images

“Цахим эмч” Б.Баярбямба: Анхандаа намайг хүмүүс компьютер засдаг хүн гэж ойлгож байсан явдал бий

Ж.Ариунгэрэл

Бид ингэж эхэлсэн

2023-01-19


“Фэйсбүүк” орчинд “Цахим эмч” хуудсыг хөтөлдөг эмч залууг танихгүй хүн ховор. Уул нэр нь Б.Баярбямба боловч энэ нэрийг нь мэдэх хүн цөөн. “Эрүүлд хөтөлнө” уриатай түүний хуудсыг өнөөдрийн байдлаар 272 мянган хүн, хувийн хаягийг нь мөн 160 гаруй мянган хүн дагадаг. “Цахим эмч” подкаст, “Хүнсээ шинжлүүлье” групп, www.idoctor.mn сайт, телевизийн шоу нэвтрүүлэг, влог гээд түүний санаж, сэрж бий болгосон нь цөөнгүй. Өнөөдөр тэрбээр “Цахим эмч” форум хийхээр зорьж явна. Гурван “И”-гийн зарчим буюу идээ ундаа, идэвхтэй хөдөлгөөн, инээд хөөрийг тэнцвэртэй байлгаж эрүүл явахыг уриалдаг хүний их эмч Бадамын Баярбямба “Би ингэж эхэлсэн” булангийн энэ удаагийн зочин.  

   “Би 2011 оны 11 дүгээр сард “Фэйсбүүк” хуудас нээж байжээ. “Фэйсбүүк”-ийг манай монголчууд дөнгөж ашиглаж эхэлж байсан үе. Нэгэнт эмч учраас зөвлөгөө мэдээлэл хуваалцдаг байя гэж бодсоноо Баярбямба гэхээр хэн ч сонирхох билээ, нэг нэр байх хэрэгтэй юм байна гэж үзэв. Тэгээд эмч учраас энэ нэрээ авчихъя, ажиллах орчин минь цахим учраас бас хоршуулчихъя гэж бодоод Цахим эмч нэрийг бодож олсон юм. Ямар Фэйсбүүк эмч гэлтэй биш. Эхэндээ хүмүүс энэ нэрийг маань мэдэхгүй, компьютер засвар гэж ойлгож хандаж байсан ч явдал бий.

   Ингээд хаяг нээж аваад бага сага зөвлөгөө өгч нэг хэсэг явав. Их, бага хэмжээгээр тасралтгүй явсаар 2017 оноос ажил болж хувирсан. Хүлээн зөвшөөрөгдөх гэж нэг чухал зүйл юм байдаг юм билээ. Эхэндээ их эмзэглэдэг байлаа. Хүний л инстинкт байх. Бичсэн ярьснаа болон хүмүүсийн хариу хандлагуудыг зөв гэж үзсэнээ зөв, буруу гэж бодсоноо буруу гээд л мөчөөгөө өгөхгүй үзэлцэнэ, үгүйсгэх гэж үзнэ, тайлбарлах гэж оролдоно. Хүүхэд л байж дээ. Сүүлдээ магтах муулах адилхан мөн чанартайг ойлгосноос хойш тоохоо байсан. Ямар ч гэсэн худлаа яриагүй, зохиогоогүй, анагаах ухааны мэдлэгийг өөрийнхөө хэллэгээр хүмүүст түгээж байгаа, авах нь аваад гээх нь гээгээд хүмүүст тусаа өгч л байвал боллоо гэсэн сэтгэл үүсгэчихээр эмзэглэхээ больчихдог юм билээ. Нэг хэлээд ойлгохгүй, хоёр хэлээд ойлгохгүй, бусдыг үймүүлээд байдаг хүмүүсийг шууд блоколчихдог болсон, тэр нь амар. Гэхдээ би шууд блоколдоггүй. Боломжийг нь өгдөг юм. Бүгдийг сөргөөр хардаг хүмүүс байдаг даа. Тийм хүмүүс чинь тэр олон зуун мянга дундаас андашгүй ялгараад гараад ирдэг юм билээ. Жилдээ нэг юм уу, хоёр жилдээ нэг удаа өршөөлийн хууль гаргана аа, бас (инээв). Хар гэрт хорьсон нөхдүүдээ үе үе бүгдийг нь анблок хийгээд гаргах нь байна. Тэгээд байхад л болохгүй бол тэгээд блок шүү дээ. Угаасаа л болохгүй бол блокло гэсэн тохиргоо байгаа хойно.

   Нийгмийн сүлжээгээр түгээх л гэж байгаа бол зүгээр нэг өдрийн тэмдэглэл шиг юм бичээд байж болохгүй. Бичихийн тулд маш их юм уншина, боловсруулна. Утга логиктой юм бичихийн тулд суух хэрэгтэй болно. Цаг их зарцуулна. 2016 он, автобусны ч мөнгөгүй, бүр суучихсан байсан үе. Тэр үед нэг хүн “Та дасгалаа зааж байгаа юу? Гарын авлага байдаг бол хамаагүй, мөнгөөр нь авна. Та зөвлөөд явчихаач” гэв. Тэгэнгүүт нь зөвшөөрөөд, нэг сараар явъя, нэг өдрийн зөвлөгөөгөө 1000 төгрөгөөр үнэлье гэж бодлоо. Тэгээд “Та тэгвэл 30 мянган төгрөг миний данс руу шилжүүлчих. Би гарын авлагаа өгье” гэлээ, тохиролцлоо. Ийм маягаар явбал ер нь л болмоор санагдаж байна. Дараа нь кофешопт сууж байхдаа онлайнаар санал асуулга явуулсан юм. Тэр үед миний оффис гэвэл кофешопууд байлаа. Тэр санал асуулга болохоор “Хэрвээ би ингээд онлайн групп үүсгээд явбал та нар хамрагдах уу?” гэсэн асуулга байсан юм. Гэр лүүгээ алхаж оройн есөн цаг өнгөрч байхад хариад чатаа шалгасан чинь жигтэйхэн олон хүн хамрагдахаар санал өгчихсөн байдаг юм даа. Тэгэхээр эрэлт байж. Тэгээд тэр шөнөжингөө хүмүүстэй чатлаад групптээ танилцуулгаа тавиад түүндээ урамшаад энэ ажилдаа эргэлт буцалтгүй шуударсан даа.

   Энэ орчинд ажиллаж байхад онцгүй санагддаг нэг юм нь халамжлуулах сэтгэлгээ, бэлэнчлэх сэтгэлгээ юм. “Эмч хүн байж төлбөр авлаа”, “Үнэгүй заагаад өгчихөд яадаг юм” гэсэн хандлага хүмүүсээс их ирнэ. Хүмүүст өгч байгаа энэ мэдлэг, мэдээлэл, эрдэм ухааныг олж авахын тулд би арван хэдэн жилийг зарцуулсан, ёстой нэг “чөмгөө дундартал" суусан. Энэ цаг хугацаагаа би үнэлээд байгаа юм. Тэгэхээр үүнийг ялгаж салгах ухаантай байх хэрэгтэй. Хоёрдугаарт хүний оюун, хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Өнөөдрийн энэ олон зуун мянган хүнтэй орчин хүрээлэл, тэдний итгэл, энэ эрхэлдэг ажил маань миний оюун, хөдөлмөрийн үр дүн юм. Автобусны ч мөнгөгүй явахдаа бодсон, сэтгэсэн, хөдөлмөрлөсөн. Би ингэж л эхэлсэн.     

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.