images

М.Буянбадрах: Цэдэнбал, Филатова хоёрын амьдралын түүхийг үүн шиг үнэн бодитой, гүнзгий бичсэн ном бараг байхгүй

Duuren.Life

Миний дуртай ном

2023-02-22


  Манай “Хамгийн дуртай ном” булангийн зочноор “Хүрээлэн” төслийн продюсер, сэтгүүлч Мархаахүүгийн Буянбадрах оролцлоо. Тэрбээр Зөвлөлт-Оросын сэтгүүлч Л.Шинкарёвын бичсэн “Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номыг сонгожээ.

   Энэ номын гол баатар нь Монголын төрийг бараг хагас зуун жил удирдсан гэр бүл. Хүн биш, улс төрч биш, гэр бүл. Тэдний хоорондын харилцаа, гэр бүл дотор юу болдог байсан бэ гэдэг сонин. Энэ сониныг уудлах, нээхийн тулд Монгол орны хагас зуун жилийг нэгэн гэр бүлийн түүхээр таван зуун хуудсанд багтаан харуулахын тулд тав хоног суухгүй, тавь хонохгүй, таван сар бас арай биш байлгүй дээ. Олон жилийн нөр их хөдөлмөр байж таарна.

   Яагаад Монголын төрийг хагас зуун жил удирдсан удирдагч, түүний гэр бүлийн тухай монгол сэтгүүлч, судлаач, зохиогч хийсэнгүй вэ гэдэг нь жаахан харамсалтай. Үнэндээ энэ түүхийг бичих сэтгүүлч зөндөө олон байсан. Гэтэл манай сэтгүүлч, зохиолч, судлаач нар бичихээрээ “Буурал дарга минь, тусгаар тогтнолын эцэг, хорвоод хосгүй хүн” гэхчлэнгийн утга уянгын, нус нулимстай магтаалаар тэр хүнийг хүн биш бурхан болгоод явчихдаг нь ёс болж л дээ. Харин нөгөө хэсэг нь болохоор “Төрсөн нутгаа Орост зарсан урвагч, авгайдаа толгойгоо мэдүүлсэн, Оросын тусгай албаны нууц ажилтан, архины хамааралтай, тархины судасны нарийсалтай” гээд хараагаад давхичихна. Гэтэл энэ Л.Шинкарёв хараагаагүй, мандуулж ерөөгөөгүй. Нэг хүний хөрөг биш, нэгэн гэр бүлийн түүхийг бичсэн. Ю.Цэдэнбалын тухай үүнээс өөр ном байж болохгүй гэсэн үг биш. Өөр ном бүтээл олон бий. Гэхдээ үүн шиг бодитой, гүнзгий, нарийн няхуур, ур дүйтэй бичсэн ном бараг байхгүй.

Л.Шинкарёв гэж хэн бэ?

   Леонид Шинкарёв бол Зөвлөлт Холбоот Улсаас Улаанбаатарт суугаа сурвалжлагчаар олон жил ажилласан сэтгүүлч хүн юм. Монголын амьдралыг гудамж, сэтгүүлчдийн клуб, ширээний ард суугаад зуу татдаг найз нөхдөөсөө ч илүү мэддэг. Зөвлөлтийн элчин, тагнуулын байгууллага руу орж гардаг, Монголын томчуултай хувийн харилцаатай. Ю.Цэдэнбал, А.Филатова, Улс төрийн товчоо хэмээх эрх мэдлийн цөмд суудаг хүмүүстэй сүлбээтэй. Харь хүн Монголын удирдлагын тухай, Монголыг удирдаж байсан гэр бүлийн тухай өөрийн орны өнцгөөс биш, Монголын талаас ч биш, бодитойгоор хөндлөнгөөс харж чадсан нь энэ Л.Шинкарёв юм.

   Ж.Гүррагчаа сансарт ниссэн 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үйл явдлыг бичихдээ Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмид гуайн гэрт үүр цүүрээр очсон байх жишээтэй. Алдарт гэрэл зурагчин Магсарын Цэрэнжамцаас өгсүүлээд, хамт явсан бүх хүмүүсийнх нь яриа бий. Жүгдэрдэмид гуайг “Хөдөөний дуу цөөтэй бор өвгөн байсан, ээж нь яг л жирийн монгол айлын ажилсаг, гялалзуур эмэгтэй” гэх мэтээр дүрсэлсэн байдаг. Сэтгүүлч тэр ээжээс “Та хүүгээ явахад юу өгсөн бэ?” гэхэд “Арван төгрөг өгч явуулсан” гэдэг. Сүүлд тэр арван төгрөг нь хүүхдийн дууны сэдэв болсныг бид мэднэ. Ийм ийм олон явдлын гэрч явжээ, энэ орос. Сансрын хөлөг өглөө үүр цайхын өмнөхөн энэ өргөргийн дагуу үзэгдээд өнгөрнө гэхэд нь Гүррагчаа баатрын ээж нь сүү өргөсөн тухайд “Монголчууд яагаад замд гарахад сүү өргөдөг вэ? Морины дөрөө ч биш, машины дугуй ч биш, газар дахь шороон зам ч биш, тэнгэрт байгаа зам шүү дээ” гэсэн бий. Энэчлэн их гоё бичнэ.  

Орчуулагчийн тухайд

   Л.Шинкарёв шиг бүтээлч, эрэлч, хайгуулч, аналитикчийн ийм үнэ цэнтэй бүтээлийг Хасбаатарын Мэргэн гуай орчуулсан нь туйлын олзуурхууштай. Чухам Х.Мэргэн гуайн орчуулга учраас би энэ номыг лав хоёр бүтэн уншсан. Сайн ном мэдээж сайхан, тэр ном сайн орчуулгатай бол бүр нээмэгц гойд сайхан амттай хоол идэж буй юм шиг ухаангүй шунан уншаад юу юугүй дуусдаг. Х.Мэргэн гуай орчуулах гэж үнэхээр урласныг маш олон жишээгээр хэлж болно. Тухайлбал, монголчууд алаг үр гэж ярьдаг нь оросоороо юу гэж байж болох вэ? “Дитя моё, с черными очами” гэх юм болов уу? Алаг нүдтэй гэж байсан уу гэвэл арай ч тийм биш байх. Гэтэл Х.Мэргэн гуай ингэж орчуулжээ. Ерөөсөө л монгол хүн бичсэн мэт. Уул нь бол орос хүн монгол хүний тухай бичсэн ном юм. Уншаад үзэхээр “Анх монголоор бичээд, сүүлд нь орос руу орчуулсан юм биш байгаа даа?” гэж бодмоор. “Алтан загасны үлгэр” чинь А.Пушкины зохиосон орос үлгэр биз дээ? Гэтэл бид нар Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар “Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт” гэж эхлээд бараг монгол үлгэр шиг болтол нь цээжилж өссөн. Яг түүн шиг, орчуулга гэж огт бодогдохгүй, хэл найруулга нь анхнаасаа л ийм байсан мэт. Заримдаа зохиогч нь Л.Шинкарёв гэж хүн болохыг мартаад, Ю.Цэдэнбалын нарийн бичгийн дарга нь юм уу, тогооч нь юм уу, бие хамгаалагч нь юм уу гэж бодогдохоор байдаг.    

Ю.Цэдэнбал

   Маршал Х.Чойбалсан Ю.Цэдэнбалыг дарга болгочихоод дагуулаад явж байгаа хэсэг санаанд хамгийн тод үлджээ. Тэр үед нисдэг тэрэг байгаагүй, төмөр зам байхгүй, засмал зам ч байхгүй. Гэтэл Увс аймгийн Давст сумын Юмжаагийнх гэдэг айлд хорин хэдэн настай Цэдэнбалыг “Хүү чинь дарга болсон шүү" гээд дагуулаад явсан байгаа юм. Өмнөхөн нь Их хядлага болсон. Монголын хамаг өнгөтэй өөдтэй хүмүүсийг буудаж алаад хонхорт булчихсан. Тэгэнгүүт Х.Чойбалсан гуайн ойлголтоор “нэр цэвэр, гар цэвэр”, Зөвлөлтөд итгэгдэж шалгагдаад ирсэн шинэ боловсон хүчнийг төрийн удирдлагад дэвшүүлж байна. Одоо цагт нэг залууг дарга болгоё гэвэл нутагт нь авч очоод, аавынх нь гэрт “Танай хүүг дарга болголоо” гэхгүй шүү дээ. 1930-1940 онд Л.Шинкарёв Чойбалсан, Цэдэнбалтай хамт байгаагүй нь тодорхой. Харамсалтай нь энэ үеийн гэрэл зураг байхгүй ч, тэр үйл явдал Л.Шинкарёвын номонд фото юм шиг, уран зураг юм шиг гарна. Машин ирж байгаагаас нь утаа үнэртэнэ, дугуйнаас нь боссон тоос мэдрэгдэнэ. Тэр хүмүүс ямар хувцастай байсан, баруун монголчуудын хоол цай,  хувцас хунар, мал ахуй, гэр орон, хүмүүсийн харилцаа зэргийг үнэнхүү гоё дүрсэлсэн. 

   Монголын дараагийн удирдагч хэн бэ? Х.Чойбалсангийн дараагийн хүн хэн бэ? Ю.Цэдэнбал. Энэ залуутай ажиллачихна, харин хаанаас ямар эхнэр олж өгөх вэ? Ингээд өөрийн хүн байлгаж Монголын төр найдвартай бөхлөхийн тулд эхнэртэй болгох ажиллагааг Москвад зохион байгуулсан. Зохион байгуулсан хүмүүс нь бүгд нэр устайгаа бий. Тэр хоёрын анх танилцсан тухай ганц Л.Шинкарёвын ном ч биш өөр олон эх сурвалж, дурсамжуудад гардаг. Өөрсдийнхөө тухай дурссан нь, танилцах гэж очсон айлынх нь хүүхдийн дурсамж хүртэл бий. Анх танилцсан улсуудыг албан хүчээр гэх юм уу, Зөвлөлтийн аюулаас хамгаалах (тагнуулын) байгууллага хооронд нь суулгасан юм байна лээ. Рязань гэж цэвэр орос үндэстэн байдаг нутгаас гаралтай, хөдөөнийх, комсомолын ажилтан, намын төв хороонд залуучууд хариуцсан жижиг албан тушаалтай эмэгтэй.

А.Филатова

   Энэ хүнийг бид үнэндээ мэддэггүй. Социализмын үеийн үзэл суртлаар тархинд суулгаж өгсөн Монголын ард түмний ачит орос эх, нөгөө талаас зөвхөн олны дунд явдаг явган яриагаар бий болсон нам төр, бүх юмны толгой дээр суусан хахир хатуу орос эмэгтэй. Ийм л дүрээр мэднэ, гэхдээ энэ нь нэлээд өнгөц. Л.Шинкарёв бол түүний хэрэг дээрээ хэн байсныг олон талаас нь хамгийн гол нь баримтаар, зөвхөн баримтан дээр тулгуурлан нээн харуулахыг чармайсан. Түүх, намтар бичлэгт анх удаа. Энэ номын бараг гол дүр нь энэ хүн байх шүү.     

   А.Филатова гуай ЗХУ-ын иргэн байсан. Хүүхдүүд нь хүртэл Монголд харьяалалгүй. Халдварт өвчин авчихна гээд монгол хүүхдүүдтэй ч тоглуулдаггүй байсан гэдэг. Нөхөр нь архины хамааралтай, 1984 онд Кремлийнхний эмч хэмээгддэг Д.Чазов гэдэг хүн тархины хүнд өвчтэй гэж оношилсноор Москвад хүргэгдэн гэрийн хорионд орж, тэндээ нас барсан. Их сонин гэр бүл байсан. А.Филатова эмэгтэй хүнийхээ хувьд муухай эмэгтэй байгаагүй юм шиг. Монголд байрлаж байсан тавдугаар армийн генерал тэр хоёрын хооронд ямар нэгэн юм болсон ч юм шиг, болоогүй ч юм шиг. Их тэнгэрийн амны бургасан дунд байхыг нь хүн хараад ховлосон ч юм шиг, үгүй ч юм шиг. Тэрнээс хойш генерал хойшоо дуудагдаад явсан ч байх шиг. Тиймэрхүү хувийн харилцаа зэргийг нь маш нарийн судалсан, хэдэн жил цуглуулсан баримтууд байна. Тэрийг зүгээр нэг А.Филатова, генерал хоёр яасан бол гээд орхичихоогүй. Бургасны төгөл салхинд дуугарч байгаа, оройн нар бүрсийж байгаа, тэр хооронд эмэгтэйн гараас атгасан уу, тэр орос генерал Монгол улсын төрийн тэргүүний эхнэрт дурласан байсан ч юм уу, үгүй ч юм уу, аягүй эргэлзээтэй. Гэхдээ энийг би баталж чадахгүй тул таамаглалаас цааш хэтрүүлж чадахгүй гэх зэргээр үнэнээ хэлсэн байгаа юм.

   А.Филатова хадам ээжтэйгээ ямар харилцаатай байсан тухай гардаг нь их сонин. Ю.Цэдэнбалын ээж бэрээ үздэггүй, хамт хоол ч иддэггүй байсан гэдэг. Төв шуудангийн урд байдаг төрийн тэргүүний хоёр давхар байранд Ю.Цэдэнбалын ээж, А.Филатова хоёр багтдаггүй тул ээж нь гаднаа гэр бариулсан. Улаанбаатарын улаан төвд гэр хороолол хийж байсан хүн байна шүү дээ. Гэрт амьдардаг, өглөө босож галаа түлээд сайхан дөрвөд цайгаа чанаж уудаг. Ю.Цэдэнбал ээжтэйгээ нууцаар уулзаж, чанасан мах, гарын цайг нь уудаг байсан. Комиссарууд, хамаатнууд, ойрын хүмүүс нь хэлсэн байгаа юм. Айхтар дарамтанд байсан байгаа юм шүү. Тэгсэн мөртлөө төрийн тэргүүн. 

   1973 онд Зөвлөлтийн нам засгийн тэргүүн Л.Брежнев Монголд айлчилжээ. Дээд хэмжээний уулзалтын арын өрөөнд юу болсон талаар энэ номд байна. А.Филатова гуай Хуримын ордон, Залуу техникчдийн ордон, 3-4 дүгээр хороолол гэх мэтийн юмнуудыг хундаганы ард ярьж л дээ. “Зөвлөлт улс монголчуудад хангалттай туслахгүй байна, Зөвлөлтийн эсрэг үзэл бага сага байна. Тийм учраас, орчин үеийн хэллэгээр бол мөнгөөр дарж ал, бэлэг энэ тэр өг. Тэгвэл таны нэр хүнд, ЗХУ-ын Коммунист намын нэр хүнд өснө” гэх мэт зүйлийг ярьсан байна. Тэр үед ямар ээмэг зүүлт зүүсэн, биеэ барьсан палаажтай байсан зэргийг нь нэгд нэггүй, нарийн тодорхой дүрсэлсэн бий. Тэгэхэд нь Л.Брежнев “Настя” гэж дотночлон дуудаад (Анастасия ч гэж биш шүү) “Чи ЗХУ-д арай л зардалтай бэр үү, үгүй юу? Гэхдээ яах вэ, би зөвшөөрлөө. Шийдэж өгье” гэдэг. “Филатова Хүүхдийн төлөө сан байгуулж дээгүүр доогуур гуйлга гуйж уйлж унжиж явлаа” гэдгээс хамаагүй бодитой, амьд түүх. Дэлхийн түүхэн том эзэнт гүрний тэргүүнтэй тэр улсын иргэн бөгөөд холбоотон улсынх нь төрийн тэргүүний эхнэр зуун грамм татаж сууснаа ийм ийм яриа өрнүүлснийг Л.Шинкарёв ийм барим тавим бичсэн.

   Зөвлөлтийн элчинг орж загнадаг, Улс төрийн товчоог жижигрүүлдэг, Монголын төрийг атгадаг байсан хүн эцэстээ маш гунигтайгаар дуусаж байгаа юм. Нөхөр нь тархины судасны хатуурал болоод барьсан тавьснаа мартдаг болсон. Комиссарууд буюу бие хамгаалагч, туслахууд нь хэзээ явсан, аль гудамжинд амьдарч байсан, гэрт нь хэн хэн ирдэг байсан гэхчлэн хамаг амьдралыг нь дуустал, нэгд нэггүй бичсэн. Ю.Цэдэнбалыг нас эцэслэхэд Улаанбаатарт Офицеруудын ордоноос үдэж Алтан өлгийд оршуулаад, эхнэр нь алт мөнгөө аваад  Москва явдаг. Хүүхдүүд нь архинд орж, ажил төрлөө хаяж, амьдралын баримжаагүй болж, их гунигтай төгссөн. 1990-ээд он гэдэг хатуу, гунигтай, өлсгөлөн үе. Улсын маань хувьд ч том сорилт, иргэдийн маань хувьд ч хүнд байсан. Тэр үед Монголын төр экс тэргүүн хатагтайгаа анхаараагүй. Тэрэнтэй манатай байсан юм чинь. Ард иргэд хувиараа захидал бичиж харилцах нь байв. Задгай мөнгө цуглуулж “Тэтгэврийн хэд дээрээ нэмэрлээрэй. Байрныхаа төлбөрт хачирлаарай” гээд рубль явуулсан тохиолдол цөөнгүй бий. Ард түмэн өөрсдөө ядуу байсан шүү дээ. Энд улс төрийн биш хүний үнэлэлт байна.

   Дараахан нь А.Филатова Монголын тухай нэг зүйл дуулжээ. Москвад очсон хойно “Монголд хүүхдүүд траншейнд ордог, тэнд амьдардаг болсон юм уу. Тэгж болохгүй шүү дээ” хэмээн бухимдаж байгаа зэргийг нь бүгдийг нотлоод, баримт болгон номдоо хийсэн. Тэр хүн өөрийгөө Монголын бүх хүүхдийн ээж гэж боддог байсан хийсвэр романтик бодол нь хэвээрээ байсаар бурханы оронд одсон юм болов уу, эсвэл эрх мэдэл нь хэвээрээ байгаа гэж бодсоор байсан юм болов уу гэх зэргээр эргэцүүлсэн байдаг.

  Мэргэжлийн сэтгүүлчийн гарын авлага

   Албан ёсны удирдагч байхад нь учиргүй давхиж ороод намтрыг нь бичээд унадаг уламжлал социалист оронд, тэр тусмаа Монголд байсангүй. Даргыг магтах л ёстой, гэр бүлийг нь үлгэр жишээч, төгс төгөлдөрөөр харуулах ёстой. Гэвч зохиогч материал цуглуулаад л яваад байсан, тэгсээр 80-аад он гарч, томилолт нь ч дууссан байх, манай хүн ч албан ёсны цөллөгт гэрийн хорионд суусан. Тэглээ гээд зохиогч “хавтаст хэрэг”-ийг нь хаачихсангүй, Москвад гэрээр нь орж гардаг цөөн хэдэн хүний нэг байгаад сүүлд нь нөхөж их юм яриулсан. Хувийн захидал харилцааны архивыг нь маш сайн судалсан. Эхнэртээ бичсэн захидлыг нь хүртэл олж авсан. Сүүлд нь Ю.Цэдэнбал гуайн хүнтэй харилцах чадвар алдагдаад ирэхэд нь бас мятрахгүй, А.Филатоватай маш их уулзаж ярилцсан. Монголд болсон олон үйл явдал, тэдгээрийн гэрчүүд хэн хэн байсан гэх мэтчилэн бүгдийг тойрч он сараар нь нэгд нэггүй яриулж. Нэгдүгээрт, үйл явдлын амьд сэрүүн оролцогч, гэрч нартай тулж ажилласан, хоёрдугаарт нь, бичиг баримт дээр туйлын нухацтай боловсруулалт, контент анализ хийсэн. Гуравдугаарт, Холливүүдийн кино шиг уран сайханжуулж чадсан байна. Зураад, будаад өнгө, гэрэл юу байдаг юм бүгдийг тавьсан. 

   Энэ бол магтуу биш, хараал ерөөл биш, улс төрийн дүгнэлт биш, сэтгүүл зүйн ажил. Уран зохиол биш, нийтлэл ч биш, сэтгүүл зүйн бүтээлийнхээ хувьд эрэх, сурвалжлах, мөрдөх, анализ хийх, дүгнэх гээд байх ёстой бүх ажлыг багтааж чадсан, энэ салбарын нэг ёсондоо сурах бичиг болохуйц ном. Сэтгүүлч хүн мэргэжлийн байхад, ийм байхын төлөө суралцахад маш үнэтэй гарын авлага байж чадахаар ийм л ном юм даа.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Гайхалтай ҮНЭН ном

    Цэдэнбалын ҮНЭНИЙГ бичсэн ганц ном. увсынхна энэ номыг хориглоод байгаа гэсэн кккк,

    2023-02-23

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.