images

Инженер-гидрогеологич З.Үржинсүрэн: Мэнэнгийн талд худаг гаргаж явлаа

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2022-10-19


     Гурван үеийн уран дархан Зундуйн Үржинсүрэн гидрогеологийн инженер мэргэжилтэй. Монголд усны аж ахуй үсрэнгүй хөгжиж байсан 1968-1990 онд Дорнод аймагт ажиллаж байсан тэрбээр эзэмшсэн мэргэжлийнхээ талаар ийн ярилаа.

-Худаг усны инженер гэж юу хийдэг, ямар мэргэжил вэ. Та хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

-Инженер-гидрогеологич хүн газрын доорх усыг шинжлэн судалдаг, газар ухаж худаг гаргахад ус агуулдаг шүүр буюу ус хүлээн авагчийн хэсгүүдийг яаж байрлуулж, ямар зохион байгуулалт хийхийг зааж зөвлөдөг юм. Ямар газар өрөмдлөг, хайгуул хийвэл ус гарах боломжтойг судлаад, өмнө нь хаана хайгуул хийж ямар үр дүн гарсантай нь харьцуулж дүгнэнэ.

Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг 1968 онд дүүргэсэн хүн. Төгсөнгүүтээ 1967 онд шинэхэн байгуулагдсан Сүхбаатар аймгийн барилга хөгжлийн конторт эвлэлийн илгээлтээр очлоо. Тэнд усны аж ахуйн худаг ухах, гаргах, угсрах гээд мастерын бүх л ажлыг шат дараалан хийсэн. Бид тэгэхэд илгээлтийн эзэн 13 залуу очиж байлаа. Барилга хөгжлийн конторт арван жил ажилласны дараа буюу 1978 онд Усны аж ахуйн яамны урилгаар Политехникийн дээд сургуульд (одоогийн ШУТИС) инженер-гидрогеологийн мэргэжлээр суралцав. Ингээд 1984 онд сургуулиа төгсөөд намын томилолтоор Дорнод аймагт ирсэн юм.

-Газрын доорх усыг яаж, ямар багажаар шинжилдэг вэ?

-Усны хайгуулыг мэргэжлийн хүн геофизикийн аргуудыг ашиглан хийдэг. Энгийнээр хэлбэл, эхлээд газрын гүн рүү тог гүйлгээд, соронзон орны геофизикийн эсэргүүцлээр нь график зурж хэд хэдэн цэг тодорхойлно. Тэгээд заасан цэгт хайгуулын өрөмдлөг хийж хөрс, чулуулгийн дээж авч судалдаг. Үүнийг хийдэг нэг бригад байна. Дараагаар нь худаг гаргахаар өрөмдөж, уст үе нь хэдээс хэдэн метрийн гүнд хэд байгааг тогтоогоод, яг тэр газруудад нь ус хүлээн авах шүүр байрлуулна. Энийг нь инженерүүд заадаг учиртай.

-Та инженер болохоосоо өмнө Сүхбаатар аймгийн усны аж ахуйд мастераар ажиллажээ. Усны аж ахуйн мастер юу хийдэг юм бэ?

-Гурван төрлийн худаг гаргадаг. Калька гэж метр гаруй том цагирагтай, ховооддог, дотор нь эргүүлэг мотор тавьж болдог худаг бий. Тэрийг том нүхээр өрөмдөж гаргана. Хамгийн зөөлөн хөрстэй, бага түвшинд гардаг худаг л даа. Газрын гүнд 15 метрээс дотогш хийдэг юм. Мөн богино яндант гээд нарийн гүн өрмийн цооногтой адилхан нарийн өрмөөр өрөмдөж, труба суулгадаг худаг байна. Ийм худгийг 30 метрийн гүнд хийдэг. Гүн өрмийн худаг бол 100, 200 метр гээд явчихна. Энэ бүгдийг ухдаг байсан. Мөн дээр нь суулгасан насос, ус өргөгчийг засдаг. Энэ ажлыг хийж чаддаг учраас л яамнаас дуудаж дээд мэргэжил эзэмшүүлнэ шүү дээ.

-Ямар газраас ус сайн гардаг вэ?

-Геологийн тогтоцоосоо л болно. Ус зөвхөн нам дор газар байдаггүй. Газрын доод хөрснөөсөө шалтгаалаад уулын оройгоос ч гардаг. Ус сэвсгэр хайрга чулуу, ангалтай хадны завсар агуулагддаг эд шүү дээ. Тэрийг хадгалдаг ул суурь нь шаварлаг хөрс. Шавар нягт байдаг учраас хэзээ ч усыг доош явуулдаггүй. Харин ийм хөрстэй газар хаана байгааг мэргэжлийн аргаар олно. Тухайн газрын хурдас чулуулаг нь Цэрдийн галавын үеийнх гэдэг ч юм уу насжилт, үүсэл гарлыг нь тогтоодог. Тэгээд тэр хавьд өмнө нь ус гарч байсан уу, одоо ус гарах боломжтой юу гэдгийг тооцоолж хайгуулаа эхэлнэ. Хэрэв ус олбол үйлдвэрлэлийн бригадад тэнд тэдэн метрийн гүн ухаарай гэсэн даалгавар өгдөг.

-Гүний усыг байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүйгээр гаргахын тулд яадаг байсан бэ. Нөхөн сэргээх арга бий юү?

-Ус гаргаж байгаа хөрсний бүтэц, чулуулгийн зузааныг судалж инженерийн тооцоо хийсний эцэст худаг гаргах эсэхээ шийднэ. Багахан устай газарт худаг гаргачихвал хэдхэн жил ашиглаад хөрс нь хуурай болчихно шүү дээ. Ухсан худгийг сэргээнэ гэж байхгүй. Харин ус багатай газарт хайгуул судалгаа хийгээд их устай нэг л цэг олж чадвал тэнд цахилгаан мотор тавьж, тойруулаад зөөврийн усан сангууд хийгээд бааз худаг байгуулдаг. Ийм худаг гаргах шийдвэрийг 1985, 1986 оны үед яамнаас гаргадаг байлаа. Ингээд би Дорнод аймгийн таван суманд бааз худаг байгуулсан. Энэ ажил үр дүнгээ ч сайн өгсөн. Мэнэнгийн талд нэг сайн худаг гаргачихад, айлууд тойрч өвөлжиж хаваржаад 3-4 тонны зөөврийн усан сангаас нь адуу малаа усалчихаж байгаа юм.

            Одоо бол ус гаргах газартаа геологийн шинжилгээ хийхгүй, том өрмөөр шууд өрөмдчихдөг болж. Ялангуяа манай аймагт Хятадын жижгэвтэр “Оснуз”-ууд хоёр гурав ирсэн байна. Тэр 80 метрээс гүн ухахгүй юм. Хөрсийг наян метрээс гүн ухахгүй байна гэдэг, газар тамлаж байна гэсэн үг. Үнэхээр хайгуул хийе гэвэл газрын гүний ус 100-150 метрийн гүнээс гарах боломжтой. Түүнээс биш 60-80 метр ухчихаад “Усгүй юм” гэвэл, ард түмнийг хуурч байгаа хэрэг. Нөгөө талаас дараагийн удаа тус газарт усны хайгуул хийх хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Манай бригад Дорнодын эмнэлэг, сургууль гээд хамаг байгууллагыг сүүгээр хангадаг Булган сумын фермд худаг гаргаж өгсөн юм. Намайг хот руу ажлаар явсан хойгуур хайгуулын багийнхан “Чулуу таарчихлаа. Цааш явахгүй нь” гээд орхиод нүүчихсэн байсан. Би намар нь хотоос ирж хэрүүл хийгээд “Үйлдвэрийн бригад ус гаргаж чадахгүй бол гүн өрмийнхнөөр хийлгэнэ” гэж зүтгэсэн. Тэгээд 100 метрийн гүнээс ус гаргаж байв.

-Борооны усыг цуглуулж газар тариаланд ашиглахаас гадна гуу жалгад хуримтлуулж, хөрсөн дэх усны хэмжээг нэмэх аргыг гаднын орнууд ашиглах болсон байна?

-Энэ аргыг өндөр уулархаг, хур тунадас ихтэй газарт хэрэглэвэл зүгээр. Өөрөөр хэлбэл, Хэнтийн Батноров, Баяндун, Баян-Уул гээд уулархаг газруудад болно. Учир нь модтой, уулархаг газарт хур бороо нь илүү орно. Түүнээс биш Мэнэнгийн тэгш талд тийм ус тогтооно гэж байхгүй. Өндөр газар хүчтэй орсон аадар борооны ус газрынхаа уруу урсаад доод үедээ шингэдэг. Тэрийг нь доош алдахгүй боож хэсэг хэсэг газар усан сан үүсгэх боломжтой. Тэндээсээ малаа усалж, газар тариаланд ашиглаж болно. Байгалийнхаа хуулиар борооны усаар ургамал ногоо тэжээгддэг учраас хурын усыг газар тариаланд ашиглах нь үр дүнтэй. Худгийн усны эрдэс нь борооныхоос өөр учраас газар тариаланд тийм ч тохиромжтой биш.

-Ган, зуд худгийн усанд хэр нөлөөлдөг вэ?

-Ган, зуд нөлөөлнө. Газар хэдий чинээ их хална, төдий чинээ их уур манан дээш савсана. Жишээлбэл, говьд зэрэглээ үзэгдээд байна гэдэг. Тэр бол газрын гүний ус халаад агаарт уур болон дэгдэж байгаа хэрэг. Тэгээд холоос зэрэглээ болж харагддаг юм. Энэ нь газрын доорх гүний усыг ширгээж байна гэсэн үг. Тэгэхээр халуун байх тусам гүний ус багасдаг. Намар усны түвшин дээшиллээ гэж ярьдаг нь халуун багасахаар ууршилт нь зогсож байгаагийнх. Дэлхий усаа өөрөө зохицуулдаг юм шүү дээ. Гол мөрөн, газрын гүний ус наранд халж уур болон дэгдээд үүл үүсгэдэг. Үүлнээс тунадас орж газар дэлхийг дэвтээнэ.

-Усны түвшнийг ургамлаар яаж мэдэх вэ?

-Дэрс ургасан газрын ойр орчимд ус байдаг. Цахилдаг ургасан газрууд ч ус бийг илтгэнэ. Хангай газрын зарим навчит ургамлууд ийм хэмжээний устай гэдгийг заах нь бий. Мал хаана хэвтэж байна, хаана ямар хөрс ногоон туяатай байна, тэнд уст үе нь ойрхон байна гэх мэт өвгөдийн ярьдаг зүйлс бий. Хар ухаанаар бодсон ч ойлгомжтой.

-Инженер гидрогеологич худаг гаргахаар гүний ус судлахаас гадна гол, мөрөн, нуурын усыг судалдаг уу?

-Гол усны урсацыг туршилтын журмаар өөрөө хэмжиж үзэж байсан. Усны түвшин доошлох зэргийг мэргэжлийнхээ дагуу яагаад ингэв гэж чадлынхаа хэмжээнд сонирхож байв. Түүнээс биш том бүтээл хийх хэмжээнд судлаагүй. Харин булгийн усны эхийг хамгаалах ажлыг сум орны удирдлагуудад хэлж хийсэн. Жишээлбэл, Дарьгангын Оргих, Догшин зэрэг булгуудыг хамгаалж хашааллаа. Эд газрын дороос оргилж байдаг булаг. Энэ нь хадны завсраар дээд талын элсэн манхнаасаа газрын гүний ус нь тэжээлтэй учраас газрын хөрсөн дээр ундрахдаа эрдсээ хөвүүлж байгаа юм. Түүнээс биш, дуулахаар оргилдоггүй. Тэр бол хүний сэтгэл дагаад тэгж санагдсан хэрэг. Энгийнээр хэлэхэд, шилэнд дундуур ус хийгээд доош нь харуулбал пөг пөг гээд тасалддаг. Түүнтэй ижлээр газрын гүний ус байгалийнхаа даралтаар үе үе тасалдаж байгаа учраас тэрийг таталцлын хүч дээш нь их бага хэмжээгээр гаргаж байгаа юм.

-Монгол орны гүний усны нөөц таныг ажиллаж байх үед ямар байсан бэ?

-Ер нь Монгол оронд усны аж ахуйн хайгуул судалгаа маш бага хийсэн. Дорнод аймаг хойд хэсгээрээ хангай газартай, Хэрлэн голтой, зүүн тийш Буйр нуур, урагшаа Тамсаг гээд газрын доорх усны түвшин нь харьцангуй дээр доор боловч уст үе элбэг. Сүхбаатар аймгийн Дарьгангын тэгш талын нам дор хэсэгт уст үе нь дээд талдаа их шаварлаг хөрстэй. Дээрээ шаварлаг хөрстэй гэдэг нь борооны ус газрын хөрсөнд шингэж хадгалагдах хэмжээ нь бага байна гэсэн үг.

-Дорнод аймгийн усны аж ахуйд ажиллаж байсан тухайгаа хуваалцаач?

-Сургуулиа төгсөж ирээд Дорнод аймагт ажиллахдаа усны аж ахуйн бэлчээр усжуулалтын га талбайг жар далан хувьд хүргэсэн. Дорнод аймгийн га-гийн төлөвлөгөөг нэлээд биелүүлэв. Инженерийн уст цэгүүд сайн гаргасан. Ялангуяа хайгуулын ажил үйлдвэрүүдийн бригадуудаас нэг жилээр түрүүлэх ёстой. Учир нь урд жил нь уст цэгээ тогтоож байж үйлдвэрийн бригадууд тэр тэр цэгт нь очиж ухдаг. Наяад оноос л ийм болж байлаа. Түүнээс өмнө манай нам төрийн бодлого алдаатай, хоцорч явсан. Эхлээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, мал сүргийг өсгөнө гээд хашаа хийчихсэн. Ус гаргаагүй газар баахан хашаа барьчихаар морь мал өвөлжиж хаваржих боломжгүй. Тэгэхээр сүүлд нь усжуулахын ажил хойноос нь хөөж хийсэн. Ер нь наяад оноос хойш усны аж ахуйн байгууллага тэр чигээрээ байсан бол манай орны усны салбар хөгжиж, нөөц, ашиглалт сайжрах байсан юм. Тэгтэл 90-ээд оноос энэ ажил байхгүй болсон доо. Зах зээлд шилжиж геологи-усны аж ахуйн төслийн байгууллагууд татан буугдсан. Яагаад гэхээр тус байгууллагууд олон улсын эдийн засгийн холбоонуудын ивээл дор тэднээс санхүүждэг байлаа. Одоо 1968-1990 он хүртэлх хугацаанд улсын төсвөөр гаргасан тэр сайхан худгуудаас нэг ч байхгүй. Бүгд шахуу тоногдчихсон, хайран. Сайхан сайхан тоног төхөөрөмжүүдийг нь Хятад руу зөөж гаргасан харамсалтай юм болсон доо.

-Таны гаргасан худаг тоолбол хэд болсон бэ. Тоолж байв уу?

-Тоолж байгаагүй юм байна. Нэг бригад жилд 15 кальк худаг гаргах төлөвлөгөөтэй. Сүхбаатар аймаг 14 худгийн төлөвлөгөөтэй байсан. Тэнд хоёр, гурван жил ажилласан гэхэд тавиад худаг болох юм. Гүн өрмийн худаг жилд арвыг гаргах нормтой байсан гэхээр олон болно.

-Одоо энэ мэргэжлийн боловсон хүчин хэр байгаа талаар танд баримжаа бий юү?

-Ер нь залуу боловсон хүчин ховордсон гэж бодож байна. Гэхдээ ойр зуур худаг гаргах ажил их хийж байгаагаас биш судалгаа шинжилгээний ажил хийдэг нь ховор шиг. Яг усны аж ахуй эрчимтэй хөгжиж байхад ажиллаж байсан маний үеийнхэн дал гарчихлаа. Багш нар нь ч тэтгэвэртээ суусан.

-Тухайн үед ашиглаж байсан техник одоогийнхоос хэр өөр вэ?

-Ялгаатай. Бид ЗХУ-ын техник ашигладаг байсан. 200-гаас 500 метр, гүн өрөмддөг техникүүд байв. Одоо бол Солонгосын хийн өрөм ашигладаг болж. Оросын техник хүчрээгүйг тэр дор нь ухаад гаргаад ирдэг болсон байна.

-Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?

-Усны мэргэжил гэдэг үнэхээр сайхан. Эзгүй зэлүүд газар очиж хайгуул судалгаа хийгээд хэд хэдэн худаг гаргачихаад хойтон жил нь ирэхэд айлууд нүүгээд оччихсон, мал сүрэг нь налайж байхыг харах явдал усны аж ахуйнхны ганц бахархал шүү дээ. Тийм сайхан буянтай ажил хийж байсан улсууд даа.

-Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.