Япончуудын 60 хувь нь ханиадыг антибиотикоор эдгээдэг гэж буруу боддог
Анд нөхдийн мэдээ
2023-10-31
Японд саяхан явуулсан судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь антибиотикийг ханиад, томууг эмчлэхэд үр дүнтэй гэж хариулжээ. Иймд тус улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд антибиотикийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх нь антибиотикийн тэсвэржлийг нэмэгдүүлэх сөрөг талтайг анхааруулав. Өөрөөр хэлбэл, вирус, нянгаар үүсдэг ханиад, томууг антибиотикоор эмчлэх нь үр дүнгүй аж. Мөн хоолой өвдөх, хамраас нус гоожих үед антибиотик хэрэглэх нь мөн адил үр дүнгүй болохыг Токио дахь Дэлхийн эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвийн төв эмнэлгээс мэдээлжээ. Дээрх судалгаанд сургуулийн өмнөх насны хүүхэдтэй 500 хүн оролцоход тэдний 67 хувь нь антибиотик вирусын эсрэг тэмцдэг гэж хариулсан бол 56 орчим хувь нь антибиотик ханиадыг эдгээдэг гэж хариулсан байна. Мөн 15-аас дээш настай хүмүүсээс авсан өөр нэгэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 63 хувь нь вирусийн халдварыг эмээр эмчилдэг гэж хариулжээ. Ерөнхийдөө судалгаанд оролцогчид томуу, ханиад, “COVID-19”-ыг антибиотикоор эмчилдэг гэж үзсэнийг Токиогийн төв эмнэлэг мэдээлэв. Гэвч нян, вирусийн эсрэг антибиотик болон бусад эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх нь эмэнд тэсвэртэй эмгэг төрүүлэгч бичил биетэн үүсгэж, халдварын эсрэг хүний биеийн эсэргүүцлийг бууруулж, эмийн дасал болгодгийг анхаарууллаа. Олон улсад үүнийг чимээгүй тахал гэж нэрлэдэг бөгөөд антибиотикийн зохистой хэрэглээг бий болгохын тулд Японы Засгийн газар таван жилийн төлөвлөгөө боловсруулжээ. Тэд 1000 хүнд ногдох антибиотикийн хэрэглээг 2020 оныхоос 15 хувиар бууруулахыг зорьж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.