images

Х.Отгонбилэг: Зөгийний үүр орчмын нүргэлсэн дуу шуугиан, үнэр ямар сайхан гээч!

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2022-11-01


     Биологийн ухааны доктор, ургамал судлаач Х.Отгонбилэгтэй ярилцлаа. Гучин жил хөдөө суманд амьдарсан тэрбээр сүүлийн тавиад жилд зөгийн аж ахуй, ургамал судалж, үржүүлж яваа нэгэн. Зөгийн аж ахуй, эмийн ашигт ургамлын талаар олон арван өгүүлэл бичиж, цөөнгүй аймаг суманд зөгий үржүүлэх, ховор ургамлыг сэргээн нутагшуулах ажил хийж байгаа "Ховор ургамал сан" ТББ-ыг үүсгэн байгуулагч юм.

- Та балт ургамал, зөгийтэй холбоотой болсон түүхээсээ хуваалцаач?

- Би 1967 онд МУИС-ийг төгсөх жилээ Шаамарын зөгийн станцад зөгий гэдэг амьтныг анх харж байлаа. Тавдугаар сарын 27-ноос эхлэн есдүгээр сар хүртэл Шаамарын станцад балт ургамлын судалгаа, дадлага хийсэн юм. Тэр үед Эрхүүгийн их сургуулийг төгссөн нас чацуу Очирбат гэдэг залуу ирлээ. Бид хоёр  Шаамар орчмын балт ургамлын судалгаанд хамтрахаар болов. Үеийн залуутай нэг хүний удирдлага дор хамт суралцаж, алдаж оноод явна гэдэг урам зоригтой мөн ч сайхан. Дадлагаа дуусаад Завханд очиж ажиллах болов. Зав чөлөөгөөрөө зөгий, балт ургамлын талаар уншаад л яваад байсан. Ингээд 1981 онд Батсүмбэрийн зөгийн станцад эрдэм шинжилгээний ажилтнаар очсон юм. Энэ цагаас хойш олон жил таримал балт ургамлын судалгаа хийж, гадаад дотоодын хэдэн хэдэн төрөл зүйлийн ургамал тарьж туршлаа. Сонирхож судлах хугацаандаа ЗХУ-ын Башкир, мөн Хятад улсад явж зөгийн аж ахуйтай нь танилцаж байв. Оросын зөгийн аж ахуйн талаар эрхлэн гаргадаг сэтгүүлийг дөчөөд жил захиалж уншсан. Энэ бүх хугацааны туршид балт зөгий, ургамлын сэдвээс хөндийрсөнгүй. Ингэж явсаар 1998 онд "Монгол орны ойт хээрийн бүсэд таримал балт ургамал ургуулах, зөгийн аж ахуй эрхлэх" сэдвээр биологийн ухааны доктор зэрэг хамгаалсан даа.

- Ургамлын судалгаа хийж яваад, балт ургамлын чиглэлээр гүнзгийрүүлсэн гэсэн үг үү?

- Хамгийн анх 1959 онд Б.Жамц, Г.Жалцав нар Монголд 20 бүл зөгий Буриадаас авчирснаас есөн жилийн дараа би зөгийн аж ахуй сонирхож судалж эхэлсэн гэсэн үг. Завханд 12 жил ажиллахдаа бас багшаар ажиллаж үзсэн. Тэгэхэд ургамал их тарьдаг байсан болохоор намын хорооноос шууд агрономичоор томилогдож, долоон жил ажилласан. Үр тариа, малын тэжээл, хүнсний ногоо тариагүй юм байхгүй. Жимс жимсгэнэ л тарьсангүй. Харин Батсүмбэрийн зөгийн станцад байхдаа балт ургамал тарихын зэрэгцээ жимсний талбайд нь үхрийн нүд, чацаргана үржүүлэх ажил давхар оролдож явав. Нэг ёсондоо ажлын томилолт маань надад аз болсон гэж боддог. Учир нь хүний амьдралд хэрэгтэй бүх ургамлын төрөл зүйлийг тариалж, туршиж үзэх боломж олдсонд олзуурхдаг. Одоо ямар ч ургамал, тариалж, үржүүлэх мэдэгдэхүүнтэй болсон. Сүүлийн хориод жилд бол эмийн ховор ургамал тарих, турших, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын талаар бага сага судалж эхэлж байна.

- Та судалгааныхаа ажлын сацуу хэвлэлд мэдээ материал их нийлүүлдэг байсан гэсэн?

- Зөгийтэй холбогдолтой мэдээ материал гэвэл төв болон орон нутгийн хэвлэлд хоёр зуугаад зөвлөмж бичсэн байна. Ном товхимол нь арав гаруй болжээ. Зөгийчид болон балт ургамал сонирхогчдод сургалт зохион байгуулах гээд энэ чиглэлээр нийтдээ тавиад жил оролдлоо. Одоо ч өөрийгөө зөгий судлаач гэж хэлэхээс санаа зовдог. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд судлаад, Монгол орны зөгиийн аж ахуйг хөгжилд хувь нэмрээ оруулахыг боддог. Дэлхий дахинд хорь гучаад мянган жилийн өмнөөс зөгийн бүтээгдэхүүнийг ашиглаж байсныг илтгэх хадны сүг зураг, нотолгоо баримтууд бий. Монголд ч гэсэн “Монголын нууц товчоо”-нд дээр үеэс өмнө балт ургамал тариалж, зөгийн аж ахуй эрхэлж байсан тухай гардаг. Миний хувьд “Монголын нууц товчоон дахь ургамлууд” нэртэй өгүүлэл бичээд “Өдрийн сонин”-д нийтлүүлж байсан. Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо миний нэг бичсэн зүйлийг сонирхоод явуулахыг хүссэн юм. “Нууц товчоо”-нд гардаг балт ургамлуудыг Санчир доктор 60 шахам ургамал байгаа гэж үзсэн бол би 20-30 байна гэж тоолсон.  

- Таныг анх судалж эхлэхэд балт ургамал, зөгийн аж ахуй Монголд ямар түвшинд байсан бэ?

- Монголд 1982 онд Сайд нарын зөвлөлийн 304 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр суманд Зөгийн аж ахуй, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станц байгуулсан юм. Энэ станц эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослон явуулах, балт ургамлыг судлах, зөгийн аж ахуйн талаар төрийн бодлого боловсруулах үүрэгтэй. Үүний харьяанд Шаамарт 3000-аад бүлтэй зөгий үржүүлгийн газар байгуулсан. Ингэснээр зөгийн аж ахуй эзэнтэй, төрхтэй болоод ирсэн. Гэвч энэ үед зах зээлд шилжиж, зах замбараагүй хувьчлал явагдсанаар бараг устах шахсан юм. Үндсэндээ 1000 бүлтэй болж цөөрсөн.

   Харин сүүлийн 20 шахам жилд зөгийчдийн санаачлагаар энэ салбар сэргэж байгаа. Монгол орны өндөрлөгийн олон цэцгийн балыг экологийн хосгүй цэвэр бүтээгдэхүүн гэдгийг хүн болгон ойлгож эхэлсэн. Манай оронд ойт хээрийн бүсийн бүх аймгууд зөгийтэй болсон. Зөгийтэй болгох үйл хэрэгт хувь нэмрээ оруулахын тулд олон сургалт, семинарт оролцож явсны багахан үр дүн гэж боддог.

   Одоо бол төрийн бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Монгол орны хэмжээнд бүрэн бус тооцооллоор 10000 бүл зөгий байна гэсэн тоо бий. Сэлэнгэ аймгийн Шаамарт 5000, Дархан-Уул аймгийн Орхон суманд 5000 гаруй байна. Улаанбаатарт 20 гаруй хүн зөгийн аж ахуй эрхэлж байна. Би саяхан Хан Хэнтийн дархан цаазат газрын дарга Б.Хашмаргадтай уулзсан. Тэр залуу зөгийн аж ахуйн талаар сонирхохоор барахгүй 60-аад бүлтэй болчихсон байна лээ.

- Балт ургамал, зөгийн аж ахуй ямар ашигтай юм бэ?

- Зөгийн аж ахуйгаас 11 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Зөвхөн бал биш. Бүгд хүнс, эмчилгээнд ашиглах зориулалттай. Байгалийн балт ургамлын 80 гаруй хувьд тоос хүртээгээд үржил хөгжлийг нь бий болгочихдог. Суут ухаантан Эйнштейн "Балт зөгий устах юм бол хүн төрөлхтөн хэдэн жилийн дараа устах аюултай" гэж хэлсэн байдаг.

- Зөгий аж ахуйн салбарт тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

- Монголчуудын ялангуяа төр барьж байгаа хүмүүсийн мэдээлэл даанч хомс байна. Балт ургамал цэцэглэлтийнхээ ид үед чихэрлэг шингэн ялгаруулдаг. Тэрийг нь зөгий хошуугаараа сорж аваад, үүрэндээ очиж бусад ажилчин зөгийдөө өгөөд бал болгож хувиргана. Монгол орны хэмжээнд 3000-аад зүйлийн ургамал бий гэж эрдэмтэд тогтоосон. Энэ дотроос балт ургамал 570-590 бий. Үүнийг доктор, профессор Очирбат зүйл зүйлээр нь тогтоосон байгаа. Ойт хээрийн бүсийн тодорхой нэг бүлэг орчинд 230-240 балт ургамал байдаг. Би Халх голын балт ургамлыг таван жил судалсан. Ингэхэд зөгийн аж ахуйд ач холбогдолтой 240 балт ургамал, Булган аймгийн Сэлэнгэ сум, Хялганат орчмоор 230 гаруй, Хэнтийн нурууны зүүн хэсэгт 230 гаруй балт ургамал байгааг олж тогтоосон. Энэ нөөц бололцоог түшиглээд зөгийн аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой. Юун тэр газар ухах сэндийчих асуудлаас ангид, ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй байж болох тийм аж ахуй.   

- Гадаад орнуудын зөгийн аж ахуй Монголынхоос ямар ялгаатай байдаг вэ?

- Гадаадын орнууд нутаг дэвсгэр багатай учраас нэг төрлийн балт ургамал тарих нь түгээмэл. Жишээлбэл гурвалжин будаа, рапс, наранцэцэг, морин дэл гэх мэт аль нэг ургамлыг тариалаад зөгий балаа авчихдаг. Үүнийг нэг цэцгийн бал буюу монополиур гэж нэрлэдэг. Монголд тухайн нэг орчинд 230-240 балт ургамал ургадаг. Олон цэцгийн балаас үр шимийг авч болдгоороо онцлог. Дандаа хэрэгцээтэй эмийн ургамлаас бал авч байгаа. Сүүлийн үед манайхан балт ургамлаас олон бүтээгдэхүүнийг авч чаддаг болсон.

    Монгол далайн түвшнээс дээш наад зах нь 1000 гаруй метр байрладаг.  Хамгийн нам дор газар нь Дорнод аймгийн Хөх нуур. Дунджаар 500 метр орчимд байдаг. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улс уулын орой дээр байна гэсэн үг. Энэ нь өндөрлөг газарт олон цэцгээс бал авч, эмийн ургамлын зориулалтаар ч ашиглаж болно гэдэг онцгой зүйл. Манайхан өөрсдөө түүнийгээ судалж, авч шинжилж дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байгаа ч сүүлийн үед харьцангуй ойлгож эхэлжээ. Цэцгийн тоос, зөгийн цавууг илүү түлхүү хэрэглэдэг болжээ. Зөгийн аж ахуйг дорвитой хөгжүүлье гэвэл нэгдүгээрт, жимсний аж ахуйг зөгийтэй хослуулан хөгжүүлэх хоёрдугаарт, зөгийн аж ахуйг хөгжүүлэх эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийг залах, удирдах төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Зөгийн станц өөрөө үндсэн үүрэгтээ балт зөгийг нутагшуулах, үржүүлэх, байгалийн балт ургамлыг зохистой ашиглах, таримал балт ургамлыг зөгийн аж ахуйд хослуулан ургуулах ёстой.

- Зөгийн өвчин, хортны ямар төрлүүд байдаг вэ. Хүний биед сөрөг нөлөө бий юу?

- Зөгийд баратуз хачиг, барол бөөс гэж бий. Баратуз зөгийд наалдсан тохиолдолд хүний толгой дээр алга тавьсан мэт том хэмжээтэй харагддаг. Эр зөгийн бойжиж байгаа үүрэн дотор ороод авгалдай байхад нь идээд тархдаг аюултай хачиг. Мөөгөнцөр, бактерийн, вирусын өвчнүүд бас байна. Зөгийг эрүүлжүүлж, ашиг тусыг нь хүртэнэ гэдэг хамгийн чухал асуудал.

- Бид бол зөгийг айхтар хатгадаг амьтан гэж ойлгодог. Таны хувьд бол энэ яг ямар амьтан юм бэ?

- Зөгий чинь хөөрхөн, хатгадаггүй амьтан байхгүй юу. Зөгийтэй харьцаж чадахгүй хүмүүс айдаг, эсвэл хатгана гэж боддог. Нөгөө талаар архи тамхи гэхчлэнгийн элдэв хурц үнэр танартай ойртвол зөгий дургүйцнэ. Зөгийний хатгуур хэвлийдээ байдаг юм. Тийм болохоор үүрийг нь сүйтгэхээс хамгаалж бусдыг хатгахаараа гэдэс нь гоожоод үхчихдэг. Өөрөөр зөгий чинь энэрэнгүй амьтан. Зөгийний үүр орчмын нүргэлсэн, дүнгэнэсэн дуу шуугиан, үнэр ямар сайхан гээч! Мэдрэлийн ядаргаатай хүмүүс зөгийн үүрний хажууд суувал ядаргаа нь тайлагддаг ч гэдэг. 

- Монголд зөгийн аж ахуй, балт ургамал судлаач, мэргэжилтэн бэлтгэх нөөц бололцоо бий юу? 

- Дээхэн үед Зөгийн станц нэртэй байгууллага зөгийн өвчин, эдийн засгийн үр ашиг, бүтээгдэхүүнийг савлах, тоног төхөөрөмжийн асуудлыг судалдаг байсан. Одоо бол нэр нь байдаг, орон тоо байдаг эсэх нь тодорхойгүй. Мал аж ахуйн хүрээлэнгийн харьяанд байдаг гэж сонсогдсон. Монголд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж энэ салбарыг хөгжүүлье гэвэл нөөц бололцоо бий. Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, малын тэжээлийн мэргэжилтэй Тогтохбаяр гээд  залуу бий. Олон жил зөгийн хичээл заасан. Олон ч эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн дээ. Одоо Шинжлэх ухааны академид очсон байна. Ер нь энэ чиглэлээр судлаад, сонирхоод байгаа салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг дэмжээд өгвөл олон хүн бий. Очирбат гээд гайхалтай чадвартай эрдэмтэн байна. Одоо тэтгэвэртээ гарсан ч их дээд сургуульд хичээл заагаад явж байгаа. Хуучин мэргэжилтнүүдээ ч тоохгүй юм, залуучууд нь ч сонирхохгүй юм.

- Таны хувьд зөгийн аж ахуйг ямар аргаар хөгжүүлж, өргөжүүлбэл оновчтой вэ?

- Эрдэм шинжилгээний станцыг сэргээн байгуулах гэж хэлнэ. Үүнд нь балт зөгийг үржүүлэх, нутагшуулах, өвчин, хортонтой тэмцэх, зөгийн бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх гэх мэт аж ажлууд тэр чигтээ багтана. Одоо бол эдийн засгийн чөлөөт урсгалыг дэмжихээр Казахстан, Башкираас зөгий оруулж ирж байна. Үүнд ямар ч хяналт алга, ямар өвчтэй зөгий, бүтээгдэхүүнийг оруулж ирж байгааг мэдэх боломжгүй. Бодлогын хүрээнд зохицуулж байгаа зүйл алга. Харин мал аж ахуйн хүрээлэнгийн Ууганбаяр, Болдбаатар эрдэмтэд зөгийн өвчнийг судалж байна. Ядаж зөгийн өвчний талаар шинжлэх ухааны суурь судалгаатай баримт мэдээлэл гаргаад ирвэл хүмүүсийн мэдлэг, ойлголт өргөжих юм.

   Дэлхийн орнуудад байгаль хамгаалах байгууллага, тогтолцоо нь зөгийн аж ахуйг онцгойлон үздэг. Манай орны байгаль хамгаалагчдийн цалин сая хүрэхгүй. Байгаль хамгаалагчдийн ажлын онцлог нь дандаа ойт хээрээр явдаг. Тэгэхдээ өндөр уулын бүсийн олон төрлийн ашигтай балт ургамлуудтай байнга таарна. Бодоод үзэхээр байгаль хамгаалагчдийн ар гэрийг тав таван бүл зөгийтэй болгочихвол зүгээр. Тэгвэл зөгийн аж ахуйг эрхэлж, байгалийн баялагаа арвижуулаад амьдрал ахуйдаа нэмэр болгочихно. Дээр хэлсэн Б.Хашмаргад дарга дархан цаазат газар орчмын гучаад байгаль хамгаалагчийнхаа гэр бүлийг зөгийтэй болгох талаар сонирхож байгаагаа ярьж байсан шүү. 

-Энэ чиглэлийн сургалт, даллагын орчин манайд ямар байна вэ?

- Хөдөө аж ахуйн их сургуулийн зоотехникийн ангид зөгийн аж ахуйн хичээл гурван кредит цаг орж байгаа байх. Гэвч энэ нь хангалтгүй. Хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, эко системийн талаар мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд энэ аж ахуйтай холбоотой хичээл, судалгааны ажлуудыг заавал гүнзгийрүүлэх хэрэгтэй юм. Зөгийн зоотехникчээр мэргэжилтэн бэлдье гэвэл нөөц бололцоо нь маш их. Хичээл заах балт ургамал, балт зөгийн мэргэжилтэн нь байна. Дадлага хийе гэвэл  суурь бааз, балт ургамал, зөгий нь байна. Манай оронд Завхан, Говь-Алтай хоёроос бусад аймагт зөгийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой. Говийн гурван аймагт бол зөгий одоогоор байхгүй ч гэсэн аваачиж, туршилт хийсэн нь амжилттай болж байсан. Говийн аймгуудаар ургамлын судалгаа хийж явахад таана, мангир тал дүүрэн цайж байдаг. Тэр үед нь зөгий аваачиж тавиад балаа юүлээд байх хэрэгтэй. Таана, мангир, сонгинын төрлийн ургамлын бал гойд эмчилгээний чанартай болдог. Үнэр амт сайхантай. Гадаадынхан ганга, мангирын балыг их эрж сурдаг юм. Эрэлт нь байгаа учраас бид газар дээрх энэ мэт баялагийнхаа нөөцийг ашигламаар байгаа юм. Балт ургамал цэцэглэх үед нь зөгий тавьж балаа авчихна, нөгөө талаар байгалийн ургац, ургамлын үрийг арвижуулж байгаа юм.

- Таны мэргэжлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг юу бол?

- Товчхондоо бол байгалийн баялагаа арвижуулах, хүн амаа эрүүлжүүлэх, нэн ховор ургамлыг хамгаалах гэж хэлж болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.