images

Шувуу судлаач Э.Түвшинжаргал: Энэ түмэн янзын амьтдаас, судлахад хамгийн хэцүү бөгөөд сонирхолтой нь шувуу

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2022-10-25


     Данийн иргэн Мортинсан 1890 онд нэг төрлийн тодол шувуунд гар хийцийн бөгж зүүж таних тэмдэглэгээ тавьснаар бөгжлөх аргыг шувуу судлалд түгээмэл хэрэглэх болжээ. Улмаар дэлхийн өнцөг булан бүрд шувуу бөгжлөх сууринууд үүссэн байна. Харин манай улс анх 2015 онд шувуу бөгжлөх сууринтай болсон нь өдгөө дөрөв болжээ. Тус сууринуудын нэг Хэнтий аймаг дахь Хурхын шувуу бөгжлөх суурины зохицуулагч, шувуу судлаач Э.Түвшинжаргалтай  ярилцлаа.

-Нийгмийн ухааны салбартай харьцуулахад байгалийн ухааны салбарын мэргэжлийг хүүхдүүд бага сонгодог. Та яагаад биологич мэргэжлээр сурах болсон бэ?

-Дунд сургуульд байхаасаа хуульч эсвэл биологич болъё гэж боддог байлаа. Эгч маань хуульч мэргэжилтэй. Салбартаа багагүй ажиллаад сайн мууг нь мэдчихсэн учраас хуульч хүн ямар байдаг, ямар үүрэг хариуцлага хүлээдэг талаар надад хэлж өгсөн. Гэрийнхэн маань ч нэг гэрт хоёр хуульч дэмий гэж ярилцсанаар өөр мэргэжил эзэмшихээр шийдсэн юм. 

     Анх биологийн шинжлэх ухаан ургамал, амьтан судалдаг гэхээс өөр юм мэдэхгүй хэр нь яагаад судлах ёстой, юунд хэрэгтэй юм бол гэсэн асуултууд толгойд байсаар л байлаа. Эхний жил мэргэжлийн хичээлүүдээ үзээд нүд нээгдэж, сонирхолтой болж эхэлсэн. Анхны хээрийн судалгаагаа 2013 онд "Зэрлэг амьтан судлах, хамгаалах хүрээлэн"-д хийж "Идлэг шонхрын хиймэл үр төсөл" дээр ажиллав. Түүнээс хойш тогоруу, усны, махчин, жижиг гэх мэт төрөл бүрийн шувуу судлах төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, олон зүйл сурсаар байсан. Ер нь амьд биес, шувуудын амьдралыг шинжлэх ухаанаар тайлбарлахад эргэцүүлэх зүйл ихтэй, сонирхолтой. Одоо бол мэргэжилдээ хайртай, бүр дурладаг.

-Таны мэргэжилдээ ингэтлээ дурлах шалтгаан юу байв?

-Ер нь мэддэг хэр нь мэддэггүй зүйлсийг танин мэдэх үндсийг байгалийн шинжлэх ухаанаас олж хардаг. Шинжлэх ухааны эцсийн зорилго танин мэдэх л байдаг. Тэнгэрт нисдэг шувуудыг гартаа бариад нас, хүйс, амьдралын онцлогийг таньж мэднэ гэдэг багагүй хөдөлмөр шаардах ч гайхалтай мэдрэмж өгдөг. Тиймдээ ч биологийн олон зүйлийн амьд биетээс шувуу маш хэцүү мөртөө сонирхолтой нь. Сүүлийн жилүүдэд миний амьдралын хэв маяг яг л шувуудын нүүдэл шиг хэмнэлтэй болчихжээ.

     Байгалийн сайханд дуртай ажлаа хийнгээ өөрийгөө цэнэглэх нь хамгийн сайхан. Хөдөө ажлаа хийж байхдаа стрессгүй тайван. Хүн ер нь өөрийн амар амгаланг олж, бүтээж чаддаг байх хэрэгтэй санагддаг. Дутагдалтай ганцхан зүйл нь эмэгтэй хүн олон сар хоногоор хөдөө явахаар ар гэртээ анхаарал хандуулах цаг багасаж, мөн жаахан ядардаг.

-Таны амьдрал шувууны нүүдэл шиг хэмнэлтэй болсон гэлээ. Ер нь шувуу судлаачийн ажлын онцлог ямар байдаг вэ?

-Шувуу нүүдэллэн ирэхэд гэрээсээ гарч, буцахад нь харина. Шувуу судлаачийн амьдрал ийм л байдаг. Зуны цагт гэрийн бараа харах нь ховор. Хүмүүс зун амарч зугаалж байхад хөдөө ажилласаар л байдаг. Учир нь ажлын байр маань тэнд. Шувуудыг дагаад судлаад л, судалж мэдсэнээ хүмүүст хүргэж ажлынхаа үр дүнг гадаад дотоодын сэтгүүлд нийтлүүлэхэд их урамтай. Ид ажлын үедээ үүрийн дөрвөн цагаас шөнийн 12 цаг хүртэл ажиллаад орондоо орох нь бий. Шувуудыг судлахын тулд тэднийг олж харах боломжтой идэвхтэй тэр үеийг алдахгүй сайн ажиглаж байх хэрэгтэй.

-Монголын шувуу бөгжлөх сууринууд ямар ажил хийж байна вэ?

-Манайд шувуу бөгжлөх суурин дөрөв бий. Хэнтий аймагт Хурхын, Сүхбаатар аймагт Дарьгангын, Ховд аймагт Ховдын шувуу бөгжлөх суурин бий. Тус газрууд "Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв"-ийн харьяанд байдаг. Гол зорилго нь удаан хугацааны мониторинг судалгаа хийх, залуу биологич, оюутан залуусыг дадлагажуулах, хээрийн судалгааны бааз болох юм. Манайд гаднын олон шувуу судлаач, сайн дурынхан, оюутан залуус ирж, шувуу бөгжлөхөд оролцдог. Ингэснээр хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна тэднээс суралцах зүйлс арвин. Шувуу бөгжлөх сууринууд дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 15, намар наймдугаар сарын 10-наас аравдугаар сарын 20 хүртэл жижиг шувуудын нүүдлийн судалгааг тасралтгүй хийдэг. Бусад үед судалгаанаас гадна нутгийн иргэдийг түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Шувуудыг барьж бөгжилнө гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэднийг бөгжлөхийн тулд яаж барьж авдаг юм бэ?

-Шувуу судлалд барьж бөгжлөх, харж бүртгэх, тэмдэглэх, сансрын радио дохио дамжуулах төхөөрөмж суулгах аргуудыг түгээмэл ашиглана. Бид жижиг шувуудыг барьж бөгжлөх аргаар судалдаг. Бидний регистрийн дугаар дахин давтагддаггүй шиг шувууны хөлд өөр өөр бөгж зүүж тоо толгойг нь бүртгэнэ. Шувууг бөгжилснөөр тэдний амьдралын түүх, насжилт, мэнд үлдэлт, нүүдэл шилжилтийг мэдэх боломжтой. Мөн үл үзэгдэх босоо тор татаж, тухайн бүс нутгаар дамжин өнгөрч байгаа шувуудыг барьдаг. Торонд орсон шувуудыг сууриндаа авчраад, хөлд нь бөгж зүүж, далавч, сүүл, шилбэ, хошуу, биеийн жинг нь хэмжчихээд аль болох хурдан байгальд нь буцааж тавина. Баригдсан шувуу бүрийг зүйл болон дэд зүйлийн түвшинд ялгаж нас, хүйсийг нь тодорхойлоод зургаар баталгаажуулдаг.

      Шувуудын нүүдлийн үед үүрийн гурван цагт босож судалгаандаа гараад өдөр тэдний идэвхжил буурах үед амсхийнэ. Орой нь үргэлжлүүлэн махчин шувуудын судалгаа хийдэг юм. Манай суурин жилд 7-8 мянган шувуудыг бөгжилдөг. Хүмүүс усны болон махчин шувуудыг холоос хараад таньдаг. Харин дунджаар 5-100 грамм жинтэй жижиг шувуудыг туршлагатай шувуу ажиглагч нар л харж, бүртгэж чадна. Учир нь, тэд илүү нуугдмал. Ер нь Зүүн Азид жижиг шувуудын судалгаа хомс учраас манай суурин судалгааны ажлаа идэвхтэй хийж, хөгжүүлэхийг зорьдог.

     Шувууд үржил, гуужилт, нүүдэл гэсэн гурван зүйлд энерги их зарцуулдаг. Жижиг шувууны нүүдэл үнэхээр сонирхолтой. Жишээ нь, хүн бүрийн мэддэг тал хээрт тааралддаг адууч чогчиго, хөхөө, Амарын шонхор гэхэд л Зүүн Африкт өвөлждөг. Эдгээр жижигхэн шувууд биедээ баймгүй хүч, энерги зарцуулан маш хол зам туулж байгаа нь үнэхээр бишрэм.

-Шувуудын нүүдлийг хэрхэн ажигладаг вэ. Том, жижиг шувуудын нүүдэлд ялгаа бий юу?

-Сансрын радио дохио дамжуулагч багажийг том, махчин шувуудын нуруунд нь суулгадаг. Тэр нь хоёроос гурван цагийн давтамжтай, цаг тутам, сүлжээ орох болгонд мэдээллээ дамжуулна. Энэ нь тэдний нүүдлийг алсаас хянах боломжтой гэсэн үг. Жижиг шувуунд том төхөөрөмж суулгах боломжгүй учир бичил схем суулгадаг. Энэ нь мөн сансрын радио дохио дамжуулагч шиг тухай бүрд нь мэдээлэл авах боломжгүй. Жижиг шувууд эсэн мэнд өвөлждөг бүс нутгаасаа буцаж ирэхэд нь дахин тааралдвал төхөөрөмжөө авч, мэдээллээ хуулснаар тухайн шувууны нүүдлийн замыг тодорхойлдог. Ийм судалгаанд хүн хүч хийгээд цаг хугацаа их шаарддаг.

-Таны судалж байсан хамгийн сонин шувуу нь юу вэ?

-Манай оронд 520 орчим зүйлийн шувуу байдгаас 80 орчим нь нүүдлийн амьдралтай. Бидний барьж бөгжилдөг жижиг шувуудаас шар элэгт хөмрөг маш гоёмсог өнгөтэй, гоё дуулдаг шувуу. Хятадын өмнөд хэсэгт өвөлждөг учраас хууль бус ан, хүнсний хэрэглээний улмаас 60-70 хувь нь устаж үгүй болсон.

    Бөгжилсөн шувууд дахин манай сууринаар дайран өнгөрч бүртгэгдсэнээр тэдний нүүдлийг илүү баталгаажуулах боломж олгодог. Энэ нь бидний ажлын гол үр дүн болно. Үүний нэг тохиолдол нь, манай суурин анх 2017 онд шар элэгт хөмрөг бөгжилсөн юм. Гэтэл тэр шувуу 2021 онд дахин бүртгэгдсэн. Энэ нь үрждэг болон өвөлждөг нутаг хоорондоо 3-4 удаа бүтэн нүүдлээ амжилттай хийснийг илтгэх гайхалтай үр дүн юм.

-Тоо толгой нь цөөрсөн шувуудыг яаж мэдэх үү?

-Тоон үзүүлэлтийг хоёр гурван жилийн харьцуулалтаар харах боломжгүй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд дор хаяж арван жилийн дата цуглуулж байж тухайн популяцын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой.

-Шувуудын биеэ хамгаалах үйлдэл, зан араншин (behavior) ямар вэ?

-Шувуудын зан төрх, үйл хөдлөлийг бага зэрэг таньдаг болжээ. Тухайлбал тогорууны далавчаа дэвэн бүжиглэж байгаа юм шиг хөдөлгөөн нь үр төлөө хамгаалж байгаа хэлбэр. Мөн хаврын улиралд ихэнх шувууд өнгөө хувиргаж, олон зүйлийн өнгөнд хувирахыг гуужих гэдэг. Үүнийг ихэнх хүмүүс эр нь эмэгчиндээ таалагдах гэж гангалж байна гэж буруу ойлгодог юм билээ. Энэ нь шувууд байгаа орчин, улиралдаа зохицон ивээл өнгөндөө орж, үр төлөө болон өөрсдийгөө аюулаас хамгаалах зохилдлогоо юм.

     Шувуу далавчаа их дэвж байвал стресстэй байна гэж ойлгож болно. Миний  барьж байсан шувуудаас ухаа дунхаа гэдэг жижиг махчин шувуу их сонин. Дуу авиагаараа шувуудыг урхидаж зоогоо болгодог. Ингэхдээ эхлээд толгойг нь тасалж иднэ. Ойр орчим толгойгүй шувуу харагдах юм бол энэ хавьд ухаа дунхаа байна гэж танихад амархан. Мөн эргүү бор гэдэг шувуу  сонирхлыг минь ихэд татаж байлаа. Амаа маш том ангайж, хүржигнэсэн дуу гаргадаг нь өөрийгөө хамгаалах арга нь байсан. Гэвч сүртэй дуу гаргахаас өөр ямар ч гэм хоргүй. Холтсон гоётуул гэж модны холтос шиг бор бараан өнгөтэй шувуу бий. Толгой нь яг л могой шиг хөдлөн эргэж, хүмүүсийг нэлээд айлгана. Тэр шувууг дэргэдээс нь анх харж буй хүмүүст эвгүй боловч содон шүү.

-Хүрээлэн буй орчин амьд биетүүд харилцан шүтэлцээнд оршдог. Идэш тэжээлийн гинжин хэлхээнд шувуу ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Шувууд олон төрөл зүйлийн ховор ургамлыг үрийг тараадаг учраас байгаль дээрх идэш тэжээлийн гинжин хэлхээнд гол үүрэг гүйцэтгэнэ. Харцага, ууль шувууд хортон шавжийг идэж устгадаг. Намнаахай төрлийн шувууд олон төрлийн шавжаар хооллоно. Мөн шувуутай холбоотой эко аяллууд гадаад дотоодын жуулчдыг татаж, эдийн засаг, байгальд үр өгөөжөө өгдөг. Таны хүрээлэн буй орчинд шувууд олон байх нь таныг эрүүл газар амьдарч буйг илтгэнэ.

-Шувуу судлаачаар ажиллахдаа та ямар ур чадварт суралцсан бэ?

-Нэгдүгээрт, багаар ажиллах чадварт сайн суралцдаг гэж боддог. Мөн тэвчээртэй тууштай байж сурна. Өдрийн ихэнх цагт тасралтгүй нэг юманд төвлөрч, ажиллахад ажиглах чадвар нэмэгдэж, ялгаатай байдлыг сайн таньдаг болно. Ер нь шувуудыг барьж аваад нас, хүйсийг нь тодорхойлох амаргүй. Шувуу судлаачаар ажилласнаас хойш энэ ур чадварт одоо ч суралцсаар явдаг.

-Та мэргэжлээсээ яаж урам зориг авдаг вэ?

-Би өнөөдрийг хүртэл 300 орчим шувуу харсан. Мэргэжлээсээ болоод ч тэр үү аль болох шинэ, өмнө нь хараагүй шувуудыг хүслийн жагсаалтдаа нэмэхээр ажилладаг. Түүнийхээ хойноос явж зорьсон шувуугаа харах, шинэ зүйлсийг танин мэдэх нь надад маш их урам зориг өгдөг.

-Манайд шувуу судлаач мэргэжилтэн хэр хэрэгтэй вэ. Хүний нөөц хангалттай  байж чаддаг уу?

-Нарийн мэргэшсэн судлаачид байх ёстой байлгүй яах вэ. Бид олуулаа байх тусам илүү олон зүйл хийж шувуу судлал илүү сайн хөгжинө шүү дээ. Миний бодлоор энэ мэргэжлийг эзэмшсэн хүн харьцангуй их байдаг боловч тууштай ажиллаж байгаа нь тоотой хэд. Хурхын шувуу бөгжлөх сууринд олон оюутныг хээрийн судалгаанд авч явж, мэргэшүүлэн дадлагажуулдаг. Тухайн оюутны амьтан судлах сонирхол, хүслээс шалтгаалан цаашид мэргэшин ажиллах боломж нээлттэй. Сүүлийн жилүүдэд байгаль орчныг сонирхож, биологи, экологийн чиглэлээр суралцах оюутнууд цөөрч байна. Энэ нь өөрийн хүсэл сонирхлоо тодорхойлж, мэргэжлээ сонгоогүйтэй холбоотой болов уу гэж хардаг.

-Энэ мэргэжлийг сонирхож байгаа залууст хандаж зөвлөгөө өгөөч?

-Шинээр мэргэжлээ сонгосон дүү нартаа оюутан байх хугацаандаа өөрсдийн мэргэжлийн болон мэргэжлийн бус олон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж үзэхийг зөвлөе. Олон зүйлд өөрийгөө сориорой. Хөдөө явж судалгаа шинжилгээний ажилд оролцож биеэ даах, багаар ажиллах, тэсвэр хатуужилтай болох, өөрийгөө өөр өнцгөөс харах боломжийг эрэлхийлээрэй.

- Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    АНХАА

    ХӨӨХ ийм хүн байдаг юм уу ямар сонирхолтой ажил юмбэ тэр тусмаа эмэгтэй хүн? ажил нь яг л оньсого шиг сонсогдож байна.

    2022-12-14

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.