images

Б.Золбаясгалан: Циркчин хүний амьдрал бол нүүдлийн амьдрал   

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2023-03-31


Циркийн акробатчин Б.Золбаясгалан манай “Мэргэжил бүхэн сонин” буланд ийн ярив. Тэрбээр мөн циркийн “Есөн өрлөг” хамтлаг, хувийн “Zola’s bro” циркийг үүсгэн байгуулсан жүжигчин, дасгалжуулагч юм.

- Та мэргэжлийн акробатчин хүн. Циркийн жүжигчин энэ төрлийн үзүүлбэрийг бүрэн гүйцэд үзүүлдэг болтлоо хэр урт хугацаа зарцуулдаг вэ?

- Монголын циркийн сургууль 85 жилийн түүхтэй. Энэ сургуульд хүүхдүүдийг долдугаар ангид нь шалгаруулан авч таван жил сурган циркийн жүжигчин болгож бэлтгэдэг байв. Агаарын гимнастик, жонглёр, тэнцвэр, акробат зэрэг таван төрөлд хүүхдийг аль тохирохоор нь авч бэлтгэнэ. Миний хувьд 23 жилийн өмнөөс акробатын төрлөөр суралцаж эхлээд одоо ч суралцсаар л явна. Богино хугацаанд хүүхдүүдийг бэлтгэж гаргая гэвэл 2-3 жил сурган анхан шатны мэдлэг олгож болно. Өндөр зэрэглэлийн жүжигчид бол доод тал нь долоон жил зарцуулна.

- Акробатчдад өндөр болоод жингийн шалгуур, хязгаарлалт гэж бий юү?

- Акробатын үзүүлбэр дотроо акробат хоёр, акробат дөрөв, шидэлтийн акробат, шидэх банз гэх мэт олон төрлүүдэд хуваагддаг. Уран нугараачид ч энэ төрөлд хамаарагддаг юм. Шидэх банзны үзүүлбэр энэ төрөл дотроо толгой цохидог нь. Энэ үзүүлбэрийг амжилттай хийхэд өөр өөр үүрэгтэй олон хүн оролцоно. Жингийн хувьд мэдээж ялгаатай байх ёстой. Тухайлбал 80-100 килограмм жинтэй, нэг метр 80 см өндөр хүн байлаа гэж бодоход хамгийн доор зогсоно. Түүнийг суурь хүн буюу “нижний” гэж нэрлэдэг. Дунд зогсож буй хүн нь 70-80 килограммтай, “средний” гэж нэрлэнэ. Дээшээ давхарлах тусмаа жин нь бага байх нь зүй. Агаарт нисэх үзүүлбэр хийдэг хүнд биеийн форм гэж байх ёстой нь мэдээж. Тэр нисгэгч 50-65 килограммын жинтэй байх юм бол шидэх банзны үзүүлбэрт тохирч байна гэж үздэг. Манай хамтлагийн хувьд энэ үзүүлбэрийн суурь хүн маань 115 килограмм жинтэй, дээрээ зургаан хүн давхарлаж зогсоодог залуу байна.

- Жүжигчид хоолны дэглэм барьдаг уу, сэтгэлзүйн хувьд ямар байх ёстой вэ?

- Циркчид биеийн жиндээ маш их анхаарна. Хүч шаардсан үзүүлбэрт хоолноос гадна нэмэлтээр уураг тэжээл хэрэглэх нь зүйтэй байдаг. Акробатын нисгэгчид ногоо, жимс түлхүү идэж, жингээ 45-55 килограммын хооронд барьж байх ёстой. Өглөөдөө гүйнэ, хурд хүчний дасгал тогтмол хийнэ. Уураг, витамин тогтмол хэрэглэнэ. Сэтгэлзүйн тал дээр дасгалжуулагч нь тулж ажиллана даа. Миний хувьд шавь нартайгаа олон улсын тайзан дээр гарахдаа эхлээд хөшигний ард яриа хийнэ.“Үзэгч их байна. Битгий хамаагүй хөөрөөрэй” гэхчлэн захина. Заримдаа зоригжуулж, урам өгөхийн тулд “Монголын циркийн рекорд зургаан давхар хийсэн байна. Болгарчууд долоон давхарыг анх удаа хийжээ. Хэдүүлээ энэ хүмүүсийн дээр Монгол гэсэн нэрийг бичүүлэх ёстой. Тиймээс долоон давхар луу хоёр эргэлт хийж, агаар дээр зургаа эргэх болж таарч байна” гэж хэлнэ. Энэ мэтчилэн ярихаар тэд маань хамаг хүчээ дайчилж харагддаг. Өөрийнхөө оюун бодлыг цэгцэлж, анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүйгээр энэ хүнд үзүүлбэрийг хийнэ гэж байхгүй. Ярилцах л хамгийн шилдэг арга. 

- Циркийн жүжигчдийн идэвхтэй нас нь хэдээс хэдийн хооронд байдаг юм бэ?

- Циркийн урлагийг залуу насны урлаг, эр зориг, авхаалж самбаа, гоо зүйн нийлмэл гэдэг. Манай циркчид 18 настайдаа сургуулиа төгсөөд 38 настайдаа тэтгэвэрт гардаг. Ихэнх жүжигчдийн хүч тамир, уран чадвар жамаараа л залуу настайгаа хамт үлдэх нь бий. Нас ахисан ч гэсэн туршлагатай жүжигчид байна. Тэд нар маань дараагийнхаа үеийг бэлтгэх багш, дасгалжуулагчийн ажилд түлхүү оролцдог. Гэхдээ 30-40 нас хүрсэн ч агаарт тав, зургаа эргэдэг мундаг нисгэгчид байна аа бас.

- Нээрээ л залуу насны урлаг юм байна. Ингэхэд циркийн эмэгтэй жүжигчид таны эргэн тойронд хэр олон байна вэ?

- 18-28 насны эмэгтэйчүүд мөн адил энэ урлагт идэвхтэй хүчин зүтгэдэг ч харьцангуй эрт тэтгэвэрт гарчихдаг юм. Ер нь л цөөхөн. Надтай хамт сурч байсан охидоос мундаг үзүүлбэр үзүүлдэг жүжигчид хэд хэд гарсан юм. Ч.Номин гээд ангийн найз маань ч “Чанга утсан дээр явагч” нэртэй үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэж, дээрээ гурван хүн өргөөд алхдаг байлаа. Бас Зулаа гэж манай ангийн охин толгой дээрээ нэг хүн аваад, тэр хүнээ нөгөө хүний мөрөнд дамжуулж үзүүлдэг трюкийг үзүүлж байв. 

- Циркийн урлагт хориглодог эсвэл онцгойлон болгоомжилдог зүйл байдаг уу?

- Манайхан сүүлийнх гэж ярих дургүй. Учир нь ахиж тоглолтод оролцож, үзүүлбэрээ үзүүлж чадахгүй болчихно гэж үзнэ. Бас циркийн манежин дээр буруу харж сууж болдоггүй. Үзэгчид ирэхээ байчихна гэж цээрлэдэг. Тэр дугуй тайзны аль ч хэсэгт нэг нэгнээ муухай үгээр хэлж болохгүй. Байгаа орчиндоо бүрэн эерэг уур амьсгал бүрдүүлж байж л үзүүлбэртээ орцгоодог.

- Циркчид өөрийгөө эрсдэлээс яаж хамгаалдаг вэ? Даатгалд хамрагддаг уу?

- Акробатын үзүүлбэр дунд хүний бие махбод, эрүүл мэндэд эрсдэлтэй элемент олон бий. Иймээс жүжигчдэд эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгцээ мэдээж чухал, зөвхөн акробатчид ч биш. 2007 оноос хойш циркийн жүжигчдэд эрсдлийн даатгал гэдэг зүйл үгүй болсон.  Бэртсэн бол ажлынх нь газраас нөхөн төлбөр өгдөг систем байхгүй, тэр бүү хэл цалин ч байхгүй болсон. Нийгмийн даатгалаа өөрсдөө л төлөөд явж байдаг. Монголд ажиллаж байгаа циркчид улсаас цалин авдаггүй. Европт бол огт ондоо. Барууны улсууд ямар нэгэн тоглолт, тэмцээн уралдаан зохиож, биднийг урьж тоглуулахдаа 100 хувь даатгадаг. Нэг жүжигчнийг 30 мянган доллароор даатгалд хамруулахаас гадна хоёр талын нислэгийн зардал, тэнд очоод амьдрах орон, хоол унд гээд бүгдийг нь хангана.

- Та хэдийнээс бусдад багшлав, өнгөрсөн хугацаанд хэчнээн шавь бэлтгэв?

- Одоо надтай хамтарч ажиллаж байгаа циркчдийн 80 хувь нь миний шавь нар. Би циркийн жүжигчний хажуугаар 2015 оноос хойш багшилсан. Багш нарын олгож өгсөн эрдэм дээр өөрийн олж мэдсэн жаахан юмаа нэмээд, байгуулсан цирк, академидаа хүүхдүүд сургаж байна. Яг акробат, тэр дундаа шидэх банзны төрлөөр хоёр жилийн дотор залуучуудыг бэлдэж гаргахаар зүтгэж явна. Циркийн бусад төрөл рүү үсчихгүй, нэгээр нь дагнаж байгаа хэрэг. Миний анхны шавь нар гэвэл Л.Тэлмэн, Б.Үржиндулам гэж хоёр хүүхэд бий. Эд хоёул Монголын болон дэлхийн циркийн үзүүлбэрийн рекордуудыг шинэчлэн тогтоосон амжилттай явж байгаа. Б.Үржиндулам маань шидэх банзнаас шидүүлж агаарт нэг эргээд, тав давхарлаж зогссон хүн дээр зургаа дах хүн нь болж очих үзүүлбэр амжилттай үзүүлж байлаа. Мөн дөрвөн метрийн өндөрт байгаа сандал дээр агаарт гурав эргээд очиж суух гэх мэт үзүүлбэрийг дэлхийд анх удаа хийсэн. Л.Тэлмэнгийн хувьд ч агаарт зургаа эргэлт, хөндлөн дөрвөн эргэлт, урагшаа таван эргэлт гэх зэргийн хүнд элементүүдийг хийж гүйцэтгэдэг маш мундаг хүүхэд.

- Ингэхэд та анх яагаад циркчин больё гэж шийдсэн бэ. Энэ талаараа хуваалцаач?

- Би Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуульд акробатын жүжигчин мэргэжлээр таван жил суралцсан юм. 2005 онд сургуулиа төгсөхдөө шидэх банзны үзүүлбэрээ хөөж Энхбаатар ахлагчтай багт орж ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгж явсаар дөрвөн жилийн дараа өөрийн төрсөн ах Б.Золбаяр, ангийн хоёр найзтайгаа нийлээд “Есөн өрлөг” хамтлагийг байгуулсан юм. Ах маань болохоор миний циркийн урлагт орох болсон хамгийн том шалтгаан байв. Ахыгаа циркийн тоглолтод оролцохоор явах болгонд нь би байнга дагаж яюдаг байсан хүүхэд. Яг л ах шигээ болохыг мөрөөдөж явсаар нэг хамтлагт ороод одоо байнгын хамтрагч болсон байна.

- Одоо “Есөн өрлөг” хамтлагийн бүрэлдэхүүн хэвээрээ юу. Мөн хувийн цирк байгуулсан тухайгаа ярина уу. 

- Хамтлагаасаа ах бид хоёр л цирктэйгээ ойрхон ажилладаг нь гэж болно. Олон газар очиж тоглолтод оролцож явсан учраас сүүлдээ энэнээсээ залхсан. Хожим үлдэх л нэг юм хиймээр санагдаад ер болохгүй байв. Сурч мэдсэн эрдэм, ур чадвар, нөөц бололцоогоо зөвхөн гадаадад тоглоход ашиглаад бусад үед нь хий дэмий байлгаад байх нь харамсмаар. Тэгээд 2015 онд ахтайгаа хамтарч “Zola’s bro” гээд анхны хувийн циркийг байгуулсан юм. Ах маань 15 жилийн мөрөөдлөө биелүүлж, өөрийн хүчээр бэлтгэлийн байр барихаар зориг шулуудсан. Тэр үед улсын цирк байхгүй болчихсон, циркийн жүжигчид хаачихаа мэдэхгүй явсан цаг. Ингээд бэлтгэлийн заалаа эхлээд хаана барих вэ гэж гэж ерөөсөө л хотын алслагдсан дүүргүүд рүү очьё гээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд газар сонгож авсан. Ах гол бүтээн байгуулалтын ажлаа нугалж, би хажуугаас нь хамжиж туслах үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн. Циркийн тоглолтоор гадагшаа явж олсноо бага гэлтгүй ахдаа өгч нэмэр болохыг хичээнэ. Ингэж явсаар бэлтгэлийн байр маань босож ирлээ. Тааз нь дээшээ 12 метр өндөр, 600 м2 талбайтай байр. Эндээ л ёстой Монголын циркийн орон зай шаардсан үзүүлбэрүүдийг бэлдэж, бэлтгэлээ хангаад олон улсын тэмцээнүүдэд оролцдог болох нь гэж баярлаж байлаа. Бас хотын захын хорооллын хүүхдүүдийг хамруулж, циркэд сонирхолтой хүүхдүүдийн бэлтгэлийг хийлгэнэ гээд л. Дээрээс нь циркийн сургуулийн сурагчид маань ч ирж бэлтгэлээ хангах боломж бүрдсэн. Анх заал барьж байхад гайхах хүн бишгүй л байсан. Зарим нь “Энд худалдааны төв баригдах гэж байгаа юм уу?” гэж асууна. “Цирк босно” гэхээр гайхна. Эхэндээ итгэж өгөхгүй байсан хүмүүс “Хүүхдүүд маань хотын төв рүү явж чаддаггүй юм. Ерөөсөө танайд явуулна аа, өөр дугуйлан байгаа юу?” гэдэг болсон доо. Одоо бол манай бэлтгэлийн байранд зорилтот бүлгийн 50 хүүхэд циркээр үнэ төлбөргүй хичээллэдэг. Асрамжийн газраас ч ирж бэлтгэл хийнэ. Үнэхээр суралцья гэсэн эрмэлзэлтэй нэг нь өглөө эрт Морингийн даваанаас 2-3 цаг явж ирээд бэлтгэл хийж байна. Тийм хүүхдүүдээс төлбөр авна гэдэг хэцүү. Бэлтгэлийн байр маань дөрвөн жилийн өмнө анх баригдахдаа бодит үнэлгээ нь 850 сая төгрөг байсан юм. Тухайн үед банкнаас зээл аваад, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж босгосон. Одоо бол ах маань “Zola’s Bro” циркийнхээ үйл ажиллагааг удирдаж байна. Би бол багш бөгөөд ерөнхий дасгалжуулагч. Бас “Есөн өрлөг” хамтлагийн менежер, продюсерээр нь ах, би багшаар ажиллана.

- Циркийнхний бэлтгэл хийх байр Монголд танайхаас өөр байгүй байх. Ачаалал их байдаг уу?

- Долоо хоногийн өдөр бүр тасралтгүй бэлтгэлтэй байдаг. Монгол улсын консерватори циркийн тэнхимийнхээ хоёр ангийн 60-аад хүүхдэд циркийн урлагийн хичээл ордог юм. Тэднийг даваагаас баасан гараг хүртэл ажлын цагаар хичээллээд дуусахад үргэлжлүүлээд оройн цагаар хамтлагууд ээлжлэн орж бэлтгэлээ хийнэ. “Акробат” академи, зорилтот бүлгийнхэн нийлээд 150-200 хүн байнгын бэлтгэл хийж байна.  

- Танай хамтлагийн анхны оролцсон тоглолт, тэмцээн хаана, хэзээ болж байв?

- 2012 онд “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн менежер Н.Эрдэнэ бидэнд санал тавьснаас хойш Европын олон улсын циркчдийн тэмцээнд орж эхэлсэн. Анх Испанийн тэмцээнд орж алтан цом авч байв. Үүнээс хойш бидний тэмцээний урилга өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Нийт 12 удаагийн тэмцээнээс 13 шагнал авчээ.  

- Аялан тоглолтоор явахад үзэгчид хэр хүлээж авдаг вэ. Улс орнуудаар тоглох явцад таны сэтгэлийг хөдөлгөсөн хүмүүс байв уу?

- Европчууд урлагийг дээд зэргээр ойлгож хүлээж авдаг хүмүүс юм билээ. Аль ч үндэстэнд нээлттэй ханддагаас ази хүмүүст онцгой дуртай. Зарим үзэгч хүрч ирээд тоглолтын хувцас, өмсгөлийг сониучирхаад л эргэж тойрч харна. Өөр нэг нь тоглолт дуусангуут ирж зургаа авхуулчхаад, урамшуулж байна гэж мөнгө өгнө. Италид тоглолтоо дуусгаад үзэгчидтэй зураг даруулаад явж байсан чинь нэлээд настай өвгөн шууд л 50 евро өгөхөд нь авахгүй гэж татгалзсанд “Танай уран бүтээл үнэхээр таалагдлаа. Миний баярласан сэтгэлийг хүлээж аваач” гэж гуйсаар байгаад өгч билээ. Тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм. Сүүлд Европын орнуудаар явж, Алунгоо эхийн домгоос сэдэвлэсэн есөн өрлөг жанжинтай үзүүлбэр хийсэн юм. Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Зарим нь үзэгчийн суудлаас “Бөртэ!”, “Тэмүжин!” гээд л орилж гарна. Тайзан дээр гараад л зогсоход алга ташаад  догдолж хүлээсэн нь илт,  үзүүлбэр дуусангуут нирхийтэл босч ирээд алга ташаад, дороо дэвсэнэ. Тийм үзэгчдэд тоглох гоё. Бас Европт олон жил болчихсон монголчууд маань их ирж үзнэ. Испанид нэг удаа монголчуудад тоглож өгч байлаа. Үзүүлбэр эхлүүт л зарим нь асгартал уйлаад эхэлсэн. Эх нутагтаа очоогүй олон жил болчихсон хүмүүс чинь бидний тоглолтын монгол хувцас, үзүүлбэрийн нэг хэсэг болсон хөөмий, морин хуур зэргийг үзэж сонсоод л сэтгэл нь огшсон байх. Тэгээд тоглолт дуусангуут  зарим нь манайд очиж хоол унд ид, нутаг орны сонин дуулья гээд л бүчээд ирнэ. Тэр үед хоёр айл манай циркчдийг жигтэйхэн булаацалдаж билээ. Өнөөдөр манайд хонуулчихаад дараа нь танайх болчих л доо гээд л. Үүнийгээ хараад бид нар ч өөрсдөө сэтгэл хөөрөөд явчихдаг. Энэ хүмүүстээ гоё юм үзүүлчих юмсан гээд л байдгаараа хичээнэ.

- Гадаадад явахад тоглолтын бусад цагт юу хийдэг вэ?

- Амралтын цаг бол алт. Сайхан хоол идээд амрахыг л боддог. Би өөрөө ууланд явган аялах дуртай. Шавь нарыгаа дагуулаад л явна, музейгээр нь орно. Хажуугаар нь мэдээж тухайн хотынхоо сонин сайхныг үзэхийг бодно. Ер нь циркчиний амьдрал бол нүүдлийн л амьдрал гэсэн үг. Вагончигт амьдраад, эд хогшлоо өөрсдөө янзалж хариуцаж явна. Тэгээд очсон хотдоо долоо хоног тоглочихоод майхнаа буулгаж бөөндөө нэг автобусанд суугаад л дараагийн хот руу хөдөлнө. Долоо долоо хоногоор өөр өөр газар очно.

- Нүүдлийн амьдрал гэдэг нь юу гэсэн үг вэ?

- Майхан цирк, үзэгчдийн сандал, гэрэл чийдэн, амьдардаг вагончигоо том машиндаа багтаагаад бүгдийг нь аваад явна. Ийм байдалтайгаар богино хугацаанд олон газар явдаг болохоор нүүдлийн л амьдрал юм. 

- Гадаадын компани, агентуудтай ямар зарчмаар ажилладаг юм бэ?

- Олон улсын тэмцээнүүд дээр маш олон менежер, циркийн төлөөлөгчид сууж байдаг. Тэд зураг дарж, бичлэг хийж эргэж очоод удирдлагадаа үзүүлнэ. Тэдэнтэй дараа нь хүлээн авалт, арга хэмжээн дээр тааралдаж, хамтарч ажиллах эсэх талаар ярилцаж нэрийн хуудас солилцох нь бий. Ихэвчлэн сошиал медиа, мэйл хаягаар холбоо барьж санал тавина. “Танай хамтлагийг ирэх жил ийм ажилд урьж байна. Боломжтой юу, гэрээ хийх үү?” гэж асууна. Хэрвээ өөр хүмүүстэй ажиллахаар тохиролцсон бол дараагийнхтай нь холбогдоод явчихдаг. Тэгж байж тоглолт, тэмцээнд оролцох ажлын хуваариа жилээр нь төлөвлөх боломжтой болдог юм.

- Нууц биш бол одоо танай хамтлагийн циркчид хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

- Нэг жүжигчин 800-1500 долларын цалин авна. Хүнд үзүүлбэр үзүүлж байгаа, тэмцээн уралдаанд олон орсон, танигдсан бол илүү авна, бүгд нэг ижил цалин авна гэж байхгүй. Олон жил илүү хөдөлмөрлөсөн нь цалин нэмүү авна. Академид сурч эхэлсэн даруйдаа ирээдүйтэй харагдаж байгаа хүүхдүүдээ гадагшаа аваад явчихна. Тэгээд эхнээс нь зааж зааварлаж тоглуулаад 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал өгдөг.

- Хамгийн сүүлийн аялан тоглолтынхоо сониноос хуваалцана уу.

- Германы Хайльбрунн хотын “Weihnachtscircus”-д очиж 23 өдөр 46 удаа тоглосон. 13 хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглоход 2500 хүний суудалтай майхан цирк үзэгчээр байнга дүүрэн байлаа. Очсон хот болгондоо Кристмас шоу хийж явав. Германчууд циркэд маш хайртай, гэр бүлээрээ үзэцгээнэ. Бид хааяа нэг худлаа алдаж үзэгчдээ айлгана. Тэрэн дээр тоглолт хийж үзэгчдийнхээ адреналиныг ялгаруулснаа үргэлжлүүлээд л тоглоно.

- Тоглолтын арын албанд хэр олон хүн ажилладаг вэ? Уран бүтээлийн найруулгыг та өөрөө хийдэг үү?

- Найруулга дээр би өөрөө ажилладаг. Ямар жүжигчин агаарт хэд эргэх, үзүүлбэрийн дараалал, шидэх банзаа хэн зөөж, яаж тоглох вэ гэдгийг зохион байгуулна. Арын албанд маань бүжгийн багшаар МУГЖ А.Батхүү, хөгжмийн зохиолын найруулга дээр “Алтан ураг” хамтлагийн ахлагч Эрдэнээ, хувцас дизайнераар Амаржаргал, ерөнхий продюсерээр Б.Золбаяр ажилладаг. Манай хамтлаг Монголын түүх, ёс заншил, үндэсний хэв маягийг циркийн урлагтай хослуулж бүтээлээ туурвидаг. Энэ бүтээлээ сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд л сая гаруй хүнд хүргэсэн байна.

- Танай хамтлагийнхан өнгөрсөн онд хэр олз омогтой байв. Ойрын зорилгоосоо хуваалцвал?

- Саяхан Испанид болсон олон улсын циркчдийн тэмцээнд урилгаар очиж тоглоод ирлээ. Өнгөрсөн онд олон улсын дөрвөн наадамд оролцож шагнал авсан байна. Эхнийх нь Испанид хүрэл цом, дараагийнх нь Болгарт улсад  алтан цом, удаах нь Францад мөнгөн цом, оны өмнөхөн Хятадын онлайн фестивальд оролцоод тэргүүн байрын шагнал авлаа. Бидний дараагийн том ажил бол ирэх сарын 15-наас эхэлнэ. Европын хамгийн том аялан тоглолтод нэг жил тоглох урилга авчихсан байна. Тэр цирк 100 гаруй жилийн түүхтэй, 33 жилийн өмнө манай Улсын циркийн таван тэмээтэй акробатын, уран нугаралтын хоёр баг очиж тоглож байсан юм байна лээ. Ингээд 33 жилийн дараа бид очих болж байна даа.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.