images

Эрхэм найзаа дурсахуй


   Бээжингийн радиогийн монгол хэлний редакцийн даргаар олон жил ажилласан М.Цэцэн нас нөгчсөн мэдээ өмнөд хөршөөс өнгөрсөн долоо хоногт ирсэн билээ. Эдүгээ тус редакцид ажиллаж буй Монголын сэтгүүлч Б.Занданхүүгийн хэлснээр "Монгол-Хятадын сэтгүүл зүйн харилцааны амьд гүүр" М.Цэцэн Өвөр Монголын Жарууд нутгийн уугуул бөгөөд монголчууд, Монголын сэтгүүлчдийн дотнын нөхөр байв. Ахмад дипломатч, олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү тэдний нэг бөгөөд нөхрийнхөө талаар товч дурсамж бичиж ирүүлснийг нийтэлж байна.

   Мянганбаярын Цэцэнтэй би анх 1989 онд эчнээ танил болсон юм. Улмаар 1990 оны намраас гэр бүлээрээ найзалсан Цэцэн, Цэцгээ нар маань хэдхэн жилийн өмнө гавьяаны амралтандаа гарч төрөлх нутагтаа очиж суурьшсан нь тун саяхан мэт. Бид даруй 33 жил найзалжээ. Цэцэн бол Монгол-Хятадын шинэ цагийн найрсаг харилцаанд гар бие зүтгэсэн соёлын элч хүн. Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн редакцийг Хятадын олон улсын радиотой түүчээлэн холбосон гавьяатан. Монгол орныг Хятадад таниулахад, Хятад орон, хятад хүн, Хятадын соёл, тэр дундаа Өвөр Монголыг монголчуудад таниулахад түүхэн хувь нэмрээ оруулсан, орчин цагийн шинэлэг сэхээтэн хүн дээ. Ийм л сайхан дурсамж бидэнд үлджээ. 2014 оны зуны сүүл сард бид гэр бүлээрээ Оросын Буриадад зочилж, Цэцэн, Цэцгээ нараа ОХУ-д аялуулсан нь миний хувьд олон жилийн мөрөөдөл, бас амлалт байлаа. Бид тавуулаа Цэцгээгээрээ жолооч хийлгээд тун сайхан явж билээ. Бас Улаан-Үд дэх Ерөнхий консулын газарт байрлаж, Байгаль далайн эрэгт амарснаа эргэн санахад таатай байна. Гүдэсхэн, цайлган цагаан, найзархуу Цэцэн маань бусдад дандаа инээд бэлэглэж явдагсан. Хамт байхад тун түшигтэй. Бид Бээжинд ч мөн олон удаа уулзаж, найрлаж, уянгалж явсан даа. 1991, 1992 онд мөнгө цаас муутай байхдаа тэднийдээ буугаад л ноолж өгдөгсөн. Энэ бүхнийг тэрлэхдээ би түүнийгээ дэргэдээ байгаа юм шигээр л төсөөлөн бодож бичиж байна. Тэр маань үнэхээр сайхан ХҮН!

М.Цэцэн Монгол дахь сүүлчийн томилолтоосоо буцах үед найз нөхөд, ажлын хамт олон нь Улаанбаатарын галт тэрэгний буудлаас үдэж өгч буй нь. 2018 он.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.