images

Руанда улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор дэлхийд тэргүүлж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   Руанда улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо онцгой өндөр түвшинд байдгаараа дэлхий даяар хамгийн алдартай юм. Тус улсын Төлөөлөгчдийн доод танхимын 61.3 хувь (80 суудал), Дээд танхимын 34.6 хувь (26 суудал) нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд Олон улсын парламентын холбооноос сар бүр гаргадаг хууль тогтоох байгууллага дахь эмэгтэй хууль тогтоогчдын зэрэглэлд тогтмол нэгдүгээрт жагсдаг ажээ. Руанда улс нь шийдвэр гаргах байгууллагын 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхыг шаарддаг зарчим баримталдаг аж. Үүний дагуу Төлөөлөгчдийн танхимын 24 суудлыг эмэгтэйчүүдэд заавал хуваарилдаг. Мөн Засгийн газрын танхимд эмэгтэй сайд нарын харьцаа хавьгүй өндөр байна. Төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоог энгийнээр хүлээж авдаг ийм соёл нь 30 жилийн өмнөөс бий болсон байна. 1994 оны дөрөвдүгээр сард тус улсад иргэний дайн дэгдэж олонхи болох “хуту” үндэстэн үндэсний цөөнх болох “тутси”-гийн талыг баримтлагч хүмүүсийг хоморголон устгаж, дор хаяж 800 мянган хүний ​​аминд хүрсэн байна. “Тутси” үндэстний босогчдын командлагч байхдаа иргэний дайныг дарж засгийн эрхэнд гарсан Ерөнхийлөгч Пол Кагаме улс орноо сэргээн босгох явцдаа арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахыг хатуу хориглосон байна. Иргэний дайны дараа нийт хүн амын 70 хувь нь эмэгтэйчүүд болсон байсан бөгөөд үүн дээрээ тулгуурлан эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог идэвхтэй дэмжжээ. Улмаар Эмэгтэйчүүдийн үндэсний хороо, Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хянах алба зэрэг төрийн байгууллагуудыг мөн байгуулсан нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.