images

Г.Оюунбат: Механик инженер хүн худлаа хэлэх ямар ч боломжгүй байдаг

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2023-01-10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч Г.Оюунбаттай ярилцлаа.

- ШУТИС-д Машин үйлдвэрлэлийн салбар байна гэхээр сонирхолтой юм. Монголд машин үйлдвэрлэх боломжтой хэрэг үү?

-  Яг номыг нь үзээд ирвэл тэс ондоо зүйл ээ. Хүмүүс машин үйлдвэрлэл гэхээр “Ямар учиртай юм, Монголд автомашин угсраад байгаа хэрэг үү?” гэж асуудаг. Гэтэл эд бүгд тус тусдаа нэршилтэй, үйлдвэрлэлийн үе шатууд нь өөр өөр байдаг техник үйлдвэрлэлийн процессууд юм. Наад зах нь сахлын машин, оёдлын машин, хөлөг онгоц, нисдэг тэрэг гээд юу л байна хөдөлгүүртэй техникүүдийг бүгд л машин гэнэ шүү дээ. Энэ техникүүд цахилгаанаар эсвэл дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг эсэх нь хамаагүй, эдгээрийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эд ангиудыг угсарч, үйлдвэрлэхийг л машин үйлдвэрлэлийн технологи гэж байгаа юм. Үүнийг хийх ур чадвар, мэргэжлийг эзэмшсэн хүнийг механик инженер гэдэг юм.

- Та яаж энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

-  Би 1992 онд аравдугаар ангиа төгсөөд уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр ШУТИС-д элсэж байлаа. Намайг хоёрдугаар курсэд ордог жил аав маань Дарханд томилогдож, манайх гэр бүлээрээ тийшээ шилжсэн юм. Би тэнд очоод ШУТИС-ийн салбар сургуулийн Машин үйлдвэрлэлийн технологи гэсэн ангид гуравдугаар курсээсээ орсон. Тэгээд хоёр жил сураад 1996 онд төгсөж багшаар үлдээд 27 жилийн турш энэ мэргэжилтэйгээ салшгүй холбоотой явсан байна. Онолыг нь ч заана, практикт ч өөрөө гардаж шавь нараа бэлдэнэ. Төгсөөд салбартаа багшилж, олон инженер бэлтгэсний хувьд энэ мэргэжил аливаа улс орны хөгжлийн нэг үндэс байдаг гэдгийг бардам хэлмээр байдаг.

- Машины эд ангиудыг ер нь ямар материал, түүхий эдээр хийдэг вэ. Хийдэг аргачлал, процессыг нь тайлбарлавал?

- Дахин цааш задрахгүй нэгэн цул биетийг эд анги гэж нэрлэдэг. Тус эд ангийг боловсруулан гарган авах үндсэн 4 аргыг машин үйлдвэрлэлийн салбарт ашигладаг. Нэгдүгээрт цутгуурын арга. Энэ нь тухайн металлыг хайлуулаад хэвэнд цутгаж эд анги гарган авах арга юм. Удаах нь даралтын боловсруулалтын арга. Металлыг халаах болон хүйтэн байдалд нь гадна хүчний үйлчлэлээр хэлбэр дүрсийг нь өөрчлөх. Үүнд давтах, хэвлэх, цувих гэх мэт. Гуравдах нь зорох. Токарийн, фрезер, харуулын суурь машиныг ашиглан зоргодос гаргаад хэлбэржүүлдэг арга юм. Сүүлийнх нь гагнуурын арга.

- Монголд ийм эд анги хийж байна уу?

- Ямарваа нэгэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологид өдөр тутам эвдрэл гарах нь зайлшгүй байдаг учраас тэдгээрийн эд ангийг өөрсдөө зургийг нь гаргаад, газар дээр нь сэлбээд угсарчихдаг цех юуны түрүүнд байх хэрэгтэй. Монголд ийм цех бол хэд хэд байна. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн цехэд 600 гаруй хүн ажилладаг. “ТЭЦ-4”-ийн Засвар механикийн цехэд 100 гаруй хүн ажиллаж байна. Нисэх хажуудаа онгоцоо өөрөө засварладаг. Бас Японы үйлдвэрийн хоёр ч салбар байна. Зарим нэр төрлийн эд анги, бүр “Хонда” машины эд ангийг үйлдвэрлээд Японд гаргадаг. Гадаадын хөрөнгө оруулалттай, дан монгол инженер, механикч залуус ажилладаг.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн лаборатори

- Машины эд анги үйлдвэрлэх бие даасан үйлдвэр байгуулах боломж манай улсад бий юү?

- Өндөр хөгжилтэй орнуудын хувьд төрөлжүүлсэн технологийн процесс бүхий томоохон үйлдвэрүүдтэй. Тухайлбал, хэдэн арван мянган үйлдвэрүүдээс зөвхөн “Тоёота”  машины ганцхан боолтыг үйлдвэрлэж борлуулдаг газар байна. “Тоёота”-гийн нэг загварын машин сая ширхгээр борлогддог гэж бодоход тухайн компани ганц хоёрхон боолт, эд анги үйлдвэрлэдэг байхад л амьдраад явчихна. Энэ нь ерөөсөө л ганц хоёр гэлтгүй нэр төрлийн бүтээгдэхүүнээс кластер хэлбэрээр салбарлаж зах зээлдээ эргэлддэг улс орнуудад боломжтой гэсэн үг. Харин манай улсад томоохон автомашины үйлдвэр юм уу, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл байхгүй учраас төрөлжүүлсэн технологийн процессоор хөгжих боломж алга. Бид нар машин үйлдвэрлэлийн хөгжлийг авч явахын тулд уламжлалт буюу дагалдах эд ангийн үйлдвэрлэлийн боловсруулалтаа одоо байгаа дээр нь нэмж хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.     

- Япон улс манай ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд сургалтын бааз, техник хэрэгслийг нь сайжруулах тал дээр их тусалсан юм билээ. Тэр талаар ярина уу.

- “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд манай улсад Японоос үзүүлсэн тусламж их бий. Бидний хэлж заншсанаар “Мянган инженер” төслийн хүрээнд зургаан сая долларын сургалт, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлж, оюутнуудыг маань бакалавр, магистр, докторт сургаж, эрдэмтэн багш нар Япон улс руу солилцоогоор явж судалгаа хийж байна. Тэрний гурван сая гаруй доллароор манай сургууль дээр тоног төхөөрөмж авчирсан. Үүнээс 2.5 саяынх нь Машин үйлдвэрлэлийн лабораторид хуваарилагдаж программын удирдлагатай токарийн суурь машин 2 ширхэг, фрезерийн суурь машин 3 ширхэг, гар удирдлагатай токарийн машин 10, гар удирдлагатай фрезерийн суурь машин 5 ширхгийг худалдан авч, сургалтын баазаа бэхжүүлсэн.  Бусад тоног төхөөрөмжүүдээ дэмжих, шалгах төхөөрөмжүүдтэй ч болсон.

     Анх 2016 онд программын удирдлагатай суурь машиныг Японы нэг компани манай сургуультай гэрээ хийж, лабораторид бэлэглэж байлаа. Бид өнгөрсөн намраас эдгээр тоног төхөөрөмжүүд дээрээ үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлээд явж байна. Одоо байгаа нөөц бололцоо дээрээ тулгуурлаж цөөн тооны үнэлгээ өндөртэй үйлдвэрлэл явуулж эхлээд байгаа юм. Сургалт судалгаа, машин тоног төхөөрөмжийн арчилгаа, өдөр тутмын урсгал зардлаа нөхөхийн тулд үйлдвэрлэсэн эд ангиудаа зах зээлд худалдана гэсэн үг. Гэхдээ бөөний үйлдвэрлэл явуулахгүй. “Оюутолгой”, “JCR”, “Витафит” зэрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зарим эд ангийн зураг төслийг гаргаад, үйлдвэрлэж байна. Яг бодитой ажил гэвэл Оюутолгойн гүний уурхайд ашигладаг өрмийн машины нэг эд анги, “Витафит”-ын үйлдвэрийн татах гар зэргийг таван тэнхлэгт машин дээрээ зорж хийж өгсөн. Эд ангиудын түүхий эдээ заримдаа гаднаас захиална, заримдаа Монголдоо хөнгөн цагааны хайлш, гууль зэрэг материалыг цутгаж гарган авч ашиглаж байна.

ШУТИС-ийн Машин үйлдвэрлэлийн лабораториос гарсан эд анги

- Механик инженер хүн ямар үүрэгтэй вэ?

- Үндсэндээ түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгох, аливаа үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллах тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах хоёр үүрэг гүйцэтгэнэ. Автомашин, хүнс, хөнгөн, уул уурхай, хүнд машин механизм зэрэг салбарын инженерүүдийг ашиглалтын инженер гэж нэрлэдэг. Аливаа тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд цөмд нь ажиллаж, эд ангийг нь хийдэг юм. Өндөр хөгжилтэй орнуудад механик инженерүүдийн гүйцэтгэх үүрэг их чухал.

     Манай улс иймэрхүү тоног төхөөрөмжийн эд ангиудаа гаднаас худалдаж аваад дотооддоо юм үйлдвэрлэх шаардлагагүй гэж ойлгодог нь буруу. Харин бид мэргэжилтнүүдээ бэлдэж, анзаарч чадвал энэ салбар хөгжих боломжтой. Төр засгаас ч 2025 он гэхэд зэс хайлуулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, нефть химийн үйлдвэр барина, 2000-3000 механик инженер шаардлагатай гэж хэлсэн. Гэвч тэр хүртэл бэлдэх хүүхдүүд даанч байхгүй юм.

-Одоо энэ мэргэжлийг сонирхон суралцах хүүхдүүд хэр их байна вэ?

- Хамгийн хүндрэлтэй асуудал бол энэ мэргэжлийн элсэлтийн асуудал. Одоо манай сургуульд дөрөвдүгээр курсэд 20-иод оюутан, гуравдугаар курсэд гэхэд хүүхэд байхгүй байна. Дараагийн анги нь овоо сэргэж ирээд хоёрдугаар курст 20, нэгдүгээр курст 15 оюутантай болсон ч энэ хангалтгүй юм. Машин үйлдвэрлэлийн тэнхим хоёр төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг. Нэг нь машин үйлдвэрлэлийн технологи, нөгөөх нь металл судлалын технологи. Үүнд суралцах, сонирхох хүүхдүүд байхгүй болжээ. Ажлын байр уул нь бий. Нэг компаниас 10 хүүхдийн сургалтын төлбөрийг дөрвөн жилээр даая гэхэд хүртэл элсэлт авч чадаагүй юм. Энэ мэргэжлийн тухай сургуулиудаар танилцуулж яваад, сонирхох хүүхэд байгааг асуухад 100 хүүхдээс дөрвөн хүүхэд л гараа өргөдөг.  

      Уул нь оюутнуудын маань сургалтын бааз олон улсын стандартаас дутахааргүй л болсон. Сүүлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд хиймэл оюун ухааны тусламжтайгаа аливааг цаг алдахгүй хийдэг болчихсон. Эд ангиа үйлдвэрлэхдээ компьютерын программ дээр зургаа гаргаад л машинаа ажиллуулчихна. Өмнө нь бол эд анги үйлдвэрлэх тооцоо хийхдээ хэдэн арван зузаан ном дэлгэж тавьдаг байсан бол одоо бүгдийг дата мэдээлэлтэй баазууд дээр ухаалаг технологиор хийдэг болсон байна. Мөн үйлдлүүдийг нэг бүрчлэн гардаж заадаг байсан бол өдгөө хамгийн гол технологиудаа л заагаад хэлээд өгөхөд болчихож байна. Ингэснээр оюутнууд бие дааж суралцах боломж бүрдээд эхэлж байгаа юм. Сургалтын арга барил шал өөр болсон байна. Механик инженер хүн худлаа хэлэх ямар ч боломжгүй байдаг. Гол нь маш нарийн тооцоололтой байх хэрэгтэй.

- Энэ мэргэжлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн одоо Монголд хэд хэчнээн байна вэ. Энэ мэргэжлийн тань сайхан нь ер нь юу вэ?

- 1982 онд анхны элсэлтээ авч нээгдээд анхны анги 1987 онд төгсгөж байсан түүхтэй юм. Өнөөг хүртэлх хугацаанд 1500 мэргэжилтэн бэлтгэсэн байна. Одоо жил болгон энэ сургуулиас 20-иод хүүхэд төгсдөг. Анх энэ мэргэжлийг сонгохдоо хүүхдүүд их эргэлзэж орж ирдэг ч төгсөөд ажил дээр гарахдаа өөртөө итгэлтэй, мэргэжлээрээ бахархдаг болдог юм. Шавь нартайгаа уралдаад л бие биеэсээ суралцаад явж байна даа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.