images

Амтай бадарчингийн түүх


     Дээр үед Ламын гэгээний нутгийн нэг хүн ихэд ядарчихсан явж байжээ. Тэгж яваад нэгэн томоохон ноёныд орсонд дөрвөн лам жасаа уншаад сууж байж гэнэ. Тэд нөгөө бадарчныг тоож байгаа янз алга гэнэ. Гэрийн эзэд нөгөө дөрвөн ламдаа мөргөж сөгдөөд, нөгөө муу бадарчинд цай ч хийж өгсөнгүй. Дөрвөн лам номоо нэлээд уншиж байснаа нэг дүд гаргахаар болж байгаа бололтой, нэг ламдаа дүдээ бариулаад номоо уншиж байж. Нөгөө лам нь тэр дүдийг гаргаж хаях байсан бололтой. Бадарчин хэлжээ. “Та нар дүдээ хүнээр бариулж гаргаж хаядаг юм уу? Манай нутагт бол дүд нь өөрөө гараад явдаг юм” гэсэнд “Танай нутагт тийм юм байдаг юм бол чи энэ дүдийг өрөө гарч явтал нь уншаад орхи” гэжээ. Тэгэхээр мань хүн өлсөж ядарсандаа ам гарчихсан хүн чинь “Гэгээний шавдан солдэв”-ийг уншаад “Гэгээн багш минь” гээд залбирч мөргөөд гарчээ. Тэгтэл дүд хөөрч ирснээ эргэлдээд гараад явчихлаа гэнэ. Нөгөө дөрвөн лам биширч хүндлээд, ноён ч нөгөө бадарчнийг хүндэлж бишрээд сүйд болжээ. тэгж нөгөө бадарчин тухайн нутаг хошууд ихэд алдартай болсон гэдэг. Тэгж явсаар Баянзүрхийнхээ хонхорт эргэж иржээ. Хийдийнхээ хаалгаар ороод иртэл хоёр лам тосож ирээд дагуулан очиж Гэгээнд бараалхуулжээ. Тэгсэн чинь Гэгээн “Чи очиж очиж надаар дүд гаргуулаад байхдаа яадаг юм” гээд алгадаж байсан гэдэг.

"Монголын бурхны шашны аман түүх" номоос