images

Хамаг юм мэддэг байж одоо юугаа сурдаг байна


     Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн дурсамж

     1933 онд Шинжлэх ухааны хороо найман залууг, түүний дотор намайг Москва, Ленинградын дээд сургуулиудад сургахаар явуулсан юм. Би Ленинградын их сургуульд суралцах болов. Хөдөөнийхөн гайхан бидэн рүү зааж “Эд чинь тэртэй тэргүй эрдэм номтой улс. Тийм байж дахиад сурах юм гэнэ. Хамаг юм мэддэг байж одоо юугаа сурдаг байна аа” гэцгээж билээ. Учир нь би залуучуудын эвлэлд ажиллаж байхдаа оройн цагаар шүлэг зохиол бичдэг байсан юм. Миний суудаг эсгий гэр цахилгаан дэнлүүтэй учраас хөдөөний хүмүүс үзэх гэж зориуд ирнэ. Тэр үед монгол бичиг мэддэг хүн болгон таваас арван хүүхдийг уншиж бичиж сургадаг тийм ёстой байлаа. Тийм болохоор би зөвхөн бичиг төдийгүй тооны дөрвөн арга мэддэг болсон байв. Тэгээд үйлдлийг нь бүр хятад сампин дээр хийж яадна гээч. Тэгээд л хөдөөнийхөн намайг их эрдэмтэй хүнд тооцдог байсан хэрэг. Тийм эрдэмтэй хүн дахиад эрдэм сурна гэхээр гайхаж буй нь тэр л дээ.