images

Х.Мөнхбилгүүн, П.Ганбаяр: Австралийн нийслэлд монгол хоолны анхны ресторан байгууллаа

Б.Бадамзул

Бид ингэж эхэлсэн

2023-03-03


Австрали улсын нийслэл Канберра хотод “Наадам” хэмээх монгол хоолны ресторан байгуулсан хоёр залуу манай “Бид ингэж эхэлсэн” булангийн энэ удаагийн зочноор уригдаж ярилцлаа.

Тэд хэн бэ?

     Х.М: Намайг Х.Мөнхбилгүүн гэдэг. Австралийн Канберра хотод долоон жил амьдарч байна. Энд ирснээсээ хойш томоохон ресторануудад менежер болон тогооч хийж байсан туршлагатай. Анх пицца хийдэг итали ресторанд ажиллаж байгаад дараа нь пицца шоп болон “Акиба” гэдэг япон суурьтай ази ресторанд ажиллаж байлаа. Энэ ресторан сүүлийн хэдэн жилд их алдартай болж байгаа. Учир нь маш хурдтай, нэг үндэстний хоолонд баригддаггүй, газар газрын хоолны аль сайныг нь хийдэг. Тиймээс энэ туршлагаа би монгол хоол хийхэд ашиглах боломжтойг олж харсан.

   П.Г: Манай Мөнхбилгүүн өөрийгөө их даруухан танилцуулж байна. Австралийн хамгийн том сургууль ANU IT чиглэлээр төгссөн залуу байгаа юм. Харин намайг Пүрэвсамбуугийн Ганбаяр гэдэг. Австралид ирээд зургаан жил болж байна. Анх Сидней хотод гэр бүлээрээ ирсэн. Гэр бүлийн хүн маань сураад би ажилладаг байлаа. Энд барилгын жижиг компанид ажиллаж байгаад Канберрад хувийн шалтгаанаар нүүж ирсэн. Ирээд хувийн бизнес эхлүүлж, кофе шоп эсвэл ресторан ажиллуулъя гэж шийдсэн юм. Тэгж явахдаа Мөнхбилгүүнтэй таарч, бидний алсын хараа нийлж нэг шийдэлд хүрсэн. 

    Х.М: Би багаасаа хоол үйлдвэрлэлийн салбарт сонирхолтой байсан. Үндсэн мэргэжил маань IT ч гэлээ, суралцаж байхдаа байнга ресторанд ажиллаж, түүндээ ч дурладаг байлаа. Тэтгэвэрт гарахдаа хувийн ресторантай болчихсон байх юмсан гэж боддог байв. Бас энд монгол ресторан үнэхээр байх ёстой юм байна, хоёулаа нийлэх юм бол хийж чадах юм байна гэж үзсэн. Учир нь, гадаадад байгаа монголчуудад байнга тохиолддог нэг асуулт бол “Монгол хоол ямар байдаг вэ?” гэдэг асуулт. Тэд бидний талаар маш их сонирхдог. Тэгээд монгол хоол ийм байдаг юм аа гээд харуулах гэхээр гэртээ урьж, өөрөө хийж өгөхөөс өөр аргагүй. Тиймээс энэ асуултын хариултыг бодитой болгоё гэж бид бодсон юм. Анхны энэ санаанаас улбаалаад дараа дараагийн том том зорилтууд гарч ирсэн.

Биеэ биеэ олж, бизнес эхлүүлэхээр шулуудав

     Х.М: Бид үнэхээр санаандгүй уулзсан юм. Ганбаяр ах ресторан, кофе шоп нээх газар хайж яваад миний ажиллаж байсан итали рестораныг олсон юм билээ. Тэгэхэд рестораны эзэн бизнесээ монгол хүнтэй хамт эхлүүлснээ хэлж, Ганбаяр ах анх над руу залгасан юм. Би өглөө ажлаасаа хоцорчихсон, автобусанд суухаар гүйж явав. Гэтэл танихгүй утаснаас дуудлага ирэхээр нь автал нэг монгол хүн өөрийгөө баахан тайлбарлаад л байх юм. Би юу болоод байгааг ч бүрэн ойлгосон юмгүй “За, дөрвөн цагт тэнд хүрээд ир. Тэгээд ярилцъя гэж хэлээд утсаа салгасан даа. Тэр үе нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын сүүлээр юм.

П.Г: Х.Мөнхбилгүүний тухай дуулаад, очиж уулзсан шалтгаан бол энэ хүний ур чадвар, зан төлөвшил. Бид олон удаа уулзаж, өөрсдийн мөрөөдөл, төсөөлөл, алсын харааг хуваалцаж, сайн ярилцсаны эцэст санаа нэг гэдгээ ойлгож, хамтдаа бизнес эхлүүлэхээр шийдсэн юм. Мөн биднээс гадна хоёр хүн бий. Үүсгэн байгуулагчдын нэг гэсэг үг л дээ. Б.Дарьсүрэн гэж тогооч охин байна. Олон ресторанд тогоочоор ажиллаж карьераа бүтээсэн, хоолны технологич мэргэжилтэй хүн. Монголд АСЕМ болоход тэр том уулзалт, хурлуудын хоолны технологийг хариуцсан юм. Нэг ёсондоо хүнсний технологийн инженер хүн. Тийм хүн чинь хоол хүнсэнд чанарын шалгалтууд хийнэ гэсэн үг. Б.Дарьсүрэн маань энд итали ресторанд тогооч хийж байлаа. Мөн Б.Адьяадулам гэдэг охин мөн л энд Modern Australiaресторанд ажиллаж байсан. Тогооч мэргэжилтэй. Бид хоёр Б.Адьяадулам дээр очоод санал тавихад дуртай хүлээж авч бидэнтэй нэгдсэн. Тэгэхээр “Наадам” рестораныг дөрвөн хүн эхлүүлжээ. Санаа нь бид хоёрынх ч гэлээ дөрвөн хүний хамтын хүчээр боссон бизнес юм.  

"Наадам" рестораны ширээ бүр дээр байдаг дөрвөн бэрхийн шагай.

Газрын эрэлд

     Х.М: Бид маш олон удаа уулзаж байж эцсийн шийдвэрээ гаргасан. Ялангуяа миний хувьд энэ маш том шийдвэр. Яагаад гэхээр би дөнгөж IT чиглэлээр сургуулиа төгсөөд мэргэжлийн карьераа эхлэх гэж байлаа. Гэтэл энэ ажлыг хийнэ гэвэл бүх юмаа хуу зориулах ёстой. Тийм болохоор эхнэртэйгээ маш их ярилцаж байж шийдсэн гэр бүлийн том шийдвэр байлаа. Ингээд мэргэжлийн ажлаасаа зургадугаар сарын нэгэнд гарах тухай мэдэгдлээ тавдугаар сарын дундуур өгөв. Энд ажилд орох ч байсан, гарах ч байсан дор хаяж дөрвөн долоо хоногийн хугацаа өгдөг. Тэр хугацаанд IT-гийн ажлынхаа хажуугаар амралтын өдрүүдээр рестораны ажлаа хөөцөлддөг байлаа. Ингээд бид хамгийн түрүүнд хоёр зүйл дээр зэрэг ажиллаж эхэлсэн. Нэг нь брэндинг буюу манай ресторан яг ямар байх, юуг илэрхийлдэг байх, нөгөөх нь хаана, хэр том газар олох вэ гэдэг асуудал.

     П.Г: Бид хоёрыг шийдвэрээ гаргаж байхад хүн бүр л “Наадах чинь бүтэхгүй ээ. Ийм дэмий юм руу ордог яасан толгой нь эргэсэн улс вэ!” гэж байсан. “Монгол хоолыг хүмүүс сонирхохгүй, өрсөлдөх чадваргүй, амт султай” гэнэ. Энэ нь зарим талаараа үнэн ч гэлээ бид хоёр олон хүний үгийг сөрж гарч ирсэн л дээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас газраа идэвхтэй хайж эхлэв. Олон ч газраар явлаа. Бизнес төлөвлөгөөгөө олон хүнд танилцуулсан. Энд байршлаа сонгоод газраа олох явц их төвөгтэй. Худалдаж авч байгаагаас л өөрцгүй юм болно. Уулзана, бизнес төлөвлөгөөгөө харуулна. Үүсгэн байгуулагчдынх нь буюу бид хоёрын түүхийг үзнэ. Түрээсийн гэрээ хийхээр бол сунгагдах нөхцөлтэйгөөр 5-10 жилээр хийдэг. Тэгээд тэр газрын бараг бүх хариуцлага бидний нуруун дээр ирнэ. Ихэнх түрээслэгч нар бидний саналаас татгалзахдаа “Та нарт өмнө нь ямар нэг кофе шоп ч юм уу өөр газар ажиллуулж байсан туршлага алга” гэж байв. Харин бизнес төлөвлөгөөг маань ихэнх нь сайшаан үнэлж байж билээ. Дөрөвдүгээр сараас эхлээд газар хайсаар ер олдохгүй зургадугаар сар болов. Мөөгий ажлаасаа гарчихсан байдаг, бид хоёр 12 дугаар сард ресторанаа нээх төлөвлөгөөтэй. Учир нь, рестораны хамгийн ашиг орлоготой үе нь 12 дугаар сар. Тэгж тэгж хоёр газар нэлээд нааштай болж ирэв. Бид хоёр ч хугацаа их алдсан байлаа. Тийм болохоор нэг газар олуутаа шууд л гэрээгээ хийсэн дээ. Тэрнээс өмнө бид турк ресторан худалдаж авах гэж оролдож үзлээ. Яваандаа хоолоо хувиргаад монгол болгоно гэж бодсон юм. Мөн тайланд ресторан авах гэж үзсэн. Тэр нь яг манай байрны хажууд байдаг, их том танхимтай газар байсан юм. Тэгээд эзэн нь зөвшөөрчихсөн байтал, тэр хүн цаад үл хөдлөх хөрөнгийнхөө эзэнтэй асуудалтай байсан нь илэрсэн.

Рестораныхаа гадаа монгол гэр барьж байна.

     Элчин сайдуудыг өвчүүтэй цуйвангаар дайлав

     П.Г: Газраа авчхаад бид Элчин сайд Г.Даваасүрэнтэй уулзаж, бизнес эхлүүлснээ хэлэхийн зэрэгцээ хамтарч ажиллах боломжийн талаар ярилцав. Канберра бол Австралийн нийслэл хот учраас энд бүх Элчин сайдын яамд байхын сацуу төрийн өндөр албаны айлчлалууд болдог. Тийм болохоор айлчлалаар ирж буй хүмүүсээ манайд оруулж байгаарай гэж хүслээ. Элчин сайд ч биднийг нааштай хүлээн авч, Монгол улсаа сурталчлах янз янзын арга хэмжээнд оролцох санал өгсөн. Тэгээд бид аравдугаар сарын 22-нд бүх элчин сайдуудын өдөрлөг болоход дугуй хуушуур, өвчүүтэй цуйван, хорхог хийгээд очлоо. Энэ арга хэмжээнээс хүмүүс монгол хоол гэхээр сайхан сүүтэй цайгаа уугаад хуушуур, нийслэл салатаа авч идэх гэсэн хандлагатайг ажиглав. Мөн хоолныхоо үнийг туршилтаар гаргахад хүмүүс сонирхолтой хандсан шүү. Зарим нь “Болж байна” гэхэд дийлэнх нь “Үнэтэй байна” гэсэн. Яагаад гэвэл бид анхнаасаа fine dining биш юм гэхэд cuisine маягийн байя, энгийн оройн хоолны газраас өөр дараагийн түвшний байх зорилго тавьсан юм. Яг энэ чиглэлээр судалгаа хийхээр Монголд очоод яг бодсон шигээ газар олсонгүй. Нэг бол зөвхөн монгол хүмүүст зориулсан монгол хоол, монгол хүмүүст зориулсан европ хоолтой газрууд байсан. Мэдээж ганц хоёр холимог хоолтой газрууд байсан ч ресторан нь тэр чигээрээ тийм биш. Хоолны хоёр соёлыг холиогүй юм билээ. Ингээд маш олон ресторанаар орж хоолыг нь амталсны эцэст бид бүгдийг нь өөрсдөө шинээр бүтээх хэрэгтэйг ойлгосон. Мөн монголчууд маань өөрсдийнхөө хоолыг маш бага үнэлдгийг мэдэв. Гэтэл бид монгол хоолондоо дуртай шүү дээ. Гэрийнхэндээ зориулаад орой бүр өөрөө гурилаа зуураад, махаа хэрчээд хоол хийдэг хэрнээ тэрийгээ пицца, пастанаас доогуур үнэлчихдэг. Тэгэхээр энэ хандлагыг эвдэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Булан тойроод итали ресторанаас 10, 20 доллароор соустай паста авдаг байж яагаад өөрт нь зориулж бэлтгэсэн монгол хоолоо 15, 20 доллароор авч болдоггүй билээ? Монголчууд өөрсдийнхөө хоолонд дуртай, хайртай байгаасай, хоолны соёлоо үнэлдэг байгаасай гэж хүссэн.

     Х.М: Монгол хоолыг дараагийн түвшинд гаргахын тулд Монголд байхгүй юмыг өөрсдөө хийхээр болсон маань цоо шинэ байлаа. Бидний энэ бодол зөв байсныг манайхаар үйлчлүүлж буй гадаад хүмүүс, монголчууд маань ч хэлж байна. Тэднээс “Том ресторануудтай яг адилхан байна”, “Орчин, үйлчилгээ, хоолны аягалалт, таваглалт, чанар гээд бүх зүйл шинэ түвшнийх байж чадаж байна” гэдгийг сонсох үнэхээр гоё юм. 

Рестораны дотоод тохижилтын нэг хэсэг.

Тогоо барих хүмүүс тохижилтын ажил хийв

     П.Г: Түрээслэх газраа олчхоод шууд интерьер дизайны ажилдаа оров. Манай загварыг “Метрик компанийн Нямдаваа гэж авьяаслаг залуу гаргаж өгсөн юм. Энэ залуу Хөхүүр”, Мишээл&Амазонка”-гийн үзүүлэнгийн өрөөний загварыг гаргаж байсан туршлагатай. Дизайнаа гаргаад гүйцэтгэлээ хийх гэсэн чинь  асуудлууд тулгарч эхэллээ. Бид Нямдаваагаас, хийхэд хамгийн хялбар дизайн гаргахыг гуйсан юм. Тэгж гаргуулаад гүйцэтгэлээ хийхээр болов. Хана янзлахаас эхлээд туслан гүйцэтгэгч хайтал үнийн санал нь материалын зардал 2000, хийх нь 10 мянган доллароос эхэлж байна. Хивс 5000 доллар, хана 8000 доллар, гэрлийн бүрхүүл нэг нь 800 доллар гэж байгаа юм. Зураг дээр дөрвөн ширхэг гоё бүрхүүл тавиад өгчихсөн байдаг. Нэг нь 800 доллар гэхээр л бид хоёр хана мөргөх шиг болж байгаа юм. Ингээд ерөөсөө хоёулаа өөрсдөө хийе, таазнаасаа эхлэе гэж тохирлоо. Канберра хүн ам багатай болохоор туслан гүйцэтгэгч нар олддоггүй. Нэг бол их дараалалтай, үгүй бол өндөр үнэтэй. Бид хоёр шиг 12 дугаар сард ресторанаа нээхээр зорьж буй хүмүүс олон болохоор туслан гүйцэтгэгч нар ачааллаасаа болоод “Дараа жилийн хоёрдугаар сард долоо хоногийн хугацаа байна” гэх зэргээр хариулж байсан. Сиднейгээс хүмүүс авчиръя гэхээр байрлах байрнаас нь эхлээд зардал нь талийна.

     Тэгэхээр нь бид хоёр ярьж тохироод Нямдаваад “Бид өөрсдөө таазнаасаа эхлээд засвараа хийлээ, будгаа авчихлаа” гээд хэллээ. Тэгсэн “Та нар ханаа эхлээд янзалдаггүй юм уу, хамаг юмаа баллана шүү дээ” гэж байна. Ингээд л таазаа янзлах гэсэн хоёр бүх засвараа өөрсдөө хийж таарсан даа. Нөгөө 10 мянган доллар хүрээд байсан хананы тохижилтыг хөөрхөн хөөрхөн хямдхан шийдлүүд олж хийгээд, 800 долларын гэрлээ хамаагүй бага үнээр аваад л янзалж эхэллээ дээ. Рестораны маань булан тохой бүрд бид хоёрын хөлс, сэтгэл шингэсэн болохоор энэ тохижилтын ажилдаа их хайртай.

Oh-chu

     П.Г: Засвар хийж байхдаа хоолны цэсээ гаргахаар давхар ажиллаж байсан. Дариа, Адьяа, Мөөгий гурав олон жил хоолны амталгаа хийсэн хүмүүс, ажиллаж байсан том франц ресторануудынхаа ерөнхий тогооч гэхчлэн өчнөөн хүнд хоолоо янз бүрээр хийж амтлуулж байлаа. Эхлээд яг монгол маягаар, дараа нь арай өөрөөр хийж амтлуулах гэх мэтээр хоолны судалгаа, хөгжүүлэлтэд их цаг зарцуулсан. Одоо өглөөний хоолонд боорцог, өвчүүний ороомог өгч байгаа маань энэ л судалгааны үр дүн юм. Үйлчлүүлэгчийн анхны сэтгэгдэл төрөхөд хоолны нэр унших хүртэл чухал болохоор найзууддаа нэрийг нь хэлж, саналыг нь сонсож байлаа. Жишээлбэл, uvchuu гээд биччихээр хүмүүс уншиж чадахгүйгээс гадна урт эгшиг нь сонин сонсогддог. Тэгэхээр нь уулга алдахын Oh, морь ташуурдахын Chu-г нийлүүлтэл гадаад хүн шууд л өвчүү гээд уншчихаж байна. Ийм элементийг Япон, Солонгост ихээр ашигладаг юм. Японд сэндвичийг сандо гэх жишээтэй. Тэгэхээр бид хоёрын нэг зорилго бол яг саяных шиг “Явж лавшаа идэх үү?” гэж манай хоолыг манай өөрийн нэршлээр ярьдаг болох тэр түвшинд аваачих явдал.  

     П.Г: Ер нь Австралид монгол хоолны талаар их асууна. Монгол хоол идсэн гэж ярих хүнтэй таараад асуухад тэр нь жинхэнэ монгол хоол биш Mongolian sizzling beef, Мongolian barbecue байдаг. Монгол гэдэг үгийг ашиглачихсан л гэсэн үг. 1970, 80-аад онд Тайваниас гарч ирсэн хоолны нэг төрөл шиг байгаа юм.

     Х.М: Би хүмүүст энийг байнга хэлдэг. Одоо хүртэл тэмцэж байгаа. Энэ хоолнууд одоо бол австраличуудын байнга иддэг хоолны нэг. Монгол гэдэг үгийг зүгээр л арай зөөлхөн махтай гэдэг утгаар хэрэглэдэг буюу цаагуураа бэлчээр дээрээс ирсэн органик махтай хоол гэсэн утгаар ашиглана. Ер нь монгол малын махтай гэсэн үг. Гэхдээ яг үнэндээ Монголоос мах ирнэ гэж байхгүй л дээ. Тийм болохоор бид энэ нэрээ эргүүлж авах ёстой, жинхэнэ монгол хоолыг танилцуулах хэрэгтэй гэж үзсэн.

   П.Г: Манай үйлчилгээний нэг зорилго бол австрали охин монгол хувцас өмсөөд монгол хоолыг монголчуудаас илүү уг гарлыг нь, хийх аргыг нь мэддэг болчхоод үйлчлүүлэгчдэд тайлбарладаг болох юм. Бид монгол хувцас захиалаад авчирчихсан байгаа. Энд ресторанд орж ирсэн хүнээс үйлчлэгч ямар нэг зүйлийн харшилтай эсэхийг асуух, тэр хоолны талаар асуухад мэддэг байх зэрэг их чухал байдаг. Тэд харилцаанд их дуртай. Энэ бол өндөр үнэтэй ресторанд байх ёстой нэг элемент юм. Суурин соёл иргэншилтэй, үр хүүхдүүд нь тусдаа гарсан, ганцаараа амьдардаг хүмүүс, үйлчилгээний ажилтан мэндлэхээс эхлээд, өөрт нь үйлчилж буй хүнээс бусадтай харилцах хэрэгцээгээ хангадаг.

"Наадам" рестораны өдрийн хоолны цэсэн дэх цуйван, хуушуур.

Ханын зураг ба хөршийн холбоо

     П.Г: Бид Heesco буюу Хоснаран гэдэг уран бүтээлчээр рестораныхаа хажуугийн ханан дээр монгол зураг зуруулсан. Уг нь манай хана гурван давхар байшингийн хэмжээний өндөр юм. Гэвч бидний өмч биш учраас ханан дээр бүхэлд нь зураг зуруулж болохгүй. Манайхаар бол СӨХ нь их хүчтэй. Байшин барилгатай холбоотой бүх юман дээр шийдвэр гаргах эрхтэй улс нь хуулиараа тэд. Тиймээс ханан дээрээ зураг зуруулахын тулд СӨХ-ны хүмүүстэй сайн танилцсан. Тэр байрныхан ч их сонирхолтой хүмүүс л дээ. Баяр ёслолоо хамтдаа тэмдэглэдэг, дандаа настай хүмүүс. Хүүхдүүд нь хол байдаг болохоор хэдэн биенээ харж баясдаг гэх юм уу. Тиймээс зураг зуруулах зөвшөөрөл авахдаа тэдэнтэй дотнослоо. Байрны голд том террас байдаг юм. Аливаа баяраар гэр гэрээсээ хоол авч гарч ирээд тэндээ хамт тэмдэглэдэг. Өмнө нь манайхан хажуу айлаасаа давс гуйдаг байсан шиг л хөршийн сайхан харилцаатай. Тэгээд бид тэдний баяр дээр нь рестораныхаа хоолноос оруулж өгөөд, давхар амталгаагаа ч явуулав. Тэд ч биднийг дэмжсэн. Гэхдээ нөгөө том ханан дээр бүтнээр нь зурахыг зөвшөөрөөгүй л дээ. Хуулийн тодорхой зохицуулалт байдаг учраас түүнээс эмээсэн байх. Бид хоёр зөвхөн өөрсдийнхөө нэг давхрын тэр хэсэгт зураг зуруулсан. Анх бид Хоснарангийн Мельбурнд зурж байсан Чингис хааны модерн хөргийг зуруулна гэж бодож байлаа. Нэг гартаа навчин тамхи, нөгөө гартаа “Боргиопиво барьчихсан том том дуу өсгөгчнүүдийн урд нүдний шил зүүчихсэн сууж байгаа тийм график зураг байдаг юм. Чингис хааны хөшөөг тийм зураг болгоод хувиргачихсан панк стилийн зураг байхгүй юу. Тэр зургийг байрны хүмүүст үзүүлэхэд айдас төрсөн байж магадгүй. Бидэнд бол их таалагдаж байлаа. Тэгээд бид өөр зураг зуруулахаар ярилцаж, хамт ажиллаж байсан охины багын зургийг зуруулсан.

     Х.М: Монголоо тодорхой хэмжээгээр яаж харуулах вэ гэдгийг бодож бодож энэ зургийг сонгосон юм. Цаад санаа нь гадаа хоол идэж буй хүмүүст Монголын хөдөө хээрт байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх. Тийм болохоор ороод хоол идэж болох, сууж болох хүлээн авалтын өрөө маягаар хэрэглэх гэр гаднаа барьсан. Тэр гэрийн гадаах зураг нь ногоон тал, нуга байвал гоё тохирно гэж үзсэн.

     П.Г: Манай Нямдаваагийн дизайн дээр гадна талбай тэр чигтээ өвс байсан. Хиймэл зүлэг хайтал дор хаяж 8500 доллар болж байна. Уг нь энд жилийн турш ногоон байдаг газар. Тийм байхад үнэтэй хиймэл зүлэг авах шаардлагагүй гэж үзээд дизайны өөр шийдэл хайлаа. Гэрийн гадаа яг л Монголын хөдөөд оччихсон юм шиг болгох гээд байгаа хэрэг. Ерөнхий дизайны шийдэл маань ч угаасаа ийм. Гаднаа яг л хөдөө шиг хэрнээ дотогш ороод ирэхээр Улаанбаатарт оччихсон юм шиг шийдэлтэй. Гэрт хооллосон хүмүүс дотор орж ирэхээрээ “Хөөх, танайх ийм өөр юм уу, сонин содон юм” гэдэг.

"Наадам" рестораны гаднах ханын зургийн өмнө рестораны эзэд Австралид суугаа Монгол улсын Элчин сайдын яамныхны хамт.

Монгол гэр хөөцөлдсөн нь

     П.Г: Монголоосоо гэр авчрахаар судлав аа. “Хархорин” худалдааны төвөөс хамгийн сайн гэсэн сийлбэртэй гэрийг авч ачуулаад хоёр, гуравхан сарын дараа авчихна гэсэн бодолтой байлаа. Тэгээд өмнө нь наашаа гэр импортолж авчирсан ямар хүн байна гээд хайв. Тэгсэн арваад жилийн өмнө Монголоос контейнер дүүрэн дээр гэр ирж байжээ. Гэтэл гаалийн байцаагч нар нөгөө контейнерийг онгойлгоод үзтэл бараг хүн үхээд удсан юм шиг үмхий үнэр гарсан гэнэ. Хамаг эсгий нь илжирч хөгцрөөд, модонд нь авгалдай үржчихсэн байж. Модных нь авгалдай өвөл хөлдчихсөн байж байгаад зун нь Тяньжин боомтоор ирэхдээ халуунд үржээд доторх хамаг юмыг нь идчихдэг юм байна. Энэнээс болоод Монголоос гэр авахыг бараг л хориглочихжээ. Харин ийм нөхцөлд манай гэрийг монголд элэгтэй австрали эр улсынхаа стандартад нийцүүлж Монголд хийлгээд авчрахаар болсон. Учир нь, манай монгол гэрийн будгийг энд ирээд хүнд металлыг нь шинжлэхээр өндөр гардаг юм билээ. Гэтэл Австралид ургамал, амьтны эко системээ хамгаалахын тулд энэ тал дээр хатуу шаардлага тавьдаг. Тиймээс янз бүрийн мод, малын гаралтай бүтээгдэхүүн оруулахад шаардлага өндөртэй. Уг нь манай гэрийг авчрах австрали эр Киргизстан, Узбекистанаас гэр авчирч байсан туршлагатай, гэрийг аль хэдийнэ худалдааны бүтээгдэхүүн болгоод экспортолдог болчихсон хүн. Хэдий тийм ч тэр Монголоос үүсэлтэй гэрийг нутгаас нь л авчрах ёстой гээд Монголд захиалгаар хийлгэхээр болсон. Бид эндээс Австралийн стандартад нийцэх будаг, эсгий хийж хатаахдаа ашиглах ариутгалын бодис зэргийг нь явуулсан. Сонирхолтой нь, Монголд зөвшөөрдөг будгийг Австралид, Австралид зөвшөөрдөг будгийг Монголд зөвшөөрдөггүй юм билээ. Гэр авчрах тэр хүнийг маань Питер гэдэг. Гоулбөрн гэдэг хотод амьдардаг, жил бүр Монголд аялдаг, гэрэл зураг авдаг, Монгол, Европоор хөндлөн гулд мотоцикльтой аялчихсан мундаг аялагч. Эндээ жирийн нэг барилгын бизнес эрхэлдэг залуу байгаа юм. Гэр нь яг л музей шиг. Бид Монголоос гэр иртэл тэр хүний хувийн цуглуулгад байдаг хоёр монгол гэрийн нэгийг урт хугацааны лизингээр ашиглаж байна. Гаднаа барьчихсан. Австралийн стандартад нийцүүлэн Монголд хийлгэсэн юм билээ. Хийхэд жил шахам хугацаа зарцуулсан гэсэн. Бид Питерт хүсэлт тавихад тэр уухайн тас зөвшөөрч, маш их дэмжсэнд баярлаж байна. Монголоосоо гэр авчрах болсон түүх маань ийм. Нэг, эсвэл хоёр жил хүлээнэ дээ. Сонирхуулахад, биднийг гэр судалж байхад хятадууд монгол гэрийн элементийг өөрчлөөд ханыг нь хулсаар хийж, хөнгөн цагаанаар хүрээлээд майхан шиг болгосон нь гэрээс хямдхан үнэтэй гарч байсан.

"Наадам" рестораны монгол гэр дотор баруун гар талаас П.Ганбаяр, Х.Мөнхбилгүүн нар.

Наадам нэрийн учир

     Х.М: Бид олон нэр ярьж, туршиж үзсэн. Тэгэхдээ Австралид байгаа, монголчуудад бус гадаад хүмүүст зориулан хийж буй бизнес гэдэг талаас нь бодсон юм. Харахад, уншихад хялбар, гэхдээ цэвэр монгол нэр өгөхийг хүссэн. Ер нь нэр л манай рестораны орчин, энерги бүх юманд нөлөөлөх учраас “Наадам” гэдэг нэрийг сонгосон. Цаад санааг нь нэг өгүүлбэрээр хэлбэл, Монголын наадмыг Австралид харах боломжтой гэсэн үг. Бид эрийн гурван наадмаа илэрхийлэх элементүүдийг төлөвлөчихсөн байгаа. Нөгөө талаасаа наадам, наадгай гэдэг утгаар нь ресторандаа үдийн хоолныхоо үеэр тоглох боломжтой олон тоглоом хаа сайгүй тавьсан. Хоолны ширээ бүр дээр дөрвөн бэрхийн шагай, оньсон тоглоом, эвлүүлдэг зураг зэрэг тоглоом олон бий. Хүмүүс хоолоо захиалчхаад тэрүүгээр тоглоод сууж байдаг. Яваандаа бид наадмын болон энгийн хуушуурны ялгааг харуулна. Эцсийн дүндээ ресторан учраас хоолоороо л нэрнийхээ учрыг ойлгуулна.

     П.Г: Монгол хоол гэхээр гадныхан наадмаар идсэн хуушуур, хорхогныхоо тухай их ярьдаг. Өчнөөн мянган доллар үрж Монгол руу наадам үзэхээр явдаг бол бид тэр наадмыг нь энд авчирсан гэсэн санаа энд бий. Мөн манайд ирсэн үйлчлүүлэгч найз нөхдөөрөө сайхан наадаад гараасай гэж хүссэн. Гадаад хүмүүс ч “Наадаам” гэх маягаар амархан хэлж чаддаг. Бас “Хаа нэгтээ сонссон нэр байна” гэдэг юм. Монголын тухай хамгийн эерэг мэдээний нэг наадам шүү дээ. Мөн австраличууд Монголд их аялдаг, махсаг, их махтай хоол иддэг хүмүүс. Мах нь ч их зөөлөн, дэлхийд алдартай.

"Наадам" рестораны үдийн цайны цэсэн дэх боорцог, жимсний чанамал, сүүтэй цай.

Өвчүүний ороомгийг үнэд хүргэв

     Х.М: Бид одоогоор хоёр төрлийн хоолоор үйлчилж байна. Оройн хоолонд зургаан багц хоолоор үйлчилдэг. Хоёр гол хоол, хоёр хачир, хоёр амттантай гарна. Харин өдрийн хоолнууд маань яг цэвэр монгол хоол биш. Учир нь, эндхийн хүмүүс өөрсдийн гэсэн тогтмол иддэг хоолтой. Brunch гэдэг, өглөөний цай, өдрийн хоол хоёрын нийлбэр юм уу даа. Тэрийг бид хөдөлгөж чадахгүй. Гахайн махтай, өндөгтэй ороомог зэрэг тогтмол иддэг зүйлсийг нь бид ч бас хоолны цэсэндээ оруулах хэрэгтэй. Харин үүн дээр нэмээд боорцог, өвчүүний ороомог буюу Oh-Chu wrap байгаа. Мөн өдрийн хоолны тусгай цэснээс цуйван, банш, банштай цай захиалж болно.

     П.Г: Өвчүүний ороомог манай рестораны хамгийн их захиалга авдаг хоол болчихсон. Ирсэн хүн бүр “Гоё байна” гэдэг. Зарим хүн “Миний идэж үзсэн хамгийн гоё ороомог байна” гэж ч байлаа. Өвчүүний махыг байцааны салаттай хамт монгол гамбиранд ороогоод өгсөн байхгүй юу. Бид энэ хоолоо өөрсдийн нэрийн хоол болгоод маш амжилттай танилцуулчихлаа. Мөн “Манайх зочиндоо сүүтэй цай чанаж өгдөг уламжлалтай” гэж тайлбарлаад сүүтэй цайг эспрессоны жижиг шот аяганд домбоноос аягалж өгөөд амсуулдаг. “Та уухгүй ч байж болно. Гэхдээ манай уламжлал ийм шүү. Та дараа нь нэмж захиалж болно, эсвэл кофе ууж болно” гэж хэлдэг юм. Сониноос манайх Австралийн нэр хүндтэй ONA кофений брэндтэй хамтран ажиллаж байгаа. Тэр компани хамтран ажиллая гэсэн ресторан болгонтой хамтардаггүй. Бид бизнес төлөвлөгөөгөө явуулж зөвшөөрөл авч чадсан. Манайхаар орж ирсэн залуус сүүтэй цайг их сонирхож ууж байна. Өнөөдөр гэхэд л нэлээд олон банштай цайны захиалга авсан. Мэдээж огт таашаахгүй хүмүүс ч бий. Тийм болохоор бид “Milk tea with dumpling” гэж биш “Milk soup with dumpling” буюу банштай сүүн шөл гэж нэрлэсэн. Ингэснээр үйлчлүүлэгчид эерэг ойлголт өгдөг. Хэрэв сүүтэй цай гэчих юм бол тэдэнд хятад соёл бодогдоно. Тэгээд сүүтэй цайн дотор банш байна гэвэл нүд нь орой дээрээ гарна.

     Х.М: Идэж уух гэж буй зүйлийг нь хүнд яаж тайлбарлана, тэр хэрээр шууд хүлээж авна. Буруу тайлбарлавал идэхээсээ өмнө сөрөг сэтгэгдэлтэй болчихдог. Манай банштай цай нэг хавиргатай гардаг. Тэр хавирга цайн дотроо л буцалсан учраас сүүн шөл гэхэд буруудахгүй юм байна гэж бодсон. Бид ч анх энэ хоолыг зөвхөн монголчууддаа зориулж цэсэндээ оруулсан болохоор яагаад ингэж нэрлэснээ тайлбарлаад өгчихнө гэж бодсон юм. Ер нь гадаад хүмүүс авч иднэ гэж огт бодоогүй. Гэтэл сүүлийн хэдэн долоо хоногт энэ хоолыг их захиалж байгаа нь маш сонин байна. Идсэнийхээ дараа “Үнэхээр гоё, содон хоол байна” гэж байсан.

   П.Г: Бид судалгаандаа багагүй мөнгө зарцуулсан. Одоо ч үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Канберра хот дэлхий дээрх хамгийн их ресторан төвлөрсөн газруудын нэг. Ойролцоогоор нэг хүнд ноогдох рестораны тоо 21 байдаг. Өрсөлдөөн маш ихтэй. Тийм болохоор бидэнд алдах эрх байхгүй. Мөн манайх Канберрад нээсэн анхны монгол ресторан болж байна. Сиднейд бол хоёр монгол хоолны газар бий.

     Х.М: Удахгүй бид согтууруулах ундаа зарах эрхээ авах гэж байгаа. Тэгэхээр монгол архинуудаа төрөл бүрээр нь зарж, коктэйль хийдэг болно.

"Наадам" рестораны үйлчлэгч сүүтэй цай аягалж байна.

Хоол идээд яам руу явна

     П.Г: Монгол хоолыг өөрчилчихөөр монголчуудад маань таалагдах болов уу гэж анхандаа санаа зовж байлаа. Канберра бол монголчууд цөөхөнтэй газар. Сиднейд бол Австралидаа хамгийн их буюу 5000 гаруй монголчууд бий. Гэтэл монголчууд маань биднийг маш их дэмжиж байна. Орж ирж байгаа монголчуудынхаа нүднээс гал цог мэдрэх сайхан байдаг. Нүд нь гэрэлтэж байгаа нь бидэнд үнэхээр их урам зориг өгдөг. Цөөхөн боловч манай Канберрагийн монголчууд бүгд дөрөв, таван удаа орж ирлээ. Тэднийгээ ярьж хөөрөөд тайван сууцгаахыг харах сайхан байдаг. Тэд манай рестораныг үнэхээр амьд болгож байна. Бид ресторан л нээж байна гэж бодож байсан бол одоо Австрали дахь монголчуудын цугладаг төв болох бүрэн боломжтойг олж харлаа. Сиднейгээс Элчин сайдын яаманд ажилтай ирсэн хүмүүс манайхаар эхэлж ирдэг. Манай ресторан ЭСЯ-наас машинаар явбал таван минутын зайтай газар байдаг юм. Тэд маань “Танайхыг зориод ирлээ. ЭСЯ дээр ажилтай ч танайд түрүүлж ирэв. Хоол идээд яам руу явна” гэж байгаа нь бидэнд урам зориг өгч байна. 

     Х.М: Монголчууд маань биднийг дэмжиж байгаад маш их баярлалаа. Бодож байгаагүй, төсөөлөөгүй дэмжлэг байлаа. Асуугаагүй байхад л “Ийм гоё монгол ресторан нээгдсэнд баяртай байна” гэж байгаа нь илүү сайн ажиллах эрч хүч өгч байна даа бидэнд.  

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.