images

Өнгөрсөн зуунд төмрийн цех байсан барилга урлаг судлаачдын өргөө болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-17


   АНУ-ын Манхэттэнээс баруун өмнө зүгт байрлах Гринвич тосгонд эгэл даруухан гурван давхар хүрэн байшин бий. Энэ бол "Happy Tears" хэмээх алдартай зургийг зурж, 1923-1997 оны хооронд амьдарч байсан Америкийн домогт уран бүтээлч Рой Лихтенштейний гэр, урлан ажээ. Тэрбээр эхнэр Доротигийн хамт 1987 онд төмрийн цех, гарааш байсан энэ барилгыг худалдан аваад 1997 онд нас барах хүртлээ урлан болгон ашигласан юм. Элсворт Келли, Жулиан Шнабель, Фредерик Туттон зэрэг алдартай зураач, зохиолчид түүний урлангаар байнга зочилдог байжээ. Алдарт зураачийн эхнэр Дороти уг барилгыг өнгөрсөн жил Америкийн урлагийн музейд хандивласан юм. Р.Лихтенштейн анх 1965 онд энэхүү музейн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн тавьж, ойр дотно харилцаатай явж ирсэн байна. Мөн уран баримал, хэвлэмэл, зураг, уран зураг зэрэг 400 орчим бүтээлийг музейд хандивлаж байжээ. Тус музей нь орчин үеийн урлагийн их мастер Р.Лихтенштейн уран бүтээлээ туурвиж байсан өргөө гэдгээрээ их үнэ цэнэтэйд тооцогдох уг урланг хэрхэн ашиглах талаар ярилцсаны дүнд дараа үеийн уран бүтээлчдэд зориулсан орон зай болгохоор шийдсэн байна.

   Америкийн урлагийн музей нь 1968 оноос хойш бие даасан судалгааны хөтөлбөрийг (ISP) хэрэгжүүлж иржээ. Жил бүр 15 уран бүтээлч, шүүмжлэгч, үзэсгэлэн дэглэгч хамтран уран бүтээл туурвиж, санал бодлоо хуваалцдаг. Энэ хөтөлбөрийн төгсөгчдийн дунд Чикагогийн Урлагийн хүрээлэнгийн профессор Грег Бодовиц, Гуггенхаймын музейн дэд захирал Наоми Беквит нар багтжээ. Өнөөг хүртэл энэ хөтөлбөрийг зохион байгуулах байр байгаагүй тул одоо Р.Лихтенштейний урланд хөтөлбөрөө хийхээр болжээ. Тус урлан тухайн үед гурван давхар байсан гэдэг ч жижгэвтэр байсан тул энэ удаад өргөтгөл хийсэн байна. Ингэхдээ байшингийн анхны хийцийг нь хадгалах үүднээс Дани улсаас одоо байгаа тоосгонуудтай ижил өнгөтэй тоосго авчирч өргөтгөл хийжээ. Мөн Рой, Дороти нар урлангаа Франц зэрэг дэлхийн олон газраас авчруулсан гоёл чимэглэлээр тохижуулсан байсныг хэвээр нь үлдээжээ. Мөн урлангийн шалан дээр усны дусал шиг дүрс байдаг нь Р.Лихтенштейн зургаа зурж байхдаа цацсан будагны цацаргууд аж. Хатагтай Дороти засвар хийсний дараах өөрчлөлтийг хараад сэтгэл нь хөдөлж, "Би нөхрийнхөө ул мөрийг хаанаас нь ч мэдэрч байна" гэжээ. Улмаар "Нөхрийн минь ачаар энэ барилга урлаг, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн цугладаг газар болсон" хэмээн “New York Times” сонинд ярьсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.