Юань гүрний хаад 90 километрийн зайд марафон зохиодог байжээ
Соёл эрдэнэ
2024-05-25
Монголын Их Юань гүрний үед одоогийн марафонтой төстэй холын зайн уралдаан болдог байжээ. Гэхдээ одоогийнхоос даруй хоёр дахин хол зайд зохиодог байсан энэ уралдааны талаар Өвөр Монголын зохиолч, түүхч Га.Шаравжамц “Шанд Хэйвэн Хүрд балгас” номдоо тодорхой өгүүлснийг “Соёл эрдэнэ” буландаа нийтэлж байна. Га.Шаравжамц нь 1953 онд ӨМӨЗО-ы Зуу-Уд аймгийн Зүүн Баарин хошуунд төрсөн. "Хүн яст хад”, "Шанд Хүрд Хэйвэн балгас" номоороо хоёр удаа БНХАУ-ын 56 үндэстний "Ажнай хүлэг" шагналыг хүртсэн хүн юм. “Шанд Хэйвэн Хүрд балгас” номыг Монгол улсад хятад судлаач Ч.Содбилэг, төвд судлаач Г.Ням-Очир нар эрхлэн кирилл үсгээр хэвлүүлсэн билээ.
“Янь Ёугийн зургаадугаар он буюу 1319 онд Юань улсын засаг эдүгээгийн тамирын зөвлөл шиг тусгай байгууламж гарган бүх улсын бөхчүүдийг хамааруулжээ. Эл шатны найрт тэргүүлсэн бөхийг ноён болгож ч байв. Да Дөгийн арван нэгдүгээр он буюу 1307 онд нийслэл хотыг хамгаалах яамны Мамуша олон удаагийн найрт тэргүүлснээр улсын засгийг туслан шийтгэгч ноён болж дэвшсэн аж. Тэргүүн бөхөд улсаас бас их шагнал өгч байв. Юань улсын хаад Шандуд ирж зусахдаа хурилдай ба хурим найр бүр дээр бөх барилдуулж байлаа. Морь уралдуулж, сур харвахаар зогсохгүй, марафон уралдаан ч явуулж байв. Одоох Олимпын тамирын цуглаанд түмэн метрийн марш уралдаан хийж байдаг бол тэр үед харин 180 газар буюу есөн түмэн метрийн холын уралдаан талбиж байсан бөгөөд марафон хийх биш гүйчи гэдэг байна. “Гүйчи жил бүр нэгэн удаа явагдмуй... Шандуд болбоос Шивэрт голын эргээс талбина. Гурван цаг өнгөрөн зуу наян газар гүйгээд хааны өмнө ирж "Түм насалтугай!" хэмээн элэг түрүүлэн хэвтээд хашхирна. Урьтаж ирэгсдэд нь нэг хэв мөнгө шагнан, дараалагсдад нь бүхэл торго тэргүүтнээр дэс хуваан шагнана”. Шивэрт гол гэдэг нь Шандын голын хөвөөн дээрх Мянган улааг хэлж байна. Мянган улаагаас Шанду хүртэл чив хэмээн 180 газар байдаг. Тэр үед хүнийг морь шиг хол уралдуулж байсан нь сонин юм. Тэр дотор монгол тамирчид олон байсан нь яриангүй. Монголчууд бол төрөхөөс үхэх хүртэл бараг л морин нуруун дээрээ явдаг улс болохоос биш, өөрөө гүйдэг үндэстэн биш юм. Юань улсын хаад чухам юу бодоод гүйлгэж байсныг мэдэхгүй. 180 газрыг гурван цагт гүйж ирдэг дээдсийн тэр цөс зориг, тэсвэр хатуужлыг одоогийн тамирчид өвлөж авсансан бол Олимпын марафон уралдааны манлайг монголчууд бүрнээ авч, алтан медаль гялалзуулж болно”.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.