images

Улаанбаатарын хаа нэгтээ: Нэг дор 370 зүйлийн мод ургамал...

Н.Ариунсайхан

Миний сайхан улаанбаатар

2022-10-24


 Нийслэл Улаанбаатар хотод шинжлэх ухаан, сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хэмээх байгууллага бий. Хуучин Амгалангийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд шаваа тавиад 50 жилийн нүүр үзэж байгаа газар. 18 га талбай бүхий энэ газарт Монгол орны 370 орчим зүйлийн мод ургамлыг тарьж ургуулжээ. Хамгийн анх 1961 онд Байгалийн ухааны хүрээлэнгийн Ургамал судлалын тасгаас  “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” гэх нэгж  тасран гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ. Хүрээлэнтэй танилцсан өчүүхэн аяллынхаа тэмдэглэлийг “Миний сайхан Улаанбаатар” булангаараа дамжуулан та бүхэнд хүргэж байна.

Цэдэнбал Филатовагийн цэцэг авдаг байсан хүрээлэн

     1974 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хүрээгээ тэлж, орон тоогоо нэмэв. Модлог, сөөглөг, өвслөг гээд бүхий л төрлийн байгалийн ургамлаар төрөлжүүлэх гэж оролдож байлаа. Тогос шувуу хүртэл авчирч нутагшуулж байжээ. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдийг авчирч хэтийн зорилт, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргасан нь 1974-1990 оны хөгжлийн оргил үеийн суурь болов. Энэ үед ургамлын 500 гаруй төрөл зүйлийн цуглуулгатай, 22 цэцэрлэгчинтэй болжээ. 32 га талбайд таван эгнээ хамгаалалтын зурвастай, хоёр шилэн хүлэмжтэй. Өвөл зунгүй цэцэг тарьдаг. Хүлэмжийн шилийг өдөр шөнөгүй савандаж угаадаг. Тэр үед А.Цэдэнбал-Филатова ирж цэцэг авна. Бүх төрлийн байгалийн ургамал үрлэх нь үрлэж, цэцэглэх нь дэлгэрч, өнгө зүсээ гайхуулдаг байлаа.

Шинэ эриний сэргэлт ба уналт

     Одоо л жинхэнэ цэцэрлэг шиг болгох нь гэтэл 1990-ээд оны зах зээлийн шуурга болж, орон тоо нь цомхотгогдож зургаан эрдэм шинжилгээний ажилтантай болсон байна. Үлдсэн судлаачид зөвхөн өөрсдийнхөө судалгааны обьектыг дөнгөн данган хамгаалж байжээ. Тэрнээс цааш эрх мэдэл, хүн хүч нь хүрэхгүй. 1980-аад оны үед Ботаникийн цэцэрлэгийн ойр хавьд амьдардаг байсан хүмүүс “Биднийг хүүхэд байхад энд хөхөө донгоддог байлаа. Модод шувуудын чимээг сонсоод ой модонд байгаа юм шиг санагддаг байсан” гэж ярьж байсан юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн тэр цагаас хөрөнгө мөнгө нь зогсоод цэцэрлэг уналтанд оржээ. Багагүй хугацааны туршид олон ч эрдэмтний тархиа гашилгаж хийсэн судалгаа, хөдөлмөрийн үр дүнг хаяхад хайран.  Эргээд 2000-аад оноос цэцэрлэгийг дахин сэргээн хөгжүүлэх гэж оролдов. 2008 онд Засгийн газраас цэцэрлэгт хүрээлэнд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулжээ. Найман га талбайд нь бүтээн байгуулалт хийж, 29 мянган ширхэг мод тарьж, 2500 метр талбайг зүлэгжүүлж, усан оргилуур барив. Бүтээн байгуулалтын сацуу зайлшгүй хийгдэх ёстой цэцэг модны арчилгааг бүгдийг эрдэм шинжилгээний ажилчид өөрсдийн хүчээр хийжээ. 2013 онд дахиад л бүтээн байгуулсан, мод тарьсан талбайн хэсэгт өөр нэгэн компанийн барилга баригдаж, олон хүний хүч хөдөлмөр талаар өнгөрөхтэй тулсан юм. Судлаач, эрдэм шинжилгээний ажилчид хэвлэлийн бага хурал зарлаж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж байсан ч үр дүнгээ өгсөнгүй өөр барилга шууд баригдаад л эхэлж. Зарим том моднуудыг өөр газар шилжүүлэхэд гарын ая даалгүй үхжиж,  эрдэмтдийн бүтээсэн ногоон байгууламжийн хэсэг дахин шинээр эхлэх болжээ. Найман га талбай дахь 29 мянган мод сөөг, 2040 м/кв цэцгийн мандал, 20 мянган метр зүлэгжүүлсэн талбай, усалгааны систем, гүний худаг, үржүүлгийн талбай байсан нь  бүгд алга болов.

     Үүнээс дөрвөн жилийн дараа 2019 оны 9 дүгээр сард Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бие дааж эхлэв. Тухайн үеийн УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн санаачилга, анхаарал хандуулснаар тусад нь зайлшгүй хөгжүүлэх ёстой гэсний дүнд дахин статусаа шинэчилж, хуучин нэрээрээ үргэлжлүүлэхээр болсон юм.

Монгол орны байгалийн ургамлын 12 хувь энэ хүрээлэнд бий

     18 га газартай үлдсэн ч үйл ажиллагаагаа хоёр чиглэлд  хувааж эхлүүлэв. 8 га газрыг нь олон нийтэд зориулсан нийтийн эзэмшлийн талбай болгожээ. 10 га-д нь эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлаа явуулна. 2021 оноос бүтээн байгуулалт өрнөж 4000 метр явган хүний зам тавив.  Өнөөдрийн байдлаар хүрээлэнд Монгол орны 370 зүйлийн мод, сөөг, өвслөг ургамлыг цуглуулжээ. Энэ нь нийт мод ургамлын 12 хувь.  Үүнээс нэн ховордон “Улаан ном”-д орсон  95 зүйл байна. Үрийн генетик нөөцийн сан бүрдүүлж, Монгол орны ховор ургамлуудын хүрээлэн бүрдүүлэх нь энэ байгууллагын гол зорилго. Үрээ хадгалахдаа байгалиас түүсэн үр, эндээ тарьж нутагшуулсан үрийг авч хамгаалдаг. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл, уур амьсгалын нөлөөгөөр устаж үгүй болсон ургамлыг дахин үрээр нь тарьж нутагшуулахад бидний генийн сан чухал үүрэгтэй. Манай улс Биологийн төрөл зүйлийг хамгаалах конвенцид 1993 онд нэгджээ. Үүнд нэгдсэн бүх улс орон байгальдаа буй ургамлуудыг нөхөн сэргээх үүргийг хүлээдэг ажээ.  

Эрдэм шинжилгээний ажилтны нэг өдөр

     Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн лаборатори дээрээ 14 ажилтантай. Үүнээс хоёр нь цэцэрлэгч, 12 нь судлаач.  Өмнөх үетэй харьцуулахад тоо нь буурчээ. Ажилчид өглөө эрт ирээд  талбайгаа бүтэн тойрч, бүх ургамлуудаа ажигладаг. Ямар ургамал ямар шатандаа ургаж байна гэдгийг шалгаж, тэмдэглэлээ бариад л явна. Хаврын сэргэн ургалт явж байна уу, навчилсан  байна уу, бундуу үүссэн үү гэдгийг харна. Дараа нь арчилгаа руугаа орно. Ажлын таван өдрийн нэг өдөрт биоморфологийн хэмжилт хийнэ. Судлахаар сонгож авсан ургамлууд дээрээ цэцгийн диаметр нь ямар байна, бутны хэмжээ нь хэр байна гэдгийг хэмжинэ. Цэцэглэсэн байвал нэг ургамал дээр хэчнээн цэцэг гарч ирсэн байгааг, нэг цэцэг нь хэд хоног амьдарч байгааг хэмжээд өсөлтийг тодорхойлно. Гурав хоног тутамд үзэгдэл зүйн ажиглалтаар харна. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид өөрсдийн судалгааны ажлаас гадна бүтээн байгуулалт, ургамлын арчилгаа дээр давхар оролцдог. Тэдний хувьд бусад эрдэм шинжилгээний ажилчидтай адилхан цалин авдаг ч үүрэг нь их. Ялангуяа таван сараас 10 дугаар сар дуустал цаг наргүй.  Үндсэн ажлын цаг өглөө наймаас орой зургаа хүртэл. Зуны улиралд бол цагтаа тарна гэж байхгүй. Ялангуяа хаврын тайралт, намрын ажил дуусах дөхөхөөр ачаалал нэмэгдэнэ. Маргааш гэж хойш нь тавьж болдоггүй. Хугацаандаа л амжуулахгүй бол ажлын хуваарь, төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх хугацаа ухарч ажил удааширдаг.

     Хүрээлэн их ургамлын талбай, үржүүлгийн талбай гэдэг хоёр талбайтай. Ихэнх хэрэгслүүд нь гар ажиллагаатай. Үрээр тарьсан ургамлуудыг жижиг савлагааны усаар усална. Өвслөг ургамлын талбайд арчилгаа их шаардана. Зэрлэг ургамал ойр орчимд нь амархан ургадаг болохоор заавал гараар түүж цэвэрлэдэг. Бусад мод, сөөгийн хувьд цахилгаан хадуураар хадчихдаг. Таван га-д мод хоорондын услалтын нэг автомат систем тавигдсан байдаг. Урьд нь мод болгоныг нэг нэгээр нь услахад бүхэл өдөржин болдог байсан бол одоо амар болжээ. Тоног төхөөрөмжөөр бүрэн  хангагдаагүй ч өнгөрсөн жил гэхэд л цахилгаан хадуур авч. Дан судлаачдын суурь судалгааны хөрөнгөөр бүрдүүлж байгаа ч энэ бүхнийг амжуулж хүрдэггүй байна.

Оюутнуудын ирэх дуртай газар

     Их дээд сургуулийн  оюутнууд бакалавр, докторын судалгааны ажлаа цэцэрлэгт хүрээлэнд ирж хийдэг. Судалгааны маш чухал обьект, сургалтын бааз юм. Тарималжуулах судалгаанаас гадна биотехнологийн, ургамлын анатоми, биохимийн, усны горимын судалгаа явуулж болдгоороо онцлог. Эмийн ургамлын судалгаа гэхэд чөлөөтэй ирж хийж болдог. Байгаль дээрх эмийн ургамлын эмт чанар, тарималжуулсан ургамлын эмт чанар гээд харьцуулсан судалгаа хийж байсан нь бий. 2010 оноос хойш ХААҮИС-д агрономи, ургамал хамгаалал, ургамал зүйн чиглэлээр бэлтгэгдэж буй оюутнууд идэвхтэй ирдэг болжээ. Хаврын сэргэн ургалтын хугацаанд ургамлын бүх үе шатуудыг өөрийн нүдээр харна. Таван сардаа дадлага хийгээд оюутнууд хээрийн судалгаанд очихдоо ургамлыг цэцэглэлтийнх нь хугацаанд таньж чаддаг. Цэцэг нь байхгүй хагдарчихсан, ургамлууд үрлээд үр нь уначихсан ч таньдаг болчихно.  Дунд сургуулийн  сурагчид ч мөн эко аяллаар хүрээлэнд зочилж, ховор ургамлуудтай танилцаж болдог.

     Унаган эндемик тархацтай монгол алтан хундага нь хүрээлэнгийн нэгэн содон ургамал.  Алтан хундагын төрөл зүйл дэлхийд олон ч монгол алтан хундага унаган, байгалийн ховор, нөөц багатай ургамал гэдгээрээ онцлог. Энэ мэт ховор сонин ургамлыг олон нийтэд таниулахын тулд аялал зохион байгуулдаг. Сүүлийн хоёр жил хаврын эртэч ургамалтай танилцах аялал зохион байгуулжээ. Таван сарын 20-ноос хойш оюутан залуус, иргэдэд нээлттэй гурван өдрийн турш үнэ төлбөргүйгээр хавар эртийн аялал болдог. Тэр үеэр ховор сонин ургамал их олж харна. Танин мэдэхүйн ийм ажил их зохиодог байна.

22 дахь жилдээ ажиллаж буй эрхлэгч эмэгтэй

     Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрхлэгчийг Доригийн Нанжидсүрэн гэнэ.  Хүрээлэнгийн гурав дахь үеийн судлаач. Тэрбээр анх мэргэжлээ санаандгүйгээр сонгож, ажлын гараа нь эндээс эхэлсэн гэдгийг бидэнд ярилаа. 1996 онд дээд сургуулийн хуваарь авах болтол ХААИС-ийн ургамал зүйчийн анги гэсэн сонголт гарч ирэхэд нь ямар учиртай мэргэжил юм бол гэж ихэд сонирхож байв. Төгсөөд хаана ажиллах боломжтой гэдгийг нь хүнээс асуутал “Хөдөө хээрээр явж ургамал судалдаг, хөгжиж буй манай оронд бол маш хэрэгтэй мэргэжил” гэжээ. Энэ нь  түүнд тун сайхан санагдсан аж. Түүнийг оюутан байхад Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрхлэгч, доктор Очирбат ургамлын тухай хичээл орно. Тухайн үед хичээлийн даалгавраар Очирбат оюутнуудаа дагуулж хүрээлэнд ирэхэд нь танилцаж байжээ. Явсаар сургуулиа 2000 онд төгслөө. Төгсөхдөө мэргэжилдээ улам хайртай болод төгсчээ. Сарын дараа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар оров. Өвслөг, сөөглөг ургамал дээр судалгаа хийдэг хоёр доктор эрдэмтнийг дагалдаж эхэлсэн байна. Тэр ярихдаа “Ер нь манай салбар хүнээс тэвчээр шаарддаг ажил. Хавар таван сард ургамлынхаа үрийг тариалахад тэр дороо ургахгүй.  Дараа жил нь ганц хоёр үндэс цухуйсан байдаг.  Тав зургаан жилийн дараа ажлын үр дүн бүрэн бүтэн гарна” гэсэн юм.

     Тэрбээр докторын ажлаа Монгол орны ховордсон, нэн ховор ургамлын чиглэлээр бичжээ. Энэ нь түүний 10 жилийн хөдөлмөр. Сэдэв нь цагаан цээнэ. Хэнтий, Хянганы хоёрхон цэгт ургадаг нэн ховор ургамал. Үүнийг 2007 онд үрээр нь тарималжуулах судалгаа хийхэд 2011 онд ганц нэгээр цэцэглэж эхэлжээ. Байгалийн олон настай  ургамал нь хавар тарихаар намар гардаг хүнсний ногоо биш. Жил өнжиж үр нь соёолдог, таваас зургаан жил болж цэцэг гардаг. Судалгааны ажлаа 2012 онд бүрэн дуусгаж, докторын зэргээ хамгаалж чаджээ. “Урт удаан хугацааны дараа цэцэглэсэн ургамлаа харахад үнэхээр бахархалтай байдаг. Ямар ч цэцгийг харсан хүн ямар гоё юм бэ л гэдэг. Тэр дундаа ховор, ховордож буй ургамлуудыг тарих урамтай”гэж тэрбээр ярив.  

Манайд байгаа цор ганц Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

     Дэлхийн 147 орноос тавд нь ийм хүрээлэн байдаггүй байна. Тэдгээр нь Африкийн хуурай, ширүүн үүр амьсгалтай орнууд. Нийт 2500 ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж байна.  Бүгд үүрэг чиглэл, хамгаалагдах нөхцөлийг нь хуулиндаа маш сайн тусгаж өгсөн. Манай улс 2007 онд Олон улсын ботаникийн цэцэрлэгтэй орнуудыг хамгаалах нийгэмлэгт элсэж оржээ. Энэ нь шинжлэх ухаан, сургалт судалгааны хүрээлэнтэй гэдгээрээ дэлхийд данстай болсон сайхан үйл хэрэг байлаа. Урд хөрш Хятад улс гэхэд 130 ийм хүрээлэнтэй бол ОХУ-д 150 байдаг байна.

     Манайд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг 2021 оны 9 дүгээр сард төрийн тусгай хэрэгцээт газар болгох Засгийн газрын тогтоол гарсан байдаг.  Зарим хүмүүс “Хотын төвд ийм цэцэрлэг байх хэрэггүй, оронд нь барилга байгууламж барья” гэдэг. Гэвч энэ нь тийм биш. Олон оронд ийм хүрээлэн нь хотын төвдөө байсаар иржээ. Тухайлбал, ОХУ-ын Санкт-Петербург хотод 300 жилийн настай ботаникийн цэцэрлэг бий. Нэгдүгээр Петр хааны үед эмийн ургамал тариалдаг байгаад явааандаа бүх төрлийн ургамал тарьж баяжуулсаар өдийг хүрчээ. Одоо тусгай хамгаалалтанд байдаг.

     Өмнөх үеийнхний тарьж судалж ирсэн ургамлуудыг тордон нэг газраа арчилгааг нь,  тогтвортой хийж байж урт удаан оршин тогтноно. Амьд организмтай ажиллаж байгаа учраас судлаачид өөрийнхөө судалгааг үргэлжлүүлэн давхар хамгаалаад явна. Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенцид 2035 он гэхэд байгалийн ургамлын 60-аас доошгүй хувийг авч үлдэх ёстой гэж заасан байдаг. Өнөөдөр манай улс байгалийн ургамлынхаа 12 хувийг нь авч үлдээд буй нь энд байна. Үлдэх хувийг дараа дараагийн үеийн эрдэмтэн судлаачид тарьж авч үлдэн хойч үедээ хүргэх буй заа.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.