images

Угсаатны зүйч С.Бямбадорж: Угсаатны зүйн мэдлэгийг хүнтэй холбоотой бүх юманд ашиглаж болно

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2023-05-16


“Мэргэжил бүхэн сонин” булангийн энэ удаагийн зочноор МУИС-ШУС-НУС-ийн Археологи, антропологийн тэнхмийн угсаатны зүйн багш С.Бямбадорж оролцож мэргэжлийнхээ тухай ярилаа.

- Угсаатны зүйч гэдэг нь чухам юу хийдэг, ямар мэргэжил вэ. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

- Угсаатны зүйч гэдэг мэргэжлийн талаар нэлээн сонсож байсан. Гэхдээ айхтар сонирхож шүтээд явдаггүй байлаа. 1989 онд МУИС-ийг төгсдөг жил манай Хандын Нямбуу гэж угсаатны зүйн багш бидэнд ёс заншлын хичээл орсон юм. Тэр хичээлээс хойш би угсаатны зүйч болохоор шийдээд багшийгаа дагасан. Харин угсаатны зүйч гэдэг нь этнография буюу хуучин цагийн Оросын шинжлэх ухааны нэр томьёо л доо. Энийг оросууд л этнография гэдэг болохоос биш этнологи гэнэ. Англи хэлтэй орнуудад бол антропологи гэж нэрлэдэг. Ерөөсөө л антропологийн шинжлэх ухааны нэг хэсэг гэсэн үг. Энэ шинжлэх ухааныг дотор нь археологи, хэлний антропологи, биологийн антропологи буюу физик антропологи, нийгэм, соёлын антропологи гэж ангилна. Нийгэм соёлын антропологи дотор угсаатан зүй, угсаатан судлал нэг судлагдахуун нь болно. Угсаатан гэж тодотгоод ирэхээрээ тодорхой нэг угсаатныг дагнаж судалдаг юм. Харин судалгаанд ашиглах онолын үндэслэл, дүгнэлт адилхан. Угсаатны зүй хүний гарал үүсэл, гарвал зүй, хэл соёл, тухайн угсаатанд хамаатай юу байна тэр бүхнийг судалдаг. Энэ бүгд нийгэм соёлын антропологичийн судалгааны сэдэв бөгөөд өнгөрсөн ба одоо үед судалж байна. Мөн ирээдүйд ч судалж болох юм. Манай Х.Нямбуу багш “Хэрэв чи сайн угсаатны зүйч болох юм бол угсаатны ирээдүйг ч хэлэх боломжтой” гэдэг байсан. Энэ бол их сонирхолтой мэргэжил. Би энэ мэргэжлийг эзэмшиж, ажиллаж байгаагаараа бахархдаг. Харамсах сэтгэл нэг ч удаа төрж байсангүй.

- Таны багш хүний царайг хараад л тэр аймгийн тэр сумын хүн гээд хэлчихдэг байсан гэдэг?

- Тэр бол С.Бадамхатан багш маань юм. Монголын орчин үеийн угсаатны зүйн шинжлэх ухааныг анх үндэслэсэн хүн гэж хэлж болно. Жинхэнэ номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан гэдэгчлэн Москва хотод сурч энэ мэргэжлийг эзэмшсэн анхны монгол хүн. Багшаас өмнө өөр мэргэжилтнүүд байсан ч сонгодог угсаатны зүйч бол биш. С.Бадамхатан багш манайд цагийн багшаар ажилладаг байсан учраас надад багштай ойрхон байж,  ганц нэг юм асуух боломж олддог байсан. Багшийн тухай “Хүний царайг хараад нутаг усыг нь хэлдэг” гэж ийм сонин юм ярихаар нь тэрийг нь сонирхож шалгаж л байлаа. Хатан багш үнэхээр ялгадаг байсан шүү. Монголчууд бүгд адилхан л гэдэг. Мэргэжлийн угсаатны зүйч хүн сайн ажиглаад харах юм бол нутаг нутгийнхан бүгд өөр. Хэдийгээр бид нэг нөхцөлд амьдардаг ч нутаг нутгийн нөхцөл ондоо юм. Тиймээс үсний ширхэг, арьс зэрэг бусад антропологийн хэв шинжээр ялгаатай гэж үздэг. Ядаж л баруун, зүүн, төв гурван Монголынхон ялгаатай. Өмнө, хойд тал нь ялгаатай гэхээр ингэж ялгах нь байх боломжтой чадвар л даа. Хамгийн гол нь мэргэшиж сурах л ёстой. Бид адилхан ч гэлээ нутаг нутгаараа ондоо зүстэй юм гэдгийг тэгэхэд л Хатан багшийн ярианаас ойлгож байсан.

- Та тэгж ялгаж чадах уу?

- Чадахгүй. Гэхдээ хамгийн ерөнхийгөөр нь таамаг гаргана. Энийг ялгадаг болоход олон жилийн хөдөлмөр, өөрийнх нь овсгоо самбаа, ажигч зан гол нөлөө үзүүлэх байх. Би бол энэ хүн ерөнхийдөө тэр хавийнх юм уу даа гэж барагцаалахаас биш, тэгж нарийн аймаг сумаар нь ялгаж чадахгүй. Үнэнийг хэлэхэд тэр үед багшаар заалгаж ч авсангүй. Хүн чинь юмыг дандаа мөнх юм шиг боддог. Багш нарыгаа хажууд мөнх байх юм шиг боддог байж. Тэгэхээр хүн чинь дараа болно доо гэж бодоод яваад л байдаг. Энэ бол монголчуудын хамгийн том дутагдалтай зан. Ялангуяа бидний мэргэжлийн хувьд миний хамгийн харамсаж явдаг юмны нэг энэ дээ. Маш олон хүнээс судалгаа авах ёстой л гээд яваад байдаг хүн чинь өөрийнхөө дэргэд байгаа улсуудыг тоодоггүй байхгүй юу. Манай хүүхдүүд (оюутнууд) ч бас эмээ өвөөгөө амьд байхад л нутаг ус, соёл заншлынх нь тухай бичиж авах хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Угсаатны зүйчийн хувьд анхных нь ажил тэр болох юм.

- Та гол төлөв Буддын шашныг сонирхож судалдаг бил үү?

- Миний ерөнхий сэдэв бол культ. Миний судалдаг, ажилладаг, сонирхдог сэдэв бол Монголын уламжлалт шашин шүтлэгүүдийн хольцолдол. Уламжлалт шашин шүтлэгт буддизм, бөө мөргөл, Төвөдийн бон, Христийн шашин, Энэтхэгийн хиндуизм орно. Энэ бүхэн яаж холилдсон юм бэ, бидний шашин ер нь юу юм бэ гэдэг ойлголтыг өөрийнхөө чадлаар нээх бол миний хүсэл мөрөөдөл. Ийм ажил гурав, таван жилийн дотор дуусахгүй. Жишээлбэл, бид өөрсдийгөө Буддын шашинтай эсвэл бөө мөргөлтэй гээд тодорхойлчихдог. Гэтэл үүний цаад талд бидний ахуйн зан үйл, заншил, үзэл бодол гээд буддизм, бөө мөргөлөөр тайлагдашгүй маш олон янзын юмс байна. Манай соёл гэдэг нь зөвхөн Энэтхэг, Төвөдийн буддизм, Монголын бөө мөргөлийн асуудал мөн үү, биш үү эсвэл илүү өргөн хүрээнд холилдсон уу гэдэг таамаглал гаргаад тэрийгээ шашных нь хувьд хөөж яваа хүн л дээ.

- Тэгэхээр би өөрийгөө Буддын шашинтай гэж тодорхойловч миний хийж буй зан үйл энэ шашных биш байж магадгүй гэсэн үг үү?

- Тийм. Бид буддизмаа бүрэн судлаагүй учраас яг Буддын ёсоор явна уу эсвэл бүр балар эртний Монголд энэ шашин дэлгэрэхээс өмнөх зан заншил уу гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Тайлбар нь өөр болчихсон ч зан заншил нь хэвээрээ байдаг. Тэгэхээр энэ бүрийг судална гэдэг сонин.

- Шашин шүтлэг нь хийж буй зан үйлээсээ зөрдөг ийм тохиолдлоос ярьж өгөхгүй юу?

- Жишээлбэл, Буддын шашны судар номд Үнэгэн сангийн судар гэж байдаг. Үнэгээр тахил өргөх ёсны тухай судар юм. Үүнийг судалдаг гурав дөрвөн ч хүн бий. Энэ судрыг үзээд ажиглахаар буддизм, Бурхан багшийн сургаалтай огт холбоогүй. Харин Долоон бурхан одны тахилга, бүр цаашилбал Төвөдийн бон шашны ёс болно. Бон бол Төвөдөд буддизм дэлгэрэхээс өмнө байсан шашин шүү дээ. Тэрнээс цаашилбал Персийн Заратустрагийн шашин болоод явчихдаг сонин юм бий.

     Нүүдэлчид гэдэг чинь шинэ юманд соргог, хэрэгтэй гэж үзвэл эрээлэхгүй авдаг улсууд л даа. Шашны үзэл өөрт нь хэрэгтэй санагдвал ямар ч шашин байсан эрээлэхгүй аваад хэрэглэчихдэг болохоор монголчуудын шашинд иймэрхүү үзэгдэл байдаг гэж боддог юм. Дахиад хэлэхэд буддизм, бөө мөргөлөөр тайлбарлаж болдоггүй тийм үзэгдлийг яриад байгаа юм л даа. Олон зүйл байна. Жишээлбэл, бидний мухар сүсэг гээд хаячихдаг зүйлс ямар нэг шашнаар тайлбарлах боломжтой л байгаа. Зүгээр мухар сүсэг гээд хаяж болохгүй. Заавал нэг тайлбартай л гэсэн үг. Тэр чинь нүгэл, нүгэл гэж явсаар тайлбар нь мартагдчихсан зүйл шүү дээ. Энийг бодож олж тайлбарлах нь бидний үүрэг байхгүй юу. Орчин үед ч ийм үзэгдэл зөндөө л гарч байна шүү дээ. Жишээлбэл, чи яагаад цүнхээ газар хаядаггүй юм. Яагаад ацтай шонгийн модны голоор явдаггүй юм бэ. Нэг шонгийн модны хоёр талаар яагаад гардаггүй юм гэх мэт энэ бүгд өөр өөрийн тайлбартай л байгаа. Магадгүй энэний тайлбар бидний буддизмаас өмнөх үеийнх ч байж болно. Хүн төрөлхтний сэтгэлгээний анхны үед үүссэн ч байж болно. Энэ бол бидний судалдаг шинжлэх ухааны зүйл л дээ.

- Ийм холын юмыг судлахад гол төлөв археологийн олдвор, баримт бичгийн судалгаанд төвлөрдөг үү?

- Ийм заншил, зан үйлд хамаарах шууд олдвор ховор. Харин бид сэргээн босгох онолын аргыг ашигладаг. Энэ нь хуучин цагийн материалуудыг олоод үйл ажиллагааны тогтолцоог нь олж тогтоогоод үйл явдлыг сэргээн судлах юм. Ийм сэргээн босголтын аргыг Бямбын Ринчен гуай сайн ашигладаг байсан. Жишээлбэл, “Заан Залуудай” романыг нь уншаад үз. Хүүхдийн зохиол биш ч хүүхэд уншиж болно. Том хүнд ч танин мэдэхүйн ач холбогдолтой. Энэ романыг хэн ч уншиж болно. Яагаад гэхээр Б.Ринчен гуай аль эрт арилаад алга болсон ёс заншлыг сэргээгээд биччихсэн байна. Мэдээж үүнийг буруу сэргээж болохгүй. Тухайн ард түмний хүлээж авах сэтгэлгээнд тулгуурлана. Тийм учраас Б.Ринчен гуайн сэргээсэн нь маш амжилттай болдог. Монголчуудыгаа маш сайн мэддэг байсан учраас тэр.

- Тэгвэл угсаатны зүйн судалгаа бидний амьдралд ямар хэрэгтэй вэ?

- Энэ асуулт зайлшгүй гарч ирнэ. Бид яах гэж энэ мэргэжлийг эзэмшээд байгаа юм бэ гэдэг асуулт гэсэн үг. Миний бодлоор угсаатны зүйч, нийгэм соёлын антропологич хүний амьдрал, соёлын утга учир, хүмүүсийн ялгарааг уг үндсээр нь тайлбарлаж мэдэх ач холбогдолтой. Үүгээрээ их сонирхолтой. Мөн чанараас нь таньж мэднэ. Бид соёл бүхэн өөр өөр гэж ярьдаг. Энэ бол соёлын харьцангуй чанарын онол. Тэр соёл бүрийг тус тусад нь хайрлах ёстой. Хооронд нь харьцуулж болохгүй. Харьцуулна гэдэг бол энэ нь сайн, энэ нь муу гэхийг хэлнэ. Тэгж болохгүй. Эцсийн эцэст өөрийн юм өөртөө зөв гэдэг шиг тухайн соёл нь тэр хүмүүсийн зөв. Бид ойлгохыг л оролдох хэрэгтэй. Тэр соёлыг өөрсдийнх нь үүднээс тайлбарлах ёстой. Хөндлөнгөөс хараад хэн ч тайлбарлаж болно. Харамсалтай нь, хөндлөнгөөс харж тайлбарлахад алдаа их гарна. Өөрсдийнх нь тайлбарлаж буйгаар тайлбарлах л гайхалтай сонин.

- Та ямар угсаатныг судалдаг вэ?

- Би Монголыгоо л судалдаг. Гадаадад явж бусад угсаатныг судална, олон угсаатныг харьцуулна гэдэг чинь хөрөнгө их шаардана. Манай антропологийн шинжлэх ухаан судалгаа хийх хөрөнгө мөнгөтэй болсон цагт л хөгжинө. Гэхдээ манай судлаачид хөрөнгө мөнгөгүй гээд зүгээр суугаад байсангүй. Олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, харьяалагдах байгууллага зэргээс боломжоороо хөрөнгө гаргаад судалгаа хийлгэдэг. Гэхдээ гадаад явж судлахаар хэмжээнд хүрээгүй. Манай оюутнууд гадаадын сургуулийн хөрөнгөөр судалгаанд явдаг юм. Бид бол тэгж явуулж чадахгүй. Тэгэхээр бидэнд хамгийн их боломжтой юм бол өөрсдөө өөрсдийгөө судлах болж таарна. Ингэхийн тулд хамгийн хэцүү юм нь өөрсдийгөө харийнхны нүдээр харах юм. Тэгэх юм бол бид судалгаагаа хийх бүрэн боломжтой. Мөн судалгааныхаа сэдвүүдээс хамаарна. Жишээлбэл, орчин үеийн судалгааны сэдвүүд хөрөнгө мөнгө их шаардах бол хуучин сонгодог маягийн судалгаа буюу бидний хэлдгээр “зөөлөн сандлын судалгаа”  буюу номын санд суугаад баримт бичгийн судалгаа хийхэд хөрөнгө мөнгө бага орно. Энэ бүхэн хүний өөрийн итгэл үнэмшлээс л шалтгаална. Эцсийн эцэст үр дүн нь адилхан. Монголчуудын мөн чанар, соёлын нууцыг л тайлах асуудал юм.

- Гэхдээ маш их явж судалгаа хийдэг ажил биз дээ?

- Угсаатны зүйч заавал явах ёстой л доо. Өнөөдрийн дэлхий дахины эрдэм шинжилгээний судалгааны чиг хандлага бол заавал өөрөө очиж, нүдээрээ харж, гараараа барьсан байх ёстой гэсэн шаардлага мөн. Тиймээс хээрийн судалгаа хийсэн эрдэмтэд үнэлэгддэг. Америк, Европт хээрийн шинжилгээ хийгээгүй эрдэмтдийг тоодоггүй. Тиймээс шинжлэх ухааны үндсэн шаардлагыг биелүүлэх ёстой. Өнөөдөр амьд байгаа Монголын соёлыг судалж байгаа хүн хөдөө гадаа явахаас биш яах вэ.

- Та Монгол орны бүх аймаг, сумаар явж судалгаа хийсэн байх?

- Бүх аймгаар явсан. Очиж үзээгүй хэдэн сум бий. Тухайлбал, Ховдын Булган суманд очиж үзээгүй. Тийшээ явах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь зүүн, төв хэсгийнхээ аймгуудаар явчихсан. Баруун тал руугаа явах гэхээр газар нь холдоод байдаг юм.

- Орон нутгаар явахдаа ямар судалгааны арга ашиглаж, яаж судалгаа хийдэг вэ?

- Манай нийгэм соёлын антропологийн хүмүүс их хөгжилтэй л дөө. Энэ маш сонирхолтой шинжлэх ухаан. Бидний ашигладаг үндсэн арга бол оролцон ажиглах. Энэ арга нь нутгийн иргэдийн дунд суух буюу хамгийн багадаа нэг нутагт 3-6 сар амьдрах юм. Тэр нутгийн иргэдийн амьдралд эгэл жирийн гишүүн нь болж оролцдог. Тэгэхдээ давхар ажиглана гэсэн үг. Ингэхдээ хүмүүсийн үйл ажиллагаа, амьдралын явцыг хэвийн нөхцөлд нь ажиглана. Зохиомол нөхцөл үүсгэж болохгүй. Жилийн дөрвөн улиралд нэг юмыг ажиглахаар амьдралын нэг циклийг өнгөрүүлчихнэ шүү дээ. Ингэж ажиглахад хүний амьдралын ердийн шинж гараад ирнэ л дээ. Тэгэхгүй нэг удаа очоод амьдрал, соёлынх нь мөн чанарыг шууд таньж ажиглана гэдэг тун хэцүү. Яагаад гэхээр танихгүй хүнд хүн чинь барагтай бол юмаа ярихгүй, өөрийнхөө амьдралд оруулахгүй. Наад зах нь эдийн засгийнхаа амьдралд оруулахгүйг бодно биз дээ. Тэгэхээр урт удаан хугацаанд судалгаа хийдгийн учир нь энэ юм. Сүүлийн үеийн хүүхдүүд бол орчин үеийн асуудалд илүү анхаарч судалдаг болчихоод байгаа.

- Өнгөрсөн үеийн судалгааг яаж хийдэг вэ?

- Дөрвөн талт антропологи бий. Энэ нь өмнө хэлсэнчлэн хүний биеийг судалдаг физик антропологи, эртний олдвор юмсыг судалдаг археологи, хэлний гарал үүсэл, онцлогийг судалдаг хэлний антропологи, тэгээд нийгэм соёлын антропологи юм. Энэ дөрөв бол хүн, нийгмийн амьдралын үндсэн талууд шүү дээ. Эдгээрээс нийгэм соёл болон хэлний антропологийн зарим тал, физик антропологи, археологи бол өнгөрсөн үе рүү л хандаж судалгаа хийдэг. Тэгэхээр бид ийм маягаар өнгөрсөн үеэ судалж болно. Би оюутнууддаа нэг зүйлийг ярих дуртай. Хүнийг судална гэдэг маш хэцүү. Хүн чинь ямар баялаг, ямар олон талтай амьтан билээ. Физик, нийгмийн бүх шинж нь хязгааргүй олон талтай амьтан. Тэгэхээр энийг судална гэдэг бол хэцүү. Гэхдээ судлах ёстой. Заримдаа хүн судлал шинжлэх ухаан мөн үү, биш үү гэдэг асуудал гардаг. Хүн судлалын том эрдэмтэн Клиффорд Герц “Хүн судлал бол шинжлэх ухаан бус, үндэслэлтэйгээр тайлбарлан таниулах явдал” гэж хэлж байсан. Бид ерөөсөө шинэ юм нээдэггүй байхгүй юу. Дандаа хуучин зүйлийг тайлбарладаг. Тэр утгаараа бид өнгөрсөн үетэйгээ холбогдоно. Тэгэхээр өнгөрсөн үе, түүх, гарвал, угсаажилт, зан заншил, хэл, соёл гээд бидний мэддэг бүх зүйл одоо ба өнгөрсөн цаг дээр л бий. Ихэнх нь өнгөрсөн цаг дээр байдаг. Яагаад гэхээр цаг хугацаа яваад бүх зүйл түүх болж хувирч байгаа. Тэгэхээр түүхийг өнгөрсөн цаг дээр судална. Ямар ч аргаар судална, хамаагүй. Бид чинь хувь хүний дурдатгал судлалаас эхлэн түүхийн бүх аргуудыг ашиглана. Түүхчээс нэг ялгаатай нь тэр бүх арга дээр нэмээд аман түүхийн судалгаа хийж хүмүүстэй ярилцдаг. Түүхийг хуучраагүй байгаа дээр нь авч үлдэж болно.

- Та байрлаж судалгаа хийж байсан айлуудынхаа сонин сайхнаас хуваалцаж болох уу?

-Би гадаадад очиж судалгаа хийгээгүй. Дандаа Монголдоо байсан. Ер нь сонин содон юм бол их л дайралддаг. Гэхдээ энэ асуултыг орхьё. Яагаад гэхээр тэр айлын хувийн асуудал болчихно.

- Угсаатан зүйчийн хувьд таны анзаарсан онцгой зүйлс гэвэл?

- Би нэг юманд эмзэглэж явдаг юм. Хөдөө экспедицээр явж нэг суманд очлоо. Сумын удирдлагууд болоод уулзсан хүмүүс нэг баг руугаа ер явуулахгүй саад хийгээд байхгүй юу. Тэгээд бүр гайхаад асуувал “Тэндээс асуугаад байх юмгүй дээ. Янз янзын нус шүлсээ гоожуулсан хүмүүс л бий” гэж байна. Тэр хүмүүс нутгийнхаа нэр хүндийг бодож байна шүү дээ. Нутгийнхаа тэр хэсэгт цус ойртсон гэсэн хаяг зүүчхэж. Тэр тусам нь би зөрөөд явж очоод “Ямар шалтгаанаар ингэсэн бэ?” гэдэг асуудлыг анх удаа ноцтой бодож үзэж байгаа юм. Үнэхээр ганц нэг сэжигтэй болсон хүмүүс байна. Байдаг шүү дээ, хаа сайгүй. Тэгээд энэ юунаас болов гээд асуугаад ярилцаад үзэхээр нийгэм гэдэг чинь өөрсдөө нэг хэсгийгээ аргагүй тийм байдалд оруулаад байдаг юм биш үү гэсэн бодол төрж байгаа юм. Тэр хүмүүс дуртайдаа биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр хэсгийнхэн цус ойртсон гэсэн нэг цуу яриа гарахад тэр нутгийнхан тухайн хүмүүстэй ханилж суухаа больчихдог. Ийм тохиолдолд энэнээс мултрах хоёрхон арга бий шүү дээ. Нэг бол хол явах, нөгөө бол тэндээ өөрийнхөө нутгийн хүмүүстэй суух арга үлдэнэ. Тэгээд би эцэст нь, ерөөсөө бид өөрсдөө хүнийг ийм байдалд оруулдаг юм байна гэж бодсон. Тэр үед маш их эмзэглэж, нэг хэсэг их аймшигтай санагдаж байсан. Тэгээд хүүхдүүд нь тэр тойргоос гарахын тулд хаа очсон газраа шингээд үлдчихдэг. Буцаж очдоггүй юм билээ.

- Та мэргэжлийн ёс зүйн талаас өмнөх асуултад хариулахаас татгалзав уу?

- Ер нь угсаатны зүйч нарт этгээд сонин зүйл их тохиолдоно. Тэр бүрийг яриад байж болохгүй. Бид ямар байгаль судлаач биш. Дандаа хүнтэй холбогддог. Хүнтэй холбоотой учраас ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүний амьдрал руу хүчээр дайрч орчихоод тэрийгээ сүүлд нь хамаагүй дэлгэж болохгүй. Тэгэхээр угсаатны зүйч хүн нууцтай байдаг. Бүгдээрээ л нууцтай. Монголчууд цөөхөн учраас ямарваа нэг зүйлийг ярьчихвал буцаад тэр нь нөгөө хүндээ очих магадлал ихтэй. Нэр усгүй очлоо ч гэсэн тэр хүн гомдоно шүү дээ. Тийм  учраас антропологичийн ёс зүйн дүрэмд энэ талаар сайтар тусгасан. Хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд бид бүх зүйлээ зориулж байх хэрэгтэй. Мэргэжлийн ёс зүйн хувьд бид судалгаанд оролцогчийн талд байх ёстой юм. Тэр хүний эсрэг байх ёсгүй.

- Хэрэв мэргэжлийн ёс зүйг зөрчвөл яах вэ?

- Зөрчвөл тэгнэ гэсэн хууль манай эрдэм шинжилгээнийхэнд байдаггүй. Ёстой хүн чанарын шийтгэл болно доо. Хүн өөрөө өөрийгөө л шийтгэнэ гэсэн үг. Өөрийгөө сэтгэл санаагаараа шийтгэж насан туршдаа хэцүү байдалд явна гэдэг бол хамгийн хэцүү шийтгэл. Тийм учраас угсаатны зүйч, антропологич хүн энэ талаар байнга бодож их хариуцлагатай явах ёстой юм. Бид харахад гэмгүй ажил хийгээд байгаа мэт боловч хийсэн ажил нь цаад талдаа хүнд нөлөөлөх боломжтой. Иймээс энэ ёс зүйг бид бат сахиж хадгалж явах ёстой л доо.

- Угсаатны зүйч мэргэжлээр суралцаж байгаа хүүхэд хэр олон байна вэ. Монголд энэ мэргэжлийнхэн хангалттай бий юү?

- Энэ мэргэжлийнхнийг 2000 он хүртэл Орост бэлтгэдэг байсан. Маш цөөхөн хүн байлаа. Манай Х.Нямбуу багш санаачлаад үндэсний угсаатны зүйч мэргэжилтэн бэлтгэхээр болсон юм. Тэгээд 1993 оноос эхэлж хөөцөлдөөд 2001 онд анхны төгсөлтөө хийсэн. Ерөнхийдөө нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалаад манай хүүхдүүдэд яг угсаатны мэргэжлээр хангалттай орон тоо байхгүй. Улс тогтоод ирэхээр энэ салбар хөгжих гарцаагүй. Яагаад гэхээр манай энэ мэргэжил бүх нийгмийн шинжлэх ухааны төвд нь байдаг. Иймээс ямар ч ажил хийх чадвартай, ямар ч сэдвээр бэлтгэгдсэн байдаг. Гэхдээ хүний хувьд хангалтгүй. Гэхдээ энэ бол зөвхөн тооны хувьд шүү. Илүү олныг бэлтгэж илүү ухамсартай мэргэжилтэн гаргах ёстой. Тэгж байж бид Монголынхоо хийгээд дэлхийн соёлын мөн чанарыг танин мэдэж амьдралдаа ашиглах боломжтой болно.

- Та бүхний хийсэн соёл, зан заншил, араншин, хэл гээд бүх төрлийн судалгааны үр дүнг орчин үеийн бизнес, менежментийн салбарт хэр ашигладаг вэ. Магадгүй зар сурталчилгаа хийхэд их хэрэг болох байх?

- Бүх юманд ашиглана. Түрүүн хэлсэн шиг нийгмийн шинжлэх ухааны төв учраас хүнтэй холбоотой бүх юманд угсаатны зүйн мэдлэгийг ашиглаж болно. Наад зах нь урлаг тэр чигээрээ угсаатан. Улс төр тэр чигээрээ угсаатан. Монголчуудын эсвэл хүний тухай хэн юу ярьж байна тэр л нийгэм соёлын антропологичдын ажил шүү дээ. Гайхалтай өргөн хүрээнд ажилладаг.

- Угсаатны зүйчдэд гадаад хэлний шаардлага хэр вэ?

- Хэл бол шинжлэх ухаан биш хэрэглээ. Мэдээж угсаатны зүйч хүнд хэл чухал. Ядаж ойр хавийнхаа угсаатныг судлахгүй бол ямар юмных нь угсаатан зүйч болох билээ. Хятад, Орос, Солонгос, Японыг гээд Монголтой холбоотой болгоныг судлах хэрэгтэй. Тийм учраас би оюутнууддаа “Та нар хэлгүй бол хэн ч биш” гэдэг. Хатуухан үг л дээ. Гэхдээ үнэн. Тухайлбал, судалгааны хоёр хэлтэй байх ёстой. Манж, төвөд, эртний хятад, араб, түрэг хэлтэй байж болно. Судалгааны хэл бол зайлшгүй. Ер нь аливаа хэл бол тухайн угсаатныхаа соёлыг өөртөө агуулдаг соёлын консерв гэж болно. Бүх соёл хэлээр дамждаг. Тэгэхээр аливаа хэлийг сурна гэдэг бол тухайн ард түмний соёлд суралцаж байна гэсэн үг. Хэл сурахад сэтгэх аргаас нь эхлээд сурдаг.

- Та ямар хэлээр судалгаа хийдэг вэ?

- Би хэл муутай хүн л дээ. Их сургуулийг төвөд судлаач мэргэжлээр төгссөн. Харин төгсөөд Х.Нямбуу багшийгаа дагаж угсаатан зүйч болсон. Тэр үед манайд мэргэжлийн угсаатны зүйч бэлтгэдэггүй ч байж. Ер нь тухайн үед ШУА-д л хэд хэдэн мэргэжлийн угсаатны зүйч байлаа. Тэдний нэг нь Цэрэнханд багш. Их хөнгөн шингэн хүн бий. Угсаатны зүйч хүнийг хөнгөн шингэн болгодог мэргэжил шүү. Хэлний тухайд толь бичиг бариад манжаар уншина. Ерөнхийдөө орос, англи хэлэнд тулгуурлаад судалгаагаа хийдэг. Хэлийг сурсан гэхэд ямар түвшинд сурсан бэ гэдэг нь хэцүү шүү дээ.

- Урд Өвөр Монгол, хойно Буриад, Тува байна. Зан заншлын хувьд адил тал нь хэр их байна вэ?

- Ер нь зан заншил адилхан байх албагүй. Харин адилхан байдаг хэдэн элемент л бий. Тэр элемэнтүүд байхад л нэг соёл болно. Жишээлбэл, овоо тахих. Хэрвээ чулуу өргөх ёс байх юм бол тэнд овоо тахилга байна л гэсэн үг. Соёл гэдэг чинь мөнхийн зүйл биш. Цаг үе өөрчлөгдөхөд түүнд өөр юмс нөлөөлж болно. Оросын нөлөө Тува, Буриадад, Хятадын нөлөө Өвөр Монголд бий. Бид социализм гэж яваад олон юмаа алдаж байхад Өвөр Монгол дахин сэргэж байсан. Буриад, Тува ялгаагүй манайхан шиг байсан бол 1990 оноос үндэсний ухамсар нь сэргэж байна. Гэхдээ манай улс тусгаар тогтносон улс учраас монгол хүний оршихуй, эс оршихуй биднээс хамаарна. Бид олигтой байж л монгол гэдэг угсаатныг дэлхийд данстай хэвээр нь авч үлдэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.