images

О.Уранцэцэг: Урландаа байхад арван ханатай гэрт биш дэлхий дотор байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг


“Эртний монгол хийц” урлангийн үүсгэн байгуулагч О.Уранцэцэгтэй ярилцлаа.

- Сайн байна уу? Сая таныг хүлээх зуураа үүдэнд байгаа шагналуудыг харж суулаа. “Гоёл” наадмын хэдэн ч удаагийн “Оны шилдэг дизайнер” болсон юм бэ, бүр Гран при шагналыг нь авч байжээ?

- Сайн байцгаана уу. Баяр наадмын мэнд хүргэе. Манай урлан үндэсний хэв маяг шингээсэн хувцас урладаг. Хэрэглэгч нартаа чадах чинээгээрээ сэтгэлд нь хүрсэн хувцас урлаж өгөхийг хичээж явна. Урлангаа бий болгоод 10 гаруй жил болсон байна.

- Урлан гэхээр хүмүүст ихэвчлэн хувцас оёдог газар төсөөлөгддөг. Гэтэл танайд ороод иртэл бүр музей шиг санагдлаа?

- Хүмүүс оёдол урлал, хувцас зохион бүтээгч гэхээр орчин хамаагүй юм шиг боддог. Харин би тав тухтай орчинд анхаарлаа төвлөрүүлж сэтгэн бодож хийхийг хүссэн. Тэгж байж л хаана ч байхгүй өвөрмөц уран бүтээл, загвар дизайн надаас гарах юм шиг санагддаг. Дээрээс нь, монгол ахуй соёлоо хүндэлж дээдэлдэг үйлчлүүлэгчид манайд орж ирдэг. Тэдэнд хэсэгхэн ч гэсэн сайхан мэдрэмж төрүүлэх нь чухал. Зарим нэгэн нь “Гадаа машин хүлээлгэчихлээ. Арав, хорин минут саатъя гэж орж ирснээ хоёр гурван цаг болсноо өөрөө ч анзаардаггүй гэдэг. “Танай урланд ороод ирэхээр цаг хугацаа яаж өнгөрч байгааг мэддэггүй” гэсэн үгийг олон сонсож байлаа. Ер нь хүний амьдрах орчин нөхцөл хамгийн гоё мэдрэмж, аз жаргал, тав тухыг бэлэглэдэг учиртай. Би ч өөрөө хийж байгаа ажил үйл, амьдрал ахуйд минь нөлөөлдөг гэдгийг мэдэрдэг учраас тохижилт, интерьер дизайнаа бүгдийг нь өөрөө гаргасан.

- Яагаад заавал “Эртний монгол хийц” гэж онцолж нэрлэв, дээрээс нь танай урласан дээлнүүд ихэнх нь босоо захтай харагдах юм?

- Хүмүүс “Эртний монгол хийц” гэсэн нэрийг сонсоод, дээр үеийн хүмүүсийн өмсдөг байсан хувцсыг одоо цагт авчирч хийж байна гэж ойлгодог. Зөвхөн тэр үүднээс биш юм. Би энэ нэрийг өгөхдөө бидний өвөг дээдэс олон зуун жил оршин тогтнож ирсэн агуу түүхтэй ард түмэн гэдгийг бэлгэшээж өгсөн. Хоёрдугаарт, монголчууд нүүдэлчид учраас сууж босох, морь мал унах, ажил үйлээ хийхэд хувцас нь ямар ч саад болдоггүй байсан гэдгийг амьдралаараа баталсан улсууд. Халууцуулахгүй, салхи нэвтрүүлэхгүй гээд дөрвөн улиралдаа материалаа тохируулаад өмсчихдөг байсан. Миний гол зорилго орчин үеийн өнгө төрх, 21 дүгээр зууны сэтгэлгээний онцлогийг харуулсан дээл хувцсыг эртний монгол өвөг дээдсийнхээ хувцастай нийлүүлэн зохиомжлоод бүтээх юм. Ингэснээрээ үндэсний хувцсандаа хөгжил дэвшил ч авчирна, үүх түүх онцлогийг нь ч тасалдуулахгүй. Манай дээлнүүдийн босоо дөрвөлжин зах цэвэр бидний оюуны бүтээл. Энэ монгол хийцээ оюуны өмчөөр баталгаажуулсан. Анх намайг дээл хийж эхлэхэд монголчууд дөрвөлжин энгэртэй дээлээ өмсөх ёстой гэсэн ойлголттой байдаг байсан. Түүнээсээ үүдээд зарим талаараа баригдмал болчихсон. Тэгэхээр би юу хийвэл орчин үеийн залуучуудаа үндэсний хувцсанд дурлуулах вэ, яаж энэ дээлийг өмсгөх вэ гэдэг талаасаа бодож тэр захыг гаргаж ирсэн. Үйлчлүүлэгчид маань ч их гоё хүлээж авсан. “Бидний амьдралд үнэхээр дутагдаж, хүсэж байсан гоё дизайн гараад ирлээ” гээд л урмын үг их хэлдэг. Бүр зарим үйлчлүүлэгч өөрсдөө үүх түүхээ судалж ирээд энэ бол бидний хэрэглэх ёстой зах юм байна гэдгийг баталж байлаа. Тэгээд ч өнгө үзэмжтэй, овор багатай харагдуулдаг, хөдөлгөөнд саад болдоггүй гээд хүйс хамаарахгүй, хөгшин залуугүй манайхаар дээл хийлгэдэг.

“Эртний Монгол хийц” урлангийн хэсэг

- Танай урлан гурван давхар юм байна шүү дээ. Сонирхолтой тохижилттой юм аа?

- Энэ миний мөрөөдлийн өргөө. Ийм тоонотой гэрт амьдарч үзэх юмсан гэсэн бодлоор бортогон тооно урласан. Ханан дээрээ монголчуудын өнгөрсөн, одоо, ирээдүй гээд гурван цагийг харуулахыг хичээж ан амьтан, эдлэл хэрэглэл, морины тамга, үхэр тэрэг гээд янз бүрийн дүрс тэмдэгт оруулж шийдсэн. Зүгээр нэг хана байхаас илүүтэй улс гүрнийхээ түүхэн амьдралыг харуулъя гэж бодсон ухаантай. Өөрөө ч заримдаа энийгээ харахаар арван ханатай гэрт биш дэлхий дотор амьдарч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэрийнхээ тооныг өндөр, цэлгэр байхаар шийдэж, гал түлэх тулга тавьсан. Магадгүй би өөрөө гал түлэх дуртай болохоор тулгыг ийм байдлаар шийдэхэд нөлөөлсөн байх. Амьд гал гэдэг хүнд ямар сайхан энерги өгдөг билээ дээ. Монголчууд гэрийнхээ баруун, зүүн, хоймор талдаа ямар эд хогшлоо тавьдаг байсан тэр уламжлалаа дагасан шүү, бас.

- Ороод ирэхэд л хөл доор ширмэл ширдэг, тэнд  хөхүүр өлгөөтэй байна. Хоймроор морин хуур, хөгжмийн зэмсэг, морины хазаар, хэрэглэл, зүүн талдаа эрэгнэгэн дээр зэс, домбо гээд бүгдийг бүрдүүлжээ?

- Тийм ээ. Гэрийнхээ хойморт ч авдар тавихаа мартаагүй. Энэ өргөө гэр тийм ч богино хугацаанд бүтээгүй. Таван жилд нь хүсэж мөрөөдсөн байхад, таван жилд нь бий болгох гэж бүх юмаа зориулж хөдөлмөрлөсөн. Би аливаа зүйлийн хэлбэр, хэв шинжинд баригдаад байдаггүй. Заримдаа эсрэгээр нь явах дуртай. Авдар гэхээр заавал дөрвөлжин байх албагүй гэж бодоод ембүү хэлбэртэй хийгээд дээр нь нар, мод, заан сийлж өгсөн. Бас хоймортоо Чингис хаанаа ч залсан.

- Ембүү шиг хэлбэртэй авдар анх удаа харж байна. Үнэхээр л чөлөөтэй сэтгэжээ. Тэгвэл энэ зүүн хойно буй хөгжмийн зэмсэг ямар учиртай вэ?

- Би 2017 онд “Гоёл” наадамд оролцоод Гран при шагнал хүртэж байсан юм. Тэр сайхан жил тайзан дээр зүгээр нэг үндэсний хувцастай бүсгүйчүүдийг алхуулахыг хүсээгүй. Монгол өв уламжлал болсон хөгжмийн зэмсэг, морин хуураа байрлуулах нь зүйтэй гэж бодоод захиалгаар хийлгэж байсан. Морин хууран дээр өнгө чимэг нэмж зохиомжлон урлуулсан юм л даа. Нэгэнт л тэр гоё тайзан дээр хүмүүс анхаарлаа төвлөрүүлж байгаа дээр олон талын таашаал өгчих юмсан гэж бодож төлөвлөдөг.

- Зочин маань ээждээ их амь, ээжтэйгээ адил олон өндөр настанд чимээгүйхэн тусалдаг гэж сонсож байсан?

- Би хүүхэд байхаасаа л ээжийгээ их өндөр наслаасай, хайрлаж чаддаг болтол минь дэргэд байж байгаасай гэж боддог байсан. Тэр мөрөөдөл минь биеллээ олж, одоо болтол ээждээ эрхлээд байж байна. Тэгээд миний боломж бололцоо, үнэхээр миний чадал хүрэх л юм бол настай хүмүүсийг бага ч гэсэн баярлуулах юмсан гэж боддог. Сүүлд манай ах нэг хөөрхөн 90 гарсан эмээд үндэснийх нь дээлийг хийгээд хүлээлгэж өгтөл энүүгээр дүүрэн хөөр баяр болоод гарсан. Үр хүүхдээ төрүүлж өсгөөд өөрийгөө умартсан, хэзээ ч өөрийгөө гангалж байгаагүй хүмүүс олон. Тэр хүмүүст л өөрт нь таарсан сайхан дээл хувцас бэлэглэх, хийж өгч баярлуулах урамтай. Залуучууддаа ч гэсэн өөрөө өөрийгөө гоёхоос гадна эцэг эхдээ анхаарал хандуулж байгаарай л гэж уриалах байна.

- Би энд орж ирснээсээ хойш настай хүн модель болсон зураг олныг харсан. Тэгтэл таны ээж байжээ?

- Тийм ээ. Ээж минь тансаг модель шүү. Ховд аймгийн Манхан сумын Баажгайн Оролмаа гэдэг 90 гарсан сайхан хүн бий. Би бага охин нь юм.

- Танай ширээ сандал бас түрүүнээс хойш нүдэнд туслаа?

- Эдгээрийг ээждээ зориулаад модоор хийлгэсэн. Хатны сэнтий шиг харагддаг гэж зарим хүмүүс хэлдэг юм. Орчин үед аав ээждээ тусгайлан сандал суудал бэлдээд залаад байдаггүй л дээ. Гэхдээ би яагаад болохгүй гэж, ээжийгээ гоё ширээ сандал дээр суулгая гэж хүсээд үүнийг хийсэн. Би энэ сандал ширээг нь хаана ч байсан аваад явдаг. Загварын шоу, наадам гээд л очиж аваачаад л суулгачихна. Ээж минь малчин хүн, залуугаасаа хүүхдүүддээ хувцас хунарыг нь өөрөө оёод өмсүүлчихдэг байсан. Бусдын болон хүүхдүүдийнхээ нүдэнд яаж урлал хийх, хувцас эсгэж оёх, гутал хийхийг утгаар нь харуулсан хүн. Одоо бол орж ирдэг үйлчлүүлэгч нар маань намайг гэхээсээ “Ээж нь сайн уу?” гэж орж ирдэг дээ.

- Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.