Мөн хэллэгээр нь хүний зан араншин гэх мэтийг тодруулж болно. Компанийн захирлын албан бичгийг би өөрөө бэлдэж бичдэг тул албан бичгийн хэллэг, бичих маягт, хэлбэрээ сайн судалж ойлгох хэрэгтэй болдог. Харин япон хэлийг бодвол монгол хэл энэ тал дээр гайгүй, тийм ч их ялгаа байхгүй.

     Би хэлмэрч, орчуулагч мэргэжилдээ дуртай болохоор монголоор ярих дуртай. Мөн монгол, япон хэлний аль алинд оноосон үг байх хэрэгтэй санагддаг. Монгол хэлэнд орос, англи хэлнээс орсон үг ихсээд байгаа нь онцгүй. Чой.Лувсанжав багш маань ч энэ талаар их эмзэглэж хэлдэг байсан. Багш маань өөрөө англи, орос, хятад хэлээр чөлөөтэй ярьж, бичнэ. Тэгсэн ч дан монголоор ярина, бичнэ. Сүүлд Японы “Чакаланд” хамтлагийн “Монгол цуйван хэр вэ?” дуугаар Японы залууст цуйван гэдэг үг их танил, түгээмэл болсон шүү. Залуучуудын сүүлийн үед их бичдэг болсон чаат, мессэжний хэллэг, үгийн товчлолын заримыг ойлгодоггүй. Тэгж бичсэн үгсийг миний мэдэхгүй шинэ үг болов уу гээд толь бичгээс, Google-ээс хайхад цаг их алдана. Монгол хэлний кирилл, латин үсгийг хольж бичдэг нь манай хирагана, катакана үсгийг хольж бичдэгтэй яг адилхан харагддаг.

     Би Монголд анх 1990-ээд онд Японы ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжийн төсөл, Японы телевизийн нэвтрүүлэг, кино зураг авалт, төслийн зохицуулагч, хэлмэрчээр ирж байлаа. Түүнээс хойш 2002 онд “Монгол Хорайзон” хэмээх компаниа байгуулж, эндээ суурин суух болов. Амьдралын талаас илүү хувь нь Монголд өнгөрсөн болохоор их дассан байна. Миний хувьд монгол хэл гэдэг зөвхөн Монгол улсын хэл биш дэлхий даяар байгаа монголчуудын хэл, тэд бүгдэд хамаатай эртний их соёл гэж боддог.

Японы баримтат болон уран сайхны киноны төсөлд хэлмэрчээр явсан нь

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Кочин

    Мундаг хүүхэн юм

    2022-11-30

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Монгол сэтгэл зүрхтэй, Япон цустай хүүхэн юм байна. Магадгүй урьд насандаа Монгол хүн байсан байхдаа хөөрхий.

    2022-12-01

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Тагнуул

    Иймэрхүү бидэн явагч тагнуулууд японоос мэр сэр ирдэг юм,олон зорилготой бдг.бас улсаас нь мөнгө өгдөг.

    2022-12-03

    Хариулах (1)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.