images

М.Амархүү: Би Д.Нямсүрэнд автаагүй, харин “Сэтгэлийн байгаль”-ийг биширсэн

Б.Бадамзул

Миний дуртай ном

2022-12-31


“Болор цом” яруу найргийн наадамд 21 жил дараалан оролцож 21 дэх дээрээ цомын эзэн болсон яруу найрагч М.Амархүү хамгийн дуртай номынхоо тухай ийн ярилаа.

     Данзангийн Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” гэж яруу найргийн ном байдаг. Миний зуун хувь хүлээн зөвшөөрдөг ном л доо. Энэ ном надад маш хүчтэй нөлөөлсөн. Би 1990-ээд оны эхээр Улсын багшийн их сургуулийн Дүрслэх урлагийн ангид элсэж ороод суралцаж байсан юм. Тэр үед манай сургууль утга зохиолын ангитай, тэнд нь манай А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо нар байлаа. Би тэдний ангийнхантай нэлээд ойртсон. Одоо Ц.Буянзаяа гээд үргэлжилсэн үгийн том зохиолч байна. Ц.Буянзаяа ч бас тэнд сурч байсан юм. Тэгэхээр миний уран зохиол руу ойртож орж ирсэн үе 1990-ээд оны эхэн үе учраас би Мөнгөн үеийн яруу найрагч гэж явдаг.

Их Монголын голомт Хархориноос “Сэтгэлийн байгаль”-ийг олов

     Намайг Багшийн их сургуульд сурч байх үед буюу 1991 онд энэ “Сэтгэлийн байгаль” ном гарсан юм билээ. Харин би 1992 оны зун Их Монголын гал голомт болсон Хархорины дэлгүүрээс худалдаж авсан юм. Тэгэхэд Хархорины салонд тавьсан миний зургуудаас ганц хоёр нь зарагдсан тул ирж мөнгөө ав гэсэн юм. Ингээд би Архангайн төвөөс Эрдэнэцогт, Амарсайхан гэдэг хоёр зураач найзтайгаа тэнд очиж зургийнхаа тооцоог хийж гараад номын дэлгүүрт орсон чинь Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” гээд шар хавтастай ном байна. Улсын хэвлэлээс гарсан ном чинь улсад тардаг юм байна л даа. Зарчим нь тийм юм чинь. Хоёр төгрөг хэдэн мөнгө ч бил үү, хямдхан байлаа. Тэгээд худалдагчаас “Энэ хэд байгаа юм?” гэсэн “Таван ширхэг байгаа” гэж байна. “Авья” л гэсэн. Тэгсэн манай хоёр зураач “Энэ мундаг ном уу?” гэж байна. “Мундаг ном оо” л гэлээ. Тэр хоёр бол мэдэхгүй. Зураач нар. Тэгээд аваад хот руу орж ирсэн. Орж ирээд  ганц нэг ойр дотнын улсууддаа бэлэглэсэн юм. Ж.Болд-Эрдэнэдээ нэгийг өглөө. Тэгсэн Ж.Болд-Эрдэнэ “Надад байгаа л даа. Гэхдээ чи энэ номон дээр гарын үсгээ зурчих” гэнэ. Тэгэхээр нь “Үгүй ээ, би Д.Нямсүрэн ахын ном дээр гарын үсэг зурахгүй” гэтэл “Зурчих зурчих, би хадгалья” гэсэн дээ. Харин нэгийг нь Ш.Уянга найздаа өгсөн.

   Ингээд таван номынхоо гурвыг нь хадгалсан юм. Одоо надад нэг нь л Д.Нямсүрэнгийн гарын үсэгтэй цоо шинээрээ байгаа. Харин үлдсэн хоёр номынхоо нэгийг нь хөдөөгийн яруу найрагчид, нөгөөг нь нагац ах Баатартаа өгсөн. Газар зүйн том доктор, профессор хүн. Тэр ах маань яруу найраг их сонирхдог, намайг их тооно. Тэгээд би ахдаа “Надаас илүү гайхамшигтай яруу найрагч энэ байна” гээд номыг нь үзүүлээд олон жилийн өмнө бэлэглэсэн юм.

Мэдрэмжийн яруу найрагч Д.Нямсүрэн

     Энэ номыг унштал юу болсон бэ гэвэл, хар цагаан зурагт үзэж байгаад гэнэт өнгөт зурагт үзэж байгаа юм шиг мэдрэмж төрж, яруу найраг гэдэг ийм байж болох юм байна, ийм сонин үгээр хэлж болмооргүй шахуу сэрэл мэдрэмжийг барьж цуглуулаад ингээд шүлэг болгож буулгаж болдог юм байна, энэ бол сонин юм байна гэдэг сэтгэгдэл төрсөн юм. Номын эхэнд “Гадаа хэцэн дээр цагаан даавуу өлгөөтэй Ганцхан зүгийн салхи эхнэрийн минь үнэртэй” гээд ийм шүлэг байсан. Хүн чинь эхнэртээ зориулаад өчнөөн бадаг шүлэг бичдэг. Гэтэл Д.Нямсүрэн гайхалтай санагдсан. Зүгээр л нэг хэцэн дээр цагаан даавуу өлгөөтэй гэхээр тэр байгаль нь харагдаад байгаа юм. Зуны дэлгэр цаг, тэр шон, салхи, тэгээд мань хүний уран бүтээлд бодитой дүрслэгдэж чамгүй байр суурь эзэлдэг хөх дан байшин гээд л. Өөрөө тийм нэг өртөө дээр ажилладаг. Тэгээд эхнэр Хандмаа эгч бас Эрээнцавын өртөөнд ажилладаг, тийм дан хөх байшинд амьдардаг шиг байгаа юм. Манай зохиолч нар их явж, очиж үзсэн юм шиг байна лээ. Өөрийнх нь ахуй амьдрал яруу найрагт мөнхрөөд буучихсан тийм л дүр зураг харагддаг. Тэгээд ганцхан зүгийн салхи эхнэрийн минь үнэртэй гээд болоо. Тэр эхнэрт би хайртай л гэсэн үг. Ганцхан зүгийн салхи нь Д.Нямсүрэнгийн зүрхний зүгийн салхи ч байж болох, эсвэл Эрээнцавын унаган байгалийн салхи ч байж болох. Тэрийг заавал онож тайлбарлах гэж дэлгэрэнгүй бичих утгагүй. Энэ арай өөр л дөө. Д.Нямсүрэн арай өөр тэмтэрч барьдаг хүн. Гайхалтай сонин мэдрэмж агшнуудыг олж хардаг, тэмтэрдэг, тэрийгээ дүрслэн буулгаж чаддаг. Энэ бол онцгой суу билиг. Д.Нямсүрэн ерөөсөө мэдрэмжийн яруу найрагч шүү дээ. Түүнээс биш учиргүй урлаж, учиргүй гүн философи гэхгүй. Асар гоё мэдрэмжүүд байдаг. Мэдээж тэр том яруу найрагчийн хувьд гялс хийсэн мэдрэмжээ дагаад байгалиас заяасан асар их авьяас бий. Тэр авьяас дотор ур урлахуй, философи бүгд зохицоод зохирдог. “Сэтгэлийн байгаль” бол ийм л ном. Энэ ном уншигчдад сэрэл мэдрэмжийн нарийн сувгийг нээж өгсөн гэж би боддог. Гэхдээ яруу найрагт хайртай, идэвхтэй уншигчдад шүү. Нэг бол уран зохиолын, эсвэл уран зохиолд дуртай, хайртай хүмүүс гэж байдаг. Тэр хүмүүсийн хувьд л гэхээс биш нийт ард түмэнд бол тийм биш шүү дээ. Ер нь Монголын яруу найрагт Б.Явуухулангаас хойш шинэ өнгө аяс оруулсан гурван яруу найрагч байдаг гэж би боддог. Тэд бол Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Нямсүрэн нар.

Зохиолчтой нь анд нөхөд бололцов

     Би Д.Нямсүрэн ахтайгаа ойр дотно байлаа. Яагаад гэхээр би О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо ахтай их ойр байсан. Харин Д.Нямсүрэн ах хотод ирэхээрээ Балбар ах, Мэнд-Ооёо ахынхаар байдаг. Тэднийхээ буянаар л Д.Нямсүрэн ахтай уулзаж танилцсан юм. О.Дашбалбар ахынд очиход Моцартын кино гээд гоё гоё юм үзүүлдэг. Тэрийг нь үзэх гэж их очно. Хойно Горькийн сургууль төгсөж ирсэн, соёлтой амьдардаг байлаа.

     1994 онд Балбар ах Гуну урсгал гээд л 90-ээд оны яруу найрагчдыг цуглуулж эмхлээд Чин ван Ханддоржийн өргөөнд яруу найргийн уншлага зохиодог байв. Одоо энэ Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар зохион байгуулдаг. Манай Г.Аюурзана нар сургууль төгсөөд ирчихсэн байсан. Тэнд Багшийн дээдийнхэн их очдог байлаа. Ерээд оныхон ч их цугласан даа. Ерөнхийдөө Л.Энх-Амгалан, Балбар ах хоёр чиглүүлж долоо хоног бүрийн гурав дахь өдөр цугладаг байсан юм. Тэр яруу найргийн уншлага дээр Д.Нямсүрэн ах нэг удаа ирж бид нартай уулзсан юм. Тухайн үед бидний маш их хүндэлдэг яруу найрагч байлаа шүү дээ.

     1994 оны “Болор цом”-оор Д.Нямсүрэн ах хөдөөнөөс ирж анх удаа оролцсон юм. Бид ч тэр мундаг яруу найрагчтайгаа Соёлын төв өргөөний тайзан дээр уулзлаа даа. Тэгэхэд би “Болор цом”-д анх удаагаа ороод шүлэг уншиж л байсан. Д.Нямсүрэн ах “Модон тэрэгний дугуй чахар чухар эргээд Монголын минь хөх тэнгэр гадаа ирж зогслоо” гэдэг шүлэг уншиж үзэгчид алга ташаад л. Тэгснээ “Одоо би болно оо” гэчхээд орчихсон байхгүй юу. Тэр хүн анх удаагаа, бараг сүүлчийн удаагаа “Болор цом”-д дөрвөн мөр шүлэг уншаад түрүүлж байсныг бид мэдэх юм. Маш олон уран зохиолын дэмжигчид тэр хүнийг шаваад л, бүчээд л, улсын наадамд түрүүлсэн бөх, Олимпын алтан медаль авсан тамирчны дайтай л байсан. Тайзны ард тийм байхыг би хараад зогсож байлаа.

Яруу найрагч Д.Нямсүрэн

Өвөр түрийдээ орж явсан хоёр

     Бид хоёр хамт архи ууна. Би Д.Нямсүрэн ахтай ийш тийшээ цуг алга болчихно. Үндсэндээ бол О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо ах бид хоёрыг алдчихна шүү дээ. Дарь.Сүхбаатарынд ч юм уу, Хэнтийн Дадалын яруу найрагч Мижидийн Цэцэгмаа эгчийнд давхиад очно. Тэгээд л нэвт архи уугаад шүлгээ уншаад явж байна. Тэгж явахдаа л “Алив та энэ номыг” гэхээр “Өө, ах нь зурья” гээд л тийм байдалтай өнөө таван номынхоо нэг дээр гарын үсгийг нь зуруулсан даа. Бид хоёр бол өвөр түрийдээ орж явсан улс. М.Цэцэгмаа эгч гэрч нь шүү дээ. Бид хоёр хоймрынх нь орон дээр хоёулаа өвөртөө орж унтаад л, шүлгээ уншаад, архи уугаад л бүтэн өдөр болно. Д.Нямсүрэн ахынд очиход бол дундаа шил юм тавиад уран зохиол л ярина. Д.Нямсүрэн ах Сүхбаатарын Данзаннямын Шагдарсүрэнгээ яриад л. Бид чинь ганц нэг шил юм ууна уу гэхээс учиргүй босч ирж тулгаж уугаад тасарч ойчоод байдаг юм биш. Д.Нямсүрэн ахын надад зориулж бичсэн шүлэг байдаг. Нэг номон дээр нь олон яруу найрагчийн нэрний ард тэдэнд зориулж дөрөв дөрвөн мөр шүлэг бичсэн нь бий. Тэнд надад зориулан “М.Амархүүдээ” гэж байгаад “Дэн буудлын үүдний дэнлүүний шил сэвтэй Дэргэд нь согтуу хэвтэх миний хонгор найз аа” гэсэн ийм шүлэг байдаг. Тэр үед би Д.Нямсүрэн ахын хөрөгний эскизийг зурсан юм. Зургийн сургуулийн оюутан болохоор нэг хар цүнхтэй явдаг байв. Сүүлд нь тэр зургаараа бүтээл хийгээд Г.Мэнд-Ооёо ахад бэлэглэсэн. Нартай өдөр хөх дан байшингийн гадаа цагаан даавуу хэцэн дээр хийсч, Д.Нямсүрэн ах наад талд нь хөх ноосон цамц өмсөөд хундагатай дарс барьчихсан жаахан уярал төрсөн юм уу эсвэл шар нь тайлагдсан янзтай нүдэнд нь нулимс гялалзаж байгаагаар зурсан. Тэр зураг одоо Монголын том яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн цуглуулгад бий. Би Д.Нямсүрэн ахын шүлгийн нэрээр “Амитаба” гэж нэрлэсэн бие даасан үзэсгэлэнгээ 2008 онд Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гаргаж байлаа.

Д.Нямсүрэнтэй авхуулсан зургаа шинэ номынхоо хавтсан дээр хэвлүүлнэ

     Д.Нямсүрэн ах маш зөөлөн хүн байсан. Хазгай үг хэлэхгүй. Хүн рүү муухай харахгүй. Шүлэг эхлэн бичигчийг хүртэл айхтар хүндэлнэ. Алгаа хавсарч уулзана. Та гэж харьцана. Тийм л хүн байсан. Би бодитой мэднэ. Хамт авхуулсан зураг ч бий. Би ирэх онд гаргах номынхоо арын нүүрэн дээр тэр зургаа тавихаар гэрэл зурагчин Д.Цэрэннадмид эгчийн зургийн фондоос татаад авчихсан бий. 1996 онд Д.Цэрэннадмид эгч бидний зургийг дарахад Д.Нямсүрэн ах нэг хувийг нь аваад явж л байсан. Би Д.Нямсүрэн ахтай 1994 оноос уулзсан. Харин уран бүтээл нь 1987 оноос надтай хамт байна. “Сэтгэлийн байгаль”-иас өмнө “Хаврын урсгал” номыг нь уншсан. Тэр ном уг нь 1984 онд гарсан юм билээ. Харин би 1987 онд авч үзсэн юм. Тэр ном “Сэтгэлийн байгаль”-иас их өөр л дөө. Гэхдээ тэр номын суурь “Сэтгэлийн байгаль”-д байж л байдаг.

“Сэтгэлийн байгаль”-иа бэлэглэсэн дотнын нөхдөө дурсахуй

     Ж.Болд-Эрдэнэ гэж манай үеийн толгой, сор болсон яруу найрагч, зураач байлаа. Миний их дотнын найз. Би Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга хоёртойгоо олон жил нөхөрлөсөн. Би сүүлд өгсөн ярилцлагууддаа тэр хоёрынхоо нэрийг онцлон дурдаад байгаа. Миний хоёр нөхрийн тухай хүмүүс юм ярихаа больсон байхгүй юу. Миний хувьд тэр хоёр яруу найрагч ярих юмгүй мундаг хүмүүс. Элит яруу найрагчид л гэж би ойлгоно. Ялангуяа Ш.Уянга нь асар их боловсролтой, Ж.Болд-Эрдэнэ нь их авьяастай. Мөнгөн үеийн яруу найрагчдын толгой дээр байсан хоёр шүү. Наяад оны сүүлийн үеийн яруу найрагчид. Ном нь тэр үед гарсан юм.

      Жамьянгийн Болд-Эрдэнэ 1965 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн. Аав нь Аюулаас хамгаалахын академи төгсөж, насаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилласан хурандаа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн. Ж.Болд-Эрдэнэ маань дүүтэй, эгчтэй, ахтай. Дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд 80-аад онд Найрамдлын Дарханд очиж “Залуучууд” театрын ерөнхий зураачаар ажилласан. Хэдийгээр техникумын статустай боловч мэргэжлийн том  суурь тавьж өгдөг сургууль. Тэнд ажиллаж байгаад Эвлэлийн төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” медалиар шагнуулсан юм. Мөн Соёлын яамнаас Ленинградын Театр урлагийн их сургуулийн театрын зураачийн ангид явуулж байлаа. Ж.Болд-Эрдэнэ 1994 онд Драмын театрын ерөнхий зураачаар ажилласан. Ерөнхий найруулагч нь УГЗ Г.Доржсамбуу ах байв. Тэр үед Буриадын ардын жүжигчин, ОХУ-ын УГЗ Борис Кондратьев найруулагч Монголд ирсэн. Хойно театрын сургуульд Г.Доржсамбуу гуайтай нэг ангид байсан юм билээ. Найздаа хүсэлт тавиад Испанийн жүжгийн том зохиолч Федерико Гарсиа Лоркагийн “Цуст хурим” жүжгийг тавьсан юм. Тэр жүжгийг тавихад Ж.Болд-Эрдэнэ намайг туслах зураачаар Драмын театрт санал болгоод Г.Доржсамбуу найруулагчтай уулзуулсан. Дараа нь Р.Таагүрийн “Цусан тахилга” гэж жүжгийн гүйцэтгэл дээр мөн хамтарч ажиллав. Би бол зүгээр л зураач шүү дээ. Тэгэхэд Ж.Болд-Эрдэнээс сурах юм маш их байсан. Гайхамшигтай сонин шийдлүүд хийдэг юм билээ. Сод авьяастай хүн. Харин яруу найргийн хувьд хойно сурч байхдаа л үеийнхнээсээ ялгарч байжээ. Тэр үед О.Дашбалбар ах Горькийн сургуульд сурч байж л дээ. Ж.Болд-Эрдэнэ Балбар ахын шавь байсан юм. Балбар ах ч авьяастай хүнийг сайн танина. Тэгээд тэндхийн оюутнууд 1990 онд Монголд “Болор цом” болохоос өмнө 1986 байна уу, 1987 онд Москвагийн “Болор цом” зохиоход хамгийн анх Ж.Болд-Эрдэнэ түрүүлж байсан. Би найзынхаа хоёр, гурван ч шагналыг мэдэх юм. МЗЭ-ээс олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналын гурав дахь нь найзад минь байв. “Мөнгөн цом” наадам 1990 онд анх удаа болоход мөн л түрүүлсэн. Тэгэхэд МЗЭ-ээс Чөлөөт зохиолчдын эвлэл салж гарахад Балбар ахтай хамт тэнд элсэж байсан хүн шүү юм. Ж.Болд-Эрдэнэ исгэлэн, омголон, торгон уртай, гүн философитой яруу найрагч. Миний хүндэлдэг л хүн. 1987 онд “Гоо марал” ном нь гарчихсан, хэдийнээ Монголын уран зохиолд ороод ирсэн байлаа. Харин би 1991 онд Ш.Уянгаараа дамжуулж Ж.Болд-Эрдэнэтэй танилцсан даа. Би Ш.Уянгатайгаа 1988 онд танилцаж байсан юм. Тийм болохоор Ш.Уянгыгаа барьж аваад Ж.Болд-Эрдэнэтэй танилцья гэсэн. Тэр дор нь танилцуулсан. Тэгж учирснаас хойш нэг хэсэг салшгүй явсан. Нас баран бартал нь салшгүй явлаа. 1998 онд миний найз Ж.Болд-Эрдэнэ нас барсан. 2001 онд Ш.Уянга минь нас барсан.

Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нар

Би санаснаа зурдаг зураач, санаснаа бичдэг найрагч

     Би Д.Нямсүрэнд автаагүй, хуулаагүй, харин “Сэтгэлийн байгаль”-ийг биширсэн. Юмыг хүлээн зөвшөөрч эсвэл үгүйсгэж сурах хэрэгтэй. Дундаж үзэл хэнд ч хэрэггүй. Д.Нямсүрэн ахын зургийг би дотроо төсөөлж зурсан. Ер нь дотроо төсөөлж л зурна. Би санаснаа л зурдаг, санаснаа л бичдэг яруу найрагч. Нэг их ном шагайгаад тэндээс нэг үг авья, тэрний зургийн өнгийг нэг харья гэх юм надад үгүй. Би одоо нэг сонин зураг зурж байгаа. Динозаврын нуруун дээр монголчууд нүүж сууж, дайн тулаан хийж, динозаврыг өдөр тутам хэрэглэж буй тухай тийм зураг.

     Хүмүүс ийм юм хийсэн байна гэж харж болно, үзэж болно, уншиж болно. Харин өөрийнхөө юмыг хийх ёстой, энэ чинь л авьяас. Тэр нь л зөв. Би өөрийнхөө юмыг л хийдэг. Бичээгүй шүлэг, зураагүй зургийн төлөө л явна. Багш нарыгаа хуулаад, Д.Нямсүрэнгийн шүлгийг хуулаад, Б.Чогсом, Д.Гунгаа багшийнхаа зургийг хуулна гэж хэзээ ч байхгүй. Би төлөвшсөн, үнэ цэнээ, өөрийгөө юу хийж байгааг мэддэг, өдий хүртэл өөрийгөө бэлтгэчихсэн хүн. Би өнөөдрийн түвшинд хүртэл шүлэг зохиол бичих, зураг зурахад олон жил зарцуулсан. Ерөөсөө л уран бүтээлч хүн. Улсад би нэг ч өдөр ажиллаагүй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Z

    Зураач 2 тоо зудгүй зан гаргасан даа би....зуны нэг сайхан өдөр уулзахад зураач 2 маань танихгүй байлаа....Өд Сангийн өмнө...

    2023-01-01

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.