М.Ариунзул: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд монгол нохойн соёл, уламжлалыг дэмжсэн зохицуулалт бий
Чихэнд чимэгтэй
2024-03-05
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг манай улс өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аар эцэслэн баталсан билээ. Ингэснээр Монгол улс гэрийн тэжээвэр амьтны эрхийг хуулиар зохицуулж, иргэд амьтан тэжээхдээ хуулинд заасан эрх, үүрэгтэй болсон дэлхийн 35 орны нэг болсон юм. Энэ хуулийг "Азтай савар” ТББ-аас санаачлан 10 гаруй хуульч хоёр жилийн хугацаанд боловсруулсан бөгөөд бид хуулийн төсөлд оролцсон тус ТББ-ын сайн дурын гишүүн, MDS KhanLex компанийн хуульч М.Ариунзултай ярилцлаа.
- Хууль санаачлахаас эцэслэн батлагдах хүртэл өрнөсөн үйл явцыг манай уншигчдад товч тоймлон ярина уу.
- “Азтай савар” төрийн бус байгууллагыг амьтанд хайртай, сайхан сэтгэлтэй залуус нэгдэж байгуулаад 11 жил болж байна. Эхэлсэн цагаасаа өгсүүлээд эзэнгүй амьтны тоог бууруулах, тэдгээрт тусламж үзүүлэх, амьтан болон хүн зэрэгцэн оршиход нэмэр тус болоход чиглэн ажиллаж ирлээ. Анх гадаа гудамжинд гэмтсэн, машинд дайруулсан амьтдыг аврах, тэдэнд эзэн хайх төдийгүй заримд нь үржил хаах мэс ажилбар хийлгэдэг байсан. Энэ ажлаа тууштай хийж ирсэн ч гудамжинд нохой, муурын тоо буурахгүй байсан тул түр асрамжлах байр, мал эмнэлэг байгууллаа. Бага багаар амьтад аваад эхэлсэн ч тоо нь нэмэгдээд ирэхээр хөл толгой нь олдохгүй болсон. Ачааллаа дийлэхгүйн эрхэнд “Авахгүй, боломжгүй байна” гэхээр уурлаж, загнадаг хүмүүс ч байв. Хэдийгээр энэчлэн бүх боломжоо дайчилж ажилласан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд эзэнгүй амьтдын тоо огт буураагүй. Багадаа л хоёр дахин өссөн байна. Тиймээс 2018 оноос бид хуулийн төслийн судалгаа идэвхтэй хийж эхэлсэн юм. Хуулиас өөр ямар ч гарц байхгүй, хууль л байхгүй бол бидний хүч хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон хэрэг.
Манай улсад гэрийн тэжээвэр амьтан ялангуяа нохой, мууртай холбоотой албан ёсны статистик, тоо бүртгэл бараг байхгүй. Хуулийг батлахад хамгийн чухал суурь нь судалгаа байдаг. Ингээд 2019 онд хуулийн төслийн анхны хувилбараа боловсруулаад УИХ-ын гишүүдэд хандсан юм. Тэгтэл “Та нарын юу хийснийг харья, танилцья” гэсэн тул биечлэн уулзлаа. Уулзалтын үр дүнд тэд бидэнд хуулийн төсөл өргөн барихад шаардлагатай зүйлс юу болох, тэдгээрийг бэлтгэх, сайжруулахын тулд яах ёстой гэх мэт тал талын зөвлөгөө өгсөн. Улмаар хуульчид маань нэр бүхий гишүүдтэй тогтмол уулзаж тасралтгүй ажилласны дүнд төслөө 2022 оны есдүгээр сард эцсийн байдлаар өргөн барьсан юм. Түүнээс өмнө олон нийтийн санал асуулга, боловсруулалт, олон улсын судалгаа гээд маш их ажил өрнөснийг хэлэх хэрэгтэй. Австрали улсад олон нийтийн газар амьтан чөлөөтэй зорчих эрх дээд түвшинд байдаг. Хууль нь аль хэдийнэ энгийн амьдралдаа шингэсэн орон. Тиймээс тэнд үйлчилж буй ерөнхий зохицуулалт, мөн олон улсад хэрэгжиж буй зарчмууд, тэдний туршлагад үндэслээд хуулийн төслөө боловсруулсан. Ингээд эцэст нь УИХ 9 бүлэг, 41 зүйлтэй хууль баталлаа. Гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалагч, түр харагчийн эрх үүрэг, нохой, муурын бүртгэл, чип, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан Монгол улсын түүхэн дэх анхны хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Бидний хувьд үнэхээр баяртай, бахархалтай үйл хэрэг боллоо.
- Гэрийн тэжээвэр амьтны эзэн байх эрх, үүргийг хуулиар баталгаажуулж өглөө? Цаашид энэ эрх, үүрэг амьдралд хэрхэн хэрэгжих вэ?
- Амьтандаа зориулалтын хошуувч хийгээд хөтөлгөөтэй явж байхад олон нийтийн газраар зорчих эрхгүй мэт зарим хүмүүст чичлүүлж, зодуулах тохиолдол олон гардаг байсан. Тэгвэл чөлөөтэй зорчих эрхийг хуулиар баталгаажуулаад өглөө. Одоо бол бидэнд амьтнаа хооллох, эрүүл аюулгүй орчноор хангахын зэрэгцээ чип суулгах, бүртгэлжүүлэх чухал ажил нэмэгдэж байна. Монголд гэрийн тэжээвэр амьтдаас эзэнгүй нохой, муур их байдаг. Амьтанд чип суулгаж, бүртгэлжүүлэх, асран хамгаалагчдыг сургалтад хамруулах журмыг холбогдох албаны хүмүүс зургаан сарын дотор батална. Уг журмын дагуу иргэд мал эмнэлгийн газарт очиж чип суулгуулсны дараа, амьдарч буй газар орныхоо хороо, дүүрэгт бүртгүүлнэ. Асран хамгаалагчдын сургалтаар тэжээвэр амьтны биеийн онцлог, хоол, тэжээл, холбоотой бусад зүйлсийн талаар мэдлэг олж авна. Харин сургалтыг, хичээлийн хөтөлбөрөө батлуулсан хэн ч зохион байгуулж болно. Төрийн бус байгууллага, үржүүлэгч нар сургалтын зөвшөөрөл авдаг, нохой, муураа бусдад худалдахдаа сургалтаа хамт өгдөг байх ёстой. Хот суурин болон хөдөө орон нутагт сургалт ялгаатай хэлбэрээр явагдана. Төв суурин газрынхан сургалтад сууж заавал гэрчилгээ авах бол хөдөө орон нутагт мал эмнэлгийн газар, ажилтнаас мэдээлэл, зөвлөгөө авсан байхад хангалттай.
Цаашлаад бид сургалтын хөтөлбөрөө боловсронгуй болгохын тулд “И-Монгол” академитай хамтрах бодолтой байна. Чип суулгаж бүртгэлжүүлсэн болохоор тооллого автоматаар хийгдэнэ. Тоо толгойтой холбоотой өөр бусад бүртгэл, статистикийг жил бүр Үндэсний статистикийн хороон гаргана.
- Чип суулгах, сургалтад хамрагдахад төлбөр мөнгөний хувьд ямар байх бол?
- Бид хууль батлуулахынхаа өмнө нэг хүн гэрийн тэжээвэр амьтанд хэр хэмжээний хөрөнгө зарцуулах талаар тооцоо гаргасан юм. Хамгийн багадаа жилд нэг сая төгрөг болж байсан. Манай иргэдийн зарим нь амьтандаа чипээ хэдийнэ суулгасан байдаг. Харин шинээр суулгуулвал 10-15 мянган төгрөгийн зардал гарна. Сургалтын зардал тухайн сургалт явуулж байгаа байгууллага, газраасаа хамаараад янз бүр. Үнэгүй байхыг ч үгүйсгэхгүй юм.
- Асран хамгаалагч болон түр харагчид ямар шаардлага тавигдах вэ?
- Нохой, муур асран хамгаалагч болохын тулд тухайн иргэн 18 насанд хүрсэн, орлогын тодорхой эх үүсвэртэй байх ёстой. Нохой муураа жилд нэг удаа вакцин, туулга хийлгэнэ. Ингэснээр амьтнаас хүнд халдах өвчин эмгэгээс сэргийлж, байгаль орчны бохирдол багасахад нөлөөлнө. Бидний хийсэн судалгаагаар нийслэл хотод амьтны өтгөн ялгадас 18 метр тутамд нэг байна. Гудамжинд хэд алхаад л байна гэсэн үг. Энэ нь агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж байгаа учраас асран хамгаалагч амьтныхаа өтгөн ялгадсыг заавал цэвэрлэх үүрэгтэй. Нөгөө талаар иргэд тухайн амьтныг хошуувч, хөтөлгөөтэй явж байхад араатанлаг авирыг нь гаргах өдөөн хатгалга хийж болохгүй.
- Хуулинд хамаарахгүй амьтад гэж бий юү?
- Хил, гаалийн үйл ажиллагаанд ашигладаг албаны ноход орохгүй. Мөн аж ахуйн зориулалттай, ашиг хүртэх зорилготой зөгий, таван хошуу мал хамаарахгүй.
- Гэрийн тэжээвэр амьтныг худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлнэ гэсэн заалт байсан. Үүнийг тайлбарлавал?
- Худалдахаас бусад хэлбэр гэдгийг хууль зүйн утгаараа өв залгамжлуулах, бэлэглэх гэж ойлгож болно. Энэ зохицуулалт нь зөвхөн хувь хүн болон бусад этгээдэд хамаатай. Зориулалтын үржүүлэгч нар амьтан худалдаалах эрхтэй. Хувь хүн шаардлага хангасан үржүүлэгч нараас амьтан худалдаж авснаар илүү хариуцлагатай тэжээх болов уу. Үржүүлэгч нарын хувьд ч чиглэл, үүлдрийг нь алдагдуулахгүй. Ингэснээр эдийн засгийн хувьд эерэг үр нөлөөтэй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр иргэд үржүүлэгч нараас заавал зөвшөөрөл авч нохой, муур үржүүлнэ гэсэн үг.
- Амьтандаа үржил хаах мэс ажилбарыг заавал хийлгэх ёстой юу?
- Энэ бол асран хамгаалагчийн үүрэг. Тэр мэс ажилбарыг хийхдээ амьтныхаа насны онцлогийг харгалзана. Хууль хэрэгжихээс өмнө наймаас дээш настай нохой муур хөгшинд тооцогддог учраас хийдэггүй байсан. Тиймээс 2024 оны нэгдүгээр сараас өмнө наймаас дээш настай байсан нохой, мууранд заавал энэ ажилбарыг хийх шаардлагагүй.
- Хуулийн хамрах хүрээ гэвэл?
- Хүмүүс гэрийн тэжээвэр амьтны хуулийг хот суурин газарт л хамаарна гэж ойлгоод байгаа. Гэтэл гэр хорооллын хашаа, малчны хотонд байгаа нохойны зохицуулалтыг ч энэ хуульд оруулж өгсөн. Иргэд хашаанд байгаа амьтнаа өвөл, зуны алинд ч тохиромжтой орон байраар хангах ёстой. Байнгын уяатай байлгана гэсэн үг биш. Харин уяхгүй үедээ хашаанаасаа гаргахгүй байлгана. Хаалга нь онгорхой, хашааныхаа завсар том нүхтэй байж болохгүй. Хоёрдугаарт, монгол үүлдрийн банхар, тайга нохойн соёл, уламжлалыг дэмжсэн зохицуулалт бий. Ховордоод буй тэдгээр нохдын зохих үржүүлгийг нэмэгдүүлэхээр үржил хаах мэс ажилбарыг ч хийлгэхгүй байж болно гэж заасан.
- Хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?
- Асран хамгаалагч ямар зөрчил гаргаснаас хамаараад хүлээлгэх шийтгэл өөр байна. Хувь хүнийг хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалт орсон. Иргэн хүн тэжээвэр амьтантайгаа олон нийтийн газар явж байгаад хүчирхийлэлд өртвөл хэрэгтэнд Эрүүгийн, Иргэний хуулийн заалт үйлчилнэ. Харин амьтан хүчирхийлэлд өртвөл Зөрчлийн тухай хууль яригдана. Одоогоор хорих ял шийтгэл байхгүй. Мэдээж, нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулна.
- Гэрийн тэжээвэр амьтныг тойрсон тоо баримтуудаас сонирхуулаач?
- Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 320 мянган эзэнгүй амьтан байна гэсэн судалгаа бий. Нэг нохой төрөхдөө хамгийн багадаа 4-5 үр төл гаргадаг. Энэ тоо одоо хэд дахин нэмэгдсэн. Манай улс гудамжны золбин нохой, муур устгахад жилдээ 1.2 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Ирээдүйд эзэд нь хариуцлагатай болоод ирвэл гудамжинд гарах нохой, муур багасна. Үүнийгээ дагаад устгалд зарцуулдаг төсвийн хөрөнгө ч буурах байх. Гэхдээ “Эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахдаа буудаж устгахыг хориглоно” гэсэн заалт орсон боловч энэ нь таван жилийн хугацаанд хэрэгжихгүй. Хууль бүрэн дүүрэн үйлчилж эхлэх хүртэл үнэхээр холбогдох эзэнгүй, иргэдэд аюул учруулж буй нөхцөл тогтоогдвол амьтдыг устгалд оруулахаас өөр аргагүй юм. Нийслэлийн захиргаа болоод холбогдох эрх бүхий байгууллагууд уг арга хэмжээг уг хэвээр хэрэгжүүлээд явна.
- Тэжээвэр амьтнаас гарсан үр төлийг яах вэ?
- Гэрийн тэжээвэр амьтан нь хууль батлагдахын өмнө хээлтэй байсан бол асран хамгаалалтад авах нөхцөл үүснэ. Шууд үр төлийг нь ч гэсэн өөрийн хамгаалалтдаа авна гэсэн үг биш. Бусдад бэлэглэж, өв залгамжлуулан өгч болно.
- Хуулийн заалтаас таны хувьд онцлох зүйл гэвэл?
- Хөтөч нохойг чөлөөтэй зорчих боломжоор хангаж өгсөн заалт. Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд ихэвчлэн хөтөч нохойтой гадуур явдаг. Гэвч нохойг гадуур зорчиход хүмүүсээс ирэх хандлага тийм ч таатай биш байдаг. Харин хуулинд тусгаснаараа илүү сайжруулах ажлууд бодитойгоор хийгдэж эхэлнэ гэж найдаж байгаа.
- Нохой, муураа алга болгоод таваас олон цаг болсон бол заавал мэдэгдэх ёстой билүү?
- Хүн алдсан гээсэн зүйлээ олж авахын тулд цагдаад ханддаг даа. Үүнтэй адил амьтнаа алга болгоод олон цаг болчихвол мэдэгдэх ёстой. Цагдаа нохой, муурыг олсон тохиолдолд чипээр нь эзнийг нь олж тогтоож өгнө. Чип дээр эзнийх нь тухай мэдээлэл тодорхой байх юм.
- Та яагаад “Азтай савар” ТББ-д сайн дурын ажил хийх болов?
- Би амьтанд хайртай, өөрөө тэжээхийг хүсдэг боловч боломж нөхцөл маань бүрддэггүй. Хэдийгээр өөрөө тэжээхгүй ч өөрийнхөө чадлаар тусалья гэж бодсон. Тэгээд “Азтай савар” ТББ-д сайн дурын гишүүнээр элссэн. Намайг хуулийн төсөл дээр орж ажиллахад судалгаа нь аль хэдийнэ эхэлсэн байсан. Гэхдээ бусадтайгаа зөвлөлдөж, өөрийнхөө зүгээс саналаа тусгаад л явсан.
- Танай ТББ одоо хэдэн гишүүнтэй болоод байна?
- “Азтай савар” ТББ идэвхтэй 50-иад гишүүнтэй. Хуулийн төсөл дээр арваад хуульч тасралтгүй хоёр жилийн турш ажилласан. Манайх дотроо аврагч, хуульч, эмч гэх мэтчилэн мэргэжлийнхээ дагуу ажлаа хувааж авдаг юм. Олон гишүүн олон чиглэлд ажилладаг гэсэн үг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.