Импрессионист зураачид галт тэрэгний өртөөг уран бүтээлдээ мөнхөлсөн нь
Анд нөхдийн мэдээ
2024-01-29
Дэлхийн түүхэнд 1830-аад оноос зорчигч тээвэрлэх зориулалттай галт тэрэг явж эхэлжээ. Хүмүүс ихэвчлэн морин тэрэг хөлөглөдөг байсан тухайн цаг үед галт тэрэг гарч ирсэн нь үнэхээр гайхалтай үйл явдал байв. Анх галт тэрэг ердөө 20-40 км/цагийн хурдтай явдаг байсан ч энэхүү боловсронгуй унаагаар зорчих хүмүүст эхэндээ дотор муухайрах, толгой эргэх, бие тавгүйцэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байснаас үүдэн элдэв цуу яриа тархаж, галт тэргийг дэлхийг сүйрүүлэхээр бүтээгдсэн чөтгөрийн хараал гэх зэргээр таагүй үздэг байсан гэдэг. Нөгөө талаар энэхүү шинэ унаа нь тухайн үеийн импрессионист зураачдын анхаарлыг ихэд татах болжээ. Тэдний хувьд галт тэрэг нь орчин үеийн хөгжил дэвшлийн бэлгэдэл байсан бөгөөд уурын тэрэгний өртөөнүүдийг дэлхийг хөдөлгөөнд оруулдаг газар гэж үздэг байв. Энэхүү шинэ унааны гайхамшигт бүрэн автсан зураач бол Клод Монэ (1840-1926) байлаа. Тэрбээр галт тэрэг, түүнээс гарах уур, утаа зэргийг зурах хүсэлдээ хөтлөгдөн өртөөний дарга дээр очоод галт тэргээ түр зогсоож өгөхийг чин сэтгэлээсээ гуйн зөвшөөрүүлж чадаж байжээ. Үр дүнд нь "Сэн-Лазарын өртөө" нэртэй алдарт цуврал уран бүтээл төрсөн байна. Тус өртөө нь Парис болон Нормандын хойд бүсийг холбодог буудал байсан бөгөөд зураач уран бүтээлдээ галт тэрэгнээс гадна Нормандын эрэг дагуух дурсгалт газруудыг мөнхлөн үлдээсэн байна.
Клод Монэ (1840-1926). "Сэн-Лазарын өртөө" .
Гюстав Кайботтын (1848-1894) "Европын гүүр" нэртэй бүтээл мөн Сэн-Лазарын өртөөг дүрсэлсэн алдартай зураг юм. Уг гүүр бол төмөр замын өртөөг дайран өнгөрдөг төмөр гүүр байжээ. Гүүрэн дээрээс өртөө рүү харж зогсоо залуу, цаанаас алхан ирж буй эрэгтэй, эмэгтэй хоёр, эзэнгүй бололтой тэнэж яваа нохой зэрэг нь Парисын өдөр тутмын нам гүм амьдралыг гайхалтай дүрсэлсэн гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Гюстав Кайботт (1848-1894). "Европын гүүр".
Алдарт Эдуар Манэгийн (1832-1883) зурсан энэ сэдвээрх нэг зураг бий нь "Төмөр зам", "Сен-Лазарын өртөө" гэж хоёр янзаар нэрлэгддэг аж. Уг бүтээлдээ шууд галт тэргийг дүрслээгүй ч ном уншиж суугаа эмэгтэй, өртөө рүү харж буй хүүхэд хоёрыг дүрсэлсэн бөгөөд төмөр хашааны цаана гарч байгаа уураар нь галт тэрэгний буудал болохыг мэдэж болно. Энэхүү зураг дээр дүрслэгдсэн эмэгтэй бол Викторин Мёрон (1844-1927) бөгөөд Э.Мане түүнийг байнга модель болгож зурдаг байжээ. Түүний "Олимпиа" (1863) нэртэй өөр нэг шилдэг бүтээлд энэ эмэгтэйг нүцгэн дүрсэлсэн байдаг. Зураач “Амьдарч буй цаг үеийнхээ сүнс сүлдийг уран бүтээлдээ шингээж үлдээх нь миний цорын ганц хүсэл” гэсэн байдаг.
Эдуар Мане (1832-1883). "Төмөр зам".
Одоогийн байдлаар импрессионист бүтээлийн хамгийн том цуглуулгатай газар бол Парисын "Орсэй" музей бөгөөд музейн байр өмнө нь галт тэрэгний буудал байжээ.
Парисын "Орсэй" музей.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.