images

Спортын мастер Б.Эрхэмбаяр: Уулнаас сайхан юм уул л байдаг

Д.Бизьяа

Мэргэжил бүхэн сонин

2023-03-06


“Мэргэжил бүхэн сайхан” булангийн энэ удаагийн зочноор Уулын спортын мастер Бадгарын Эрхэмбаяр уригдав. Төрөлх сумынхаа сургуульд 40 шахам жил багшилсан тэрбээр хорь гаруйхан наснаасаа уулын спортоор хичээллэж Монголынхоо уулсын аль өндөр оргилд олон арван удаа гарахын сацуу тэдгээрт социалист орнууд төдийгүй Англи, Франц, Япон зэрэг Барууны олон орны уулчидтай мөр зэрэгцэн авирч, багшийн мэргэжлээсээ гадна уулчин хэмээх амаргүй мэргэжлийг үнэнхүү гарамгай эзэмшсэн хүн юм. Уулчин мэргэжлийн нарийн ширийн, жаргал зовлонгийн үнэнийг түүн шиг илт тодорхой ярих хүн өнөөдөр Монголд тийм ч олонгүй буй заа.

Ардын армиас “Алдар”-ын тамирчин

   Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын жирийн малчин айлын хүүхэд, аль багын л явган их явдаг, морь бараг унадаггүй байлаа. Цэрэгт явахаасаа өмнө илгээлтийн эзэн болж хөдөө мал малласан, тэгж явахдаа ч явган таваргана. Манай нутгийнхан намайг бараг газар товчилдог, ид шидтэй гэх нь холгүй ярьдаг байсан юм. Цэрэгт татагдаж ирээд 016 дугаар нэгтгэлийн 108 дугаар ангид шинэ цэргийн карантин дээр гүйлтийн тэмцээн болох тоолонд ер нь л түрүүлээд байлаа. Одоогийн цэцэрлэг шиг цэрэг байсангүй, цэрэг шиг цэрэг байсан үе. Нэг шөнө бага дарга нар биднийг дэглэж, тойрог болж зогсчихоод биднийг тойруулаад гүйлгэв. Би хамгийн олон удаа тойрч гүйсэн байдаг юм. Түүний дараа бас нэг гүйлгэж дэглэхээр нь гэдэн хөдлөөд бусдаасаа тасраад гүйгээд явчихлаа. Тэгтэл карантиний захирал намайг дуудаж “Зил-166” машин дээр суулгаж авч ирээд “Энэ нөхрийг тордох ёстой юм байна. Овоо гүйж байна” гэдэг байгаа. Тэгээд байж байтал нэг өдөр “Алдар” нийгэмлэгээс хүн ирээд цэргүүдийг гүйлгэж шалгаснаа намайг шууд авч яваад тамирчин болголоо. “Алдар”-ын тамирчнаар гурван жил болоод хөнгөн атлетикийн нэгдүгээр зэрэгтэй цэргээсээ халагдав.

Шүтээн хайрхныхаа оргилд гарав

   1977 оны зун нутагтаа эхнэр авч айл болоод яг 15 хонож байтал манай Мөнххайрхан ууланд анх удаа өндөр уулын авиралтын “Альпинад-77” гэж улсын аварга шалгаруулах тэмцээн болохоор болсон байлаа. Монгол улсын түүхэнд уулын спортын УАШТ анх удаа болж байгаа нь тэр. Биеийн тамир спортын бүх нийгэмлэг, хороодоос уулчид очлоо. Гэтэл аймгийн намын хорооноос намайг нэр заан, Мөнххайрхан ууланд төрсөн, хөнгөн атлетикийн зэрэгтэй залуу гээд уулын багт оруулахаар болжээ. Хэдийгээр Мөнххайрхан нутагт төрсөн ч, сүсэглэж шүтдэг ууландаа нэг ч удаа хөл тавьж үзээгүй байсан юм. Ер нь манай нутгийн хүмүүс тэр шүтээн уул руугаа гарахыг цээрлэдэг юм шүү дээ. Ингээд нам засгийн шийдвэрээр ууландаа гарахаар боллоо. Уулын спорт гэдэг бол их сонин зүйл. Нэг оргил дээр гарчих юм бол ууланд бүрмөсөн татагдаж дараагийн оргил бодогдож эхэлдэг. Түүний цаана ямар оргил байдаг бол гэсэн бодол төрдөг, уул хайрхан бол бараг хүнийг татдаг увидастай юм. Тэр удаагийн авиралтаар Барилгачин, Сүхбаатар хоёр оргил дээр гараад бууж ирлээ. Анх оргил дээр гарахад миний хамраас цус гарснаас өөрөөр ямар нэгэн хүндрэл, ядрах цуцах зүйл огт мэдэгдсэнгүй. Бэлтгэлгүй, формгүй байсан учраас л тэгж хамраас цус гарсан байх. Манай багийн ахлагч асар туршлагатай, олон улсын хэмжээний мастер хүн байсан учраас надад их дэм болж билээ. Уултай огт холбоогүй юм яриад л, “Орой очоод чамтай хөзөрдөж хэд сайхан хожиж өгнө дөө” гэх зэргээр сэтгэл зүйн хувьд намайг засаж явсансан.

   Тэр бол долоодугаар сарын сүүл үе л дээ. Залуу байсан учраас нэг их ядарсангүй. Харин цасан шуурга тавиад, дөч тавин метрээс цааш юм харагдахгүй байсан. Хүн гишгээгүй мөнгөн цагаан оргил дээр гараад, нутгийнхнаасаа анх удаа хайрхан оргил дээрээ хөл тавилаа гэж бодоод зогсож байхад Ц.Дамдинсүрэн гуайн “Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргил, мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй газар” гэсэн мөрүүд санаанд орж сэтгэл хөдлөөд үнэхээр сайхан байв. Оргилдоо амжилттай авирч бууж ирээд орой нь үдэшлэг зохиож, намайг баярын бичгээр шагнасан нь одоо ч надад бий. Тэр мөчөөс хойш уулын өвчнөөр эргэлт буцалтгүй өвчилсөн дөө. Одоо дөчин тав дахь жилдээ ууланд авирч байна. Монголынхоо уулчин анд нөхдийн буян, өөрийн хичээл зүтгэлээр Мөнххайрхан уулынхаа оргилд дөчин хэдэн удаа, Алтай таван богдын оргилд арваад удаа, Отгонтэнгэр хайрханд гурван удаа, Хархираа, Дэглий цагаан ууланд нэг нэг удаа авирсан байна.

Оргил дээр цэлмэг өдөр таарах нь ховор. Ихэнхдээ ийм үүл, манан дунд л очно.

Алдвал нэг л алдана

   Уулын спорт гэдэг бол гурав, дөрвөн төрлийн байгалийн саадыг давж байж ард нь гардаг зүйл. Юуны түрүүнд уулын градус гэж байна. Ялангуяа Дэглий цагаан уул, Шувуутын мөсөн голыг гарахад тэнд бол их өөр градус үйлчилнэ. Далан хэдэн градустай ч таарна шүү дээ. Багаж зэвсгээ зөв хэрэглээд, яг дүрмээрээ явж чадвал амжилтад хүрнэ. Дүрэм жаахан гажихад л амжилт, цаашлаад амь нас, эрүүл мэндэд ч аюул учирна. Уулын осол гэдэг бол дүрмээ бариагүйгээс л ихэнхдээ гардаг зүйл. Алтай таван богд, Отгонтэнгэрт гарсан ослууд бол дүрмээ бариагүйгээс л үүдсэн хэрэг. Уулчин хүний алтан дүрэм бол “Алдвал нэг л алдана, алдахгүй бол алдахгүй” гэсэн дүрэм үйлчилнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бусад спортын алдаа бол медальт байрнаас ухрах, амжилт буурах гэж байдаг бол уулын спортын алдаа нь шууд амь настай л холбоотой. Урдаас зодолддог, барилддаг хүнтэй тэмцэж байгаа биш байгальтай тэмцэж байгаа учраас дүрмээ хэлбэрэлтгүй мөрдөхийг шаарддаг. Хүйтэн нойтон, хүнд хэцүү байдаг ч дүрмээ сайн баривал амжилт гаргах бүрэн боломжтой. Дараагийн саад бол уулын мөсний ангал байна. Хоёр, гурван метрээс хорь гучин метр хүртэл гүнзгий, зарим нь доороо устай ангал тааралдана. Хамгийн болгоомжлох зүйл бол ийм ангалуудын дээгүүр цас хучаад өнгөлөн далдалчихсан байдаг. Сайн шалгаж анзаарч явахгүй бол нэг буруу гишгэхэд л доошоо ниснэ гэсэн үг. Алтай Таван богдод би найзыгаа арван хэдэн метрт унагаад аварч байлаа. Потанины мөсөн голд бас нэг нөхрөө ангалд унагаагаад тавин гурван минут ажиллаж байж гаргаж авч байв. Мөнххайрхан ууланд Болгарын уулчдын эмчийг ангалд унагаагаад авч байлаа. Гэх мэтээр ангалын аюул бол хамгийн болгоомжлох ёстой зүйл. Ялангуяа Потанины мөсөн голыг хөндлөн туулахад зуу гаруй ангал тааралдах нь энүүхэнд. Гуравдугаарт, цаг агаарын мэдээнд ороогүй мөртлөө уулын салхи ямагт өндөр заадаг. Мэдээгээр 15-16 м/секунд гэж байсан бол ууландаа 30 гараад явчихдаг. Ихэнхдээ орой өөдөө салхилна. Цамбагаравын хойд залгаа Цаст гэж ууланд яг тийм хүчтэй салхитай таарч байлаа. Дөрөвт, нуралтын аюул байна. Дэлхийн уулын авиралтын түүхэнд Чехэд 68 уулчин нуралтанд ороод амь насаа алдаж байсан гунигт түүх бий. Нэг удаа Алтай Таван богдод авирч яваад, уулынхаа цаад тал руу нэг нуралт болохыг харж байсан. Багахан хадтай толгой тэр чигээрээ нураад явчихаж байсан. Цасны нуранги аажимдаа хөрсний нуранги болоод явчихсан нь тэр. Өндөр уулын хад чулуу нэг нурахаараа хүчээ аваад явчихдаг. Цасны нуранги байна. Цасны нурангийг сөн буух гэнэ. Хаварт голын мөс хайлаад хагаран урсаж одохыг цөн түрэх гэдэг дээ? Энэ цасны нуранги яаж үүсдэг вэ гэхээр хуучин цас хөрлөж хатуураад, нарны туяанд бүр толийчихсон байх үед дээрээс нь шинэ цас ороод тэр хоёрын хооронд жижиг зай үүсчихнэ. Ингээд хуучин хөр цасан дээрх шинэ цас нэг жаахан хөдөлгөөн, доргио үүсэхэд л тэр аяараа нүүгээд нуранги үүсдэг. Ялангуяа тав, зургаадугаар сард энэ цасны нурангаас болгоомжлох хэрэгтэй. Ууланд гардаг ослын маш олон тохиолдол нь энэхүү цасны нуранги буюу сөнд автсан байдаг юм. Сүүлд Отгонд болсон осол яг л ийм сөнд цохигдсон байдаг. Тэнд миний шавь нар явсан юм. Тун харамсалтай хэрэг болсон доо.

Сонинд гарч мандсан нь

   1978 онд Польш, Болгар, Ардчилсан Герман, ЗХУ зэрэг орнуудтай хамтарсан уулчдын олон улсын тэмцээнд орлоо. Монголын 50 гаруй тамирчин оролцсон. Ховдоос Молом, Мөнхцол, Цэнд-Аюуш бид дөрөв оролцсон юм. Эмч нар байнга хяналтанд байлгана. Миний даралт ямагт хэвийн байдаг. Төрсөн нутагтаа байгаа болохоор надад ямар өөрчлөлт гарах билээ дээ. Энэ авиралт Мөнххайрхан ууланд болсон юм. Шуурхайн эхэнд бааз лагериа байгуулаад, хоёр тал руу явж авирсан. Энэ удаагийн авиралт амжилттай сайхан болж бид хамгийн өндөр оргилыг эзлээд мөнгөн медалиар шагнууллаа. Аймгийн дарга Насанжаргал ирж үзэж сонирхоод, баяр хүргээд, манай аймагт ийм сайн уулчид байдаг юм байна гээд их сэтгэл өндөр байна. Оргил дээр гардаж авсан тэмдгээ даргадаа үзүүлээд, сайшаалгаад их сайхан байлаа. Ингээд олон улсын авиралтад амжилттай оролцсон гэж сайшаагаад аймгийн эвлэлийн хорооноос намайг шалгаруулж, Монголын залуучуудын VII тойрон аялалд оролцуулахаар болов. Ингээд Архангай, Өвөрхангай, Булган аймгийн нутгаар 14 хоног аялсан. Энэ тухай аймгийн “Хөдөлмөр” сонины сурвалжлагч Ц.Дагданготов “Эх орныхоо үзэсгэлэнт газраар аялсан залуу” гэсэн найруулал бичиж сонинд гаргаад, хөөрхөн алдаршиж эхлэв ээ. 1977 онд Октябрийн хувьсгалын ой угтсан авиралт болоход мөн сэтгүүлч Ц.Дагданготов “Уулчны өдрийн тэмдэглэл” гэсэн сурвалжлага бичиж сонин дээр гарч байсан нь одоо ч надад хадгалаастай бий. Үүний дараа Батсүрэн гэж сэтгүүлч мөн миний тухай “Уулын зоригт бүргэд” гэсэн найруулал бичсэн нь сэтгүүлчдийн нэг уралдаанд II байр эзэлсэн байдаг юм. За ингээд л уулнаас салмааргүй санагдаж Алтай таван богдод гарах юмсан, Дэглий цагаан ууланд гарах юмсан гэсэн мөрөөдөл өдрийн бодол, шөнийн зүүд болж эхэлж байгаа юм. Үүнээс хойш жил бүр авиралт болдог, би ч тасралтгүй оролцдог байлаа.

Мэргэн өвгөнтэй хуйвалдав

   Анх ууланд явж эхлэхэд нутгийнхан янз бүрээр хүлээж авч байлаа. Үеийн залуус бол их дэмжинэ, бахархана. Зарим залуус хамт явах саналаа ч хэлдэг байсан. Харин настайчууд бол нэлээд санаа зовнингуй. Нутгийн шүтээн хайрханд яваад, оройд нь хүртэл гараад байгаа нь энэ залууд ер нь зохих болов уу даа гэсэн хандлага их байлаа. Ээж минь дургүй гэж хачин. Хаа сайгүй яваад, амжилт гаргаад, шагнал урамшуулал аваад, сонин хэвлэл дээр гараад байхад л бууж өгөхгүй байгаа юм. Ингээд би арга бодож оллоо. Ээжийнхээ шүтлэгийг ашиглах арга. Намайг ууланд явсан хойгуур хөөрхий ээж минь мэргэн түргэн хүн дээр очиж, сайн яваа эсэх, цаашид уул хайрханд авираад байж болох эсэхийг асууж, сэтгэлээ их л чилээж явсан юм билээ.

   Миний нэг найз өвгөн байсан юм. Нэр нь Жамиадаа. Бид хоёр их дотно. 1978 онд олон улсын уулчдын авиралт болоход тэр өвгөн бидний тогоочоор явсан юм. Өөрөө ууланд явах их сонирхолтой, анчин хүн, жинхэнэ уулын хүн байсан л даа. Мань өвгөн бас мэргэ төлөг тавьдаг, амьтан хүн юм асуудаг байсан болохоор би хуйвалдаад “За тань дээр манай ээж ирж намайг асуух байх. Ямар нэгэн барцад, саад байхгүй. Та хүүгээ битгий хоригло гэж хэлээрэй” гэж захихад өвгөн ч зөвшөөрч хоёул ярилцаад тохирчихлоо. Яг тэр тооцсон ёсоор ээж минь ирж өвгөнөөс намайг асуужээ. Өвгөн “Энэ ууланд чинь заяатай хүн явдаг юм. Чиний ганц хүүгийн заяа тавилан ерөөсөө л уултай холбоотой юм. Маш сайн явна. Хорьж саад хийж болохгүй” гээд хэлчихэж. Түүнээс хойш ээж минь учиргүй дургүйлхээд байдгаа больсон доо. Тэгээд яахав хөөрхий, сайн сайхан, бэлгэтэй юм ярьсан хүний үг биеллээ олдог гэдэг. Тэр сайхан үгийн хүч байсан уу, би насаараа уулын спортоор яваад спортын мастер, ард түмний гавьяат болж, их дээд сургууль төгсөж багш боллоо. Өөрийн гэсэн зам мөртэй, нэртэй төртэй уулчин болтлоо сайн л явлаа. Хүүхдүүд маань ч зарим нь спорт оролдох нь оролдож, мэргэжил мэдлэгтэй сайхан амьдарцгааж явна. Ингээд бодохоор тэр найз өвгөний минь хэлсэн ярьсан бүхэн биеллээ олоод яваа шиг санагддаг юм. Би гэдэг хүн дээрээ эгч нартай, айлын ганц хүү юм. Үг шидтэй гэдэг дээ. Тэр өвгөний сайхан үг ээжийг минь ч зоригжуулж, надад ч хүч тэнхээ хайрласан санагддаг. Эгч нар минь ганц эрэгтэй дүүгээ уул хадаар яваад байхад дотроо бол дургүй байсан ч гаднаа бол хэлдэггүй байлаа. Хөөрхийс минь миний төлөө үсээ цайтал залбирдаг байсан даа. Намайг оргилд авираад буугаад ирэх хүртэл нойргүй хонон санаагаа чилээж, цай сүүнийхээ дээжийг өргөн, залбиран хүлээдэг байсан гэдэг. Манай нутгийнхан бол цаст цагаан уулынхаа тэргүүн дээр гарах тухай огт боддоггүй, доороос нь дээжээ өргөн залбирдаг, шүтэж дээдэлдэг ард түмэн. Тэгтэл ганц хүү нь тэрхүү шүтээн болсон мөнгөн цагаан оргилын орой дээр гарна гээд явчихад муу ээж минь, эгч нар, ах дүү нар минь санаа сэтгэл нь зоволгүй яахав дээ.

   Манай нутгийнхан яг үнэндээ уулчид ирэхэд нэг их таатай хүлээж аваад байдаггүй. Уулчид ирлээ гэнгүүт л тэнгэр муудаад, уулын оройгоор үүл гараад эхэлдэг гэж ярьдаг. Уулчид бид ямар ч ууланд гарахдаа эхлээд цаг агаарын мэдээгээ сайн судална л даа. Прогнозоор цаг агаар гайгүй байх юм байна гээд л очиход цасан шамарга тавиад л угтана шүү дээ. Ямар нэгэн учир холбогдол байдаг биз. Ирээдүйд шинжлэх ухаан үүний нууцыг тайлах байх л даа. Ид зуны цагаар бид Алтай таван богдод цасан шуурган дунд майхнаасаа ч гарч чадалгүй тав, зургаа хонож байсан. Оргил дээр арван удаа гарлаа гэхэд цэв цэлмэг өдөр хоёр гурав л таарна. Зарим үед нэг хоёр метрээс цааш юм харагдахгүй, манан будан, цасан шамарган дунд явах нь ч байна. Олсонд ороод явж байхад урд талын хүн нэг харагдаад, нэг далд ороод л явна. Их будан суусан үед цээж бачуураад, амьсгаа давчдаад байдаг юм.

Төөрнө гэж төөрөхийг л хэлнэ

   “Замчин” нийгэмлэгийнхэнтэй нэг удаа Мөнххайрхан ууланд авирч явтал цасан шуурга тавьж бид замаасаа төөрөөд явчихлаа. Луужин байгаа хэдий ч төмөрлөг зүйл ойрхон байвал заримдаа буруу заадаг. Манай нутгийн их эмч Д.Батсуурь бид хоёр тэдгээр уулчидтай хамт явсан юм. Луужин тавьж үзээд ч нэмэргүй, янз бүрээр заагаад, ёстой жинхэнээсээ төөрлөө. Төөрнө гэж төөрөхийг л хэлдэг юм. Ингээд Батсуурьтайгаа “Энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хоёулаа хариуцаж яваа. Одоо зөв дүгнэлт хийж зөв шийдвэр гаргаад замаа олох ёстой” гэж ярилцлаа. Ингээд хоёулаа янз бүрээр дүгнэж үзээд, энэ зүг бол урд зүг гэж тогтоод байж байтал таг эсрэг талаас нар ёлтойгоод ирсэн. Тэгсэн бид хоёр бүр яг эсрэг, хойд зүгийг урд зүг гэж тогтоогоод байсан юм байж. Ёстой зүг чиггүй төөрсөн байсан.

   Ингээд хоёул чигээ зөв тогтоож аваад хүмүүсээ ширүүн алхуулж халууцуулж болохгүй, нэг хэвийн явна гэх зэргээр цаашдын зам, төлөвлөгөөгөө ярилцаад хөдөллөө. Халууцсан хүн дахиад даарвал бээрэх, осгох аюултай. Уулын цаснаас гарч хар газрын бараа харахаар болоод уруугаа буулаа. Тийм битүү цасан манан дунд уруудаж байгаа, өгсөж байгаа нь ч сайн ялгагддаггүй юм. Хараа бол долоо, найман метр орчим. Түүнээс цааш юм харагдахгүй. Ингээд уруудаж явтал нэг сүглийсэн хар юм харагдав. Яваад очтол нэг том хад, бүр миний сайн “таньдаг” хад байна. Шуурхай, Долооннуур хоёрын завсрын дөрөлж дээр байдаг хад л даа. Гурван том үхэр чулуу байдаг юм. Үхэр чулуугаа танимагц аав ээжтэйгээ уулзсанаас өөрцгүй болж байгаа юм. Одоо бол зүг чиг миний гарт ороод ирсэн. Үүнээс доош тавь орчим метр явахад дахиад нэг том чулуу бий. Доош уруудсаар Шуурхайн Ногооннуурын эхний хяр дээр очлоо. Жаахан буруу тийш хазайж яваад тэр танил чулуутайгаа таараагүй бол юу болох байсныг хэн мэдлээ. Энэ үед л жаахан амаргүй санагдаж байсан. Бусдаар бол уулын спортоосоо буцах, няцах тухай бодол толгойд орж ирж байсангүй дээ.

   Алтай таван богдод цасанд боогдоод майхандаа хэд хоноход бас л амаргүй санагдаж байсан. Майхан дотроо примускээ асаагаад элдэв сонин, инээд наргиантай юм ярих зэргээр л цагийг өнгөрөөнө дөө. Бас тээр жил нэг найзыгаа хүүтэй нь хамт дагуулаад Барилгачин оргилд гарлаа. Хүү нь нас биед хүрсэн сайхан залуу л даа. Өдөр нь цэлмэг сайхан өдөр. Оргил дээр гараад буцаж явахад манай хэсэг нөхөд түрүүлээд, биднээс нэлээд зайтай бууж явсан юм. Тэгтэл найзын маань хүү биднээс түрүүлээд тэдний араас явж одлоо. Эцэг үрийн хамаарал, зөн совин гэж их сонин. Бууж явтал найз минь “Миний хүү дажгүй яваа байгаа даа?” гэв. “Цэлмэг өдөр, энүүхнийг даваад орчихвол алзахгүй” гэж би хариуллаа. Явсаар бааз дээрээ буугаад иртэл нөгөө залуу байдаггүй шүү. Ингээд бөөн эрэл сурал боллоо. Тэр нутагт очиж үзээгүй залуу хүү урдаа холгүй яваа хүмүүсийн араас хөдлөөд, нөгөө хүмүүс нь уулын багахан нугачаанд далд орох хооронд чиг алдаад буруу тийш яваад өгсөн байгаа юм. Миний тооцоогоор бол чигээ алдаж хойш эргээд Хужиртын эхэн рүү орсон байх ёстой. Нэг мөр олж аваад хэмжиж үзэхэд гутлынх нь размер хүртэл таарч байв. Түүнийг сайтар ажиглаад дагатал яах аргагүй хойд зүг рүү эргээд явжээ. Тонгойж хэвтээд ус уусан мөрийг нь хүртэл олж хараад дагахад яах аргагүй Хужиртын эхэн тийш зүглэсэн байв. Удалгүй орой болж бид шөнөжин хайгаад ололгүй өглөө болонгуут хойшоо Хужиртын эхэн рүү очтол тэнд айлд байж байж билээ. Чигээ алдаж биднээс төөрөөд, хээр хадны агуйд хоноод, өглөө чигээрээ уруудсаар айлын бараа харсан байгаа юм. Төөрнө гэж төөрөхийг л хэлдэг нь энэ.

Багаж хэрэглэл чухал

   Тэр үеийн бидний уулын хэрэглэл бол Оросын л эд байлаа. “Тигр” нэртэй уулын гутлыг улсаас тавьж өгдөг, тэрийг харин Японых гэдэг байв. Одоогийн сайхан сайхан эдтэй харьцуулах аргагүй. Цасанд шалба норно. Тэгээд хөлдөнө. Гутлын уланд хийдэг орос хумс байдаг, бид кошк гэж нэрлэнэ. Брезентэн оосортой, түүгээр нь гуталдаа баглаж бэхэлнэ. Буруу бэхэлбэл дорхноо мултраад уначихна. Гар бээрсэн үед түүнийг гуталдаа бэхлэх гэж ёстой тамаа цайдаг байв. Мөс цавчигч мөн адил Оросынх, одоогийнхтой харьцуулахын аргагүй бүдүүлэг эд л дээ. Тэр мөс цавчигч гадсыг бид мөсөнд цохиж нүдэж зооно. Одоо бол эрэгдээд оруулчихдаг их сайхан багаж хэрэглэдэг болсон байна. Яг оргил дээр биш ч замд ууланд лагерьлаж хонох тохиолдол байна. Би Чехийн уулчидтай мөсөн дээр гурав хонож байлаа. Майхнаа барьж бэхлээд, майхныхаа дэргэд гадаслаж нэг уяа бэлдээд, гарч бие засахдаа нөгөө уяанаасаа өөрийгөө бэхлээд хэд алхаад бие засна. Тэгэхгүй бол цаашаа алдуураад явчихна. Багаж гэснээс, гадаадын уулчдаас энэ талын болон бусад зүйлийг багагүй сурсан даа. Өрнө, Дорнын олон ч орны олон хэлийн уулчидтай ганзага нийлж, оргилд гарч дээ.     

Гадаадынхантай

   Польшуудаас анх жижигхэн гурвалжин, дөрвөлжин дүрстэй туухай байдгийг олж харж байлаа. Түүнийгээ олсны үзүүрт бэхлээд дээш шидэж хаданд гацаагаад олсоороо авирна. Ангал дээгүүр гарахад хэрэглэдэг хийлдэг шат бас тэр үед анх харж байв. Бид нэг удаа Георгий Димитровын нэрэмжит авиралтанд болгаруудтай явж байгаад Сүхбаатар оргил дээр нэг болгар уулчныг ангал руу унагаж орхилоо. “Алив яах билээ, олс хэнд байна? Чи орох уу, би орох уу?” гээд сандрав. Гэтэл тэд зохион байгуулалтаа маш нарийн сайн төлөвлөөд хийчихсэн байдаг юм билээ. Тухайлбал, тэр унах юм бол чи хамгаалалт хийнэ, чи орно, чи тийм юм хийнэ гээд ажил үүргээ хуваарилаад авчихсан байдаг аж. Яахав ийхэв гэх юм байхгүй, шууд нэг нь гадас зоож, нэг нь олсны бэхэлгээ хийж доош ороод л шийднэ. Багаар яаж ажилладгийг тэгэхэд анх болгаруудаас сурч билээ. Түүнээс хойш бид ч яг тийм зохион байгуулалттай явдаг болсон.

   Ангалд унасан хүний араас ороод, дээр үлдсэн хүмүүстэй заавал холбоо барьж байж үйлдэл хийдэг дүрэмтэй. Тэгэхгүй бол тухайлбал, олс толгойд нь орчихсон байхад шууд татаад эхэлбэл хоолойг нь боож орхино. Би жишээ нь, Даваа гэж уулчныг ангалд унагаад араас нь орж биеийг нь тэгшлээд олсыг нь зөв байрлуулж байж дээш татуулж байсан. Тэгэхэд нэг шинэ уулчин дээрээс шууд л “Татаач, хурдан татаач, хүн үхлээ” гээд л орилоод байсан. Газар газрын хүмүүс өөр өөрийн онцлогтой. Япончууд бол маш ажил хэрэгч. Машинаас буугаад л хүн бүхэн өөр өөрийн хариуцсан ажлаа яс хийнэ. Майхнаа буулгаж бариад, бүх багаж хэрэгслээ бэлдээд. Зүгээр суухгүй, юм хийгээд л байна. Ажил хийдэг хүнд бол ажил гараад л байдаг, Ажил хийдэггүй залхуу хүнд бол ажил олддоггүй юм байна гэж тэгэхэд би бодож байлаа. Германчуудын цаг нарийн барьдаг зан онцгой. Нэг хоёр минутаар л ярина. Ийм сайхан чанаруудыг манайхан тусгаж аваасай гэж би их боддог. Нэг удаа хэдэн германтай явж байхад хөтөч нь гэж монгол залуу байсан нь их лазан нөхөр таарч билээ. Түүнээс болоод дөрөв таван минут хоцроход л нөхөд хачин их тавгүйцэж байгаа юм. Тэр залуугийн удаан  ч хэтэрхий, аппарат хэрэгсэл, үүргэвчээ бэлдээд үүрэхийг нь харсан хүний уур үнэхээр хүрмээр удаан хөдөлнө. Түүнийг нь харж буй германчуудын царай шууд уншигдаж байгаа юм. Би ч бас бага залуугаасаа цаг бариад сурчихсан хүн. Цагаа яс нарийн бариад явчих нь аль аль талдаа, тэр дундаа өөрт амар байдаг юм. Би сургуулийн багш, захирал байхдаа багш, сурагчдаас цаг барихыг л хамгийн хатуу шаарддаг байсан. Цаг барьдаггүй хүнд би тун дургүй. Энэ нь миний мэргэжилтэй ч холбоотой байх. Уулын спорт бол цагтай уралдсан, амь сөрсөн спорт шүү дээ. Манай Нарантуяа гэж багш “Цалин буухгүй бол бид ууртай, цаг барихгүй бол захирал ууртай” гэсэн үг хүртэл гаргаж байлаа.

Болгар улсын гавьяат тамирчин Славе Дремеджевийн хамт Мөнххайрхан ууланд. 1980 он

Аюул эрсдлийн дундуур алиа хошин тасрахгүй

   Мөнххайрхан уулын Сүхбаатар, Барилгачин хоёр оргилын дунд бараг 90 градусын налуу гэмээр нуранги ихтэй хэсэг газар бий. Тэр жил болгарууд Эверэстэд хийх авиралтынхаа бэлтгэлийг тэнд ирж хийсэн юм. Бэлтгэлийн үеэр нэг болгар хад руу нисээд, нисэхдээ олсондоо татагдаж очоод гуяараа хад цохиод хөлөө гэмтээчихсэн юм. Тэр хүнээ бид дамжилж өргөн морян (мөсөн голд түрэгдэн урсаж ирсэн асгыг хэлдэг уулчдын хэллэг)-аас буулгаад морь мал явахаар газар хүргэж хэвтүүлэв. Ингээд Долооннуурын эхний сүүн тасгийн айлууд дээр очиж Т.Жимбээ эгчийн манхан тэмээг авч очоод тэмээн дээр суулган авч ирэв. Лагерь дээрээ ирээд тэмээг хэвтүүлэхэд нөгөө тэмээ “гув” гээд дуугартал нөгөө болгар маань “Энэ тэмээ юу гэж байна?” гэж асуулаа. Тэгтэл манай Батсуурь эмч шооч зангаараа “Би их ядарлаа” гэж байна” гэж хариулахад нөгөө болгар “Аргагүй дээ, ядарсан байх” гээд тэмээний толгойг илж бид бөөн инээдэм болж байлаа.

   Болгар, Польш, Герман, Орос, Япон, Франц гээд олон орны уулчидтай явж байлаа. Япончуудтай хамт явахад тэдний ганц нэг үг японоор сураад авчих санаатай хэдэн үг заалгаад тогтоож авах гэж бөөн явдал. Орчуулагч нь надад соёонара, аригато гэх мэт үг зааж өгөөд тогтоохгүй болохоор “Урт соёотой Нараа гэж хүүхэн” гээд тогтоогоод ав” гээд бөөн инээдэм болж байлаа. Ид авиралтын дундуур нэг гадаад нөхөр бие засмаар байна гэв. Цас руу арай ороогүй байсан тул хар газар бие засуулахаар нэг байр зааж өглөө. Хоёр чулууны завсар зааж өгөөд, энд суугаад бие засчих гэв. Тэгтэл нөгөө эр чинь бид нар шиг явган суугаад бие засахаа мэдэхгүй шууд хүйтэн хадан дээр хөлөө жийгээд бөгсөөрөө суучихсан байна. Би гайхаад наанаас нь очтол “Цаашаа, би дажгүй” гээд дохиж байна. Ингээд бид тэнд бөөн инээдэм болж байв.

   Бас нэг удаа Английн их сургуулийн баг ирлээ. Эхний өдрийн авиралтаа хийгээд замдаа хоноод өглөө бостол нэг хүүхэн ухаан алдаж унав. Нөгөөхөө сэргээж аваад замдаа гартал цасан шуурга тавиад эхэлдэг юм. Тэгэхээр нь буцах замаа жаахан дөтлөх санаатай өөр замаар явлаа. Гэтэл нөгөө англичууд намайг байсхийгээд араас дуудаж, зөв явж байгаа эсэхийг шалгаагаад байдаг. Надад эргэлзээд, буруу замаар яваад байна гээд байгаа хэрэг. Өөр, дөт замаар явж байгаагаа хэд хэлээд ч сайн итгэдэггүй. Сүүлдээ миний жаахан цухал хүрч, тэднийг өмнөө зогсоогоод орчуулагчаар дамжуулаад хэллээ. “Энэ хүний бие муу байна. Би та нарын аюулгүй байдлыг хариуцаж яваа хүн. Хэрэв янз бүрийн асуудал гарах юм бол би хариуцлага хүлээх хэрэг гарна. Би тийм хариуцлагад татагдах дуртай хүн биш. Та нарыг аюулгүй, дулаан майханд чинь хүргэх л хүсэл байна. Тийм болохоор надад садаа болж цаг гарздахгүй байвал их баярлана” гэлээ. Төдийд харин жинхэнэ команданд орж араас үг дуугүй дагацгаав. Уруудсаар бааз лагерийн арын толгод дээр гарч ирээд лагериа харуултал нөгөө нөхөр чинь “Эрка” гэж орилж ирээд намайг тэврээд сүйд болдог юм. Бид ч хэсэг зуур биесээ шоолж инээд наадам боллоо. Жаахан ядарч зутарч явахад инээд наргиа хүнд хүч тэнхээ өгдөг юм даа. Уулчин, аялагч хоёр тэс өөр л дөө. Одоо ихэнхдээ аялагчид өөрсдийгөө уулчин гэдэг болж дээ.  

Төрийн тэргүүнтэй авирав

   Намбарын Энхбаяр ерөнхийлөгч Мөнххайрхан ууланд авирахад миний бие авран хянах группийн ахлагч хийж байлаа. Зам маршрутаа яг таг тогтоогоод байж байтал Уулын холбооны төлөөлөгч очоод, миний гаргасан зам маршрутыг хэцүү байна гээд болиулж орхив. Дунд нь дайралтын бааз лагерь байгуулна гэтэл ерөнхийлөгчийг хээр хонуулж болохгүй гээд бас л цаанаас зөвшөөрөхгүй болоод, шууд авиралтыг өглөөний дөрвөн цагт эхэллээ. Ерөнхийлөгчийн баг уулын хяраар дамжиж яваад, би Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Болдбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хамт Барилгачин оргил руу шууд дайралт хийж орой дээр нь хоёр талаас уулзалдаад, цаашаа Сүхбаатар оргил руу явсан. Сүхбаатар оргилын оройд гарахад 200-гаад метр дутуу байхад ерөнхийлөгчийн охин, бас зарим нэг хүн туйлдаад, цааш явж чадахгүй болсныг би авч бааз руугаа буцав. Харанхуй болсон хойно буугаад иртэл манай нутгийн залуучууд морьтой тосож байж. Тэндээсээ лагерь хүртэл бас овоо зайтай. Ерөнхийлөгчийн охиныг морь унаж чадахгүй байх, яадаг хэрэг вэ гэж бодож байтал нөгөө охин чинь бараг надаас дээр шахуу унадаг юм байж. Морь малд бол монгол хүн шал өөр л дөө. Тэгээд ширүүхэн галгиулсаар бааз дээрээ ирж, охиныг ээжид нь хүлээлгэж өгөөд санаа амарч билээ. Ерөнхийлөгчтэй шууд харилцаж, ярьж хөөрөхөд их энгийн сайхан хүн санагдсан. Борог өвсөн дээр хэвтээд “Мөн ч сайхан агаартай юм аа, танай нутаг. Би та бүхэн шиг ууланд авирч амжилт гаргах гэж байгаа биш, зүгээр л энэ сайхан агаараар амьсгалах гэж яваа юм шүү дээ” гээд инээж байв. Тэгээд байж байтал хамгаалалтын нэг залуу ирээд “Дарга аа” гээд л цаг руугаа зааж байна. Тэгэнгүүт ерөнхийлөгч дуулгавартай нь аргагүй босоод дагаад явдаг юм. Манай нутгийн Манж ах “Өө хөөрхий, хүний мэдлийн хүн байна шүү дээ. Нэг залуу ирээд л тууж аваад явлаа” гэж байж билээ. Дараа нь Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй Алтай таван богдод хамт явсан. Ийнхүү улсынхаа төрийн тэргүүнтэй хүртэл хамт аялсан минь уулын минь буян юм даа.

   Ерөнхий сайд асан М.Энхсайхан бас нэг удаа ирж Мөнххайрхан ууланд авирсан. Тэр үед би Цамбагаравт өөр томилолттой байсан тул яг хамт явж чадаагүй, очоод буцсан юм. “Тун энгийн, яриа хөөрөөтэй, алиа хошин үгтэй сайхан хүн билээ” гэж манайхан ярьсан. Бэлтгэл ажлынхан урьдчилан хонь гаргаад, гэдэс чанаж байтал Энхсайхан ирээд машинаас буунгуут гал зуухны гэрт орсноо “Ашгүй, гэдэс чанаж байгаа юм байна. Өнөөдөр нэг сайхан гэдэс иднэ ээ” гээд гарч. Оройн хоолон дээр бүх хүмүүсийг ирүүлж хамт хооллоод, сархад задлаад инээж хөөрч ярилцаад явсан гэдэг.

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамт авирав. 

Спортын мастер болсон нь

   1979 онд Спортын мастер цолны болзол хангасан гээд намайг дээш нь тодорхойлсон юм байж. Тэгтэл манай багийн нэг хүн жаахан хэл аманд орооцолдоод, нөгөө тодорхойлолт талаар болжээ. Ингэж яваад 1982 онд гэнэт Спортын мастер болсон тухай чимээ ирж учиргүй их баярлуулав. Тэр жил манай сургуулийн багш Ч.Энхтөр, Г.Сэнгээ нар аймаг руу тэмцээнд явсан юм. Явснаас нь хэд хоносны хойно, аймгийн шуудан ирсэн өдөр, захиа занаа ирсэн байж магадгүй гээд холбоо орлоо. Гэтэл манай Энхтөр багш аймгаас яг ирж таарчээ. Энхтөр маань барилддаг, сайхан дуулдаг, төрөл бүрийн авьяастай сайхан залуу байсан даа. Тэгтэл Энхтөр маань шуудангийн машинаас бууж ирээд шууд намайг тэвэрч аваад өргөдөг юм. Тэр их бяр тэнхээтэй хүн чинь намайг амьсгаа давчидтал тэвэрнэ биз. Өөрөө аймагт барилдаад түрүүлж дээ гэж бодов. Тэгмэгцээ “За Эрка багш аа, баяр хүргэе” гэнэ. “Яав, юу болов?” гэж асуулаа. Өөрөө аймагт III байр эзлээд ирж. Тэгээд надад “Та спортын мастер болжээ” гэв. Тэгэнгүүт шууд “Спортын мэдээ” сонин аваад, дэлгээд хартал эхний нүүрэнд мэдээ гарчээ. Баярлаж догдолсон чигтээ гэртээ хариад байж байтал манай Батсуурь эмч амьсгаа дээгүүр гүйж орж ирээд баяр хүргэлээ. Батсуурь бид хоёр бас л олон жилийн уулын нөхөд л дөө. Удалгүй аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга Базар гуай ирж, сумын клубт олны өмнө Спортын мастерын тэмдгийг минь зүүж, үнэмлэх гардуулж өгч байв. Энэ хооронд манай найзууд дор нь гялалзуулаад хөдөө давхиж сүү, цагаан идээ, сарлагийн айраг олоод иржээ, би ч мэдсэнгүй. Тэгээд нутгийн ах дүү, үеийн сайн нөхөдтэйгөө нийлж даруухан тэмдэглээд өнгөрч билээ. Би 1979 онд УБДС-ийн Биеийн тамирын багшийн ангийг төгсөөд сумынхаа сургуульд багш болсон хүн юм. Гучин есөн жил, есөн сар багш, үүнээс зургаан жилд нь сургуулийн захирал хийгээд тэтгэвэртээ гарсан. Манай нутагт олон Эрхэмбаяр бий. Бүгд нэрнийхээ өмнө хоч, чимэгтэй. Нутгийнхан намайг “Хар буруу санаагүй, харайж гүйхдээ сурмаг, хавчиг Эрхэмбаяр” гэдэг юм.

Уулын нөхөд минь

   Бид тоолбол нас чацуу есөн спортын мастер байлаа. Одоо нэг маань бурхан болоод наймуулаа болжээ. Ганболд, Чадраабал, Нямдаваа, Мажигжамба, гавьяат тамирчин Өсөхбаярын аав Готовдорж гэх мэт олон жил өндөр цагаан ууланд нэг олсонд авчирч он цагийг элээсэн нөхөд минь байна. Сонирхуулж хэлэхэд Өсөхбаяр гавьяат маань наймдугаар ангийн хүүхэд байхдаа анх миний олсонд орж Мөнххайрхан ууланд гарч байлаа. Намайг уулын спортын багшаа гэж хүндэлж явдаг, ухаантай, чадвартай сайн залуу байгаа юм. Гавьяат уулчин Жуков Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд ирсэн бага залуу анх бас л миний олсонд ороод ууланд хөл тавьж байлаа. Одоо алдартай уулчин болсон байна. Гэх мэтээр хөл гарыг нь зааж дагуулж ууланд гарч байсан мастерууд олон бий дээ.

Уулнаас сайхан юм уул л байдаг

   Авирахаар очиход Мөнххайрхан уул бол ихэнхдээ “Наашаа гэртээ ир ээ” гэсэн шиг л налайгаад байна. Миний нутаг учраас надад тэгж санагддаг байж магадгүй. Харин Алтай таван богд бол “Та нар ирэх гэж байна уу? Тэгнэ байх аа, та нар!” гэсэн шиг улам л хүрлийгээд байдаг, сүрдмээр. Оргил дээр гараад зогсож байхын баяр жаргалыг уулчин хүн л мэддэг. Нэг оргил дээр гараад зогсож байхад дараагийн оргил бодогдож байдаг. Уулнаас сайхан юм уул л байдаг. Алтайн уул чулуун сүнстэй, Хангайн уул модон сүнстэй, Алтан говь элсэн сүнстэй гэдэг юм билээ.    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.