images

Португал: Жуулчин эр ундаа уух гээд цагдаад баривчлагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-07


   Өнгөрсөн сарын 27-ны өдөр Португалын Лиссабон хотын нэгэн ресторанд ухаалаг утасны буруу орчуулгаас болж “сонирхолтой үйл явдал” өрнөсөн тухай Британийн “The Telegraph” сонин мэдээлэв. Тухайн үед Португалд аялж явсан Азербайжан улсын иргэн 36 настай эр тус хотын нэгэн ресторанд анар жимсний ундаа захиалах гэсэн байна. Орос хэлээр ярьдаг залуу ухаалаг утсан дээрх орчуулгын программ ашиглан анар жимсний нэрийг орос хэлнээс португал хэл рүү орчуулж рестораны зөөгчид үзүүлжээ. Уг орчуулга нь португал хэлээр “Надад гранат байгаа” гэж буусан байсан тул рестораны ажилтан шууд цагдаад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ирж нөгөө эрийг баривчлан цагдаагийн хэлтэс рүү авч явжээ. Орон нутгийн мэдээллийн “Correio da Manha” агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн баривчилгааны дүрс бичлэгээс үзвэл зэвсэглэсэн таван цагдаа түүнийг газар хэвтүүлэн гарыг нь гавлаж буй дүрс буужээ. Улмаар цагдаа нар түүнээс байцаалт авч, зочид буудлын өрөөнд нь хүртэл нэгжлэг хийсэн аж. Цаашлаад гэмт хэргийн мэдээллийн санг шалгасан боловч түүний нэр байхгүй, мөн терроризмтой тэмцэх хэлтэст хандсан боловч сэжигтэй зүйл олоогүй бөгөөд эцэст нь орчуулгын алдаанаас болж ийм явдал болсныг ойлгон тухайн жуулчин залуугаас уучлалт гуйгаад сулласан байна. Анар жимсийг орос хэлээр “гранат” гэдэг байснаас ийм асуудал үүссэн ажээ. Португалын Засгийн газар өнгөрсөн сард терроризмтай тэмцэх асуудлыг нэг шат өндөржүүлсэн байсан үед ийм явдал болсныг хэвлэлүүд онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.