images

В.Бадамдоо: Хол замд том тэрэгтэй, ачаа тээгээд явахад эмэгтэй хүн гээд айж эмээх юм үзсэнгүй

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2023-02-13


Архангай аймгийн Булган сумын уугуул Ванчинбазарын Бадамдоо бага залуу наснаасаа машин техникт сонирхолтой болж, 40 гаруй жил холын тээвэрт явахаас авхуулаад Төр засгийн үйлчилгээний авто баазад сайд, дарга нар, дотоод, гадаадын хүндтэй зочид, төлөөлөгчдөд үйлчлэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2021 онд Монгол улсын гавьяат тээвэрчин цол хүртсэн бөгөөд ийм шагнал хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй болжээ. Түүний өмнө Б.Осоржамаа, С.Соль нар энэ цолыг хүртэж байв.

- Хуучин нийгэмд Монголд эмэгтэй жолооч их ховор байжээ. Эмэгтэйчүүдийн хийдэг ажил бараг тусдаа байсан тийм цаг үед жолооч болох болсон шалтгаан таны хувьд юу байв аа?

- Манайх гэдэг айл ам бүл арвуулаа. Архангайн Булган суманд нутагтай. Аав минь Баянхонгор аймагт “Пионерийн зам” нэгдэл байгуулагдахад багийн даргаас нь эхлээд бүгдийг хийж явсан хүн. Би бол багаасаа л жолооч болно гэж мөрөөдөж ирсэн хүүхэд л дээ. Саахалтын үеийн хүүхдүүдийг цуглуулаад аавынхаа машинд орж ардаа суулгачхаад, өөрөө жолоодож явна гэж тоглодог байлаа. Тэр үед миний төрсөн ах Бадамсүрэн аймгийн Зургаа баазад том тэрэг жолооддог байлаа. Ахыгаа гэртээ ирээд буцах тоолонд хажууд нь суучхаад ийш тийш дагаад явчихна. Аян замын элдэв сонин, газар орны янз байдал, олон хүмүүстэй уулзаж танилцсан түүхийг сонссоор улам амтшиж, машин тэрэгнээс нэг хэсэгтээ салдаггүй болчхов. Тэгж явсаар сумандаа дөрөв төгсөөд, аймагтаа долоодугаар ангид шилжиж сурлаа. Бага дунд ангидаа тэгсхийж хорхойгоо дарж явсаар Барилгын техникумд засал чимэглэлээр сурлаа. Төгсөөд нэлээд олон жил мэргэжлээрээ ажилласан. Герман явж мэргэжил дээшлүүлсэн удаа ч бий.

Ондоо мэргэжилтэй болсон ч багын мөрөөдөл цээжинд яваад л байдаг?

- Миний хань хөгжмийн багш хүн байсан юм. 1978 онд Багшийн дээд сургуульд ажиллахаар болж, би нөхрийгөө дагаад Улаанбаатар хотод ирлээ. Тэгээд мэргэжлээ солихоор шийдэж, нөхрөөсөө зөрсөөр байгаад жолоочийн сургуульд бүртгүүлчихэв. Барилга заслын мэргэжилтэй хүнийг жолооч болно гэж хэн санах вэ дээ. Тухайн үеийн Тээврийн яамны харьяа Толгойтын авто сургууль гэж байсан юм. Тэнд хоёр жил суралцаж жолооч болсон доо. Зүгээр ч нэг сургууль биш, оюутны мөнгөн тэтгэмж гэж 180 төгрөг өгдөг сургууль шүү. Сургуулиа төгсөөд анхны ажил минь Техник туслалцааны трест, Авто машин механизмын баазад машин барьж, тээвэрт явахаас эхлэв. Түлхүүр бааз гэж товчилж дуудна, одоогийнхоор бол “Хөсөг” компани юм. Хол ойр гэхгүй тээвэрт явсаар энэ бааздаа 14 жил ажилласан байна. Ер нь хөдөө холын тээвэрт голцуу явж байв. Хүнс тээвэрлэнэ, шатахуун зөөнө, ургац хураалтад явна.

- Анхны барьсан машин нь ямар машин байсан бол?

- “Газ-53” маркийн шатахууны цистерн анх барьж байлаа. Монголчууд сисчээр гэж хэлээд сурчихсан юм даа. Дараа нь ЗИЛ-130 машин жолоодож холын тээвэрт явдаг болсон. ЗИЛ-130 чинь өөрөө Орост хамгийн их үйлдвэрлэсэн ачааны машин юм билээ. 1962-1994 онуудад жилдээ 3-4 саяар нь үйлдвэрлэж байсан гэж ярьдаг. Манай улсад энэ хоёр машин л их орж ирж, ачаа тээврийн дийлэнхийг нугалж байсан гэдгийг хүн бүр мэднэ. Одоо ч үүргээ гүйцэтгэж яваа даа тэд.

- Алсын тээвэр, хөдөө зам, хүнд машин гэдэг эмэгтэй хүнд амаргүй даваа нь мэдээж биз?

- Амар ажил биш ээ. Гэхдээ эр хүнээс дутахгүй гэж зүтгэсээр яваад энэ олон жилийг ардаа хийж дээ. Хажууд туслах хүн гэж байх биш, өөрөө л бүх юмаа зохицуулна, зүтгэнэ. Тэр үед зам харгуй ч гэж тийм сайн байсангүй. Энхэл донхол, тоос шороотой л замаар явна, элдэвтэй өндөр даваа гүвээ давна. Өвөл, хаврын цагт бол бүр амаргүй. Бартаа саад их. Өвлийн дүн хүйтэнд зам, гүвээнд цас хунгарласан бол улаан гараараа хүрз бариад л орно. Тэгж ухаж зайлуулж байж л гарна. Зузаан мөс тогтсон цастай даваагаар уруудахдаа "Ийшээ л зам алдчихгүй, аятайхан буучих юмсан даа” гэж зүрхээ чангалаад л зүтгэнэ шүү дээ. Одоо жишээ нь Манай нутгийн Тээлийн даваа гэж бий. Ээ дээ мөн ч зүрх алдуулна шүү дээ. Хоёр хөл чичирнэ. Наад талын шавар намгаасаа эхлээд л зовооно. Чиргүүл толгойгүй мод ачиж яваад, яаж ч үзээд болохгүй дөрвөн дугуйгаа шаварт яг суулгачихна. Тэгээд сумын төв рүү хориод километр алхаж очоод трактор гуйж туслуулна. Надтай ялгаагүй тээвэрт явж байгаа хүмүүс нэгэндээ ханьтай, тусархуу л байдаг байсан. Замд саатаад зогсож таарвал юу болов, яав гээд л санаа тавина. Машинд болохгүй юу байна, тэрийг нь үзээд засаад өгнө. Одоо бол хаашаа ч явсан зам сайхан болсон шиг байна, тийм үү?

Зам харилцаа сайжирсан нь үнэн. Та ингэхэд нутгаараа хэр явдаг байв. Хол замд яваа хүн гэртээ буугаад мордоход сайхан биз?

- Тэгэлгүй яахав. Баянхонгороос ачаа аваад буцахдаа аавынхаараа бууна. Наашаа Хөл саяын даваагаар даваад ойрын төрөл, нутаг усныхнаар орж цайлаад гарна. Сүүлдээ тэд маань миний машины барааг хараад андахаа байсан.

Хамгийн олондоо хэд хоногийн тээвэрт явж байв?

- Хүнсний бараа баазаас Баян-Өлгий аймаг руу тэвшнээсээ хол илүү гартал ачаа ачаад явж байлаа. Зам нь ямар хол билээ дээ, дор хаяж долоо хоногийн ажил болсон санагдана.

- Багаас л таны дурлаж ирсэн ажил байна. Тээврийн жолооч мэргэжлийн юу нь танд хамгийн сайхан юм бэ?

- Зорьсон газартаа ачаагаа саадгүй хүргэх шиг сайхан юм үгүй. Тэгж саадгүй явж болдог ч байж дээ. Хол замд ачаа тээгээд явахад эмэгтэй хүн гээд айж эмээх юмгүй, тайван байсан. Хээр хоносон ч ичиж зовох зүйлгүй, зөрөөд явсан жолооч нар заавал ч үгүй санаа тавина. Хажуугаар тоохгүй өнгөрөөд явдаг хүн гэж байхгүй. Бие биедээ юухнаар ч болов, аль болох л туслахыг боддог байжээ. Хүнс дууслаа гэхэд өөрийнхөөсөө жаахныг илүүчлээд өгч байх жишээтэй. Замд явахад байгалийн саадыг л хэлэхгүй юм бол саад бага байсан юм шүү.

Холын тээвэрт дагнаж явахад ажлын үзүүлэлтийг чухам юугаар хэмждэг байв?

- Миний хувьд ид явдаг үедээ сар тутмын ачаа тээврийн нормоо давуулан биелүүлдэг байсан. 100-112 хувийн тогтмол үзүүлэлттэй. Ажлын үр дүнг явсан зам километр, ачаа тоннын хэмжээн дээр ажил таслахгүй байх гэх мэт үзүүлэлт нэмж эцэслэн тооцно. Сарын цалин дээд тал нь 1200 төгрөг. Тэр үед дээд мэргэжилтэй улс 600 төгрөг, доод тал нь 420 төгрөгийн цалин авдаг байсан. Хөдөлмөр, цалин хөлс жинхэнэ үнэлэгддэг, амьдралаа хангалттай аваад явчихаар л байсан даа. Машин тэрэг эвдрээд, хээр цас шаварт суугаад явахад ачаа бараагаа хожимдуулах вий гэж санаа зовохын хажуугаар шар их хөдөлнө. Бүх л жолоочид ялгаагүй тохиолддог зам зуурын сааталд би яахаараа цаг алдаж, шаналж зогсох ёстой юм гэж эхнээсээ л өөрөө засаж сэлбэхийг нь сэлбээд явдаг байсан. Ингээд ирэхээр дараа дараагийн явалтад бүх сэлбэг хэрэгслээ ягштал бэлдээд, нарийн тооцоолж авч явдаг болдог юм. Ингэж явдаг учраас нормоо тэгж тогтмол давуулан биелүүлдэг байсан хэрэг.

Эхнэрээ, ээжийгээ хүнд тэрэгтэй, холын тээвэрт явуулчихаад санаа амар сууж байдаг айл гэж үгүй байх аа. Танайхны хувьд ялгаагүй л байсан биз?

- Хааяа янз бүрийн шалтгаанаар норм алдагдахаар түүнийгээ нөхөхийн тулд гэртээ ч хонож чадахгүй дараагийн ачаагаа аваад эргээд замд гарах ч үе байв. Тэгж явахад ар гэрийн ажил яах аргагүй хаягдчихна. Гэрийн гадуурх ажлаа харин гаргаахгүй. Хоол хүнсийг нь ойртуулаад, түлээ нүүрсийг нь бэлтгээд өгчихнө. Нөхөр маань бусдыг нь зохицуулна. Багшийн ажлын хажуугаар гэрийн эзэгтэйн ажлыг амжуулаад л байсан. Арыг минь хариуцах хүнтэй учраас би гэдэг хүн ажлаа санаа зоволгүй хийдэг байжээ. Хүүхдүүдээ төрүүлэхдээ л эмнэлэгт очиж байснаас бусдаар эмнэлэгтэй ойр яваагүй хүн юм билээ би. Төрөхөө дөхүүлж байгаад л жирэмсний амралтаа авна. Төрөөд 45 хонов уу, үгүй юу замд гараад явчихна. Хүүхдээ аав ээждээ аваачаад өгчихнө. Тухайн үедээ гэр бүлийнхэн минь намайг сайн ойлгодог тулдаа л өдий хүрсэн байх. Хүүхдүүдээ найман нас хүрээд сургуульд ороход л ээж аавтайгаа хамт амьдрахаар ирж байсан даа.

Нэг удаагийн тээвэрт явахад хэр хэмжээний ачаатай явдаг байсан бэ?

- Чиргүүл толгойгүй явахад 10 тонн болдог байсан. Норм нь ердөө тийм. Ихэвчлэн улсын будаанд Алтанбулаг, Багануур, “Атар” САА, Дархан, Сэлэнгэ рүү явна. Ачаа ачихдаа хүртэл хааяа өөрөө оролцоно. Хархориноос 50 килограммын шуудайтай гурил, будааг өөрөө тэвш дүүрэн ачаад ирж ч байсан удаатай. Том тэрэг барьж явахдаа их эршүүд, бяр тэнхээтэй явсан юм шиг байгаа юм.

Засгийн газрын авто баазад 2008-2012 онд барьсан "Nissan Teana" машинтайгаа. 

Та сүүлд Засгийн газрын авто баазад ажиллаж байхдаа сайд, дарга нарын тэрэг их барьжээ?

- 1990 онд Ардчилсан хувьсгал гарч, Түлхүүр бааз гэж байхгүй болов. Тэгээд яалт ч үгүй ондоо газар бараадахаас аргагүй болж хоёр жилийн дараа нь Төр засгийн үйлчилгээний авто баазад орж билээ. Том тэрэгний жолоо атгаж явсан хүн чинь жижиг тэрэг барихад нэг хэсэг дасч өгөхгүй цаахан хэцүү байсан. Тэр үеийн Засгийн газрын баазад хамгийн гоё машин нь “Эксел” байлаа. Сайхан ч бааз. Машин эвдрэлээ гэхэд л тусгай засварчид бүгдийг нь засаад, янзлаад жин тан болгоод өгнө. Нарийн мэргэжлийн хүмүүс ч ондоо л доо. Тэнд ажиллаж байх хугацаандаа УИХ-ын Байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, гишүүн А.Бакей, Р.Гончигдорж, ерөнхий сайд Ш.Гунгаадорж нарын хүмүүсийн унааг барьж байлаа. Хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Гандийн жолоочоор 10 жил ажилласан. Улс төрчдийн машиныг жолоодно гэдэг амь насыг нь хариуцаж явдаг асар том хариуцлагатай ажил шүү дээ. 1992 онд Т.Ганди сайд албандаа томилогдохдоо тухайн үедээ хамгийн залуу сайд болж байсан юм. Д.Мөнхөө гуайтай нийлээд хоёрхон эмэгтэй гишүүнтэй парламент байв. Т.Ганди сайд эршүүд, шударга, олон таван үггүй хүн байж билээ. Жолоочдоо их элгэмсэг, түшигтэй. "Хүн ер нь амьдралаа хөдөлмөрлөж олсон хөлсөөрөө нүүр бардам авч явах шиг сайхан зүйл байхгүй. Тийм ээ, Бадамдоо эгч ээ?" гэж их хэлнэ. Сайн хүмүүст үйлчлэх бас л сайхан шүү дээ. Ингэж явсаар Засгийн баазад 20 гаруй жил ажиллачхаад тэтгэвэртээ гарсан даа.

- Ярилцсанд баярлалаа. Залуу хойч үедээ хандаж таны хэлэх үг юу бол?

Хүний үгийг дааж, сонсож сурах нь сайн сайхан ажил хөдөлмөрийн эхлэл болдог юм шүү. Хүн хатуужилтай байж чадвал хөдөлмөрийнхөө үр шимийг ханатал хүртдэг жамтай л гэж хэлье дээ. 

 2022 оны Мартын наймнаар  "Гавьяат тээвэрчин" цол хүртэв.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.