images

Т.Болд: Москвад ДОХ-ын эсрэг вакцин гаргаж авах төсөл дээр ажиллаж байлаа

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2022-11-14


 “Парламент” телевизээр ярилцлагын нэвтрүүлэг хөтөлж олны танил болсон Т.Болд уул нь микробиологич мэргэжилтэй хүн ажээ. Дөч шахам жилийн өмнө ЗХУ-д суралцаж эзэмшсэн мэргэжлийнхээ талаар тэрбээр манай "Мэргэжил бүхэн сонин"  буланд ийн ярилаа.

-Микробиологич гэдэг нь юу хийдэг, ямар мэргэжил вэ. Та энэ мэргэжлийг хэрхэн сонгосон бэ?

-Амьд байгаль нь амьтан, ургамал, микроб гэсэн гурван том хэсгээс бүрддэг. Бид нүдээрээ хардаг учраас ургамал, амьтан хоёрыг сайн мэднэ. Харин бидний нүдэнд харагддаггүй микробын том ертөнц бий. Тэрийг зөвхөн микробиологич микроскопоор харж, судалдаг. Түүнийг судалдаг шинжлэх ухааныг микробиологи гэнэ. Микробууд нь дотроо мөөгөнцөр, микроб, вирусийн гэх мэт төрлүүдэд хуваагддаг. Аав минь агрономич эрдэмтэн хүн байсан учраас “Микробиологич гэж гоё мэргэжил байдаг” гэж надад зааж өгсөн юм. Би арван жилийн сургуулиа төгсөх үедээ өөр мэргэжил сонгоогүй байсан учраас энэ мэргэжлийг сонгож, түүндээ дурласан даа.

-Бидний амьдралд микробиологичийн ажлын үр өгөөж юугаар илэрдэг вэ, нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг бол?

-Маш их үүрэгтэй. Бид хардаггүй учраас мэддэггүй. Хэрэв байгаль дээр ямар ч микроб байдаггүй бол мах өмхийрөхгүй, тараг исэхгүй. Микробууд хоорондоо амьдралын орчныхоо төлөө байлддаг. Тэгэхээр нэгнийгээ устгахын тулд өөрөөсөө бодис ялгаруулдаг байна. Тэрийг нь микробиологич ялгаж аваад антибиотик гэж нэрлэсэн. Латинаар anti гэдэг нь эсрэг, bio гэдэг нь амьдрал гэсэн үг. Антибиотик гэхээр амьдралын эсрэг гэсэн үг болдог. Микробоос ялгаж авсан антибиотикоор элдэв өвчнийг анагааж байна. Мөн сүүний үйлдвэрүүдэд микроб ашигладаг. Түүнчлэн хүний нарийн гэдэс дотор маш ач холбогдолтой пробиотик байдаг. Тэр нь хүний хоол тэжээлийг шингэх процесст оролцоно. Тэр микробууд хүний дархлалын системд оролцох үүрэгтэй. Мөн гурилан бүтээгдэхүүнд хөөлгөхөд ашигладаг дрожжийг амьд амьтан гэж ойлгоно. Тэр нь гурилыг хөөлгөж идээд өөрөөсөө гоё амт үнэртэй бодис ялгаруулдаг. Өөрөө нүүрстөрөгч буюу хий ялгаруулдаг учраас гурилд бөмбөлөг үүсгэж хөөлгөдөг юм. Пиво, виног мөн дрожжиор эсгэнэ. Уул уурхайн салбарт металлыг цэвэршүүлж гаргаж ирэхэд микробуудыг ашигладаг. Цэвэр бохирын системд хүний ялгадасыг задалж үнэрийг нь арилгахад мөн л ашиглана. Мөн хортон шавжнаас ялгасан микробоор бэлчээрийн болон таримал ургамлыг түүнд идэгдэхээс хамгаалдаг. Үүнийг хортон шавжтай микробиологийн аргаар тэмцэх гэнэ. Микроб гэдгийн ашиг тус ийм. Энэ бүхэн үндсэндээ микробиологич хүний ажлын үр дүн байгаа юм.

-Та микробиологийн аргаар ойн хортон шавжийг устгах судалгаа хийж байсан юм билээ, тэр тухайгаа ярьж өгөөч.

-Би 1984 онд ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийг микробиологич мэргэжлээр төгссөн юм. Тэр үед ойн хортон шавжтай микробиологийн аргаар тэмцэх аргыг Монгол улсад нэвтрүүлэх талаар багштайгаа ярилцаж, дипломын ажил бичиж байлаа. Гуравдугаар курсийн дадлага болон дөрөвдүгээр курсийн зун нь Хэнтий аймгийн Биндэр сумын ой аж ахуйд судалгаа хийсэн. Түүнээс өмнө ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй холбоо тогтоож, учир байдлаа хэлэхэд тэд намайг дэмжиж шавж судлаач, эрдэм шинжилгээний ажилтантай хамт Биндэр явуулж байв. Тэгээд ойгоос үхсэн хортон шавж цуглуулсан юм. Хайлуулсан лааны тосонд шавжаа дүрж, тосоор бүрхэгдсэнийх нь дараа хатааж хадгалаад Эрхүүд сургуульдаа очлоо. Тэнд лабораторийн ажилтан, багш нарын тусламжтайгаар тухайн хортон шавжийг үхэлд хүргэсэн микробыг ялгаж авсан юм. Ялгасан микробныхоо зүйлийг тогтоотол тухайн үед дэлхийн шинжлэх ухаанд нээгдээгүй Монголын өвөрмөц омгийн бактери байв. Ингээд дипломын ажлаа онц дүнтэй хамгаалаад Монголдоо ирж тэр ажлаа үргэлжлүүллээ.

     Миний цуглуулсан штаммуудыг Эрхүүгийн их сургуулийн өмч хэмээн авч үлдсэн тул нутагтаа ирээд дахин ойгоор явж хортон шавж цуглуулж, төрөл, зүйлийг нь тодорхойлоод, микробуудыг нь ялгасан. Микробуудыг нь ялгаж массын үйлдвэрлэл хийхийн тулд хоруу чанарыг нь тодорхойлох хэрэгтэй. Тэр ажлыг Биологийн хүрээлэнгийнхэн дэмжиж, тодорхой хөрөнгө мөнгө гарган их хэмжээгээр үйлдвэрлэхээр болсон юм. Тэр үед Биокомбинатад микроб ургуулдаг том ферментёр байлаа. Тэнд ШУА-ийнхан мөнгө хөлсийг нь төлөөд микробоо ургуулсан юм. Тэр жил Богд ууланд хорхой их гараад, мод их шарлачихсан байсан л даа. Тиймээс өсгөвөрлөсөн микробоо онгоцоор цацахаар төлөвлөсөн ч ШУА-аас гарах мөнгө нь удаж онгоц нь бүтэлгүй хоёр гурав хоносон. Тэр чинь шингэн учраас түргэн муудаж өмхийрөөд шаардлага хангахаа больж, тэр ажил бүтэлгүйтэв. Би ч тэрнийхээ хоруу чанарыг тодорхойлж чадаагүй. Бас улсын мөнгийг үрэн таран хийсэн хэргээр намайг нэг сайн донгодож аваад тэр ажлыг зогсоосон. Одоо тэр ажлыг Биологийн хүрээлэнгийнхэн үргэлжлүүлж байгаа юм билээ. Тухайн үед миний олж хадгалсан штаммнуудаас хоёр гурав тэнд байна гэнэ лээ. Хүрээлэнгийнхэн тэрийг гаргаж ирээд, өөрсдөө мөн хортон шавжнаас микроб ялгаад лабораторийн нөхцөлд бага хэмжээгээр колбонд өсгөвөрлөж, тэрийгээ ууланд аваачиж хоёр гурван модонд шахаж туршиж үзсэн гэнэ. Тэгээд хорхойнууд үхэж үр дүн гарсныг БОАЖЯ-д танилцуулж, үйлдвэрлэхээр болсон байна. Яамнаас ой модны хортон шавж устгах микроб өсгөх жижиг цех байгуулахад 100 сая төгрөг шийдэж өгөөд, тендер зарлажээ. Энэ жилийн тухайд Биологийн хүрээлэнгийнхний энэ аргаар шавж устгаж амжаагүй байх. Хортон шавж таван сард авгалдай болж гарч ирээд модны ногоон навч шилмүүсийг идэж байгаад наймдугаар сард эрвээхэй болж үржилд ороод аравдугаар сард өндөг шахаад бүгд үхдэг. Харин өндөг нь дараа жилийн таван сард гарч ирдэг ийм амьдралын циклтэй. Тэгэхээр наймдугаар сар гэхэд микробоо өсгөөд модонд цацаж амжаагүй бол дараа жилээс наашгүй.

-Микробиологич цаашид ямар чиглэлээр нарийн мэргэшил эзэмшиж болох вэ?

-Дрожжи судлал, бактери судлал, нэг эст судлал, вирус судлал, микробын физиологи, тэдгээрийг анагаах ухаанд хэрхэн хэрэглэх гэх мэтээр олон салж мэргэшиж болно.

-Таны мэргэжлийн сайхан тал нь юу вэ?

-Нүдэнд харагддаггүй учраас хүн бүрийн мэддэггүй тэр орчинтой ажиллах нь сайхан. Жишээлбэл, би Москвад аспирантурт сурч байхдаа ДОХ-ын вирусийн эсрэг вакцин гаргаж авах төсөл дээр ажиллаж байсан. Хүний генийн дарааллыг тодорхойлох ажилд оролцсон. ДОХ-ын вирусийг ялгаж аваад генийн дарааллыг тогтоодог. Вирус нь дангаараа тэжээлийн бус орчинд өсдөггүй. Түүнд заавал эх эс буюу хүн, амьтан, ургамлын эс байх шаардлагатай. Тэгж байж эх эс дотор үрждэг организм юм. Тэр вирус дотроос генийг нь тасалж аваад хэрэгтэй хэсгийг нь микробд суулгадаг. Тэгээд өссөн микроб дотроос генийг нь аваад вакцин болгодог учиртай. Ингээд хүнд тарихад дархлалын эсүүд түүнийг таниад эсрэг бие үүсгэнэ. Тухайн үед ДОХ-ын вакцин гаргаж авах судалгаа амжилтад хүрээгүй ч дэлхийн шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдийг устгадаг учраас тус вирусийн эсрэг вакцин гаргах нь бараг боломжгүй байх. Өдийг хүртэл вакцин гаргаж аваагүй, эм л үйлдвэрлэсэн байна.

-Энэ мэргэжлийн хүний нөөц Монголд хангалттай байж чадаж байгаа болов уу. Цаашид хэр их хэрэгтэй вэ?

-МУИС-ийн биологийн анги бараг элсэлтгүй болж байгаа гэсэн. Нийгмээ дагаад мэргэжил сонголт хүртэл өөрчлөгддөг юм шиг байна. Уг нь Их сургуульд биологийн ангид элсвэл Японд тэтгэлгээр сургах тухай ярьж байсан юм.

-Микробиологийн салбарын сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцаач?

-Японы эрдэмтэд сүүн хүчлийн бактери Монголоос хайж байгаа. Өөрсдөд нь байдаг штаммын хүчин чадал муудаж, дасан зохицсон тул Монголоос нэлээн хэдэн штамм олсон. Айлын сүү, цэцэг гэх мэт зүйлээс авсан штаммаа үйлдвэрт туршаад эхэлсэн гэнэ лээ.

-Микробиологич мэргэжлээр төгссөний дараа хаана ажиллаж болох вэ?

-Олон салбарт ажиллаж болно. Манайхан ургамлын үндсэнд амьдардаг олон микробуудыг судлах хэрэгтэй байна. Ургамлын үндсэнд булцуу үүсгээд хөрснөөс натри, фосфор гэх мэт микроэлементийг татаж ургамлын өсөлтөд ихээхэн нөлөөлдөг. Түүнийг судлаад газар тариаланд ашиглах хэрэгтэй байна. Гэвч манайхан бизнес, газар тариалангийн салбарынхан үүнийг ойлгохгүй байх шиг. Тэгэхээр микробиологич газар тариалан, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, анагаах ухааны салбарт ажиллаж болно.

-Баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.