images

Монголчууд Лондонд хэрхэн наадав?


Өнгөрөгч ням гарагт Лондон хотод болсон Английн монголчуудын наадмын талаар тус улсад оршин суугч Д.Эрдэнэсувдын бичиж ирүүлснийг нийтэлж байна.

   Их Британийн нийслэл Лондон хотноо монголчууд маань Уимблдон паркийн ногоон дэнж дээр энэ амралтын өдрийг тааруулан долоодугаар сарын 2-нд төрт ёсны их баяр наадмаа дуу хуур, хөгжил цэнгэл, хүчит бөх, шагайн харваа, хүүхдийн хурд, инээд наргиан дүүрэн тэмдэглэлээ.

   Асар майхнаа алаглуулан барьж, айраг цагаагаа сөгнөн амны бэлгийг хэлэлцэн өвгөд хөгшдөө өөд нь залж, зочид нөхдөө хүндэтгэн үр хүүхдээ баясган, үзэсгэлэн сайхнаар тунарч, үндэсний хувцсаараа гангарч наадав. Монгол гэдэг нэрийн дор омогшин өөрийн тодотгол хэл соёл, зан заншил, ахуй буйгаараа дэлхийгээс ялгардаг бидний хэсэгхэн монголчууд хаа ч явсан уламжлал ёсоо хүндэтгэн дагаж Ардын хувьсгалын баяр наадмаа тэмдэглэж байхыг хичээдэг. Энэ жилийн наадам Монгол улс болон Их Британи, Умард Ирладын нэгдсэн хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцаж байгаагаараа илүү ач холбогдол, бэлгэдэлтэй болов. Наадмын ёслолын ажиллагааг нээж, Монгол улсаас тус улсад  суугаа Элчин сайд Б.Энхсүх үг хэлж наадамчин олондоо болон хүрэлцэн ирсэн хүндэт зочин, удахгүй Монгол улсыг зорих гэж байгаа тус улсын шинэхэн Элчин сайд хатагтай Фиона Блит тэргүүтэй зочдод хүндэтгэл үзүүллээ.

Бөхчүүд Элчин сайд Фиона Блитын хамт. Гэрэл зургийг Paul Vickery.

   Лондонгийн наадмыг Монголын Элчин сайдын яам, Англи дахь монголчуудын холбоо, “Мон Брит” клуб ерөнхийлөн зохион байгуулж “Монгол тодотгол” байгууллага, Англи дахь оюутны холбоо болон Нотинхэм, Ирланд, Глазгоу, Манчестер, Кэмбриж, Лэйстэр, Кардифф, Хэмпшир, Сюрри зэрэг олон хот, газраас ирсэн гадаад, дотоодын 600 орчим наадамчид тэтгэн дэмжиж хамтдаа наадлаа. Эдгээр хүмүүсийн 30 гаруй хувь нь гадаадын иргэд байсныг мөн хэлэх хэрэгтэй болов уу.

   Монгол төрийн энх цагийн бэлгэдэл цагаан хөхөлт тугаа Лондонгийнхон хүчит хүлэг дуут дугуйгаар залж авчран түмэн олны баярын галыг асааж өглөө. Хаа газрын наадмын сүр хүч, баясал чимэг бол яах аргагүй бөхийн барилдаан. Энэ жилийн Лондонгийн наадамд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат залуу бөх Энх-Амгалан түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харъяат Манчестерийн заан Баасанжав үзүүрлэв. Шөвгийн дөрөвт тэднээс гадна Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Оюун-Эрдэнэ, Төв аймгийн Лүн сумын харъяат сумын заан Отгонбаяр нар үлдсэн юм. Гадаад бөхчүүдийн барилдаанд найман бөх барилдсанаас Түвшэ Морган түрүүлж, Луи Кэрр үзүүрлэлээ. Харин хүүхдийн барилдааны 7-8 насны ангилалд Мөнх-Оргил түрүүлж, Баярсүрэн үзүүрлэсэн юм. 10-11 насны ангилалд Жошуа түрүүлж Жорж хүү үзүүрлэв.

   Эрэмгий чадал шалгасан гурван наадмын нэг сур харвааны тэмцээн наадмаас хэдхэн хоногийн өмнө тусгай зөвшөөрөгдсөн газар урьдчилан болж дүнгээ гаргаад цэц мэргэн харваачдаа төв талбайдаа энэ өдөр шагнаж алдаршуулав. Тусгай зөвшөөрөгдсөн газар болсон учир нь Англи улсын Олон нийтийн аюулгүй байдлын хуулийн дагуу хурц үзүүрт зэвсгийн төрлийн зүйлсийг олон нийтийн газар хэрэглэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг. Сур харваанд хурц хараа, хурууны бяраар Анужин тэргүүлж, Саруулзаяа охин удаалж, гутгаарт Роз бүсгүй тодорсон нь энэ спорт Монголоос хүрээгээ тэлж бас охид бүсгүйчүүд ч олноор сонирхон шандсаа сорьдог нэг спорт болсныг тод томруун харуулав.

Лондоны наадмын сур харвааны тэмцээн. Гэрэл зургийг Paul Vickery.

   Лондонгийн шагайн харвааны баг тамирчид Европын холбооны улсууд дундаа чамгүй өндөр чансаатай. Шагайн харвааны холбооныхон энэ жил харваагаа Манчестер, Лондон хотноо урьдчилан зохион байгуулж аваргаа тодруулаад наадмын өдөр талбайд мөн шагналаа гардууллаа. Шагайн холбооныхон сур харвааг сурталчлан хүүхэд залуус, гадаадын иргэдэд зориулан чөлөөт харваа зохион байгуулсан нь олон хүний талархлыг хүлээж, сонирхлыг татаж байв.

   Наадмын харваанд Манчестерт багийн төрөлд Г.Золзаяа ахлагчтай баг тэргүүлж, 20 суманд С.Лхагвадорж 17, Х.Идэр 15, Ю.Эрдэнэчулуун 13 оносон ба Лондонд багийн харваанд Б.Батсуурь ахлагчтай баг тэргүүлж 20 суманд Д.Ганбаяр 15, М.Гансүх 14, М.Машбаяр 13 оножээ. Лондонд зохиогдсон наадмын харвааг Хүндэт харваач Д.Батсайхан хувиасаа 500 паундаар байлсан юм.

   Шагайн харваачид наадмыг зохион байгуулах үйл ажиллагаанд уламжлал ёсоор идэвхтэй оролцсон ба АГМ Д.Ганбаяр Сайхан монгол хувцастай эрэгтэйгээр шалгарч бэлэг дурсгалын зүйлээр шагнагдан наадмын нээлтэнд уртын дуугаар түрлэг өргөлөө. Энэ жил зохиогдсон Шагайн холбооны 10 жилийн ойн алтан медалийг Их Британид шагайн харваа үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж дэмжиж тусалдаг Элчин сайдын яаманд талархаж хадгалуулав.

   Монгол наадмыг хаана болж байгаагаас үл хамааран заавал хурдан дааганы шандас, хүүхдийн гийнгоон дуу чимж байдаг билээ. Лондонгийн наадмын шандаст даага болсон 120 гаруй хүүхдийн тоос Уимблдоны дэнжид цагааран босч нас насны ангиллаараа хурдаа сорив. Айрагдсан бяцхан дааганууд алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж “Мон Брит” холбооны  өргөмжлөл  хүртлээ. Үүнд, 4-6 насанд Ананд хүү алт, Сила охин мөнгө,Тэмүүжин хүү хүрэл, 7-9 насанд Анужин охин алт, Мишель хүү мөнгө, Цэлмүүн охин хүрэл, 10-13 насанд Мэлвин хүү алт, Максим хүү мөнгө, Даниель хүү хүрэл, 14-16 насанд Тэмүүн хүү алт, Олек хүү мөнгө, Тод хүү хүрэл медаль тус тус хүртэж торгон жолоо өргүүллээ.

   Олон үндэстнийг хамтын нөхөрлөлийн дээвэр дор цуглуулж чадсан хүчирхэг түүхт хаант улсын нутагт өөр өөрийн өнгө төрх, үг хэл, үйл хэргээ хөгжилд нь нэмж өв уламжлал, бахархалаа алдалгүй түгээж яваа Лондонгийн монгол наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, дотоодын олон сайхан хүүхэд залуусаас гадна гадаадын олон иргэдийн сонирхлыг татсан хоног тоолон хүлээдэг баярын нэг яах аргагүй мөн билээ. Тэр олон зуун наадамчид дундаас зөвхөн өөрт ойр мэдсэн нэг жишээг татахад л Английн иргэн хатагтай Рэй МакДональд охин Риктэйгээ зөвхөн энэ наадмыг үзэж монгол дуу хуур сонсох гэж Девоноос дөрвөн цаг гаруй машинаар давхиж ирж оролцсондоо сэтгэл тун өндөр байгаагаа гэртээ хариад талархан бичиж монголчуудын цахим группт илгээжээ. Наадам дээр олон монголчууд тэдэнд найрсаг сэтгэлээр тусалж буруу үг хэллэг, дуудлагыг нь засч шинэ үгс зааж өгсөнд туйлаас их баярлан наадам зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлээд, ирэх жилийн наадмыг тэсч ядан хүлээнэ гэсэн байна. Монгол урлаг, дуу хуурт хайртай энэ бүсгүй хэцүү ч гэсэн монгол хэлийг сурах их хүсэлтэй тул бүх төрлийн дэмжлэг тусалцааг талархан хүлээж авна гээд энэхүү талархлын захиагаа Google орчуулга ашиглан бичиж байгаагаа хэлжээ.

   Монгол наадам л учраас бууз хуушуур, айраг архи, тавгийн идээ, таван тансаг цалгиж, эх орны бараа бүтээгдэхүүний худалдаа олон газар эгнэж, тоглоом наадгай, дуу хуур, биелгээ бүжиг цалгисаар дэлгэр зуны дэнжийг хотойлгон өндөрлөлөө. Наадамчин олон дор бүрдээ хогоо уут уутаар нь хамаад буйраа цэвэрлэн байгаль орчноо байснаар нь үлдээв. Ийнхүү бид халх төв нутгаасаа харь хол ч гэлээ бага цөөн гэлтгүй цугларч баярлаж наадан өөрийн гэсэн өнгөө хадгалан өв соёлоо уламжлуулан яваагаа нутаг нэгт та бүхэндээ дуулган сонордуулах нь нэн таатай байна аа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.