images

Г.Эрдэнэцолмон: Манай орны ойн сангийн 70 гаруй хувь нь хөгширсөн

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2022-12-14


    “Мэргэжлээрээ 10 жил ажиллаад би "Энэ өргөн уудам газар нутгийг дан ганц төр хамгаалах боломжгүй юм байна” гэх дүгнэлтэд хүрсэн. Улсын байцаагч, экологийн цагдаа, байгаль хамгаалагчид хүн, хүч хангалтгүй байна. Үүнд нутгийн иргэд өөрийн эргэн тойрон, байгалиа хамгаалах ажил, шийдвэр гаргалтад оролцох хэрэгтэй" хэмээн Ганбаатарын Эрдэнэцолмон ярьж байна. Тэрбээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийг ой зүйч мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгссөнөөс хойш салбартаа олон үр бүтээлтэй ажил хэрэгжүүлж, судалгаа хийсний нэг нь “Нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын менежмент” аж. Тэрбээр 2012 оноос 21 аймгийн ой модтой бүх нутагт судалгаа явуулж, нутгийн иргэдтэй хамтран хулгайн ан, мод бэлтгэл, ойн түймрийг бууруулахад хувь нэмрээ оруулжээ. 2007 оноос өрнүүлсэн ажлаараа, орон нутагт нөхөрлөлүүд бий болгож, малчдын хамтын ажиллагааны хүчээр тухайн бүс нутаг орчмын ойн түймрийг дөрөв дахин бууруулж чадсан байна. Түүнтэй  мэргэжил эзэмшсэн түүх, мэргэжлийнх нь сонин сайхны тухай ярилцсанаа хүргэе.

- Ой зүйч мэргэжлийн онцлог юу вэ?

- Ойн салбар бусад мэргэжил шиг дотроо мэргэшлийн олон төрөл бий. Түүний нэг нь ой зүйч. Өөр бусад салбаруудын чиг үүрэг нь ондоо болж ирнэ. Жишээлбэл, ойн инженерүүд мод бэлтгэх, боловсруулах талдаа илүү мэдээлэлтэй ажилладаг бол, ой зүйч байнгын ширээний ард суугаад байдаггүй экологийн судалгаа хийж, ойн төлөв байдлыг тодорхойлдог мэргэжил юм. Монгол орны ойн сан, нөөц, хэрэгцээ шаардлага гээд бүгдийг нь мэдэж судлахын тулд хөдөө хээр, өндөр уулаар явах шаардлагатай болдог. Хүмүүс байнга л зугаалаад, хамгийн сайхан байгаль үзээд явж байдаг гэж боддог. Хүний хөл хүрээгүй уул, ой модоор явж, мэдэрч үздэгтээ талархалгүй яах вэ. Гэхдээ сайны хажуугаар сөрөг зүйлсийг маш их олж харна. Өөрийн биеэр ой модоороо явж, судалж байж тулгамдсан асуудлыг нь гаргаж, хүмүүст ярьж ойлгуулахыг хичээдэг. Заримдаа хүний нөлөөгөөр мод гэмтсэн байгааг харахаар нүд халтирмаар. 51 мунадуулчихсан сорвитой, тэр аяараа давирхай гоожчихсон модтой ч таарч явсан.

   Том зургаар нь харвал, доройтож байгаа ойн санг хамгаалахын төлөө явна. Монгол улс хилтэй, тусгаар тогтносон улс гэж байгаа боловч ойн, усны сан, биологийн олон янз байдал байхгүй бол шууд л баялгийн хараат болно. Ой байж бэлчээр, ус, араатан жигүүртэн аюулгүй оршин байна. Тиймээс ч хамгийн гол хамгаалах, зүй зохистой ашиглах ёстой салбар.

- Таны мэргэжлийн хамгийн сайхан нь?

- Татварын мөнгөөр нэг ч удаа амьдарч үзээгүй. Заримдаа бид нар эх орныхоо хилийг манаагүй ч байгаль хамгаалах их үйлсэд зүтгэж байгаа хамгаалагчид гэж онгирох дуртай. Нөгөө талаас судалгааны ажлын үр дүнгээр дэлхийн байгаль хамгааллын салбарт эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг эх орондоо татаж, хөрөнгө оруулалтууд бий болгодог мэргэжил. Гол нь компьютерийн ард байнга суугаад байхгүй. Цэвэр агаарт байгаль хүн хоёртой шууд харьцдаг, байгаль хамгааллын хамгийн амин сүнс нь болсон чухал мэргэжил. Хүн хийхэд тийм ч хүнд ажил биш. Сонирхолтой, тууштай байхад бусдыг нь болгочихдог.

- Та дэлхийн байгаль хамгааллын салбарт эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг татаж, хөрөнгө оруулалт бий болгодог мэргэжил гэлээ. Манай орон ойн салбараасаа эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой байдаг юм уу?

- Боломжтой. Нэгдүгээрт, Монгол улсын ойн санд ордог гол орлого гоожин, гарал үүслийн бичиг. Зөвшөөрөл авахдаа харьяа орон нутагтаа төлбөр төлнө. Гоожингийн орлого нь мужлал, хэрэглээний хэмжээ, хуурай сийрэг, метр кубээс тооцох юм бол харилцан адилгүй үнийн дүнтэй ч, жилд ойролцоогоор таван тэрбум төгрөг ордог. 2020 онд ойн их ургацын жил 40 мянган хүн самар түүсэн гэх тоо бий. Тэдгээр хүмүүс ойролцоогоор 120-200 тэрбум төгрөг олсон байдаг. Байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөр гэж сум орон нутгийн төсөвт килограмм тутамд 800 төгрөгийг тооцон авахад нийт 12 тэрбумын орлого орсон нь ч бий. Гаалийн татвар гэхэд нэг килограмм тутамд 3000 төгрөг төлнө. Татвараас авч байгаа орлого нь дунджаар 40-50 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ цэвэр байгалийн үр өгөөж, хушны самар бэлтгэж олсон орлого гэхээр маш их орлоготой салбар болж таарч байгаа.

   Нөгөө талаас ойн сангаас олсон бүх орлогын 85 хувь нь эргээд ойдоо зарцуулагдах ёстой. Үүнийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Гэвч энэ бодит байдал дээр хэрэгжихгүй буюу 10-20 хувьтай л хэрэгждэг олон жишээ байна. Самар түүсэн орлогоос нэг суманд 1.2 тэрбум төгрөгийн орлого цуглуулах нь энүүхэнд. Буцаад 85 хувийг нь зарцуулах ёстой гэтэл зам тавьчихсан, гэрэлтүүлэг хийсэн, сумын төвөө тохижуулчихсан байдаг. Ой мод нь өөрөө, намайг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах ёстой мөнгийг өөр зүйлд зарцууллаа гэж захиргааны хэсгийн шүүхэд хандаж чаддаггүй нь харамсалтай. Доройтоод байдаг, амьтад идэх хоолгүй болоод байдаг, олсон энэ орлого чинь үндсэндээ биш байгаа юм. Байгалиа сэргээх нөхөн төлбөрийг өөрт нь зарцуулж чадвал ойн сан өөрийгөө хангалттай нөхөн төлжүүлэх боломжтой.

- Тэр ойн сангийн орлогын 85 хувийг зарцуулж чадвал ямар боломж байдаг вэ?

- Ер нь авахыг нь аваад бусдыг нь хаячихдаг байж болохгүй. Эргээд ойдоо нөхөн сэргээх зардалд зориулах ёстой мөнгийг зориулалтаар нь ашиглаж чадвал байгаль хамгаалагчид, нутгийн иргэд, нөхөрлөлүүд төсөвтэй болчихно. Хамгааллын зардал, ойн түймэр, хортон шавж, хулгайн мод бэлтгэлийн эсрэг үйл ажиллагаагаа төвөггүйхэн хийнэ. Мод үржүүлгийн газрууд ч олноор байгуулах төсөв хангалттай болж ирдэг. Мөнгөгүйгээр урагшлах боломжтой ямар ч менежмент байдаггүй. Гэтэл ойг өөрийнх нь олсон орлогоор нөхөн сэргээчих боломж энэ мэт олон бий. Уг нь тухайн төсөв ойн нөхөн сэргээлтэд зориулагдах ёстой бөгөөд өөр зүйлд зарцуулагдсан тохиолдолд тухайн шатны Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг үүднээс хариуцлага хүлээх учиртай л байгаа юм.

- Монголд ойн салбарын мэргэжилтнүүд хэр байдаг вэ. Энэ мэргэжлээр гадагшаа сурах нөөц боломж, тэтгэлэг бий юу?

- Хүний нөөцийн судалгаа хийгээд үзэхэд тэрбум модон дээр 17 мянган мэргэжилтэн хэрэгтэй байгаа ч өнөөдөр салбартаа ажиллаж байгаа хүмүүс нь 700 орчим байна. Томоохон их, дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, ХААИС, “Улаанбаатар” их сургуульд элсэлтүүд авдаг ч сонирхож суралцаж байгаа оюутнууд маш бага. Учир нь энэ салбар хамгийн бага цалинтай. Тэрбум модтой холбоотой сум бүрд ойн инженер, мод үржүүлэгч шаардлагатай болж, ажлын байрны тоо нэмэгдэж байгаа. Гадагшаа сурах боломж нээлттэй юу гэвэл ийм боломж хамгийн өндөр. Гаднын тэтгэлгүүдийг өөрөө идэвх санаачилга гаргаад судалбал байгаль орчин, ойн мэргэжлийн хөтөлбөрүүд тогтмол зарладаг.

- Та ихэвчлэн нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгаалах төсөл хэрэгжүүлж байжээ. Эдгээрийг аль аймгийн нутагт хэрэгжүүлэв. Нутгийн иргэдийн оролцоо яагаад чухал юм бэ?

- Манайд хүн хүч, төсөв мөнгө дутмагаас хамгаалалттай газар ч эзэнгүйдэх тохиолдол олон бий. Өнөөдрийг хүртэл үүнийг нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн зөв менежментэд оруулж, шийдэж болох талаар судалгаа явууллаа. Ойтой бүх аймгуудад энэ ажил маань хэрэгжсэн. Нэлээд хэдэн чиглэлээр хамтын хамгааллын төсөлд оролцсон байна. Үүний нэг нь 2012 оноос хойш зөгийн аж ахуйг сэргээн нутагшуулахаар долоон аймгийн 27 суманд ажиллав. Тэдгээр аймгуудад хуучин социализмын үед зөгийний аж ахуй байсан ч системийн доголдолд ороод нурчихсан байж л дээ. Үр дүнд нь бүх аймгууд, зөгийтэй, брэнд бүтээгдэхүүнтэй болж үйлдвэрлэлүүд зах зээлд орж ирсэн дээ.

   Нөгөө нь “Ойн хамгаалал ба өрхийн амьжиргаа” төсөл. Нийтдээ найман аймгийн 37 суманд хэрэгжүүлж, нутгийн иргэдтэй уулзаж, тогтмол сургалт явуулсан байна. Байгалийн баялгийг яаж зохистой хэрэглэж, ашиг олж болох вэ гэдэг талаар түлхүү зөвлөнө. Үндсэн чиг үүрэг нь ой мод, хамгаалалтын газар нутагт шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулж, иргэдтэй хамтарч хяналт тавина. Камержуулалтаас ан амьтны тоо толгойг бүртгэх, хянах гэх мэтчилэн олон үйл ажиллагаа явуулжээ. Сүүлийнх нь орон нутгийн хамгаалалттай менежмент Архангай аймгийн Булган суманд дангаараа хэрэгжсэн. Үр дүн нь ч эхнээсээ гарч, хамгийн зөв менежмент болж ойн цэвэрлэгээ, мод үржүүлэг, голын эргийн бүсийг хамгаалах ажлууд нутгийн иргэд хамтын хүчээр хийдэг болсон.      Олон аймаг, суманд ажиллахад анзаарсан зүйл нь нутгийн иргэд өөрсдийн эрх мэдлээ ашиглаж, шийдвэр гаргалтад оролцдог байх хэрэгтэй санагдсан. “Иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газар, баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч” гэж Үндсэн хуулийн 6.2-д заачихсан байгаа юм. Энгийнээр төрийн нийтийн өмч, ард түмний мэдэл дэх газар нутгаа гэрээгээр хариуцан хамгаалж байгаа гэсэн үг.

Идэвхтэн байгаль хамгаалагчид

- Манай орны ойн нөөцийн сан хэр байгаа вэ?

- Манай нийт газар нутгийн найман хувьд л ой байдаг. Хүний үстэй харьцуулбал халзан хүнийг л илэрхийлэхээр дүр зураг. Маш бага ойн нөөцтэй орны тоонд орно. Ой мөнх цэвдгийг тогтоон барих, усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх гэх мэт экологийн олон давуу талыг бий болгодог. Мөн биологийн төрөл зүйлийн 80 гаруй хувь ойн санд амьдарч байна. Хэдийгээр манай орны ой бага талбайг эзэлж байгаа ч гэсэн хамгаалах, зүй зохистой ашиглах зайлшгүй шаардлагатай. Судалгаанаас харахад 70 гаруй хувь нь болц гүйцсэн, хөгширсөн ой гэж явдаг. Үлдсэн 30 хувь нь өсвөр залуу мод, болц гүйцэж яваа мод эзэлж байгаа. Ойн сан асар их доройтолд орж, жилээс жилд сэргэх чадвар нь муудаж байна. Шинэ залуу ойгоор сэлбэгдэхгүй байгаа учраас ихэнх нь хөгшин болчихсон. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт ойн насжилтад асар их нөлөөлдөг гэж судлаачид дүгнэдэг. Гол нь 1990-ээд оноос хүмүүс байгальтайгаа зүй бусаар харьцах нь нэмэгдэж, ой модыг хууль бусаар бэлтгэж байгаагаас үүссэн асуудал юм.

-  Иргэд самар, жимс түүж ашиг олдог болсноор хууль бус асуудал газар авсан. Энэ нь ямар хор хохирлыг учруулдаг вэ?

- Би "Хушин ойд уур амьсгалын өөрчлөлт ба хүний нөлөө" сэдэвтэй докторын судалгааны ажил хийсэн. Судалгааны хүрээнд авч үзэхэд Монгол оронд таван зүйлийн шилмүүст мод байдаг. Үүнд шинэс, хуш, гацуур, жодоо, нарс орно. Эдгээрээс шинэс мод голлож тархан ургасан. Хушин ойн хувьд нийт нөөцийн таван хувийг эзэлдэг. Хушин ойн 88 хувь нь болц гүйцсэн, хөгшин. Энэ нь юунаас болж байна гэхээр ой өөрөөрөө сэргэх чадвар муудсаных. Модыг мунадах, гэмтээх, ойн түймэр, хог хаягдлаас нийт ургах ёстой газар нутгаасаа бага талбайд ургасан байна. Түүнээс гадна хушин ой эдийн засгийн хувьд асар өндөр өгөөжтэй. Ойн амьтдын ихэнх хувь нь хушны самраар хооллодог. Тэнд хүмүүс хамгийг нь түүж бэлтгэж, идэш тэжээлийн нөөц үлдээхгүй байгаагаас үүдэн баавгай уулнаас буух зэрэг олон асуудлууд хөвөрч байгаа юм. Хушин ой нь хүний хэрэгцээ, хүнс, модон эдлэлийн түүхий эд гэх мэтийг хангахаас гадна уур амьсгалыг зохицуулах, усны нөөцийг хамгаалах, ядуурлыг бууруулах, эрүүл амьдрал, сэтгэл санааны тэнцвэрийг хангах экосистемийн үйлчилгээний үндсэн эх үүсвэр болдог.

- Бидний сайн мэддэгчлэн хэрэм хушны самраар хооллодог. Тэгвэл хэрэмнээс өөр ямар амьтан үүгээр хооллодог юм бэ?

- Хушин ой 70 орчим зүйлийн хөхтөн, 200 орчим зүйл шувуудын идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг. Хур, сойр, самарч шаазгай, хөтүү зэрэг шувууд, жирх, хэрэм зэрэг мэрэгчид, баавгай, гахай зэрэг зэрлэг амьтдын гол хүнс тэжээл юм.

- Ой олон талын ашигтай тусгай бодис ялгаруулдаг гэж сонссон. Энэ талаар тайлбарлаж өгвөл?

- Ой өөрөөсөө нөхөн сэргээгддэг системтэй. Түүний нэг жишээ нь фитонцид гэдэг бодис. Ихэвчлэн нарсны овгийн ойд их хэмжээгээр агуулагддаг, хушин ойд бас их бий. Гол нь нян бактерийг устгах зориулалттай. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хөрсөнд агуулагддаг эерэг болон сөрөг бичил биетүүд идэвхжсэнээр ойд янз бүрийн нөлөө үзүүлдэг. Жишээ нь ойн хөнөөлт шавж өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 32.2 хувиар тархац нутгаа тэлсэн. Энэ жил 300 мянга орчим га талбай хөнөөлт шавжид нэрвэгдсэн байна. Үүнтэй тэмцэхийн тулд химийн хор цацахад төсөв мөнгөнөөсөө шалтгаалаад нийт голомт нутгийн 20-60 хувьд хүрч чадахгүй байгаа юм. Хүоч чадахгүй байгаа газрын ойн сан устаж байгаа гэхэд болно.

Ашигт бодис ихээр агуулдаг нарсан ой

- Хортон шавж идээд шарлаж, муудсан ой эргэж сэргэх үү?

- Хортон дотор навч шилмүүсний, иш модлогийн гэж хоёр ангилна. Навч шилмүүсний хортон буюу эрвээхэй мод руу ороход эхний удаад бол шилмүүс шарласан ч дахин сэргэдэг. Харин түүний араас хоёрдогч буюу иш модлогийн хортон (голдуу цох) орж, хамтдаа хөнөөл учруулсан тохиолдолд мод тэр аяараа хатаж үхдэг.

- Эрвээхэй навч шилмүүсний хортон, тэгэхээр ойд асар сөрөг нөлөө үзүүлэх нь ээ? 

- Намрын 9-10 сар бол навч шилмүүсний хортон шавжийн үржлийн үе. Энэ үед эрвээхэйнүүд найман сарын сүүлээс 10 сарын дунд хүртэл нисэж, хөнөөл учруулдаг. Модны холтосны завсар, хадны завсарт өндөглөж, өвлийн саруудад тайван өвөлжинө. Таван сарын эхэнд хавар өндөгнөөсөө хүрэнцэр болж гарч ирээд долоон сарын дунд хүртэл байна. Энэ хугацаанд ойг асар ихээр идэж доройтуулдаг. Дөнгөж шилмүүс гарч ирэх үед хөнөөл учруулаад байгаа юм. Ойгоор явж байгаад анзаарсан бол хүрэнцэр гэх авгалдай шиг үстэй, олон өнгөтэй амьтад бий. Их хэмжээгээр хөнөөл учруулсны дараагаар наймдугаар сард хүүхэлдэй болчихдог. Хүүхэлдэй болоод нуугдчихсан энэ хооронд ямар ч химийн хор үйлчилдэггүй. Дараа нь нислэгийн цаг буюу цагаан, цоохор эрвээхэйнүүд болон хаа сайгүй нисэж байдаг. Хүмүүс энэ циклийг даанч сайн анзаардаггүй юм.

   Тавдугаар сард хүрэнцэр гараад долдугаар сар гэхэд ой шарлачихлаа гэж хүмүүс энд тэндгүй шуугилдаж, заримдаа оройтсон тэмцэл нь мөнгө үрсэн ажил болох нь олон бий. Нэгэнт хүрэнцэр болсон үед нь тэмцэл явуулах эдийн засгийн хувьд ч сөрөг нөлөөтэй. Бидний таамагласнаар 1990 оноос хөнөөлт шавжийн тархалт нэмэгдсэн. Энэ нь химийн хор цацсан сар, жилүүдтэй дөхөж очиж байгаа юм. Химийн хороор тэмцэхээр явуулахаар хөнөөлт шавжуудын эсрэг тоо толгойг нь хязгаарладаг зөгий, олон төрлийн махчин цохнууд, шоргоолж устчихдаг. Ингэж байгалийн зохилдлогоог алдагдуулахаар дараа хавар нь ахиад хөнөөлт шавжууд гараад л ирнэ, тэднийг зогсоох биологийн амьтад байхгүй болчихсон байна. Үндсэндээ экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа юм. Үүний оронд биотехникийн, механик аргуудыг ашиглах нь зүйтэй ч зардал өндөртэй ажил юм. Механик аргыг энгийнээр тайлбарлавал малчид, нутгийн иргэд өндөг байгаа үед нь түүгээд цуглуулах гэж ойлгож болно. Хүрэнцэр болсон үед нь тэмцлийн ажил хүндрэлтэй, хор ашиглахгүй бол өөр аргагүйд хүрчихдэг шүү дээ. Мөн хүүхэлдэй болоод хүүхэлдэйнээс гараад ниссэний дараа гэрлээр урхидаж, тогонд цохиулж унагаах зэрэг аргуудыг ашиглах ч зардал өндөртэй ажил болчихно. 

- Буруу үед нь химийн хор цацсанаар ойд хөнөөл учруулдаг юм байна. Үүнийг яаж шийдэх боломжтой вэ?

- Эдийн засгийн хувьд асар хохиролтой. Ойн салбарын нийт төсвийн 40-50 хувийг хөнөөлт шавжийн тэмцлийн ажилд зарцуулдаг. Ойжуулалт, судалгаа шинжилгээний ажил, ойн ангиудыг чадавхжуулах сургалт, тэрбум модны ажлын суурь бааз гэх мэт ажлуудад төсвөө зарцуулмаар байдаг. Гэвч үр дүн багатай буюу ашиг олохгүй шавж устгалын ажилд ихэнх мөнгөө оруулчихдаг. 2022 онд гэхэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбумыг үүнд зарцуулж байгаа юм. Хэрвээ нутгийн иргэд нь механик тэмцлийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлдэг болчихвол асуудал бага ч болов шийдэгдэх боломжтой санагддаг.

- Нутгийн иргэд тэгэхээр яаж тэмцэх хэрэг вэ?

- Намар нислэгийн үед нь хаана голомт болж байгааг нь ажиглана. Өндөг, авгалдайгаа хаана шахаад байгааг хараад хавар тухайн газар тэмцлийн ажлаа механик аргаар хийнэ. Хэдийгээр хөнөөлт шавж устгалын ажил нэг га-д 18 мянган төгрөгийн үнэлгээтэй, 10 га-д 180 мянган төгрөгөөр тэмцлийн ажил явуулах нь бага байж болох ч үр хойчдоо үлдээж байгаа ойгоо аврах нь бидний хамтын үүрэг хариуцлага юм. Ядаж л хүрэнцэр болохоос нь урьдчилан сэргийлж чадвал химийн бодис цацах, онгоцны түлш, ажиллах хүчний зардлыг нь хэмнэнэ. Байгальдаа химийн хорт бодис цацахгүй байна гэдэг ой эрүүлээр ургах боломжийг бүрдүүлж байгаа бас нэг үйл ажиллагаа юм.

- Манайд ой модгүй аймаг гэж бий юу?

- 21 аймгийн 231 суманд ой бий.

- Ойн сангийн өсөлийг хязгаарлаж байгаа гол хүчийн зүйл нь юу вэ?

- Малын бэлчээрлэлтийн нөлөө. Хөдөөгүүр яваад үзэхээр өвөлжөө, хаваржааны газар ойн сандаа байрласан байдаг. Нөмөр нөөлөгтэй, өвсний сөл ойд хамгийн сүүлд тасардаг учир аргагүй биз. Үүнээс болж байгалийн сэргэн ургалт удааширч байгаа бөгөөд ялангуяа 1,5 метрээс доош өндөртэй модонд малын бэлчээрлэлт хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас ойжуулалт хийсэн талбайд мал дураараа орж талхалдаг. Улсын төсвөөр ойжуулалт хийгээд, байгалийн сэргэлтэд туслах ажил хийсэн ч мал ороод идчихдэг. Энэ талаар хуульд ямар ч зохицуулалт байхгүй. Ойн санд мал бэлчээх хориотой гэдэг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Гэтэл газар тариалангийн багахан газар луу мал ороход торгууль, нөхөн төлбөр гээд л сүйд болдог шүү дээ.

- Мод тарих ажлыг ямар аргаар идэвхжүүлбэл хамгийн оновчтой вэ?

- Хэрвээ тухайн газартаа мод тарьж ургуулсан тохиолдолд илүү үнэлгээтэй болгох, хөнгөлөлттэй шийдэх, ашигт үйлдвэрийн моднууд яаж тарих, үр, тарьц суулгацын нөөц яах вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. “Тэрбум мод” санаачлагын хүрээнд эхний гурван жилд илүү судалгаа хийж, тарьц суулгацын нөөцийг бэлдэх, хууль эрх зүйн бичиг баримтуудаа сайжруулах асуудал руугаа анхаарах нь зүйтэй болов уу.  

- Манай орон хэр хэмжээний модтой юм бэ. Нэг тэрбум мод ургууллаа гэж бодоход газар нутгийн хэр хувийг эзлэх вэ?

- Эцсийн байдлаар тэрбум модны стратеги төлөвлөгөө боловсруулж гаргаагүй байгаа. Өөрийнхөө бодлоор хариулъя. Ойжуулалтын норматив ойт хээрийн бусад 1 га-д 2500 тарьц гэж тооцоолбол 400 мянган га талбай нэн тэргүүнд шаардлагатай. Ногоон зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэлт, голын эргийн бүсийг ойжуулна гэвэл энэ тоо нэмэгдэнэ. Дээд тал нь 1,5-2 сая га-гийн асуудал яригдаж байгаа юм. Гэхдээ энэ ойжуулалт, таримал ой бий болгох, ногоон зурвас байгуулах газар нутаг хангалттай хэмжээнд байна уу гэдэг эргэлзээтэй. Үүнийг заавал малчидтай зөвшилцөх, хамтран ажиллах шаардлагатай болно. Шинээр нэг өвөлжөөний газрын зөвшөөрөл олж авах ч хүндрэлтэй, малын тоогоо дагаад малчдын даац хэтэрчихсэн байна.  

- Модны цагаригийг яаж тоолж байна вэ. Нэг бүрчлэн нарийвчлан тоолох уу?

- Модны дээжүүдээ суурин дээрээ бэхэлж наагаад, зүлгэж тодруулаад лаборатори дээрээ нэг бүрчлэн хэмжилт хийж тоолно. “Линтаб-6” гэж багаж байна, Монгол улсад байгаа хамгийн сүүлийн үеийн загварынх. Жилийн цагираг дээрээс маш урт хугацааны түүхэн хронологийн мэдээллүүдийг харах боломжтой. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүний нөлөө ямар байсныг ажиглаж болдог. Гэхдээ маш олон удаагийн давталттай судалгаа хийж байж статистик боловсруулалтаар үнэн бодит мэдээлэл гаргаж чадна гэсэн үг. Хуш модыг маш их мунадаж гэмтээснээр ой ихээр сүйдэж байна гэж ярьдаг. Гэтэл нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт буюу хур тунадас, температурын хүчин зүйл асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Яг юунаас болоод ойн сан доройтож байна вэ гэдгийг тогтоох нь чухал байна. Хүний буруутай нөлөө байвал тэр үйл ажиллагааг нь таслан зогсоогоод, урт хугацаандаа хамгааллын менежмент хэрэгжүүлж хушин ойд самар бэлтгэхийг хорихоос өөр аргагүй.

- Аль нэг жилд уур амьсгалын нөлөө орсон бол жилийн цагаригийн дүрслэлд өөрчлөлт орох уу?

- Модны жилийн цагаригийн хоорондын зай хол байх юм бол уур амьсгал таатай буюу өсөлт сайн байсныг илтгэнэ. Уур амьсгал тааруу бол бүр нарийн, зай нь хэт ойртсон байдаг. Тод зураас нь өвөл зогсонги байдалд орсон гэсэн үг. Эс нь усаа алдаад, өвлийн өсөлт зогсонги болсныг илтгэнэ гэсэн үг. Зарим жилүүдэд нь хуш мод нь мунадуулсан бол давирхайн ул мөр тод ажиглагддаг. Ер нь бүх түүхэн мэдээг модны жилийн цагаригаас унших боломжтой асар том шинжлэх ухаан юм.

- Ажлаасаа төвөгшөөх, мэргэжлийнхээ сонголтонд эргэлзэх үе танд гардаг уу?

- Өөр мэргэжил сонгосон бол гэж хааяа бодохоор төсөөлөгддөггүй. Одоо хийж байгаа ажил миний хүсэл зорилготой тэнцдэг учраас илүү утга учиртай.

- Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Г.Эрдэнэцолмон фейсбүүк хуудаснаас

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.