images

Зохиолч Б.Наминчимэд: Энэ гурвалыг уншаад дуусахад нэг их гуниг төрдөг юм

Б.Бадамзул

Миний дуртай ном

2023-01-16


Миний дуртай ном” булангийн энэ удаагийн зочноор зохиолч Б.Наминчимэд оролцож, хамгийн сүүлд ихээхэн сонирхож уншсан номынхоо тухай ярилаа.

Нас насанд дурлан уншдаг ном гэж бий

     Ер нь хүнд нас насны ном гэж байна. Миний хувьд арваад насны минь хайртай ном бол Унгарын зохиолч Ф.Залтены “Бэмби” роман. Одоо ч уншихад сайхан байдаг. Бид “Бэмби”-г “Walt Disney”-н киногоор төсөөлдөг ч уншихад авдаг мэдрэмж нь тэнгэр газар шиг ялгаатай. Уншихаар огт өөр ертөнц рүү орчих шиг болдог. Мөн Х.К.Андерсений үлгэрүүд байна. Харин 14, 15 орчим насанд А.Дюма, Р.Стивенсон, Ч.Диккенс, Ф.Күпер, Ж.Верн, В.Скотт, М.Рид гээд явчихсан. Тэр үед уншсан зохиолчдоос В.Хюго онцгой. Одоо ч би В.Хюгодоо хайртай, миний хамгийн хайртай зохиолч В.Хюго, Ф.Шиллер хоёр байх. В.Хюгогийн дотоод ертөнц, хөг хэмнэлтэй минийх олон талаараа нийлдэг байж магадгүй болоод тэр. Зохиолын ур чадвар, чанараас үл шалтгаалан хөг нийлдэг, нийлдэггүй уран бүтээлч гэж бас байна. В.Хюго бол хүчирхэг романтик хүн. Би ч романтик талдаа. Яруу найрагт Ж.Г.Байрон ч юм уу, эсвэл Эндре Ади. За, ийм хүмүүсийн нэр хэлэхээр би нэлээн хуучинсаг, уламжлалд үнэнч хүн болоод явчихна. Энэ цаг үед романтик байна гэдэг тийм ч ухаалаг явдал биш байх.

    Хорь орчим насанд бол Ф.Достоевскийн “Дорд үзэгдэгсэд”, “Ядуу хүмүүс”, “Цагаан шөнө” гэх мэтийн зохиол, Александр Блокийн шүлгүүдэд автаж явлаа. Мөн Оросын алтан үеийнхэн, Г.В.Белинский, Н.А.Добролюбовын задлан шинжлэлүүд, А.Герцений “Туулсан замд төрсөн бодол”, Ю.Лермонтовын "Манай үеийн баатар", Н.Гончаровын "Обломов" зэргийг хэдэн жил өвөртөлж явсан даа. Мөн Д.Норов ахын хэдэн тууж, ялангуяа "Мөнхийн дуудлага", "Тэжээвэр", хожимхон бичсэн "Сэрвэгэр хадны зэрэглээ" байна. Дараа нь 30-40 насанд Буддын болон Ведийн судрууд, мөн Библийг жаахан сонирхсон. Учир нь, залуу насны оюуны эрэл мухардчихаад шашин руу өнгийж үзсэн нь тэр. Түүнээс хойш янз янзын л ном уншиж байна даа. Би ер ном голдоггүй, гартаа таарсныг л уншдаг. Одоо бол, өчигдрөөс Үй Хуагийн "Вэн хот", Ц.Буянзаяагийн "Улаагчин ингэж хэлсэн нь" хоёрыг эхлүүлчихсэн сууна. Ер нь Мө.Батбаярын орчуулгыг унших дуртай. Харин “Таны хамгийн унших дуртай ном аль вэ?" гэвэл Өө, энэ нь гээд нэгийг нэрлэж чадахгүй нь. Тэгэхээр хамгийн сүүлд уншсан номоо яръя.

Яруу тансаг хэлтэй л бол сайн зохиол гэдэг ойлголт худлаа

     Унгар гаралтай Швейцарын зохиолч Агота Кристофын “Том дэвтэр”, “Нотолгоо”, “Гурав дахь худал” цувралыг сая он гарсны дараахан уншлаа. Анх өмнөх хоёрыг нь хальтхан гүйлгэж харсан юм. Сая бол нэлээн нухаж, туурвил зүй, бичлэгийн арга барилыг нь сонирхов. Өвөрмөц юм. Бас Өрнө дахины соёл иргэншлийн гүний далд нууц, Европ хүмүүсийн сэтгэл зүйн мухарт байдаг элдэв эрээн барааныг хайр найргүй бичжээ. Өөрөөр хэлбэл, Европ дахины сэтгэлгээний өвөрмөц талыг дахин шинээр нээжээ, юутай ч надад нээв.

     Зохиолыг яруу тансаг хэлтэй л бол сайн гэж үздэг ойлголт бий. Энэ ойлголт Агота Кристофын цуврал роман дээр нуран унана. Мань хүн цагаач хүний хэлний мэдлэгийн түвшинд буюу талхны хэлээр, маш богино өгүүлбэрээр бичсэн. Тийм атлаа сайн зохиол болжээ. Энэ юуг хэлж байна гэхээр уран тансаг хэл найруулга хэдий чухал ч юуг ямар хэлбэр, аргаар хэрхэн илэрхийлж байгаа нь зохиолын амин чанар нь гэсэн үг. Модтой зүйрлүүлбэл үндэс хийгээд гол нь чухал. Мөчир, навч хоёр дахь асуудал. Үндэс нь бат бөх, гүнд яргасан, гол нь шулуун өндөр хүчирхэг байж л тэнд илүү олон навч, мөчир байх боломжтой. Тэгж байж л сүрлэг хүчирхэг сайхан мод байна. Үндэс хийгээд гол муутай бол хичнээн их мөчир, навчтай байгаад том сүрлэг байж чадахгүй, навсайсан юм л болно. Тэгээд ч тэр навсайсан юм нь голоо буюу мөн чанараа нуучихна. Өөрөөр хэлбэл, уран гоё өгүүлбэрүүдээр илбэдээд хоосон амьгүй зохиол болчихно гэсэн үг. Гол нь ч, мөчир нь ч, аль аль нь байвал үнэхээр сайхан.

Зохиолч Агота Кристофын гурван боть роман Д.Болортуяагийн орчуулгаар

Зохиолч, орчуулагч хоёрын тухай

     Энэ номыг орчуулсан орчуулагч Д.Болортуяа 2017 онд надад уншихыг санал болгосон юм. Тэгэхэд эхний ботийг уншчихаад хоёр дахийг нь алгасаад, гурав дахийг нь уншаад орхичихсон байсан. Саяхан “Чи нэг сайн хараач. Яг уран бүтээл хийж буй хүмүүст илүү сонирхолтой” гэсэн. Тэгээд уншсан хэрэг. Үнэхээр л сонирхолтой байлаа. Д.Болортуяатай уран зохиол, орчуулга бас бус сэдвээр хааяа санал солилцдог. Санал нийлэх юм ихтэй. Хэд хэдэн хэлийг сайтар эзэмшсэн, монгол хэлний чадвар ч өндөр бүсгүй бий. Одоо Швейцарт амьдардаг. Харин зохиолчийн тухайд дээрх гурван цувралаас гадна эсээ, тэмдэглэл, ярилцлагынх нь түүврийг уншиж байв. Мөн интернэтээр зохиолчийн намтар болон бусад мэдээллүүдтэй танилцсан. Энэ ном Европтоо олон шагнал авч шуугиан тарьсан юм билээ. Зохиолч өөрөө Унгараас дүрвэж Баруунд очсон, очоод цагаачдын хүнд хүчир амьдрал туулсан хүн. Миний мэдэх нь энэ.

Амьдралын эмгэнэлт шинжийг хүчтэй илэрхийлсэн

    Энэ ботиуд ер нь их зэвүүн. Эхэлж уншихад гол зурсан зэвүүн мэдрэмж шууд төрдөг. Арваад насны ихэр хоёр хүү гарна. Тэд маш нарийн тооцож байгаад төрсөн эцгээ өөрсдийнхөө тусын тулд ямар ч эмзэглэл, эргэлзээгүйгээр нэн хорноор золиосолчихож байгаа юм. Их харгис. Ер нь л тэр хоёрын бодож сэтгэж, үйлдэж байгаа бүхэн ёстой хорон зэвүүн, дотор хүйт даамаар, бачимдмаар. Гэвч гуравдугаар ботийн сүүлчийн "Галт тэрэг их давгүй санаа" гэсэн өгүүлбэр дээр ирэхээр тэдний хувь тавилангийн гарцаагүй эмгэнэлт чанар нь зэвүүцүүлэх биш харин ч эсрэгээр өрөвдөм, бачимдмаар биш уужирмаар болгож байна билээ. Нөгөө ихрээ галт тэргэн дор орж үхэх тухайг уншчихаад ер нь хамгийн зөв сонголт юм байна гэж боддог. Ингэж бодож байгаа нь мань хүн амьдралаа тэгж төгсгөхөөр шийдлээ л гэсэн үг. Яагаад энэ хоёр ээлжлээд нэг нэгнийхээ араас галт тэргэн доогуур орж үхэв гэдгийн хариу тайлбараар энэ романы агуулга бүхэлдээ гарч ирнэ. Уншаад дуусахаар нэг их гуниг төрдөг юм. Хэмжээ жижиг ч санаа нь том.

Зохиолч Агота Кристоф

Сайн, муу дүр гэж үгүй

     Зохиолд сайн болон муу дүр гэж бараг л үгүй. Биеэ худалдсан муу янхан байсан ч түүнд маш сайн чанар бас байна. Эцгийгээ гэлмэхгүй золиосолж чадсан өсвөр насны хүүд бусад эргэн тойрны хүмүүст байхгүй тийм хүнлэг энэрэнгүй шинж хүчтэй илэрдэг. Намын дарга Петр хэдий эрх мэдэлтэй ч түүнд бас өөрийн гэсэн зовлон бий. Номын дэлгүүрийн эзэн, хоёр хүүгийн эх, тэднийг асарсан эмээ, ер бүх дүр сайн муутайгаа, бас хачин мушгиж орооцолдуулсан мэт амьдралын ээдрээнд холилдсон, гол нь дотоод ертөнцийн хувьд маш амьд дүрүүд. Бид ихэнхдээ шүүлтүүрдсэн, гоёчилж будсан дүрүүдэд хайртай бол Аготагийн чадвар харин эсрэгээрээ тэр хувь тавилангийн гашуун үнэн шалбаагт буй хэнийг ч ялгалгүй, алдаа эндэлтэй нь, сайнтай муутай нь ойлгож, тэгээд хайрлахыг сануулдаг. Энэ өөрөө нэвтэрхий энэрэнгүй үзэл юм. Яагаад гэвэл тэр хувь оршихуй гэдэг яагаад ч давтагдашгүй, тийм учраас юутай ч харьцуулашгүй үнэ цэнтэй. Тийм л мэдрэмж төрүүлсэн. Эхэлж уншихэд зэвүүн, хүйтэн боловч энэ үзэл санаа нь эцсийн эцэст маш тод хүчтэй гарч ирсэн дээ.

Гуравдугаар боть нь худал байх магадлалтай

     Их толгой эргүүлсэн ном. Зохиолын үг өгүүлбэр бүрийг гээлгүй уншиж, дүрийн үйлдэл, үг бүрийг нь сайтар шингээж явахгүй бол дараагийн үйл явдлуудыг нь ойлгоход хэцүү тул сүүлдээ будилах магадлал ихтэй. Зүрх сэтгэл эмзэглүүлэхийн хажуугаар ёстой толгой ажиллуулдаг. Оньсого тааж буй мэт, нарийн давхар өгүүлэмжтэй арифметикийн бодлого ч бодож буй мэт. Эхний ботид хилийн жижигхэн тосгонд буй хоёр ихэр хүүгийн амьдрал, хоёр дахид нь эх орондоо үлдсэн нэгийнх нь амьдрал, гуравт нь харьд цагаачлаад хэдэн арван жил болсны эцэст эргэж ээж, ихэр дээрээ ирж буй нөгөө нэгийн амьдрал гарч байна. Гэхдээ ботиуд нь хоорондоо зөрчилтэй. Нэг нэгнээ үгүйсгэсэн, хэн нь Лукас, хэн нь Клаус болох нь тодорхойгүй юм шиг. Аль нь үнэн юм бол гэж эргэлзмээр. Энэ зөрчилтэй гэдэг нь алдаа биш, харин уншигчийн сэтгэлгээ, ой санамж, мэдрэмжийг дээд хэмжээгээр шавхсан зохиолчийн ур чадвар.

     Хоёрдугаар боть нь "Нотолгоо" нэртэй. Юуг нотлов гэдэг сонирхолтой. Гэтэл Гуравдугаар дэвтэр нь "Гуравдахь худал". Гурвууланд нь худал ч бий, бас үнэн ч бий. Хэрвээ гуравдугаар дэвтэрийг үнэн гэвэл нөгөө хоёр нь худал болно, "Нотолгоо"-г үнэн гэвэл гуравдахь нь худал болно. Ерөөсөө гурвуулаа ч худал мэт. Хоёр ихрийн нэгнийх нь мөрөөдөл, төсөөлөл ч байж болно, тэр бүү хэл ерөөс хоёр ихэр ч байгаагүй, нэг л хүн байсан байж болно. Хүний дотоод ертөнцийн ганцаардлын гарцаагүй, аргалшгүй дарамтаас ангижрах гэсэн эрэлхийлэл ч байж болно. Ер нь хувь тавилан гэдэг угаас тийм, оюун санааны матрикс, сэтгэлгээний орооцолдсон хачин хаос, тодорхойгүй. Гэвч эцсийн эцэст бүгд далд нарийн шижмээр гарцаагүй холбогдсон, нарийн учир шалтгаантай, маш нарийн дэгтэй байдаг.

"Том дэвтэр" романаас сэдэвлэн бүтээсэн киноны гол дүрийн ихэр хөвгүүд

Бичлэгийн хувьд үнэхээр онцгой

     Бичлэгт хэдэн хэдэн онцлог байна. Нэгд, янз бүрийн уран уянгалал байхгүй. Илүү дутуу сул дүрслэл маш ховор. Ямар нэг дүрийг тодорхойлон дүрсэлдэггүй. Дүрийн сэтгэл хөдлөлийг ч мөн тодорхой дүрсэлдэггүй. Жишээлбэл, Клаус учиргүй их баярлалаа, сэтгэл нь догдолсондоо уйлав, хашгирав гэх мэтээр бичээгүй. Харин тэр хүний баярлаж байгаа үгүйг хэлж байгаа үг, эсвэл тэс хөндлөнгийн зүйлээр маш хүчтэй, илүү оновчтой илэрхийлдэг. Жүжиг шиг. Агота Кристоф өөрөө жүжгийн зохиолч байсантай холбоотой байх. Хоёрт, ердийн нэг өгүүлбэр, хэлсэн үгэн дотор, тун ялимгүй зүйл дотор хүртэл ямар нэгэн үйл явдлын тайлал анзаарагдамгүй гарч ирдэг. Жишээлбэл, Лукасын хэлсэн нэг үгээр өмнө нь ийм юм болсон учраас ийм үйл явдал өрнөж байгаа юм байна гэдэг нь ойлгогдоно. "Монголын нууц товчоо" нэг иймэрхүү бичлэгтэй, нэг үгэнд маш олон санаа давхар гарч ирдэг. Хуагчин эмгэн “Гамшигт тайчууд ирэв” гэдэг. Гэтэл тэр үгний цаана тэд тайчууд ирж довтлох вий гэж сэрэмжилж байсныг, бас яагаад шинэхэн, халуухан залуу гэргий Бөртэг ганц морины ачаанаас дор үзээд орхиод явчихсныг, яагаад тэд Хар зүрхний хөх нуураас нүүгээд Хэрлэн мөрнийг баруунш гаталж, Хэрэйдийн нутаг руу нутаглав гэх мэтийн хариулт гарч ирдэг. Агота Кристофын бичлэг үүнтэй л ижил. Ямар нэгэн тайлбаргүйгээр уншигч өөрөө учрыг нь олохыг шаарддаг зохиол. Зарим тохиолдолд Рубикийн шоо эвлүүлж байгаа ч юм шиг. Яах аргагүй уншигчаас зөвхөн сэтгэл хөдлөл төдий биш, сайн ой санамж, анхаарал, хүчтэй логик сэтгэлгээ нэхдэг зохиол юм билээ.

Сэтгэлзүйн дотоод нууцууд

     Эхний хоёр боть дээр гарч байгаа хоёр хүү магадгүй нэг хүн ч байж магадгүй юм. Хүн бүхний дотор өөрийнхөө хэнээр ч орлуулшгүй өрөөл биеийг хайх мөнхийн тэмүүлэл байдаг. Ялангуяа хүнд хэцүү үед. Тэр хоёр чинь нэг нэгэндээ амин хайртай, салахын аргагүй хэрнээ нэг нь үлдээд, нөгөөх нь хил даваад явчихдаг. Тэгээд дөчин жилийн дараа Лукасыг эргэж ирэхэд Клаус огтхон ч баярлаагүйгээр үл барам таньсаар байж “Танихгүй байна” гэж хэлдэг. Тэгээд ээжтэйгээ уулзуулдаггүй. Энд хүний сэтгэлийн чанд гүнд байдаг олон нууц, бэлгэдэл, тайллууд байж магадгүй юм. Мөн нэг сонин зүйл нь энэ зохиолд гарч буй дүрүүд сексийн хувьд бүгд ямар нэгэн асуудалтай байдаг. Бүр тосгоны ганц лам нь хүртэл Лукас хүүд нэг л хачин ханддаг. Бас тэр ядарсан охины дарамтад ямар хялбархан орчихов? Намын дарга Петр хүртэл хүүг сонирхоод авна. Эцэгтээ хүчиндүүлсэн, хүүхдийг нь төрүүлсэн, ураг саднууд нэгнээ хайрласан гэх мэт асуудлууд бишгүй. Энэ ер нь Европынхны сэтгэлзүйн гүнд маш хүчтэй байдаг хэрэг. Тэр үнэнийг Агота хайр найргүй бичсэн. Гэхдээ үзэн ядаж биш. Тиймэрхүү зүйл бараг соёл болтлоо Барууны нийгмийнх нь гүнд бугшиж байдаг. Европ зүгийн хаад ноёдын дунд үеэлүүд хоорондоо гэрлэх тохиолдол түгээмэл байдаг. Чухам ийм хөрс суурин дээр л З.Фройд алдартай либидо, психоанализаа хийсэн юм.

Дайн ба Агота Кристофын зохиол

     Зохиолын хам сэдэв нь дайн. Гэхдээ яг дайтан байлдаж буй тухай гардаггүй. Дайн болж байгаа, цэргүүд ирлээ, галт тэрэг явж өнгөрлөө л гэдэг. Харин дайны сүүдэрт байгаа ард түмний амьдралыг өвөрмөц сонин талаас нь гаргаж тавьсан. Олон толь зэрэгцүүлж тавиад тэр дундаас гаж зураг гаргаж байгаа юм шиг амьдралын сонин дүр зураг бий болдог. Өөрөөр хэлбэл, дайн хүний амьдралд ямар хатуу харгис сүүдэр, ул мөр үлдээж байгааг давхар, сэмхэн харуулаад байгаа юм. Магадгүй тэр дайны золиос болж зүрх сэтгэлд нь эдгэхийн аргагүй гүн шарх үлдсэн байж болно. Гэхдээ өнгөц харахад л тэр. Цаана нь хувь тавилангийн яаж ч аргалж болшгүй мөн чанарыг давхар харуулдаг. Дайн бол зөвхөн шалтаг.

     Миний мэдэхээр дайны тухай хамгийн олон бичсэн ард түмэн бол оросууд. Тэд дайнд хамгийн олон хүнээ алдсан, бас их ч дайтсан болохоор тэр биз. Гэхдээ тэдний бичлэг Агота Кристофынхоос шал өөр. Илүү эх оронч, баатарлаг шинжийг агуулсан. Илүү романтик талдаа. Харин энэ зохиолчид романтик хийсвэрлэл байхгүй, амьдралыг илүү бодитой харуулдаг.

     Дэлхийд дайны тухай хамгийн сайн бичсэн зохиол гэж Германы Эрих Мария Ремаркийн “Өрнө фронтод сонин гойд юмгүй” зохиолыг тооцдог юм билээ. Дайн гэгч ямар аймшигтай, биеийг нь алаад зогсохгүй хүсэл мөрөөдлийг нь ч хүртэл юу ч үгүй бяц гишгэдэг болохыг харуулсан. Саяхан уран сайхны кино болгосныг үзэв. Харин Агота Кристофын дайны сэдэв бол их өөр. Ер нь миний уншсан зохиолууд дотроос бичлэгийн арга хэлбэрээрээ хамгийн өвөрмөц нь байлаа.

Хорхой хүргэв

     Энэ номыг уншаад дуусахад ийм барилаар зохиол бичиж үзмээр санагдсан. Уран бүтээлч хүн үзэг гараас нь эрхгүй мултарч унатлаа л эрэл хайгуулд хатаж явдаг. Ямар нэг шинэ юм туршиж үзэхсэн гэдэг хорхой байна. Энэ гурвал яг тийм хорхой хүргэм хийцтэй. Зүйрлэвэл, уулын цанынхан эрсдэлтэй үсрэлт хийгээд тэрэндээ хорхойсч дахин дахин давтдаг шиг л яах аргагүй ур чадвар шаардсан хийц байна билээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.