images

Цэргийн инженер Б.Ганболд: Тусгаар тогтносон улсад арми хэрэгтэй бол армид инженерийн цэрэг зайлшгүй хэрэгтэй

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2022-10-28


 “Мэргэжил бүхэн сонин” булангийн энэ удаагийн дугаарт цэргийн инженер мэргэжилтэй, армийн ахмад Б.Ганболд оролцож ховор мэргэжлийнхээ талаар ийн хүүрнэлээ.

-Цэргийн инженер гэдэг ажил мэргэжлийн гүйцэтгэх үүргийг товчхон тодорхойлж өгнө үү.

-Би 1980 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын арван жилийн сургуулийг төгсөөд, хуучнаар ЗХУ-ын Калининград хотын Цэргийн инженерийн дээд сургуульд зургаан жил сурч төгссөн. Цэрэг арми нь шаардлагатай үед улс орноо зэвсэг барин хамгаалах үндсэн үүрэгтэй нь тодорхой байх. Орчин цагийн байлдааны ажиллагааг явуулахад зөвхөн буу хангалттай биш. Гүйцэтгэх үүргийнх нь дагуу цэргийг их бууч, танкчин, ерөнхий цэрэг гэх мэт ангилдаг. Яг үүн шиг инженерийн цэрэг гэдэг нь байлдааны ажиллагааг явуулахад шаардлагатай цэргийн нэгэн төрөл юм. Эхэндээ сапёр гэх нэршилтэйгээр 17 дугаар зууны үед байлдаанд цайзуудыг эзлэх шаардлага их байсантай холбоотойгоор үүссэн гэдэг. Бэхлэлт болон цайзын хана хэрмийн доогуур хөндийлөн ухаад тэсэлгээний хэрэгслээр дэлбэлэн нураах үүрэгтэй тусгай цэрэг байж.

Харин орчин үеийн байлдаанд ерөнхий цэрэг, танкчин, их бууч, нисэх хүчин гэх мэт маш олон төрлийн цэрэг оролцох болсон. Тэдгээрийн нэг нь инженерийн цэрэг юм. Байлдах явцад сөргөлдөгч тал буюу дайсны цэргийг хорьж саатуулах мина бүхий саад байгуулах, тэдний мөн тийм сааданд гарц гарган өөрийн цэргийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих нь инженерийн цэргийн нэг үүрэг. Үүний зэрэгцээ, цас хунгар болон намаг шаварт машин техникийг сааталгүй зорчих зам засах, гол мөрөн дээгүүр гүүр барих болон хөвөгч техник хэрэгслээр зэвсэг техникийг усан саадаар зөөх, шуудуу суваг ухаж зэвсэг техникийг дайсны хөнөөлөөс далдлах, цэргийн анги салбарын бие бүрэлдэхүүний унд болон машин техникийн усны хэрэгцээг хангах гэх мэт олон үүргийг инженерийн цэрэг гүйцэтгэнэ. Би энэ мэргэжлийг эзэмшсэндээ баярлаж явдаг. Учир нь би инженерийн цэрэг байсны хүчээр армийн албан хаагчаас энгийн иргэний амьдрал руу шилжихдээ элдэв хүндрэлтэй учралгүйгээр зам барилга болон уул уурхайн  “Коноике”, “Бороо Гоулд”, “Оюу толгой” зэрэг компаниудад ажилласнаа завшаан гэж боддог хүн.  

-Дайн байлдаангүй ийм цаг үед та инженерийн цэргийн үүргээ хаана, хэрхэн биелүүлж байв?

-Миний онцлон бахархаж явдаг зүйл бол 1993 онд Завхан, Баянхонгор аймгийг хамарсан том зуд болоход хоёр сар гаруй Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд ажилласан минь юм. Сумын урд талын давааг давахад тэр хөндий цав цагаан байсан. Зарим малчдын ярьж буйгаар жалгандаа тэмээний бөх далд орохуйц хунгар тогтчихсон байсан гэдэг. Жалганы наана цаана байгаа айлууд бие биеэ алсаас хараад л байж байдаг. “Тэдний мал үхэж байна даа, түлш түлээгүй болж байна даа” гэж харуулдаж суухаас өөр аргагүй. Яагаад гэхээр, тэр их цасан дундуур малтай ч, явган ч явах арга байгаагүй. Тэгээд түлш түлээгүй болоод ирэхээрээ униа авч түлэхээс авхуулаад сандал, авдрынхаа тагийг түлж амь зогоож байсан. Тэр үед би зам засагч “ПКТ” гэдэг машинтай очиж цэрэг хүнийхээ үүргийг гүйцэтгэн, хүнд нөхцөлд байгаа хүмүүст тусалсандаа баярлаж явдаг.

-Тийм гүн хунгар цасан дунд яаж зам гаргасан юм бэ?

-Цэргийн машины дугуй нь л гэхэд хүнээс өндөр, маш том. Тэгээд урдаа хутгатай. Тэр хутга нь цасаа зүсээд урагшилна. Ардаа хүнс тэжээл, түлш ачсан машин дагуулж явдаг. Айлаас айлын хооронд хүнс, түлш хүргэдэг байсан. Өдөр шөнөгүй явна. Ээлжилж зам гаргах нэг ахлагчтай. Намайг шөнөжин яваад ирвэл ахлагч зөрөөд гарна. Ахлагч өдөр ирэхэд би унтаад амарчихсан учраас зөрөөд гардаг. Бид цэргийн баярын үеэр яваад 5 дугаар сарын сүүлээр ирж байлаа. Хүнээс өндөр том дугуйтай машин гэсэн дээ? Зарим үед ам цангаад цас хайлуулж уухад машинаасаа буух хэрэг байхгүй. Кабинаасаа цас шүүрч аваад л амаа чийглэчихнэ. Ингээд бодохоор цас хоёр метр гаруй хунгарлаж тогтсон байгаа юм. Тийм цасыг цэргийн зориулалтын машин учраас л цэвэрлэж, зам гаргаж дийлсэн.

Хэнтий аймгийн Дархан суманд Цэргийн сангийн аж ахуй гэж байсан. Тэнд армийн мал байдаг. Малчид нь цэрэг. Сум усны эх үүсвэр муутай. Би тэнд салаа цэрэгтэйгээ худаг гаргах үүрэг аваад явж байлаа. Хавар яваад намар орж ирсэн. Зунжин ажиллаж сангийн аж ахуйд есөн худаг гаргасан. Энэ ажлаараа би мөн л бахархдаг. Армийн мал гэдэг Монголын л мал.

-Худаг гаргахад мөн л цэргийн тоног төхөөрөмж ашигласан байх?

-Тэгнэ. Би өмнө нь инженерийн цэргийн нэг үүрэг нь усаар хангах гэж хэлсэн дээ. Байлдаж яваа цэрэгт ус хэрэгтэй. Түүнд зориулсан тусгай өрөм байдаг. Түүгээр өрөмдөж ус олно. Тэрний дараа бол гараар ухсан л даа. Салаа цэрэг гэдэг чинь 30 цэрэг. Тэр цэргүүдээ гурван баг болгоод өөрөө нэг багт нь орж ажилласан. Нэг баг нь амарч байхад нэг баг нь доош орж газар ухахад нөгөө баг нь ухсан шороог ховоо хувингаар татаж гаргадаг. Цаг цагаар ээлжилдэг байлаа. Сонирхуулбал, худаг ухахдаа эхлээд гэрийн буурин чинээ том, 1,8-2 метр гүн ухаад цааш нүхээ жижигсгээд явна. Сүүлдээ хоёр гурван хүн багтахуйц хэмжээнд очиход худаг гардаг. Миний санаж байгаагаар бидний жоотууны үзүүр элэгдээд сөөм хүрэхгүй урттай болж байлаа.

-Ийм ажиллагаанд оролцох нь цэргийн үүрэг байх тийм үү?

-Тийм. Ер нь энхийн цагт цэргүүд бүтээн байгуулалтад оролцдог. Сүүлийн жишээ гэвэл, миний алба хааж байсан инженерийн цэргийнхэн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байна. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан гэдэг шиг алдартай сургуулийг төгссөн учраас манайхны машин техникийн мэдлэг гайгүй шүү. Улс орондоо нэмэр тустай байх гэдэг яах аргагүй л бахархал төрүүлэх ажил.

-Инженерийн цэргүүдийн ашигладаг тоног төхөөрөмжид юу юу ордог вэ?

-Цастай, намагтай, элстэйд зам гаргах зам засварын машинууд байна. Мөн жалга, гуун дээгүүр ачиж яваа гүүрээ тавьж цаана нь гарчхаад буцааж ачаад явчихдаг болон угсардаг, хөвөгч гүүрний машин техникүүд бий. Газар шорооны техникүүд төрөл төрлөөрөө л байгаа. Мөн гүний ус өрөмдөж гаргах техник хэрэгслүүд ч бий. Түүнчлэн унданд хэрэглэж болохгүй бохир болон хортой усыг шүүж цэвэрлээд ундны хэрэгцээнд ашиглах боломжтой болгох хэрэгслүүд байна. Дээр нь нэмээд, мина буюу газар булаад орхиход дээгүүр нь гарсан машиныг дэлбэлдэг тэсрэх бөмбөгийг тавьдаг техникүүд, дайсны талын мина тавьсан талбайд гарц гаргах тоног төхөөрөмжүүд бий. Нуувч буюу окоп ухах болон газар доорх цэргийн барилга байгууламж байгуулах хэрэгслүүд бий. Тодруулбал, танкийг газар ухаад нуучихсан байдаг даа. Тэрийг гараар ухахад хэцүү еэ? Тэгэхээр түүнийг ухах техникүүд бий.

-Экскаватор шиг үү?

-Тэрнээс ч том. Нэг явахдаа л танкны нуувч ухчихдаг. Түүний цаана улс нийтийн аж ахуйд ч харагддаггүй техникүүд бий. Сүүлд зах зээлд шилжихэд тэр машинуудыг шилэн кабель тавихад ашигласан байх. Хад чулуутай, экскаватор дийлэхгүй газарт ашигладаг. Илүү хүчтэй. Ерөнхийдөө байлдааны техник гэдэг нь илүү хүчтэй, илүү боломжтой л байна.

-Цэргийн техникүүд газар тариалан, уул уурхай, зам засварын хүнд техниктэй адилхан гэсэн үг үү?

-Ерөнхийдөө зах зээлээс өмнө техник хэрэгсэл ховор байх үед цэргийн техникийг ашиглаж байсан гэсэн үг. Хүч ихтэй техник учраас эдийн засаг талаасаа үр ашиггүй. Их түлш хэрэглэдэг. Жишээлбэл, Баянхонгорын зудад ажиллахад ашигласан техник 100 километрт 200 литр түлш зарцуулдаг. Ийм юмыг газар тариалан гэх мэт ажилд ашиглавал түлшиндээ “шатаад” дампуурна байх. Тэр утгаараа улс ардын аж ахуйд хэрэглэхэд хязгаарлагдмал. Дийлэхгүй, хүчрэхгүй ажилд л ашиглахад тохиромжтой.

-Та цэргийн мэргэжил эзэмшсэний ачаар уул уурхайн компанид ажилласан тухайгаа бидэнтэй хуваалцаач?

-Инженер мэргэжлийг тодотгож ярья. Энэ их гоё мэргэжил. Яагаад гэхээр амьгүй өчнөөн олон эд ангийг нийлүүлж амьтай мэт хөдөлдөг машин техникийг хүн сэтгээд хийчихсэн. Тэгэхээр тэрийг хүн ойлгож байж л засна. Өөрөөр хэлбэл эмчилнэ. Энэ талаасаа тухайн хүн логик сэтгэлгээ сайтай, юмыг гүн рүү нь орж судалдаг байх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор инженерүүд шинэ зүйл сурах, түүнийг хүлээж авахдаа илүү. Тийм учраас өөр салбарт ажиллаж чадсан. Миний анхны сурч ойлгосон машин Оросынх байсан. Гэтэл уул уурхайн салбарт орж ирэхэд Барууны техникүүд байв. Монгол, орос хоёр хүний царай зүс ондоо боловч хүнийхээ хувьд ижилхэн. Яг үүн шиг машин механизм л бол машин механизм. Энэ чанараар нь би үзэж хараагүй техникүүдийг бие дааж судалсан. Үүний үр дүнд гаднын хөрөнгө оруулалттай компаниудад инженер мэргэжлээр ажиллаж байлаа.

   Мэргэжил өөрөө хүнд давуу чанар олгож байна. Үүнээс гадна хүн өөрөө махруу, өөрийгөө голж чамладаггүй байх нь чухал гэж би боддог юм. Би орос хэлтэй. Гэтэл Барууны техникийн заавар, номууд нь англи хэл дээр байв. Тиймээс машин техникээ ойлгохын тулд бие дааж англи хэл судалсан. Тэр үед одоогийн утсан дээрх аппликэйшнүүд шиг хэлээд өгөх юм байхгүй. Гэхдээ муйхраар зураг, техник хоёроо харж харьцуулсаар байгаад хазгай муруй англи хэлтэй болсон. Надад багш байгаагүй ч одоо бол ямар ч номоос толь бичиг харж байгаад ч болов техникийн талаар уншчихна. Ингэж байж л би тэр ажлуудыг хийсэн. Үүгээр би хүмүүст өөрийгөө голж болохгүй гэж хэлэх гэсэн юм. Энэ түүхийг хүнд ярихад гологдож магадгүй ч суурь мэргэжлийнхээ хүрээнд машин техникийг засаж хөдөлгөхөд шаардлагатай юмыг өөрөө хайж олох чадвартай болсон. Тиймээс залуучуудад захихад, битгий өөрийгөө голоорой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэн юм билээ.

-Монголд одоо цэргийн инженер мэргэжилтний нөөц хангалттай байж чадаж байгаа болов уу. Энэ мэргэжлээр Батлан хамгаалахын их сургуульд элсэлт авч байсан?

-Техникийн талаар бэлтгэж байгаа сургуулиуд олон байна. Яг миний үндсэн мэргэжлээр бол хуучнаар Цэргийн ерөнхий сургуульд (БХИС) бэлдэж байгаа.

-Энэ мэргэжлийг эзэмшихийг хүсэж байгаа хүүхэд залуус ямар хичээл судлах, ямар чадвартай байх хэрэгтэй вэ?

-Инженер хүн юмыг нарийн ойлгох шаардлагатай. Тэгэхээр хими, физик, тоо хэрэг болно. Тухайн машинд ямар тос тохирох вэ гэдэг чинь л хими. Мөн техниктэй ажиллахад биеийн хүч ордог. Тиймээс биеийн тамир хэрэгтэй. Түүнчлэн орчин цагийн техникийг ашиглахад англи хэл чухал. 

-Оросын академик болон энгийн цэргийн сургуулийн ялгаа нь юу вэ. Таны хувьд академик цэргийн дээд сургууль төгссөн учраас хөрвөж ажиллах боломжтой байсан юм билээ?

-Энгийн сургуульд юу заадгийг мэдэхгүй байна. Бидний сурч төгссөн сургууль бол академик цэргийн дээд сургууль. Маш олон хичээл заадаг. Тэр дотор дээд тоо хүртэл багтана. Тухайн үедээ машин засахад дээд тооны хэрэг юу байна гэж боддог байсан. Гэтэл биднийг тэнд зохион бүтээгч болох түвшинд бэлдэж байжээ. Харин манай мэргэжлийн эхний түвшний буюу энгийн сургууль нь техник ашиглах хэмжээнд дөрвөн жил бэлтгэж байсан. Ашиглалт гэдгийг машин техникийг эвдрэл саатал гаргалгүйгээр ашиглах гэж ойлгож болно. Үүнийг англиар нь maintenance гэнэ. Манайхан засвар үйлчилгээ гэж буруу ярьдаг. Монгол хэл рүү, утгачлан  хөрвүүлбэл арчилгаа, тордлогоо гэсэн ойлголт болно. Аливаа юмыг арчилж тордохгүй бол эвдэрнэ. Машин техникийг эвдрэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тосоо хугацаанд нь сольж цэвэрлээд, элэгддэг бүрдлийг нь сэлбэж тордоод байвал тэр машин удаан ажиллана шүү дээ. Нэг жишээ бий. Манайд явж байсан “Хюндэй” автобусны жолооч сая километр гүйлгэсэн гэж байгаа юм. Автобусаа маш сайн арчилж тордож байсан гэсэн үг. Арчилгаа тордлогоо сайн хийгээд байвал орчин үеийн техникүүд маш чанартай болсон тул сая километр явах боломжтой шүү.

-Цэргийн инженерүүд нийгэмд яагаад байх ёстой вэ. Тэдний үнэ цэн юу вэ?

-Улс орон байвал цэрэг арми байна. Орчин үеийн цэрэг арми инженерийн цэрэггүйгээр бүрэн үйл ажиллагаа явуулж чадахгүй. Хэрэв байхгүй бол говьд очоод элсэнд суучихна. Сэлэнгэд очвол гол гаталж чадахгүй нам сууна. Дайсан ирээд бөмбөгдвөл газар дор нуугдаж чадахгүй сүйрнэ. Тиймээс инженерийн цэрэг чухал үүрэгтэй. Тусгаар тогтносон улсад арми хэрэгтэй бол армид инженерийн цэрэг зайлшгүй хэрэгтэй. Үнэ цэний хувьд би өөр дээрээ жишээлж ярьсан. Энэ нь армиас уул уурхай, зам барилгын салбар руу чөлөөтэй хөрвөх чадвартай гэсэн үг.

-Энэ мэргэжлээр сурч байхдаа олон төрлийн хичээл заалгасан нь хэрэг болжээ?

-Үүний цаад зорилгыг би зохион бүтээгч болгох гэж ойлгодог. Бид Калининградад наймуулаа сурч төгсөөд өөр өөрийн замаараа явсан. Өөрийгөө сайн хөгжүүлж чадсан нь зохион бүтээгч ч болно. Түүнд зориулж л дээд тоо, техникийн шугам зураг, машин механизмын онол, хими, физикийн хичээл заасан байх даа. Энэ бүхэн цэргийн албанаас энгийн амьдралд шилжиж амьдралаа аваад явахад минь тус болсонд баярлаж явдаг шүү.

-Та мэргэжлээсээ урам зориг авдаг уу?

-Би “Амьгүй зүйлсийг эвлүүлж нийлүүлээд бүтээчихсэнийг засаж чадахгүй байж болохгүй” гэж өөртөө шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хурцалдаг байлаа. Тэгэхээр инженер болох залуус юмыг уйгагүй судалж, өөрийгөө голохгүй ажиллавал үр өгөөжтэй, сэтгэл ханамжтай байна. Эвдэрснийг засаж ажиллуулсны дараа баярлаж өөртөө урам өгөх дуртай.

-Баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.