Танкийн механик-жолооч Ш.Батцэнгэл: Танк бол үнэхээр төгс бүтээсэн техник
Мэргэжил бүхэн сонин
2023-07-27
Одоогоос 40 шахам жилийн өмнө Монголын армийн цорын ганц танкийн ангид алба хааж танкийн механик-жолоочийн мэргэжил эзэмшсэн Ширбазарын Батцэнгэл манай "Мэргэжил бүхэн сонин" буланд уригдаж, ховор сонин энэ мэргэжлийнхээ талаар ийн хүүрнэлээ.
Би 1985 онд Партизаны сангийн аж ахуйгаас цэрэгт татагдаад Хужирбулангийн танкийн хороо буюу олны ярьдгаар армийн зүрх гэдэг тэр ангид алба хаах болсон юм. Шинэ цэргийг Тавантолгойгоос анги ангид хуваарилдаг, 036, 150, 199, 176 гээд л нэрсээр нь дуудаад аваад явчихна. Миний нэрийг дуудаад 036 л гэлээ. Дөнгөж арван жилээ төгссөн хүүхэд, тэр нь ямар ч анги юм, мэдэхгүй. Орой 10 цаг өнгөрөөд харанхуй болсон хойно 31 машинд ачигдаад явлаа. Ангийнхаа хоёр хүүхэдтэй шүү. Нэг нь Цэрэнжав, хоёулаа бүр зэрэгцээд суучихсан. Машин явсаар хот руу ороод ирэхээр нь хоёулаа баярлаад л “Хотод байдаг анги байна” гэж ярилцаж явав. Тэгтэл өнөө машин чинь хотын дундуур нэвт гараад явлаа. Засмал замаар л яваад байна, хаашааг бүү мэд. Тэгж тэгж нэг газар ирээд л буулгасан, “Хаана ирчихэв ээ?” гээд асуухаар хариу хэлж байгаа хүн гэж байхгүй. Бүгдийг нь буулгаж бүртгээд, нэг нэг цагаан алчуур өгөөд казармд оруулаад унтуулчихлаа, шөнө шүү дээ.
- Танкийн ангид ирснээ хэзээ мэдсэн хэрэг вэ?
- Өглөө нь л мэдэж байгаа юм. Дуулуутаа хөл газар хүрэхгүй баярлаад л тэр танк гэдгийг хурдан харах юмсан, хэзээ тэр танк руу очих юм бол оо, хурдхан шиг дотор нь орж үзэх юмсан гэж догдолж байлаа. Өглөө нэгдэлтийн бүрээ татаж босгон нэг эгнээнд зогсоож байгаад 1, 2, 3, 4 гээд л тоолууллаа. Нэг гэсэн нь урагшаа нэг алхана, хоёр гэсэн нь хоёр гэх мэтчилэн. Ротод хувааж байгаа нь тэр юм байж, нэг батальон 150 цэрэгтэй. Нэг, хоёр алхсан нь танкийн механик-жолоочийн рот, гурав нь танкийн дарга буюу бага дарга, дөрөв нь механик-жолоочийнх болж байгаа юм. Ингээд кинон дээрээс л үздэг танкаа дэргэдээс нь харлаа. Танкийн парк гэдэг, хашаа дүүрэн танк.
- Зүгээр жолооч биш механик-жолооч гэдэг нь ямар учиртай вэ?
- Танк гэдэг эд байлдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эвдрэхээр нь байлдааны дундуур засварчин дуудах арга байхгүй. Тиймээс жолооч нь өөрөө ойр зуурын эвдрэлүүдийг засчихдаг, засвар үйлчилгээг хийчихдэг байх ёстой. Тэгэхээр нэг хүнд ийм хоёр тусдаа мэргэжлийг хамтатган эзэмшүүлдэг байна.
- Тэр хашаа дүүрэн танкаа яг хэзээ “барьж үзэв”?
- Юу юугүй л танктай ноцолдоод унах юм бодсон чиь тэгдэггүй юм байна. Шал эсрэг юм заагаад байдаг, яаж унтахав, яаж босохов, яаж ор дэрээ хураахав, яаж хоолондоо орохов гэх мэт. Ингэж бүхэл бүтэн гурван сар шахам яваад есдүгээр сарын нэгэнд орон даяар хичээл эхлэхтэй зэрэгцэн манай хичээл эхэллээ.
- Хичээл ий?
- Цэргийн алба хааж байгаа боловч сургуульд сурч байгаагаас өөрцгүй юм. Мэргэжлийн танкчин бэлтгэдэг сургуулийн сурагчид байхгүй юу, нэг ёсондоо. Танк гэдэг хаанаас ямар зориулалттай яаж үүссэн юм гээд л заана. Эхлээд онол, дараа нь нарийн юм руугаа орж байгаа юм. Гинж гэхэд л ямар ямар, хэдэн төрлийн хэчнээн юм ордог, ямар ямар пальцаар яаж яаж түгжигддэг, яаж салгаж авдаг, яаж буцааж угсардаг гэх мэт. Тулах дугуй гэхэд л хоёр талдаа тус бүр таван дугуй, дээр нь хөтлөгч, чиглүүлэгч нийлээд явах анги бүрдэнэ. Нэг дугуй нь нэг голтой, арван дугуй нь арван гол болно. Дээр нь тосон амортизатор гэдэг юм тавьчихсан учраас, хэрвээ кинон дээрээс ажигласан бол танк донслохдоо заавал өрөөлдөж донсолж байгаа биз, жигд биш? Тэр нь тэр голноосоо болж байгаа юм. Гэх мэтээс өгсүүлээд заахгүй юм байхгүй. Муу сурах эрх ч байхгүй юм. Жолоочийг зургаан сар сургадаг байхад бид нарыг жил сургав. Тэгээд зүгээр нэг төгсгөхгүй, сайдын шалгалтаар төгсгөнө. Төгсөж чадахгүй цэрэг ч гарна л.
- Танкийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь юу юу юм бэ?
- Явах анги, хөдөлгүүрийн хэсэг, цамхагийн хэсэг буюу экипаж, зэвсгийн хэсэг гэсэн үндсэн бүтэцтэй.
- За тухайлбал зэвсгийн хэсгийн тухайд?
- Бидний үзсэн “Т-54” танкийн тухайд 100 мм-ийн их буу байна. Танк гэдэг чинь ерөөсөө өөрөө явдаг их буу юм шүү дээ. Давшилтанд ороход их буу түрж явахын оронд гинжин дээр суурилуулж хуяган дотор хийгээд түрүүлээд явуулчихаж буй хэрэг. За тэгээд 12.7 мм, 7.63 мм-ийн хоёр пулемёт байна.
- Экипаж хэдэн хүнтэй байдаг, байрлалын хувьд?
- Танкийн дарга, сумлагч, холбоочин, механик-жолооч гэсэн дөрвөн хүнтэй. Би болохоор гинжнийхээ зүүн урд талд сууна. Сумлагч танкныхаа голд, холбоочин нь түүнийхээ зүүн гар талд, танкийн дарга нь дээд талдаа прицелээрээ бүгдийг хараад, удирдаад явна, жолоочдоо уртраг, өргөргөө өгөөд хаашаа явахыг заана. Нөгөө хоёр бол гадаа юу болж байгааг харах аргагүй. Танкийн жолоочийн суудал гэж ёстой л өөрт нь тохируулсан урагшаа хойшоо хөдөлгөөнтэй. Хатуу зөөлөн нь ч танкны явдалдаа тохирсон байдаг.
- Танкан доторх орон зай их давчуу байдаг уу? Буу буудахаар амьсгалах аргагүй болдог гээд л ярьдаг.
- Бидэндээ бол боломжийн. Их буу буудахаар хүхрийн утаа гэж жигтэйхэн юм ялгарна. Шал өмхий юм болно. Тэрийг одоогийнхоор бол air condition ажиллаж гаргаад, агаараа сэлгэчихдэг юм.
- Бууны утаанаас гадна орчны тоос гэж айхтар юм байна?
- Бин битүү юм чинь тоос орохгүй. Битүүмжлэл нь маш өндөр. Долоон метр усан доогуур саадгүй явдаг эд шүү дээ. Цөмийн дайралт болоход хамгаална, хамаг юмаа хаагаад битүүлчихнэ.
- Дарга нь жолоочоосоо зайтай юм байна, яаж удирддаг хэрэг вэ. Хашгираад байдаггүй байлтай?
- Дөрвөн хүн дөрвүүлээ танкийн хар гэдэг дээ, тийм малгайтай. Бид бол шлем гэдэг юм. Тэрнээс гарсан богинохоон утас байдаг, тэрийгээ дотуур холбооны үүрэндээ залгачихна. Ингэхээр хоорондоо ярилцахад саадгүй. Хөдөлгөөнд саад болохгүй тийм утас байдаг, танкнаас гарах бол салгаад эсвэл малгайгаа тайлаад л гараад явчихна. Түүнээс биш тэр хүчтэй хөдөлгүүрийн дуунд шууд хоорондоо юм ярих аргагүй л дээ.
- Хөдөлгүүрийн тухайд?
- 920 кг хүнд, V хэлбэрийн 12 цилиндртэй хөдөлгүүр байна. 550 морины хүчтэй, байлдаанд хэрэгцээ шаардлагатай бүх юмаа хангачихсан 36 тонн жинтэй танк бартаат замд түлшээрээ 500, шулуун замд 700 км зогсолтгүй явах чадвартай. Банкаа дүүргэхэд 920 кг түлш орно. Байлдаанд явахад аль чухал гэсэн юмаа нууж явна аа даа? Тиймээс хөдөлгүүр ардаа байдаг. Бөөрөнхий маягийн хэлбэртэй байдаг нь юм тусахад хальтрахыг нь бодолцсон хэрэг.
- Хөргөлтийн систем нь?
- Хөдөлгүүрийг хөргөдөг тусгай зориулалтын шингэн байдаг юм. Антифриз юм даа, халуунд халаахгүй, хүйтэнд царцаахгүй. Түүгээрээ өөрийгөө хөргөчихнө, хална гэж байхгүй.
- Бусад онцгой үзүүлэлтийн тухайд?
- Танк арваад метр шахуу урт байдаг. Окоп буюу нүхэнд дөхөөд ирэхэд 2 метр 70 см-ийн өргөнтэй нүхэн дээгүүр зүгээр гараад явчихна. 0.8 м зузаан ханыг дайраад гараад явчих боломжтой. Долоон метр гүнзгий усыг туулна. Хөнгөн хуягт танкнуудаас дэлхийд №1 танк нь “Т-34”. Дэлхийн II дайнд оросуудыг ялалтад хүргэсэн танк гэгддэг. Сүүлийн үеийн дайнуудад хэрэглэсэн нь “Т-55” юм. “Т-55” танкийг бол үнэхээр төгс үйлдвэрлэсэн байгаа юм. Маневр гэж үнэхээр янзын. 1, 2, 3 гэсэн гурван байрлалд ирж байгаа юм. Жишээ нь, жолоодоод баруун тийш эргэлээ гэж бодъё. Зөөлөн татахаар зөөлөн л эргэнэ, ойрхон татвал ойр эргэнэ. Бүр лав татах юм бол шууд л дрифт хийнэ. Дороо эргэнэ, шууд дрифт. Эргэж байгаа талаа зогсоочихож байгаа гэсэн үг. Нэг талын дугуйгаа түгжээд хаячихаж байгаа учраас хөндөлдөөд л эргэнэ шүү дээ. Маневр маш сайн авна. Ухарна энэ тэр гэж тоглоно. Толь моль, ухрах камер байхгүй хэрнээ цамхгаараа л мэдэрнэ. Энэ мэтчилэн танкийн гайхамшгийн талаар яривал маш их зүйлийг ярьж болно. Ер нь бол танк гэдэг үнэхээр төгс бүтээсэн техник дээ.
- Засвар үйлчилгээгээ яаж хийдэг юм бэ. Жишээ нь явуут дунд гинж тасарлаа гэж болоход өөрсдөө засах уу?
- Кино шийн дээрээс анзаарвал гаднынхан танкандаа янз бүрийн юм зүүчихсэн явдаг аа даа? Жишээ нь, нэг мод ч юм уу хавтгай төмөр ч юм уу. Тэр чинь жишээлбэл бага сага засвар хийчих дайны юмнууд байгаа юм, ер нь боломжтой бол тиймэрхүү юмаараа өөрсдөө түр аргалчихдаг. Гэхдээ зориулалтын багаж юмнууд байна л даа мэдээж. Одоо бидний түргэн иш, отвёртка гээд хялбаршуулсан багажнууд чинь дэлхий дахинд нэвтрээгүй байхад зөвхөн танканд л байдаг байсан байхгүй юу. Дайны зэвсэглэлд байсан гэсэн үг. Одоо л энгийн хэрэглээнд нэвтрээд байгаа болохоос биш. Танкны багажнууд ч шүтээн байлаа шүү дээ. Хэчнээн гоё гээч. Танкны цагийг гэхэд л дээр үед жолооч нар 150 төгрөгөөр худалдаж авч “Зил-130” машиндаа тавьдаг байлаа. Ус нэвчихгүй, ямар ч харанхуйд гэрэлтэж харагдах фосфортой, хэмхэрнэ ээ нэг байхгүй. Эвдрэлийн тухайд гэвэл жолоодож буй хүний ур чадвараас хамаарч л эвдэрнэ үү гэхээс танк гэдэг эд барагтай бол эвдэрдэггүй юм. Тиймдээ ч жолоочийг зургаан сар сургаж байхад, танкчдыг жил бэлддэг байхгүй юу. Эвдрээд зогссон танк гэж би л лав үзээгүй.
- Зүгээр нэг энгийн буугаар буудахад л тийрээд хүнээ гэмтээх нь холгүй юм болдог. Тэгэхэд танкны тэр хүнд буугаар буудахад танк нь яаж тогтоод байдаг юм бэ?
- Тэрийг танканд ямар ч өөрчлөлт мэдрэгдэхээргүй маш сайн тоноглосон байдаг. Их буугаар буудахад чинь хойшоо үсрээд л явчихна шүү дээ. Тэгвэл танканд болохоор хүндрүүлэгч буюу буудалтаа хүлээж авах төхөөрөмж хийгээд цохилтыг нь дотроо барьдаг болгочихсон. Анхны танкнууд буудахын тулд заавал зогсдог байсан. Явах эд ангидаа их халгаатай байсан болохоор тэрийг нь бодолцоод дараа дараагийнхийг нь сайжруулсан шиг байгаа юм. “Т-55” бол сайжруулалт хамгийн сайн хийсэн танк. Жишээ нь, сумаа улам хол буудахын тулд хүчийг нь нэмсэн. Гэтэл танкны хошуу задрах аюултай учраас тэрийг барихын тулд сайжруулалт хийсэн байх жишээтэй. Танкны их бууны аманд булцуу шиг юм байдаг даа, тэр чинь. Гэх мэтийн юм их бий дээ.
- Байлдаанд жолооч хүн танкаа л барьдаг юм уу, эсвэл зэрэг буудаад явдаг юм уу?
- Буудалгүй яахав. ДШК гэж пулемёт байгаа юм. Дегтярёв, Шпагин гэж хоёр хүн анх зохиосон болохоор ингэж нэрлэжээ. 12.7 мм-ийн пулемёт, 2000 сумтай. Жолоочийн хоёр талд рычаг гэж нэрлэдэг хоёр араа байна. Нэгэн дээр нь кноптой, тэр нь тэр бууны гох юм, явуут дундаа буудна. Буудахдаа шагайж магайх юм байхгүй. Зүгээр нэг жижигхэн цоорхой харагдаж байдаг юм. Энүүгээр би буудахдаа 25 метрээс цаашхийг танкаараа залж буудна. Шүршингээ танкаа зална гэсэн үг л дээ. Агаараас эсэргүүцэн хамгаалах пулемёт болохоор 5000 сумтай шиг санаж байна. Цамхаг дээр байрлуулдаг. Экипажийнхан дор бүртээ жижиг буутай байна аа бас. Жишээ нь, би ямар нэг эвдрэл засахаар дээд нээлхийгээрээ гарвал дайсанд буудуулна аа даа? Тэрийг тооцоолоод доошоо нууцаар гардаг нээлхий хийсэн байдаг. Десантный люк гэдэг. Тэгээд тэр хүн АКА үүрээд явбал тэрийгээ танкан дотроо тавихад бас амаргүй еэ? Тийм учраас ТТ гар буутай байдаг.
- Танкны их буу хэдэн сумтай байдаг юм бэ? Хэр хүнд байдаг вэ? Танкан дотроо яаж байрлуулдаг вэ?
- Их буу гучин хэдэн сумтай. Нэг сумны жин гэж овоо юм бий. Дөрвөөр хийснийг хоёр цэрэг л өргөж гаргана шүү дээ. Зөгийний үүр байна аа даа, танкны сумны үүр яг тийм бүтэцтэй юм байдаг. Сумлагчийг тойрсон тийм үүрүүд рүү хийчихдэг, өөр лүүгээ сугалж аваад л сумлана. Сумны өргөн нь гэхээр 100 мм, урт нь гэхээр бас овоо л доо.
- Хонгиогоо яадаг юм?
- Буудахаар сумны хонгио пархийгээд л унана. Энхийн цаг учраас бид тэднийгээ хямгадна. Эсвэл доошоо люкээ онгойлгоод хаячихдаг юм. Дайны үе бол хонгиогоо янзлах боломжгүй, тэгээд л хөглөрнө шүү дээ. Хүхэрний үнэр танар гэж аймаар. Өмхийрч байгаа юм чинь. Тэгээд нөгөө юмаа ажиллуулаад л гаргана л даа.
- Кинонд зарим танкны гадуур тоосго шиг юмаар бүрчихсэн харагддаг, тэр ямар учиртай юм бэ?
- Резинэн бүрээс юм. Танк бүр даргатай байхын дээр биднийг бүгдийг командалж байгаа командирский танк гэж бий. Тэр нь тийм резинээр бүрчихсэн танк байдаг. Сумнаас хамгаалсан эд. Сум ирлээ гэхэд тэрэн дээрээ дэлбэрээд танкны их бие рүү нэвтэрдэггүй. Цохисон болгоныг өөр дээрээ дэлбэлж цааш нэвтрүүлдэггүй. Нэг хэсэг бүр зузаан резинээр бүрж байсан.
- Танкны аккумуляторын тухайд? Бас өвлийн хүйтэнд яаж халаадаг вэ?
- “Т-55” танк 550 морины хүчтэй, дөрвөн том аккумулятортай байдаг. Нэг аккумуляторыг хоёр хүн дамжилна, тийм хүнд. Гэв гэнэт түгшүүр зарлаад агаарын цохилт ороод ирлээ гэж бодъё. Өнөөх аккумулятораа дамжилж гарч угсрах гэсээр цаг их алдана аа даа. Жишээ нь, нэг цаг 30 минутанд танкаа бэлэн болгох гээд норматив бас байдаг юм. Гэтэл гэнэтийн довтолгоонд үнэхээр амжихааргүй болвол танкан дотор жижигхэн баллонтой хий байдаг. Хоёр крантыг нээлээ, танк шууд автоматаар асна. 12 цилиндрийн толгой дээр хүчтэй даралттай хий өгчихдөг байхгүй юу. Түс тас гээд, асааж байгаа хүн өөрөө муужраад унаж мэдэхээр. Зөвхөн тэр хийгээр ямар ч аккумулятор, тоггүйгээр танк асаж болдог. Гэхдээ аккумулятор байх ёстой. Богино хугацааны дайралтанд л гэхээс биш. Танк дотроо халуун тогоотой. 30 минут явахад л унаж явсан машин шиг бүх эд анги нь халдаг. Өвөл асахгүй байх, царцах, хөлдөх гэсэн ойлголт байхгүй.
- Хичээлд сууж их юм үзжээ. Анх удаа танк барьсан тухайгаа дурсахгүй юу.
- Хужирбулангийн зүүн тал руу 7в-гийн зам гэж байдаг. 7 км-ийн анхны зам юм даа. Тэр замаар анх танкаа барьж явж байлаа. Кабин байхгүй, гинжнийхээ хажууд сууж явна. Газрын баримжаа авах аргагүй, тольгүй. Өнгийгөөд харчихна гэх юм байхгүй. Яг л өөрийн мэдрэмжээр явж байлаа. 7в-гийн зам гэдгээ тайлбарлачихъя. Засмал зам дээгүүр давхиад ирж байгаа юм биш. Уулан дээгүүр явна. Эхлээд хөдлөнгүүт минаны гарц гэж байна. Гранат, мина шиг юм босоогоор нь тавьчихсан байдаг юм. Яааг танкны хоёр талын гинжийг дотор талд нь багтаасан тийм л зам. Муухан жолооч бол дайрчихаар. Дараа нь гүүрэн гарцаар явна. Эхлээд тэнгэр харагдаад л явна. Төвлөрөл их шаардана. Тэгэхгүй бол сандарч тэвдээд юу ч хийж мэдэхээр. Тэнгэр харагдаад, газар харагдаад чигээрээ болоод л, ахиад л тэнгэр харагдаад газар харагдаад, тэгээд дөрвөн талд нь улаан туг хатгасан түр зогсоолд ирнэ. Түр зогсоол нь өгсүүр газар. 36 тонн юмыг уруу алдчихалгүй, ухраалгүй барьж торгооно гэдэг хэцүү еэ. Тэгээд жалган дээгүүр, жалган дундуур сүлжих гээд энэ бүх бартаа багтсан 7 км зам гэсэн үг л дээ. За тэгээд овоо зүгшрээд иртэл шөнийн жолоодлогод гаргав. Нөгөө 7в-гийн замаараа танкийг ямар ч гэрэлгүйгээр гаргачихна. Яахав өнөөх тэмдэгтэй газрууддаа үртэстэй салярк асаачихна. Баримжаа авах ёстой шүү дээ. Яваа яваандаа энэ бүх практик ажиллагааг хийсээр байгаад хамаг юм гарт ороод ирж байгаа юм.
- Хичээл дуусахаар яахав?
- Танкийн ротод нэг жил сурсны дараа сайдын шалгалтаар ороод тэнцэж байгаа юм. Тэгээд дараагийн ангидаа танкийн механикчаар очлоо. Ахиад л шинэ цэрэг болоод очиж байгаа хэрэг юм даа. Дандаа мэргэжилтэй цэргүүдийг авдаг 150 дугаар анги. Тэндээ зургаан сар танкийн механик-жолооч хийсэн. Долоо хоногт нэг удаа би заавал танктайгаа гарна. Буудлага руугаа. “Өлзийт” хорооллын урд руу буудлагын полигон, танкийн дром байсан. Долоо хоног бүрийн баасан гараг бүр жолоонд гарна. Байнгын бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Бэлтгэгдээд мэргэжилтэй болчихсон цэргүүдийг мартуулахгүйн тулд тэр л дээ. Ингээд явахаар арав хорин танк гараад явахгүй. 30 цэрэгт гурван танк гаргана. Арав арваар нь суулгаж дадлагажуулна. Засмал зам дээгүүр гарна, хүмүүсийн дундуур явж таарна. Бүхий л үйлдэл, хөдөлгөөн стандарттай, тэрийгээ ягштал баримтална.
- Танк засмалаар явахаар зам эвдээд хаядаг гэдэг, энэ үнэн үү?
- Хамгийн хөнгөн дээрээ тавиад явдаг юм. Дотор талаа хөнгөлнө. Жингээ багасгана. Маш алгуур, зөөлөн явна. Жолоочийн мэдрэмжээс хамаарна даа. Тиймээс засмалыг тэр бүр эвдэхгүй. Харин огцом тоормослох, эв хавгүй жолоодвол зам байтугай газрыг ухаад л хаяна.
- Танк шаварт сууна гэж байх уу?
- Гачууртын Хар усан тохойд шаварт нагнайтал сууж байлаа. Танкийг танк л татаж гаргана шүү дээ. Өөр юм татаж гаргах арга байхгүй.
- Бас л киноноос үзсэн юм ярих нь. Хүмүүс дээгүүрээ танк гаргаж араар нь сугарч үлдээд гранат шидэж байдаг. Та дээгүүрээ танк гаргаж үзсэн үү?
- Гаргаж байсаан. Ёстой л сүнс биенээс салах шиг мэдрэгддэг юм билээ. Тийм айхтар дуу чимээ, нүсэр гинжин доор чинь яаж олигтой байх вэ. Кино гэснээс танктай кинонууд дээрх үйл явдал бодит амьдрал дээр яг л байдаг. Түүнээс бус хэтрүүлсэн, зохиомжилсон юм ер нь байдаггүй юм билээ.
- Ер нь танкан дотор халуун, хүйтэн нь ямар байдаг юм бэ? Танкчдын хувцас хэрэглэлийн тухайд?
- Зуны өдөр танканд ороход сэрүүхэн. Өвөл жихүүнд даараад ороход дулаахан байдаг. Танкан дотор паар гэж байхгүй. Танкийн хувцсаараа л шийддэг байсан даа. Танкийн хар хувцас их өөр. Сайн чанарын хувцсандаа л найддаг байлаа. Түүнээс бус тохь тухтай орчин, дулаан паар энэ тэр гэж байхгүй ээ. Танкны хар хувцасны материал нь жинс маягийн. Дулаахан гэж янзын. Өмсөхөд тухтай. Халаас хармаа олонтой. Тос тэр бүр нэвтрэхгүй. Хялбар шатахгүй. Бөх гэж жигтэйхэн. Гангараа бас болчихно оо. Танкийн хар малгай бомбогор байдаг нь нэгдүгээрт зөөлөвч. Хоёрдугаарт, тэр малгай дотроо холбооны гэх мэт янз бүрийн утас гүйлгэсэн нарийн хийцтэй эд байдаг.
- Машин барьсан хүн бусадтай ядаж л шүргэлцэж үзсэн байдаг. Танк барьсан хүний хувьд?
- Нэг удаа полигоноос анги руугаа буцахдаа шөнө оройтож гарав. Баасан гараг байсан юм. Офицерууд цэргүүддээ итгээд арай эрт харьцгаачихсан. Бид засмалаар танктайгаа хөндлөн гарах болоод. Шөнө байсан болохоор гэрэл айхтар харагдахгүй байхаар нь “Гэрэл алга аа” гээд л хөдөлтөл хажуугаар машин орж ирээд л тар няр хийгээд явчихсан. Машин танктай мөргөлдчихөж байгаа нь тэр. Шувуун фабрикаас ирж явсан “УАЗ-469” машинтай мөргөлджээ. Машин дотроос хэдэн ах бууж ирлээ. Бид ч айсан гэж жигтэйхэн. Гэтэл өнөө ах нар чинь “Хөөх, танк байна. Ямар гоё юм бэ, танк үзье” гэцгээж баярлалдаад бидэнд бүр тамхи тариа өгөөд, юун уурлах. Машинаа бүр тоохгүй “Анх удаа танктай мөргөлдөж үзлээ, сонин сайхан байна” гэцгээгээд л тойрч харж, дотогшоо орж сууж үзэж байгаад явсан даа.
- 150 дугаар ангидаа хэр удав?
- Тэнд зургаан сар танкийн механик-жолоочоороо ажиллачихаад аавынхаа буянаар, тэр үед залуу хүн бүрийн мөрөөдөл болж байсан жолоочийн сургууль буюу Нисэхийн 107 дугаар цэргийн ангид асман цэрэг очив. В, С ангиллын жолоочийн ангид орж байгаа юм. Тэндээ зургаан сар сурч төгсөөд инженер-сапёрын тусгай батальон буюу 199 дүгээр ангид хуваарилагдаж очсон. Нүхэн гарц, гүүр, бүх төрлийн нуувч зэрэг цэргийн инженерийн байгууламжийн тусгай машин тоног төхөөрөмж дээр ажиллах үүргийг гүйцэтгэдэг анги. Арми дотроо би ингээд өндөр мэргэжлийн хүн болчихож байгаа юм. Танкийн явах анги дээр хүнд машин механизм, уул уурхайн бүх техник хэрэгсэл суурилагдсан байдаг. Тэгэхээр энэ талын мэргэжлийн суурьтай болчихож байна. Дээрээс нь В,С ангиллын жолооч болчихож байгаа юм. Ингэснээрээ би армиас хоёр том мэргэжил эзэмшлээ. Ингээд 199 дүгээр ангиасаа 150 дугаар ангидаа буцаж очиж гурван сар алба хаагаад халагдсан даа. Цэргийн гурван жилд таван ангид алба хаасан хүн тийм ч олон байдаггүй юм билээ.
- Цэргээс халагдаад та ямар ажил эрхлэв?
- Партизаны сангийн аж ахуйн авто гараашт “ЗИЛ-130” машин хэсэг барилаа. Тэгж байтал нийгэм өөрчлөгдөж сангийн аж ахуйнууд тарсан. Тэндээсээ хэсэг хүмүүсийн хамтаар АНУ-ын ЭСЯ-нд ажил хийж байтал “Вагнер Ази” компани байгуулагдаж, цэрэгт сурсан мэргэжилдээ суурилан тэндхийн сургалт, дадлага ажилд хамрагдсанаар хүнд машин механизмын засварчин болж Заамарын уурхайнуудад нийлүүлэгдсэн “Caterpillar” брэндийн машин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд дундаа завсартай олон жил явсан. Дараа нь Хөшөөтийн уурхайд дампын сургагч оператораар ажиллалаа. Улмаар Төв аймгийн Сэргэлэн суман дахь Салхитын салхин станцын төсөлд, “TransWest” компанийн Оюутолгой дахь салбарт механикчаар, дараа нь мөн уурхайн налуу ам байгуулах төсөлд ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарах нас айсуй. Энэ бүх ажилд дадлагажиж туршлагажихад маань цэрэгт эзэмшсэн танкийн механик-жолоочийн мэргэжил маань л баттай үндэс суурь болж байлаа. Зөвхөн уурхайн гэхэд л гүний болон илийн 10 гаруй төрлийн техникийг эзэмшин дадлагажиж тухайн компаниудаас итгэж найдаж хүлээлгэсэн олон даалгаврыг нэр төртэй биелүүлжээ. Цэргээс халагдсанаас хойш танктай бараг ойртсонгүй, цэргийн ангиудад очиж таарвал гаднаас нь хараад л өнгөрдөг дөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Bayaraa
Kinon deerees haraad bur honogschihson olon yumnuudiig tailbarlluulaad avlaa, saihan niitlel boljee
2023-07-27
Хариулах (31) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.