Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр: “Монте Кристо гүн” зохиолыг гүнзгий уншсан хүн амьдралд итгэх нь гарцаа байхгүй
Миний дуртай ном
2023-03-22
СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр “Миний дуртай” ном булангийн ээлжит зочноор оролцлоо. Тэрбээр “Гоо марал”, “Алтан намар”, "Мөнгөн мод" зэрэг Монголын урлагийн наадмуудын шагналтан бөгөөд хөгжмийн зохиолчдын олон улсын хэд хэдэн томоохон уралдаанаас тэргүүн шагнал хүртсэн билээ.
Хүүхэд байхдаа реалист уран зохиол буюу Жюль Верн, Александр Дюма, Майн Ридийн зохиолоос их уншдаг байлаа. Манай аав, ээж хоёул багш хүмүүс болохоор Дорноговьдоо л хамгийн олон номтой айлын тоонд орно. Гэрийн маань нэг хана тэр чигээрээ ном. Хүүхэд насанд интернэт гэж байгаагүй болохоор ном л их уншдаг байж. Миний ах Шатарын Энхбаяр гэж сэтгүүлч хүн бий. Ах маань ном их уншдаг байсан нь надад нөлөөлсөн ч байх. Тэгээд л “Морь унасан толгойгүй хүн”, “Шадар гурван цэрэг”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Хорин мянган жилийн хойно”, “Оцеола баатар” гээд тэр үед олонд их хүрсэн зохиолуудыг бүгдийг нь уншсан даа. Монгол зохиолчдын бүтээлээс бол “Сүүлчийн буун дуу”, “Зүрхний хилэн”, “Хөгшин чоно ульсан нь”, “Цаг төрийн үймээн” гээд бүгдийг нь уншиж, тэрэндээ их автдаг байв. Гэхдээ энэ олон ном дундаас нэгийг нь нэрлэвэл “Монте Кристо гүн”-г хэлнэ. Олон ч удаа уншсан. Соёлын сургуулиа төгсөөд Москвад оюутан болж хэдэн жил сурсан юм. Бүхэл бүтэн тав хоног вагоноор явж хүрэх болдог. Тэр хооронд чинь ёстой ном л хэрэг болно доо. Замдаа нэг роман уншаад дуусна. Тэгэхэд би “Монте Кристо гүн”-г дахин уншсан. Хүүхэд байхдаа ойлгоогүйгээ ойлгодог юм билээ. Сонгодог зохиол чинь тийм шүү дээ. Унших тоолонд л нэг юм шинээр илрээд байдаг.
Анх танилцсан минь
“Монте Кристо гүн” зохиолын хамгийн анхны хэвлэл байж магадгүй хоёр хар боть манайд байлаа. Тэрнээс гадна дараагийн хэвлэл нь гээд хавтас нь их гоё зурагтай арай нимгэн гурван боть гарсан юм. Тэр гурван ботийг л би их уншсан даа. Дунд сургуулийн тав, зургадугаар ангид байсан гэхээр 1987, 1988 оны үе байх. Жил дараалан хоёр ч ахиж уншсан юмдаг. Гэвч хүүхэд болохоор ерөнхий дүрслэлийг нь илүү анхаараад, үйл явдлыг нь хөөгөөд явчихдаг байсан юм билээ. Дараагийн удаа уншихад өөрөө том болоод, яг тэр Эдмон Дантесийн насан дээр хүрээд ирэхээр өөрийгөө түүний оронд тавиад жинхэнэ утгаараа хүнийг хайрлаж, хүний ачийг хариулж байгааг нь ойлгож байгаа юм. Өөрт нь, хүүгээ санасаар өлбөрч үхсэн аавд нь тусалсан хүмүүсийг яаж нууцаар баярлуулаад тэрийгээ холоос хараад зогсож байгааг нь уншихаар өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд нулимс гарч байдаг. Хүүхэд байхад бол тэр бүрийг нэг их сайн анзаарахгүй, аа энэ ёстой ингэлээ тэглээ л гэж уншихаас биш. Хүн эрийн цээнд хүрээд ирэхээрээ юмыг арай өөр нүдээр хардаг болдог. Хүн чанар, хайр дурлалын хэсгийг нь илүү сайн мэдэрч, их догдолж уншдаг юм билээ. Тэгээд энэ номоо найзууддаа уншихыг санал болгож бүгдээрээ уншиж байв. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үе шүү дээ. Бас л интернэт, ухаалаг гар утас айхтар нэвтэрчихээгүй байсан үе учраас ном дамжуулж их уншдаг байлаа. Одоо бол мэдэхгүй үгээ “Google”-ээс хайчихна. Тэр үед бол ном, словарь гэж ярьдаг. Нэг бүдүүн толь бичиг бариад суудаг байлаа шүү дээ. Дараа нь словариа бүр цээжилчихнэ. Хайсан үгээ баримжаагаар дэлгэхэд шууд л олно доо.
Галт тэргэнд
Галт тэрэг бусад орчинтой адилгүй, хэвтэж нэг уншина, сууж нэг уншина. Дорнод Сибирийн галт тэрэг Улаан-Үдээс цаашаа толгойгоо солино. Манай энэ толгой чинь утаат толгой. Оросынх цахилгаан гэлт тэрэг болчихно. Тогоор явдаг болохоор нүүрс үнэртэхээ болиод илүү хурдтай давхиад эхэлдэг. Монголын төмөр зам ганц эгнээ. Оросынх хоёр эгнээ учраас өөдөөс галт тэрэг ирнэ гэж байхгүй. Зөрлөг хүлээхгүй. Ерөөсөө л чигээрээ явна. Тэгээд гурван цаг тутам зогсоход нь замын буудлуудаас ойр зуурын идэж уух юм авна. Наймаачдын наймаа хийхийг их харж сонирхоно. Заримдаа тэрнээс нь заралцаж өгнө. Их сонирхолтой санагддаг байлаа. Таван жил галт тэргээр ирж очсон. Дээр нь өөрөө Дорноговийн хүн. Байнга галт тэргээр явсаар байгаад ямар сайндаа “286 дугаар галт тэрэг” гэж симфони зураглал бичих вэ дээ. Энэ хөдөлгөөн, бүх юмыг нь мэдэрсэн учраас л бичиж байгаа юм. Тэгэхээр утга зохиол, хөгжим бүх юм хоорондоо уялдаатай л даа.
А.Дюма тэг дөрвөлжин цаасан дээр зохиолоо бичдэг байсан
“Монте Кристо гүн” бол Францын зохиолч Александр Дюмагийн бүтээл. Анхны орчуулгыг нь оросоос А.Амар гуай хийсэн. Дараагийн орчуулгыг нь франц хэлнээс өөр орчуулагч орчуулсан байдаг. Нэрийг нь сайн санахгүй юм. Өмнөө ариутган шүүж, нэмэн зассан гэдэг тайлбартай, гэхдээ өөрчилсөн, зассан юм багатай орчуулга байсан. Александр Дюма их сонин түүхтэй хүн юм байна лээ. Номыг нь нээсний дараа зохиолчийг нь судалж байгаад, тэг дөрвөлжин цаасан дээр бичдэг байсныг нь олж мэдсэн. Зохиолчдын онгод орохоор өөр өөр л дөө. А.Дюма бол зохиолоо бичихээр суухын өмнө шоо дөрвөлжин олон цаас өөртөө бэлддэг байжээ. Тэр нь өөрт эвтэйхэн, саадгүй байсан биз. Тэгээд л хөшгөө хааж аваад суучихдаг. Ядарсан үедээ л унтахаас биш нар гарахаар босож, жаргахаар нь унтдаг биш, тархиныхаа эрчимтэй үед ажилладаг, шатаж бичдэг хүн байсан гэдэг. Ер тэр үеийн зохиолчид тийм байсан шиг. Одоо ч зохиолчид тэгж бичдэг л байх. Гэхдээ тухайн үед одоогийнх шиг хөдөлмөр хөнгөвчлөх юм байсан биш. Цай чанах гэхэд л гал түлж, тогоо угсрах болно шүү дээ. Одоо бол ганц кноп дараад цай нь халуунаараа байж байна. Тэгэхээр тэр үеийн бүх юм өөр байхгүй юу.
Би өөрөө хөгжмийн зохиолч хүн, хөгжмийн зохиолчдын түүхийг уншиж байхад өглөө босоод түлээгээ бэлдэхээс эхлээд л ажил ундардаг байсан байгаа юм. Зарим арай боломжтой нь өөр боловч Оросын хөдөө амьдардаг байсан зохиолчид тэгдэг л байсан. Камин зуухандаа түлээгээ өрдөж гэрээ дулаацуулж аваад л суудаг байсан гэдэг. Болоогүй, бүх ажил морин тэргээр шийдэгдэнэ. Хамгийн тансаг унаа л сүйх тэрэг байсан шүү дээ. “Монте Кристо гүн” дээр ч гардаг даа. Тэр үеийн далайн амьдрал, дарвуул, дарвуул бүр нь өөр нэртэй, тэр нь салхины чигийг тэгж өөрчилдөг гээд л. Хөлгийн ахмад тэр далбаагаа дэлгэ гэж тушаах нь хүртэл сонирхолтой санагдаж, далайд гарч, усан онгоцонд сууж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ зохиолыг бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг юм. Одоо ч Монте Кристо гүн гэдэг арал Европт байна. Уг зохиолын нөлөөгөөр олон хүн тийш аялж очдог.
Киноны Дантес миний Дантес биш
Одоо үед хүмүүс кино үзээд л тэр үеийн ойлголтыг авчихна, хүүхдүүдэд кино үзүүлээд л тэр үеийн түүхийг харуулчихна гээд байдаг. Энэ хурдан арга л даа. Гэхдээ ном гэдэг чинь хүчээр хэнд ч, юуг ч тулгадаггүй. Фантааз сэтгэхүйгээрээ ургуулна. Өөрөө тэр хүний нүд, ам, чих, хацрыг нь, үйл явдал өрнөж буй газар, байгалийг нь дүрсэлдэг болохоор ном бол кинотой харьцуулшгүй гайхалтай. Одоо нэг кино үзэхэд Монте Кристо гүнийг хүссэн нэг залуугаар дүрсэлчихнэ. Тэр нь надад таалагдахгүй байж ч болно. Би “Монте Кристо гүн”-гээр хийсэн хоёр ч кино үзсэн байна. Хоёулангийнх нь дүр миний Эдмон Дантес биш байсан. Нэг нь хөгшидсөн бол нөгөөх нь миний бодож байсан шиг эрэлхэг баатар эр биш байсан. Би болохоор Эдмон Дантесийг хачин гоё, цав цагаан царайтайгаар төсөөлдөг. Ер нь нэг кино хийгээд эх зохиолыг нь гүйцэж байсан түүх байхгүй шүү дээ. Хэтэрхий сайн зохиол чинь тэгдэг талтай. Яаж ч кино хийгээд уран зохиолоо гүйцдэггүй. Ийм сайн бүтээлийг нэг юм уу, хоёр ангит кинонд багтаах арга байхгүй. Бүр цувралаар хийх хэрэгтэй болдог.
Дантесийн амьдарч байсан нийгэм гойд сонин
Яахаараа ийм гоё зохиол биччихдэг байна гээд зохиолчийнх нь тухай сонирхож байгаа юм. Тэгээд тухайн үеийн цаг төрийн байдлыг сонирхож эхэлнэ. Үйл явдал өрнөж буй Итали, Испани, Францыг сонирхоно. Энэтхэг рүү хүртэл яваад ирлээ гээд гардаг даа? Тэр бүрийн түүхийн шижим, газарзүйгээр аялаад ирэхээр их мэдээлэлтэй болно оо. Өгүүлж байгаа түүх нь 18, 19 дүгээр зууных юм шиг боловч нийгмийн тогтолцоо нь биднийхээс тэс ондоо байгаа нь гайхалтай санагддаг байлаа. Данглар гээд банкны эзний тухай гардаг. Тэр үеийн банкны систем, хөлөг онгоцоор Энэтхэгээс өнгөт улаан будаг, халуун ногоо ачаад ирлээ гэхээр л манай Монголынхоос тэс өөр байгаад байгаа байхгүй юу. Нийгэм, худалдаа, эдийн засаг, улс төр нь бүгд өөр байгаа тэр болгоноос мэдээлэл авна. Капиталист нийгэм бүх хүнд зоос өгнө, тэр бүр сонирхолтой. Аль хэдийнэ зөв голдиролдоо орчихсон нийгэм байжээ. Тэгэхээр тийм газруудаар аялж үзэхийг хачин их хүсэж байгаа юм. Европын тэр соёлт нийгмийг үзмээр санагдахаар тэрийгээ дагаад хурдхан л эрдэм мэдлэгтэй хүн болоод газар үзэхийг хүснэ. Ном уншчихаад хүсэл мөрөөдөлгүй зүгээр л байгаад байвал тэр газрыг үзэхгүй шүү дээ. Ном надад ингэж л нөлөөлсөн. Ер нь ямар ч ном, соёл дандаа л хүнийг хөгжүүлдэг.
Уншаад л байж улам хурдан унших гэж улайрдаг
Хилс хэргээр 14 жил шоронд суусан Дантес Фариа ламын ачаар оргодог. Тэр хоёр хорих өрөөнийхөө хооронд урт хонгил ухсан юм. Хэн хэн нь гянданд хоригдож, уйтгар гунигийн туйл болчихсон учраас тэр хонгилоор дамжин уулзаж хоорондоо мэдлэг, мэдээллээ сольдог. Фариа бол шинжлэх ухааны бүх талын мэдлэгтэй, мундаг эрдэмтэн лам байсан учраас маш их мэдлэг Дантест өгсөн. Тэр хүнд ерөөсөө л дээд боловсрол олгочихдог шүү дээ. Их сургуульд сурснаас их мэдлэг олгоод хувилахуйн ухаан, хими, физик, тоо гээд байгалийн ухааны маш их мэдлэгтэй болгосон. Тэр амьдрал ч утга учиртай болсон. Фариа лам нэг төрлийн саа өвчтэй. Таталт өгвөл аманд нь өөрийнх нь найруулсан жортой усыг шүдийг нь гөжиж байгаад хэд дусаачихна. Тэгэнгүүт лам тайвширдаг. Сүүлд таталт өгөхдөө Фариа лам үхэх дөхсөнөө өөрөө мэддэг. Тэгээд “Би дараагийн таталтыг дийлэхгүй юм байна” гээд Эдмон Дантест Монте Кристо гэдэг арал дээр асар их эрдэнэс байгаа, тэрийг ийм ийм оньстой нууц хаалгаар орж аваад дараа нь ингэж зарцуулж болно шүү гэж бүх нууцаа итгээд гэрээслэчихсэн. Ингээд ламыг нас барсны дараа Дантест гэнэт оргох бодол төрдөг. Ламыг хоёр хуяг нь уутанд хийгээд үүрээд гарах гэхэд нь ламтай өөрийгөө солиод уутанд өөрөө ороод дотроос нь оёчихдог. Хуягууд нөгөөдхийг чинь далайд аваачаад хаяхад өөрөө хөлөг онгоцны ахмад, гарамгай далайчин байсан болохоор хутгаараа шуудайг цуу татаад гараад ирнэ. Ингээд асар их хөрөнгөний эзэн болсон хүний өшөө авах төлөвлөгөө эхэлдэг. Тэгж өшөө авахдаа хүн чанар харуулж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Тэр гурван ботийг уншаад л байгаа байж улам хурдан уншиж дуусгах гэж улайрдаг тийм гайхалтай зохиол. Одоо ч дэлхийн сонгодог уран зохиол хэвээр байна.
“Монте Кристо гүн”-г үнэхээр л уншсан бол амьдралд итгэх нь гарцаагүй
“Монте Кристо гүн” зохиолыг уншаад амьдралд итгэх итгэл авч байсан хүний түүхийг би зурагтаар сонсож байсан. Арав гаруй жилийн өмнө нэг залуу шоронд хоригдож байхдаа энэ номыг уншиж л дээ. Тэгээд амьдралд итгэх итгэл нь дахин, бүр маш ихээр сэргээд “Би эндээс гараад заавал хүний ёсоор амьдарна” гэж бодсон юм билээ. Суллагдсаныхаа дараа санасандаа хүрч их амжилтад хүрсэн тухайгаа “25” дугаар суваг телевизийн нэвтрүүлэгт ярьсан юм. Аргагүй л “Монте Кристо гүн”-г уншсан бол тэгж итгэл, урам зориг авах зохиол л доо. Өнгөц харахад өөрийг нь гомдоосон гурав, дөрөвхөн хүнээс өшөө авч байгаа юм шиг харагддаг. Гэтэл тэрний цаана асар их хайр бий. Маш олон хүнд тусалж, маш олон хүнийг аварсан. Огт засаршгүй хүмүүсийг өөрсдийг нь өөрсдөөр нь л шийтгүүлсэн болохоос биш нэгийг нь ч өөрөө очоод цохиогүй, бас хутга далайгаагүй. Энэ зохиолын үйл явдал, ээдрээ, дүрслэлийн гэнэтийн эргэлт, сюжет гэж ярьдаг тэр орооцолдсон олон үйл явдлын гогцоог тэгж олж гаргаж бичнэ гэдэг үнэхээр гайхамшигтай. Александр Дюма үнэхээр суут хүн шүү. Ийм зохиол уншихаар зохиол бичих юмсан гэж бодогддог л байлаа. Гэхдээ бичихээр нэг ч удаа оролдож байсангүй ээ. Харин хөгжмийн зохиолч болчихоор, ямар нэгэн дуулалт жүжгийн зохиол бариад ирвэл санаа оноогоо хэлчихнэ. Үйл явдал нь ийм байна, ингэвэл хөгжимдөө тохирох гээд байна гэхчлэн ярилцдаг. Дууны шүлгийг бол овоо янзалчихна. Дутуу дулимаг шүлэг ирвэл энэ бадгийг ингэе, энэний утга санаа тэнд байна гээд янзалчихна шүү. Яваандаа туршлага суучихдаг юм байна лээ. Мөн ном уншиж байсан хүн үг үсгийн алдаа гаргахаа больж, уншиж, бичихэд суралцсан байдаг, энэ л гэхэд ном уншихын нэг маш том өгөөж юм даа.
Ш.Өлзийбаяр төрсөн нутаг Дорноговь аймгийн Мандах сумын Баян-Оргилд. Гэрэл зургийг Ш.Энхбаяр.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.