images

Хятадын мөнгөн эдийн засгийн бодлого гэж юу вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-01-18


   Хятадын Төрийн зөвлөлөөс өнгөрөгч даваа гарагт эмнэлэг, аялал жуулчлал, санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд “Silver Economy” буюу мөнгөн эдийн засгийг хөгжүүлэх 26 чиглэл бүхий удирдамж өгчээ. Энэ нь нэг талаар өндөр настнуудад зориулсан үйлчилгээг нэмэгдүүлж тэднийг эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцуулах, нөгөө талаар тохирсон үйлчилгээ авсан ахмадуудыг аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгах зорилготой гэнэ. Хятад улс дэлхийн хамгийн олон өндөр настантай улс бөгөөд 2022 оны эцэст 1.41 тэрбум хүн амынх нь 20 хувь буюу 280 сая нь 60-аас дээш настай, түүний 210 сая нь 65-аас дээш настай байжээ. Шинжээчдийн тооцоолсноор 2024-2050 онд өндөр настнуудынх нь тоо 503 сая болон өсөж, Хятад улс 2067 оныг хүртэл дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улс хэвээр байх гэнэ. Иймд эмнэлгүүдийг өндөр настны нөхөн сэргээх эмчилгээний чанараа сайжруулах, буяны байгууллагуудыг сувиллын үйлчилгээгээ нэмэгдүүлэх, аялал жуулчлал, соёлын салбарынхныг насны онцлогт тохирсон үйлчилгээнүүд санал болгох, технологийн компаниудыг ахмадуудад зориулсан робот гаргах, логистикийн компаниудыг өндөр настнуудад хоол хүнс хүргэх үйлчилгээ үзүүлдэг болгох зэргийг удирдамжид тусгасан байна. Япон, Өмнөд Солонгос зэрэг хүн ам нь хурдацтай хөгширч буй орнууд тэтгэвэр аваад гэртээ суудаг ахмадууд нэмэгдэх нь эдийн засагт дарамттай гэж үзэж байгаа энэ үед Хятад улс ийнхүү уг асуудлыг шийдвэрлэх эхний алхмаа хийлээ. Өдгөө Хятадын мөнгөн эдийн засгийн хэмжээ ДНБ-ийх нь зургаан хувь буюу долоон тэрбум юань (982 тэрбум доллар)-тай тэнцэж байна. Харин эрх баригчид энэ хэмжээг 2035 он гэхэд 30 тэрбум юаньд хүргэж, ДНБ-ийхээ 10 хувьтай тэнцүүлэх зорилго дэвшүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.