images

Хошууч генерал Г.Махбариад: Монголын газрын зургийн ажилд Монголоос ганцаараа оролцож байлаа

Б.Бадамзул

Мэргэжил бүхэн сонин

2023-01-20


“Мэргэжил бүхэн сонин” булангийн энэ удаагийн дугаарт Монгол улсын 52 дахь генерал Галсансанзайн Махбариад гуай эзэмшсэн мэргэжлийнхээ талаар товчхон өгүүллээ. Тэрбээр эхнэр хүүхэдтэй болж амьдралаа төвхнүүлсэн хойноо буюу 28 настайдаа ЗХУ-ын цэргийн сургуулийн агаарын гэрэл зургийн ангийн анхны монгол оюутны нэг болж суралцаад энэ мэргэжлийн анхны шанг Монголдоо татсан түүхтэй.

     Би 1962 онд ЗХУ-ын Москва хотын В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академид сурсан юм. Тэнд Геодезийн факультет байдаг. Тэр нь картографийн, геодезийн, фотограмметрийн зэрэг дөрвөн ангитай. Фотограмметрийнх нь агаарын гэрэл зургийн анги юм. Би тэр ангид суралцаж, агаараас авсан гэрэл зургийг газрын зураг болгодог мэргэжил эзэмшсэн хүн. Агаарын гэрэл зураг авдаг тусгай нисэх онгоц байдаг юм. Тэр онгоцоор зураг аваад, авсан зургаа лабораторид авчирч өгөөд тэр зургаа угаагаад цаасан газрын зураг болгоно гэсэн үг шүү дээ. Агаараас гэрэл зураг авахад ийм байна. Харин талбайн хэмжилт хийхэд геодезийн багаж хэрэгсэл ашигладаг. Анх газрын зургийн анги байна гэхээр нь л тэр мэргэжлийг сонгосон юм. Манай академи бол ЗХУ-ын нэртэй академи. Бэлтгэл анги нь нэг жил, үндсэн анги нь таван жил. Тооны хичээл маш их үзнэ. 540 цагийн тооны хичээл үзэж байлаа. Тэнд Монголоос гурвуулаа суралцсан юм. Бидний гурван монгол дээр гурван герман, хоёр болгар гээд наймуулаа нэг ангид суралцаж төгсөв. Олон сайхан багш нар хичээл зааж байснаас доктор, профессор, хурандаа Мазаев гэж байлаа. Багш нар маань “Манай энэ газрын зургийн мэргэжил бол маш чухал мэргэжил, сайн суралцах хэрэгтэй” гэж зөвлөдөг байсан. Бид гурваас хойш тэр сургуульд энэ мэргэжлээр суралцаагүй. Москва, Ленинград дахь өөр энгийн сургуулиудад энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүс Геодези, зураг зүйн газар ажиллаж байв. Цэргээс бол бид гурав байсан юм. Хамт суралцсан хоёр минь бурхан болсон доо.

Эхнэр хүүхдээсээ хол харьд суралцаж буй залуу захидлаар хэл хийж зургаан жил харилцахдаа эхнэрээсээ 229 захидал авчээ. Хамгийн эхний захидал нь 1962 оны 9 дүгээр сарын 2-нд ирэхэд эхнээс нь дугаарласаар ийм тоонд хүрсэн гэнэ. Өдгөө түүний гэргийтэйгээ харилцсан захидал Онцгой байдлын ерөнхий газрын музейд хадгалагдаж байна.

     Ингээд 1968 онд сургуулиа дүүргэж ирээд Жанжин штабын газрын зургийн хэлтэст инженерээр томилогдов. Тэр үед ЗХУ-ын Цэргийн газрын зургийн удирдах газрын газрын зургийн анги манай улсын газрын зургийн зарим хэсгийг тодотгохоор ирсэн юм. Тэр үед манай Жанжин штабын газрын зургийн хэлтэс дөрөв, тавхан хүнтэй байлаа. Би инженер мэргэжлийг нь эзэмшсэн учраас Монголын талыг төлөөлж энэ ажилд оролцсон юм. Өөр хүн манай талаас оролцоогүй. Энэ нь газрын зургийн нэр томьёог өөрчлөх, 1940 оны газрын зургийг 30 жилийн дараа шинэчлэх ажил байв. Ингээд Улаанбаатарын район, Хөвсгөл, Дорноговь аймгийн зарим хэсгийг 100 мянга, 50 мянганы масштабтай шинэчилсэн. Гучин жилийн дотор тухайн газар орны зам, суурин, байшин барилга өөрчлөгдсөн учраас шинэчлэх шаардлагатай байлаа. ЗХУ-ын арми тусалсан учраас энэ ажлыг хийхэд манайхаас хөрөнгө мөнгө огт гараагүй. Зөвлөлтийн армийн онгоцоор зургаа аваад цэргийн ангид байрлаж газрын зургаа хийгээд хүлээлгэж өгсөн юм.  Бид жил гурван сарын хугацаанд хийсэн байх. Энэ ажлыг хийсний дараа буюу 1970 онд намайг Ардын армийн Жанжин штабын Газрын зургийн хэлтсийн даргаар томилсон юм аа.

     Мэргэжлийн сургуульд сурч, номыг нь сонссон хүний хувьд цэргийн газрын зураг хэчнээн чухал болохыг мэдэх тул Жанжин штабын газрын зургийн хэлтсийг төдийлөн ойшоохгүй байгааг өөрчлөх, ингэхийн тулд офицеруудын газрын зургийн мэдлэгийг дээшлүүлэх ажил хийхээр шийдэв. Ингээд офицеруудын цэрэг тактикийн хичээл дээр тодорхой хэмжээгээр газрын зургийн хичээл заавал ордог болсон юм. Энэ ажлыг хийх санал тавихад Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын коллеги, Жанжин штаб, Намын төв хороо бүх асуудлыг зөвшөөрч, шууд шийдсэн л дээ. Газрын зураг мэдэхгүйгээр цэргийн үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Бүх үйл ажиллагаа газрын зураг дээр л явагдана. Цэргийн газрын зураг гэж тусгай зураг байхгүй. Улсынхаа газрын  зураг дээр үйл ажиллагааныхаа таних тэмдгийг тавьж тэмдэглэнэ. Цэргийн газрын зургийн таних тэмдгийн тусгай ном, нэр томьёоны толь бий. Тэнд төмөр зам, шороон зам, уул, байшин барилга ямар тэмдэглэгээтэй байх нь тодорхой байгаа. Тухайн газрын зураг нь одоогийнхоо газар оронтой тохирч байгаа бол тэндээ сургуулилт дадлагаа хийдэг ийм учиртай юм аа.

     Тавиад жилийн өмнө хийсэн тэр ажлаас хойш Монгол улсын газрын зургийг шинэчлээгүй байна. Үүнийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хариуцдаг улсууд нь бодож байгаа байлгүй дээ.

Хэмжилт хий буй нь

Оюутан Г.Махбариад дадлага хийж байгаа нь

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.