images

Барилгын мастер Т.Намсрай: А.Филатовагийн цэцэрлэгийг Увсад хамгийн анх би барьж байлаа

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2023-05-12


Увс аймгийн өндөр настан, мэргэжлийн өрлөгчин, барилгын мастер Тогтохын Намсрай гуай манай “Мэргэжил бүхэн сонин” буланд уригдаж ийн ярилаа.

- Та хаана барилгын мэргэжил эзэмшсэн бэ?

- Долоон жил сураад дунд сургуулиа дүүргэдэг тийм үе байлаа. Би бусдын адил сургуулиа тэгж төгсөөд Баян-Өлгий аймгийн ТМС-д очиж өрлөгчний мэргэжил эзэмшин дөрөвдүгээр зэрэгтэй болсон юм. Тэгээд аймгийн барилгад долоон жил ажиллаж, өрлөгчин хийхдээ сайн гэж мандаад аварга болж, бригадын даргаар дэвшив. Нэгдсэн бригадын даргын ажлыг бас сайн хийгээд, дахиад хэд хэдэн удаа аварга болоотохсон чинь намайг шууд мастераар тавилаа. Би чинь ТМС төгссөн учраас мастер хийж болохгүй. Мастер гэдэг чинь Барилгын техникум төгссөн дунд мэргэжлийн хүнийг хэлдэг байхгүй юу. Тэгсэн шалгалт шүүлгийн улс ирээд “Та нар яагаад өрлөгчин хүнээр мастер хийлгэж байгаа юм” гээд хэрэг мандлаа. Тэгтэл  манай байгууллагын дарга намайг туршлагатай гэж үзсэн юм уу даа, шууд Барилгын техникумд 45 хоногийн курст суулгаад техникч гэсэн үнэмлэх өгч байгаа юм. Тэгээд л боллоо. Үнэмлэхтэй хүн чинь тэр ажлыг хийхэд нүүр бардам болно биз дээ.

     Барилга дээр том том барилгын инженерүүд сургууль төгсөөд ирдэг л юм. Тэгснээ юу ч мэдэхгүй бидний амыг харна. Тайлан мэдээ яаж гаргахаа мэдэхгүй. Зөвхөн барилгын тооцоо гаргаж чаддаг нөхдүүд л ирдэг. Нарийн ширийнийг нь мэддэггүй гэсэн үг. Баахан онол л мэдэхээс практик байхгүй. Биднийг дагаж л юм сурна. Бид чинь дунд мэргэжлийн амьтад боловч олон жил ажиллачихсан учраас инженерүүдэд бараг л багшилна даа.  

- Өрлөгчний дөрөвдүгээр зэрэг гэдэг том зэрэг үү?

- Хамгийн дээд зэрэг нь. Өрлөгчний мэргэжил нэгээс дөрөв хүртэл зэрэгтэй байдаг юм. Би онц төгссөн учраас тэр зэргийг авсан хэрэг. Дөрөвдүгээр зэрэгтэй хүн ажлын байранд гараад очиход дарга нарын хандах нь хүртэл өөр байдаг юм.   

- Увс аймагт таныг маш олон барилга барьсан гэх юм?

- Би барилга дээр 36 жил ажилласан. Тэгэхдээ Улаангомд уран зургийн галерей барилаа. Зуун суудалтай хоолны газар барьсан нь одоо ч бий. Мөн галын депо барьсанд сүүлд аймгийн Онцгой байдлын газар орчихлоо. Материал техник хангамжийн газар гэдэгт гурван том агуулах, мянган тонны сарай гээд том барилга байдгийг барив. Хөдөө сумдад болохоор А.Цэдэнбал-Филатовагийн Хүүхдийн төлөө фондын цэцэрлэгүүд барьсан. Аймгийн хэмжээнд хамгийн анх би Өлгий сумд барьсан болохоор хөдөө тийм цэцэрлэг барихаараа л тэнд намайг томилчихдог болсон юм. Би тэрийг Өндөрхангай, Өлгий, Улаамгом гээд Увсын гурван сум, Өмнөговь, Завхан аймагт барьсан. Хөдөө сумдад голдуу эмнэлэг, сургууль, дотуур байр барьсан даа. Нэг барилга барихаараа яг тиймээр дагнаж бариад сурчихдаг юм. Тэгэхээр нь дарга нар тэгж дагнаж томилоод байдаг. Голдуу хоёр, гурван давхар л барилга барьж байсан юм. Дээр үед кран, машин механизм гэж юу ч байсангүй. Шат тавиад нуруун дээрээ үүрч зөөнө. Тэгж л ажилладаг байсан. Сүүлийн үед техник орж ирээд сайхан болжээ.

- Тэр үеийн нам засгийн дарга нар дунд Увс аймгийнхан цөөнгүй байлаа. Та тэдэнтэй уулзаж байв уу. Аймаг орон нутгийнхаа барилгажилтад их анхаардаг л байсан байх даа?

- Тээр жил Увсын Хяргас сумыг уулнаас буулгаж цагаан газарт нүүлгэх Засгийн газрын тогтоол гарсан юм. Анх байсан нь өвөлдөө хүн хүрч болдоггүй хангай газар байхгүй юу. Тэгэхээр Хяргас сумыг доошоо юүлэх шаардлага гараад шинэ төвд бүгдийг шинээр барь гэв. Тэгэхэд тухайн үеийн Засгийн газар буюу Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай байсан. Хяргасын хүн л дээ. Шинэ төвийн барилгуудыг барьж байх үед Ж.Батмөнх дарга үзэхээр эхнэртэйгээ ирлээ. Би барьж буй барилгын мастер юм чинь уулзана биз. Даргыг хүлээж авч каск өмсүүлээд ярилцлаа, бүх юмаа танилцууллаа, зургаа авхууллаа. Даргад нэг сайхан эр хонь хийгээд өгчихье гэж бодоод хайж хайж оллоо. Тэгсэн чинь тусгай тогоочтой гээд иддэггүй юм байна. Тэгээд явсан хойно нь бид өөрсдөө хуваагаад идчихэж билээ (инээв). Нэг сайн мах чанаад өгчихье л гэж бодсон хүн байхгүй юу. Эхнэр нь Дариймаа гээд багш хүн байв. Буриад хүн. Би тэгэхэд сайн танилцсан л даа. Ж.Батмөнх гуай “Миний төрсөн нутаг байгаа юм. Хуучин төвийг буулгахаас өөр аргагүй боллоо. Өвөл машин гарч болохгүй. Эмнэлгийн тусламж авч чаддаггүй, хэцүү гэж хүмүүс удаа дараа хүсэлт тавьсан юм. Тэгээд бид судлаад зөвшөөрсөн нь энэ юм. Чанартай сайн барилга барьж өгөөрэй” гэж билээ. Даргын ярьдаг аргагүй үнэн байв. Өвөл нь цас маш их унадаг, хүн өвдөөд эмч очих болохоор трактортой явахаас нааш хүрдэггүй тийм газар байж билээ.  

- Энэ 36 жилд та нийт хэдэн барилга барьсан бэ?

- Улаангомоос гадна зургаа, долоон суманд манай бригадынхан 40 гаруй барилга барьсан юм. Намайг Ахмадын холбооноос шагналд тодорхойлоход тийм тоо гарсан байсан. Тэгэхэд би тодорхойлолтоо харахад сайнаас онц төгссөн, байгууллага, улсын аварга болж байсан юм билээ. Барилгын бригад бол ерэн хэдэн онд тараад алга болсон. Биднийг хувийн компанийнхан таньж мэдэхгүй болохоор тэгээд л хаягдсан даа. Тэр үед шагнал ховор ирдэг байж. “Алтан гадас” нэг суманд хоёр ирнэ. Одоо бол шагнал жаахан хавтгайрсан байна. Эзэндээ зарим нь очно, зарим нь очихгүй юм. Дээр үед бол яг үнэн шударгаар ирж байлаа.

- Орчин үеийн барилгыг алдаа дутагдал ихтэй гэдэг, таны нүдэнд бол тун илэрхий байдаг байх даа?

- Өө, зөндөө. Бидний үед барьж байсан барилгын чанарын гучин хувь ч байхгүй. Одоо би Увс аймагт долоон давхар орон сууцны түрээсийн байранд амьдарч байна. Хавтан хучилт байхгүй байр юм. Давхруудын хооронд зургаан нүхтэй, 22 см зузаан, бетонон арматуртай хавтангаар хучдаг юм шүү дээ. Тэгэхээр даацаа ч авдаг, дуу ч тусгаарладаг. Одоо тэр бетонон хавтан байхгүй. Ингэж барилгыг хулхидаад тавхан см арматуртай хучилт хийчхэж байгаа юм. Тэгэхээр дээд айлд хүүхэд шуугих, уйлах дуулдахаас авахуулаад маш чанаргүй болсон байна. Материал нь их сайхан болсон ч чанаргүй барилга барих юм. Бидний үед бол хэцүү байв. Тэр үеийг бодоход одоо машин механизм нь ч сайхан. Зуурмагийн машин нь цементээ зуураад тэвш рүү юүлээд дээш гаргачихдаг тийм гоё болжээ. Бид бол голдуу гараараа л хийж байв. Тэгэхдээ чанартай сайн хийж байсан.

   Бидний үед 64 сантиметрийн өргөнтэй 64-ийн хана гэж хийнэ. 51 сантиметрийн хана хийнэ. Одоо бол ердөө гучин наймхан сантиметрийн зузаан ханатай. 38 сантиметр бол дотор ханын зузаан. Дотор ханын өргөнтэй гадна хана хийчих юм. Дунд нь хөөс хийгээд 38 шүү дээ. Тэгэхээр чинь салхи орно. Хананаасаа эхлээд чанаргүй болж байгаа юм. Тоосго, бетонон барилгууд зуун жилээс дээш настай байдаг. Гэтэл одоо баригдаад ашиглалтад оруутаа маргаашийн шуурганд нурж байна.  

- Сайн барилга барихын тулд яах ёстой вэ?

- Ерөөсөө сайн барилга барья гэвэл сууриа сайн хийх хэрэгтэй байдаг. Барилгын хамгийн гол даац нь суурь шүү дээ. Доошоо газар ухаад сайн хийх хэрэгтэй. Тэгээд ханыг тоосгоор өрнө. Одоо бол блокоор өрөөд байна. Шатаасан улаан тоосгоор өрөөд дунд нь түрхэвч гээд бетонон арматур босгоод явдаг юм. Тэгж байж л барилга чанартай болно. Тэгээд миний өмнө хэлсэнчлэн хавтан хучилтыг хийвэл зуугаас дээш жилийн настай болдог. Одоо бол гоё зүстэй хэрнээ чанаргүй барилга барьдаг болж. Бараг чангахан цохивол цоорч унахаар юм хийж байна.

- Уг нь барилга хүлээж авах стандарт өөрчлөгдөөгүй баймаар юм, тийм үү?

- Стандарт гэж бий. Даанч түүнийх нь дагуу дарга нар хүлээж авахгүй байна. Уг нь барилгыг үе шат бүрээр нь хүлээж авдаг юм. Эхлээд суурийг нь шалгана. Тэгээд зөвшөөрөл өгсний дараа өрлөгөө хийдэг. Одоо байхгүй. Өрж өрж барилга ашиглалтад орохын өмнө хэдэн хүн ирээд хүлээгээд авчхаж байгаа юм. Түүнээс биш суурь, хана, засал, сантехник, цахилгаан, дээвэр, будаг, шохой гээд үе шат бүрээр нь шалгаж байж ашиглалтад орно. Тэгэхээр маш чанартай болдог. Хоёрдугаарт, тэр барилгыг бариулж буй захиалагч байгууллага гэж бий. Яам, ямар нэг албан газар, контор байгаа. Жишээлбэл, цэцэрлэгийн барилгыг боловсролын газар хүлээж авдаг юм. Тэд нар биднийг барьж байхад ирж хяналт тавина. Тусгай мэргэжлийн хүнтэй хамт ирээд зураг төслийг нь үзээд шалгачихдаг байлаа. Одоо бол нэг л удаа ажлын комисс ирж байна. Тухайн үед ажлын комисс ирэхээрээ тэр өрөөнд тийм зүйл дутуу гээд бүгдийг нь бичээд өгчихдөг юм. Тэр бүх дутууг гүйцээсний дараа улсын комисс хүлээж авна. Тэгж л чанартай болдог.

- Сүүлийн үед барилгын дулаалгыг хөөсөн хавтангаар их хийж байна?

- Галд хамгийн их шатдаг зүйл хөөс гэдгийг хүмүүс ер мэдэхгүй юм аа. Модон барилгаас ч илүү амархан шатдаг. Дээр үед дулаалгыг шилэн хөвөнгөөр хийнэ. Шилэн хөвөнг хулганын нүх рүү хийхээр хулгана наалдаад үхчихдэг. Хортой, юманд их наалддаг шар хөвөн байсан. Тэр бол хэзээ ч шатахгүй. Тэгэхэд тийм материалаар баривал шатахгүй гэсэн стандарт байлаа. Гадна талыг нь хөөсөн хавтангаар хийхээр хөөсөө дагаад гадна тал нь шатаад байхгүй болдог.

   Яахав, одоогийн юмыг бүгдийг муу хэлж болохгүй л дээ. Цонх, хаалга, сантехник, цахилгаан нь сайжирчээ. Гоё болох юм нь их гоё болсон. Дээр үеийн модон цонхыг голдуу чийгтэй модоор хийнэ. Тэгэхгүй бол шуурахаар зай гараад хүйтэн оруулаад байдаг юм. Одоогийн энэ вакуум цонх их сайн юм. Гэхдээ олон янз. Бид мууг нь авч хэрэглээд байна. Улсын үйлдвэрийн сайн вакуум цонх хийвэл цантахгүй. Одоо би бас тийм л байранд байна. Миний цонх гурван жил болоод л сийгээд, хаймар нь элэгдэнэ. Тэгэхээр нь би хаймрыг нь сольж байна.

- Барилга барина гэдэг олон талын хүчин зүйл оролцож урт хугацаанд бүтэж бүрэлддэг ажил. Эхнээсээ дуусталх бүхий л үйл явцын хамгийн сайхан үе нь таны хувьд аль вэ? 

- Барилгыг ашиглалтад өгөөд гарын үсэг зуруулах тэр хугацаа маш гоё. Тэгж ашиглалтад өгөх гэж бид арав хоног нойргүй явдаг юм. Тэндээ гэрэл цахилгаанаа тавиад хонодог. Ашиглалтад авахаас өмнө өөр нэг ажлын комисс ирнэ. Дараа нь жинхэнэ комисс ирнэ. Тийм шат дараалалтай. Тэр бүхнийг дамжиж байж гарын үсэг зуруулдаг байлаа. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч өнөөдөр миний хийсэн юм нүдэн дээр үзэгдэж байна. Аймгийн төвөөр явж байхад өөрийн барьсан барилгууд бий. Тэгэхээр нь би хүүхдэдээ “Энэ аавын чинь тэдэн онд барьсан барилга” гээд ярихаар их сайхан байдаг юм. Ийм л сайхан, нүдэнд үзэгдэх юмтай мэргэжил дээ.  

- Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.